Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зукарын Гүлбарша |
Хэргийн индекс | 110/2019/0037/З |
Дугаар | 042 |
Огноо | 2019-06-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 042
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарт тус тус холбогдох,
“А” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Бугат сумын төвлөрсөн халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээний барилгыг ашиглалтад оруулах комисс томилж ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилж ажиллуулахыг аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарт даалгах ” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус компанийн захирал С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь Бугат сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу манай компани нь Бугат сумын төвд төвлөрсөн халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээний барилгыг барихаар болж Бугат сумын Засаг даргатай гэрээ байгуулсан.
Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Инж байгууламж” ХХК-иар барилгын ажлын зураг төсвийг хийлгүүлж, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан.
Мөн “Жантөрин” ХХК-иар байгаль орчны төлөв байдлын үнэлгээг гаргуулсан. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Зохицуулах зөвлөлийн 05 дугаар тогтоолоор эрчим хүчний барилга барих тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар авсан.
Мөн оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч барилгын ажлыг эхэлж, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр барилга байгууламжийг холбогдох хууль тогтоомж, барилгын ажлын зохих дүрэм, норматив, стандартын шаардлагад нийцүүлэн барьж дуусгасан.
Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан ”Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2.1-д заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр гаргасан.
Тус газар нь дээрх дүрмийн 3.1.2-д зааснаар энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 1, 2 дахь заалтад заасан бүрэлдэхүүнтэй комиссыг аймгийн Засаг даргын шийдвэрээр хуульд заасан хугацаанд байгуулж ажиллуулах ёстой боловч одоо хүртэл байгуулж ажиллуулаагүй. Учир байдлыг асуухаар аймгийн Засаг дарга комисс байгуулж ажиллуулахыг зөвшөөрөхгүй байна гэсэн аман хариу өгсөн.
Бид 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад хандсан ба аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 8-03/222 дугаартай албан бичгээр “...Онцгойлон анхаарах зүйлийн дагуу эрх бүхий байгууллагаар усны дүгнэлт гаргуулж ирүүлнэ үү” гэсэн хариу өгсөн.
Бид уг албан бичгийн дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хандахад барилгыг ашиглалтад хүлээн авахад тус газраас ус ашиглах дүгнэлт гаргах шаардлагагүй гэсэн хариу өгсөн тул аймгийн Засаг даргад дахин хандахад 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1-01/380 дугаартай албан бичгээр “Хүсэлтэд дурдсан Бугат сумын төвлөрсөн халаалтын зуухны барилгыг Барилгын тухай хуульд зааснаар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч барих ёстой. Барилгын ажлыг зөвшөөрөлгүй барьсан тул улсын комисс ажиллуулах боломжгүй гэдгийг үүгээр мэдэгдье “ гэж хариу ирүүлснийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Манай компани нь дээрх барилга байгууламжийн зураг төсвийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн компаниар хийлгэж барилгын хөгжлийн төвөөр магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулж, барилгын ажил барих тусгай зөвшөөрлийг зохицуулах зөвлөлөөс авч, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч энэ ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл аймгийн Засаг даргын зүгээс хууль бус үндэслэл зааж барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байгаа нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна.
Манай компани нь Бугат сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, ХААН банкны тооцооны төв, Ерөнхий боловсролын сургууль зэрэг байгууллагатай 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс дулааны эрчим хүч, худалдах, худалдан авах гэрээ байгуулж дээрх хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангаж байна.
2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас манай компанийн үйл ажиллагааг шалгаж ашиглалтад ороогүй байхад үйл ажиллагаа явуулсан гэж 500,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан. Энэ нь бидний буруутай үйл ажиллагаа биш ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байгаа эрх бүхий байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаа юм.
Манай компани нь дээрх барилга байгууламжийг 600,0 сая төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан. Үүний 100,0 сая төгрөгийг ХАС банкны салбараас зээлээр авсан.
Иймд манай компанийн нэхэмжлэлийг зохих хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэж, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарын “А” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Бугат сумын төвлөрсөн халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээний барилгыг ашиглалтад оруулах комисс томилж ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож дээрх барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилж ажиллуулахыг хариуцагч нарт даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “А” ХХК-ийн өмгөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“А” ХХК захирал С.Мы тавьсан хүсэлтийн дагуу түүнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаад энэ хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа ба барилга, байгууламж баригдсан талаарх холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Энэ талаар талууд маргаагүй учраас тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзлээ. Эхлээд барилгын зөвшөөрлийн талаар дурдаж яривал, Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага ажлын зөвшөөрөл олгоно” гэж зааснаас үзэхэд барилга барих зөвшөөрөл олгох асуудал аймгийн Засаг даргын харьяа хэрэгжүүлэгч агентлаг болох аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нэгдсэн журмаар зохицуулаад өгөх ёстой гэж үзэж байгаа.
Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг баталсан бөгөөд уг тогтоолын 4 дэх хэсэгт аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний дараах хэрэгжүүлэгч агентлагуудыг ажиллуулна, 5 дахь хэсэгт Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар гэж заагаад өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын газрын харилцаа, барилга, хот байгуулалтын чиглэлээр бүрэн эрхийг хэрэгжүүлэх байгууллага нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар юм.
Монгол улсын Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Барилгын ажлын зөвшөөрөл олгох журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Зөвшөөрлийн гэрчилгээний загвар”-ыг тус тус баталсан байх бөгөөд дээрх журмын 2.2-д “Барилгын тухай хуулийн 28.2, 28.3, 28.4 заасан бичиг баримтыг бүрдүүлэн барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийг аймгийн хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагад гаргана” гэж заагаад өгсөн. Гэтэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат нь эхлээд аймгийн Засаг даргад дараа нь манайд хандах ёстой байсан гэж буруу тайлбарлаад байна.
“А” ХХК-ийн хувьд энэ журамд болон Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газарт хандсан байдаг. Эндээс 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 7/2018 тоот тусгай зөвшөөрөл олгосон. Энэ зөвшөөрлийг олгох болсон үндэслэлийн талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын Барилгын хэлтсийн дарга Асхар гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн байгаа. 2018 онд аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар зөвхөн “А” ХХК-д барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон асуудал байхгүй, 19 байгууллага, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгожээ.
Бусад байгууллагууд аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар, Барилга захиалагчийн алба, Засаг даргын орлогчоос зөвшөөрөл авдаг зөрчилтэй асуудал байж байхад танай компани аймгийн Засаг даргаас зөвшөөрөл авсангүй, энэ нь үндэслэлгүй гэдэг байдлаар татгалзаж байгаа нь буруу байна. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн хүсэлтээ журмын дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газарт өгсөн ба тус газрын хэлтсийн дарга албан ёсоор баталгаажуулаад өгсөн байх тул нэхэмжлэгч байгууллагыг буруутгах үндэслэл байхгүй байна. Байгууллага хоорондын уялдаа холбоо зохион байгуулалтын үйл ажиллагаанаас шалтгаалаад компанийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй.
Өөрөөр хэлбэл, аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар холбогдох хүсэлтийг авсны дараа Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрдлийг шалгаад зөвшөөрлийн бичгээ гаргаад баталгаажуулах асуудал байгаа. Үүнийг хийгээгүй нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газартай холбоотой учраас үүгээрээ тухайн компанийг буруутгах үндэслэл байхгүй байна.
Усны тухай хуулийн асуудлын талаар тайлбараа хэлэхэд, аймгийн Засаг дарга 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1-01/380 тоот албан бичгээр “А” ХХК-д хариу өгсөн. Ингэхдээ барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй учраас комисс ажиллуулах боломжгүй гэж дурдсан болохоос усны тухай асуудал хөндөөгүй байсан. Харин аймгийн Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа уг нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбар ирүүлэхдээ Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны А-230/127 дугаартай хамтарсан тушаалаар баталсан журмыг зөрчиж байна гэж дурдсан байна.
Усны тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн нэр томьёоны тодорхойлолтуудыг заагаад өгсөн байх бөгөөд 3.1.9 дэх заалтад “онцгой болон хамгаалалтын энгийн бүс” гэдгийг эрх бүхий газар, усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг хэлнэ гэж заажээ.
Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн хурал Засаг даргын саналыг үндэслэн хамгаалалтын бүсийг тогтооно” гэж тодорхой заасан байдаг. Энэ хууль батлагдаад 7 жил болсон байхад эрх бүхий байгууллагаас бүс тогтоосон шийдвэр байхгүй байхад “А” ХХК нь энэ хуулийг зөрчсөн гэж байгаа нь хэр үндэслэлтэй вэ гэдгийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байна.
Аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Өлгий сумын Засаг даргын 2010 оны захирамжийн талаар ярьж байгаа бөгөөд энэ нь тухайн үед үйлчилж байсан хуулиар энгийн хамгаалалтын бүс гэж тогтоосон болохоос онцгой хамгаалалтын бүсийг тогтоосон шийдвэр биш юм. Ховд гол, Хар ус нуурын сав газрын захиргаанаас Усны тухай хууль зөрчигдсөн гэх асуудлыг хөндөж байгаа боловч энэ асуудлыг газрын алба ч илрүүлээгүй, аймгийн Засаг дарга ч илрүүлээгүй барилга, байгууламж баригдсаны дараа гарч ирсэн асуудал байгаа. Бугат сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудыг халаалтаар хангаж байгаа Хуаныш гэдэг хүн, энэ компанийн үйл ажиллагааг эхлэнгүүт Ховд гол, Хар ус нуурын сав газрын захиргаанд өргөдөл гаргасан ба үүний дараа 09 дүгээр сард аймгийн Мэргэжлийн хяналтын газар, 11 дүгээр сард Бугат сумын Засаг дарга, аймгийн Засаг даргад руу тус тус албан бичиг явуулсан.
Ховд гол, Хар ус нуурын сав газрын захиргаа ямар чиг үүрэг хэрэгжүүлдэг байгууллага вэ гэдгийг анхаарч үзэх ёстой. Сав газрын бүрэн эрхийг Усны тухай хуулийн 17 дугаар зүйлд 14 бүрэн эрхийг заагаад өгсөн байх ба барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох тухай ерөөсөө заагаагүй байна. Ховд гол, Хар ус нуурын сав газрын захиргааны даргыг гэрчээр асуухад тийм эрх хэмжээ байхгүй гэдгийг тодорхой хэлсэн. Хуулиар тодорхойлсон 14 төрлийн бүрэн эрх дотор усны дүгнэлт гаргах талаар зохицуулсан ба хоногт хэрэглэх усны хэмжээгээр ялгаатай гаргадаг. 1 хоногт 10 куб.м сумын Засаг дарга, 10-30 куб.метрт Байгаль орчны газар, түүнээс их юм бол сав газрын захиргаа, 100-гаас дээш байвал Байгаль орчны яам олгодог. Барилга, байгууламж нь ашиглалтад ороод ус ашиглаж эхлэхээр тухайн байгууллагаар дүгнэлт гаргуулаад түүний үндсэн дээр ус ашиглах ёстой.
Тийм учраас сав газрын захиргааны албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч байгууллагыг буруутгах үндэслэлгүй юм. Барилга, байгууламж барьсан газрыг Бугат сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/109 тоот захирамжаар 1150 м.кв газар эзэмшүүлсэн бөгөөд энэ шийдвэр одоо хүртэл хуулийн хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлэгч “А” ХХК нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ямар нэгэн барилга, байгууламж барьсан асуудал байхгүй. Дээрээс нь онцгой дэглэмийн бүсээс газар эзэмшүүлэхийг хориглосон ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй байсан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д онцгой дэглэмтэй бүсээс газар эзэмшүүлэхийг хориглохоор зохицуулсан байх ба хуулийн энэ заалтыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байдаг. Бугат сумын төв нь Өлгий сумын газар нутагт хамрагдаж байгаа учраас тус газрыг эзэмшүүлсэн Бугат сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгоно гэсэн хариуцагчийн тайлбар ямар ч үндэслэлгүй байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гараад маргаантай асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулсан байна. Тухайн ажлын хэсэг хоёр сумын хил залгаа газар нь давхацсан эсэх талаар дүгнэлтээ гаргаж эргээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулаад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг Монгол улсын Засгийн газарт оруулж, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг ёстой.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд зааснаар засаг захиргааны нэгжийн хилийн цэсийг тогтоох нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал юм. Бугат сум үүсэж хөгжсөний 60 жилийн ойн баярыг энэ жил тэмдэглэх гэж байгаа бөгөөд Бугат сумын төв байрлаж байгаа газар нь Өлгий сумын нутагт хамаарах газар гэдэг утгаар Бугат сумын төвийг нүүлгэн шилжүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Хэрвээ газрын маргаантай байвал эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу шийдэх байх.
Тийм учраас энэ асуудлаар нэхэмжлэгч байгууллагад газар олгосон сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болох үндэслэлгүй байна. Ховд гол, Хар ус нуурын сав газар нь Усны тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа бол холбогдох хяналт шалгалтаа хийгээд зөрчлийг илрүүлэн байж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй. Зүгээр нэг иргэн гаргасан гомдлоор очиж үзээд барилга байгууламж барьсан нь буруу, энэ газарт барилга байгууламж барихыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж байгаа нь үндэслэлтэй юу, үгүй үү гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Ховд гол, Хар ус нуурын сав газрын мэргэжилтэн Зейнелхан гэдэг хүн би 2015 оноос энэ дээр ажиллаж байгаа гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн байх болохоос зохих журмын дагуу шалгаж нэхэмжлэгч байгууллага зөрчил гаргаж барилга, байгууламж барьсан гэдгийг тогтоосон зүйл байхгүй.
Хэрэв тухайн газарт барилга, байгууламж барих ёсгүй гэвэл, нэхэмжлэгч байгууллага анх барилга барьж эхлэх үед холбогдох арга хэмжээг авч зогсоох ёстой байсан. “А” ХХК Бугат сумын төв нэгдсэн халаалт барихаас өмнө тус сумд 14 зуух байсан ба түүнийг багасгаад 1 зуух болгосон, тухайн компанийн тавьсан зуух нь Оросын Холбооны улсад үйлдвэрлэгдсэн, циклом баригчтай, агаарыг бохирдуулахгүй зориулалтын зуух юм. Сумын төвийн төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудад нэгдсэн халаалт түгээх барилга, байгууламжийг хүлээж авах, ашиглалтад оруулах комисс томилохгүй байгаа хариуцагч аймгийн Засаг даргын эс үйлдэхгүй хууль бус гэж үзэж байна. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “...барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөлийг зураг төсвийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилгыг ашиглалтад оруулна...” гэж заасан байдаг.
Засгийн газрын 2018 оны 317 тоот тогтоолоор баталсан дүрмийн 1.2 дахь хэсэгт “...барилга, байгууламжийг ашиглалтад оруулахад Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасныг болон энэ дүрмийг баримтална...” гэж заасан. Уг дүрмийн 2.1 дэх хэсэгт “...барилыг ашиглалтад оруулах хүсэлтийг аймгийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагад гаргана...” гэж тодорхой заасан байх тул нэхэмжлэгч байгууллага тухайн байгууллагад хандсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тухайн байгууллага хүсэлтийг хүлээж авсны дараа Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан шалгуурыг хангасан эсэхийг хянах ёстой. 2.2-д “...энэ журмын хавсралтад заасны дагуу бүрэлдэхүүнтэй комиссыг Засаг даргын шийдвэрээр байгуулж, хуульд заасан хугацаанд ажиллуулна...” гэж дурджээ.
Тийм учраас ямар нэгэн шалтаг зааж комисс томилохоос татгалзаж байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус байна. Дээрээс нь зөвшөөрөлгүй халаалтад холбосон гэх тайлбарт хариу өгөх юм бол энэ компани нь 2017, 2018 онд бүх байгууллагуудыг нэгдсэн халаалтад холбосон байсан. 2018 оны 10 дугаар сард эхлээд Барилга захиалагчдын албанд, дараа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандсан. Халаалт түгээх цаг хугацаа болж бүх байгууллагуудад халаалт өгөхгүй юм бол тухайн байгууллагууд хөлдөх аюултай байсан учраас энэ асуудлыг тухайн сум орон нутгийн хэмжээнд ярилцаад халаалт өгсөн асуудал байгаа. Хэрвээ аймгийн Засаг дарга тухайн үед комисс ажиллуулаад зохих ёсоор хүлээж авсан бол өнөөдөр ийм маргаан гарахгүй байсан юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.
Хариуцагч аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтад “...энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрлийг олгоно” гэж заасан. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалтаар “...аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл барилгын ажлын зөвшөөрлийг зөвхөн аймгийн Засаг дарга олгоно.
Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “...барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, Барилгын ажлын зөвшөөрөл аваагүй барилгыг ашиглалтад оруулах эрх хэнд ч байхгүй. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “..усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доогүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж заасан. 22.2.1-д “...онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заасан. Хар нуур Ховд голын сав газрын захиргаа нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 60 тоот албан бичгийг аймгийн Засаг даргад хүргүүлж, “А” ХХК нь Усны тухай хуулийг болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийг онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг тус тус ноцтой зөрчиж байгааг дурдаж, онцгой анхаарч хуулийн хүрээнд хамтран ажиллахыг хүссэн юм.
“А” ХХК нь гаргасан нэхэмжлэлдээ аймгийн Засаг даргын зүгээс хууль бус үндэслэл зааж барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахгүй байна гэж ор үндэслэлгүй шаардлага тавьсан байна.
Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн шүүхэд хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаар тайлбарыг сонслоо. Нэхэмжлэлийн агуулга нь халаалтын станцыг ашиглалтад оруулах комиссыг Засаг дарга томилохгүй байгаа тул комисс томилж өгөхийг даалгах гэж ойлголоо. Энэ талаарх хүсэлтийг нэхэмжлэгч талаас аймгийн Засаг даргад хандаж гаргаж байсан бөгөөд Засаг даргаас түүний хүсэлтийг хангах боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэхүү барилга, байгууламжийг барьж байгуулах, гэрчилгээ олгох, уг барилгыг барих газрыг яаж хэрхэн олгосон бэ гэдэг талаар тодруулж ярихыг хүсэж байна.
Хэрэгт авагдсан барилга эхлэх зөвшөөрлийн гэрчилгээний талаар дурдвал, Барилгын тухай хууль тогтоомжид зааснаар барилгын ажлыг барих, эхлүүлэх зөвшөөрлийг зөвхөн аймгийн Засаг дарга олгох эрхтэй. Үүний дагуу ямар нэгэн барилгын ажил хийх, хувь хүн, хуулийн этгээд аймгийн Засаг даргаас барилгын ажлын зөвшөөрөл авсны дараа барилгын ажлыг хийж гүйцэтгээд улмаар аймгийн Засаг даргын томилж өгсөн барилгын ажлыг хэсэг шалгаж хүлээж аваад ашиглах зөвшөөрөл бүхий акт, дүгнэлт гарснаар тухайн барилгыг ашиглаж эхлэх үүрэгтэй. Аймгийн Засаг дарга Барилгын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга болон тус газрын мэргэжилтнүүдэд шилжүүлээгүй бөгөөд энэ талаар аймгийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа тодорхой дурдсан байгаа.
Тиймээс Барилгын тухай хуулиар аймгийн Засаг даргад олгосон бүрэн эрхийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга болон тус газрын мэргэжилтнүүдэд эдлэх эрхгүй. Өөрөөр хэлбэл, барилгын ажлын зөвшөөрөл олгох эрхгүй гэсэн үг. “А” ХХК нь аймгийн Засаг даргаас барилга барих зөвшөөрлийг аймгийн Засаг даргаас аваагүй, баригдсан барилгыг ашиглалтад хүлээж авах ажлын хэсэг хүлээж аваагүй байхад тухайн барилгыг ашиглаж холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн. Хэрэгт авагдсан барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нэртэй, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын хэлтсийн дарга Асхарын гарын үсэгтэй баримт бол хууль бус гэдгийг хэлмээр байна.
Газрын тухай яривал, Бугат сумын төвд тухайн халаалтын барилга байрлагдаж байгаа газар нь Өлгий сумын хилийн цэст орсон газар байгаа. Үүнийг нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд БНМАУ-ын Ардын Их Хурлын Төлөөлөгчдийн 1977 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар зарлигаар батлагдан сумдын хилийн цэсээр уг газрыг Өлгий сумын хилийн цэст оруулсан. Одоогоор уг зарлигийг хүчингүй болгосон, өөрчилсөн зүйл алга байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаар тогтоол Бугат сумын төвийн байрлаж байгаа газар нь Өлгий сумын хилийн цэст орж байгааг нотолж байгаа. 2018 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт ирсэн бөгөөд уг шалгалтаар Бугат сумын Засаг даргаас Өлгий сумын газар нутагт хамаарах газрыг захирамж гаргаж эзэмшүүлж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох гэсэн албан даалгавар өгсөн.
Үүний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гаргаж, энэ асуудлыг зохих хууль журмын дагуу болгосон. Тийм учраас Бугат сумын Засаг даргын 2017 оны А/109 тоот захирамж нь хууль бус гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, өөр сумын Засаг дарга бусад сумын газар нутгаас захирамж гаргаж газар эзэмшүүлэх эрхгүй. Гэтэл нэхэмжлэгч компани нь хууль ёсоор эзэмшээгүй газарт дур мэдэн барилга барьсан нь тогтоогдсон ба “А” ХХК-ийн барилга байгууламж буюу халаалтын системийн уурын зуух баригдсан Өлгий сумын газар нутгийг Ховд гол, Хар нуур сав газрын захиргаа хариуцаж байгаагийн хувьд даргаар нь ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж тус компанийн үйлдвэр, үйлчилгээ явуулж байгаа газрыг шалгаж үзсэн. Тэгэхэд Өлгий сумын Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 29 дүгээр захирамжаар тухайн барилга байгууламж баригдсан газар нь усны сан бүхий газрын цэст орсон байна.
Үүнээс гадна аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн даргын гаргасан “А” ХХК-ийн газрын байршлын зурагт зааснаар Ховд голын эргээс 10 метрийн зайтай байгаа нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасан гол мөрний татамд онцгой хамгаалалтын онцгой хамгаалалтын бүсэд орсон байгааг баталж байгаа юм. Өөрөөр хэлбэл, татам гэдэг нь Ховд голын салбар салаалсан урсгал газрыг хэлж байна. Түүнээс гадна тэнд байгаа зүлэг ногоо ургасан бүх газар татам газарт ордог. Онцгой хамгаалалтын бүсийг тэр татам газраас нь эхэлж тооцдог хууль, журамтай ба уг журмыг шүүхэд хүргүүлсэн. “А” ХХК нь энэ барилгыг 2017 онд барьсан байх бөгөөд Бугат сумын Засаг дарга Х.Хайваас хууль сануулж шүүхээс гэрчийн мэдүүлэг авахад, “А” ХХК нь сумын төвлөрсөн халаалтын зуухыг 2017 онд барьж, тэр жилд сумын төвийн хэд хэдэн төсөвт байгууллага дулаан авч байсан гэж хэлсэн байна.
Хэрэгт авагдсан барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гэдэг нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр олгогдсон. Өөрөөр хэлбэл, барилгын ажлыг нэг жил ашигласны дараа барилгын зөвшөөрлийн гэрчилгээ гэдгийг олгосон байна. Гэхдээ ямар ашиг сонирхлоор тухайн гэрчилгээг олгосныг мэдэхгүй байна. Ямар ч байсан ашиг сонирхлын зөрчлөөр олгосон гэж үзэж байна. Тийм учраас тийм барилгын ажлыг хүлээж авах ажлын хэсэг томилох боломжгүй байна.
Иймд “А” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч аймгийн Засаг дарга зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.
Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“А ХХК нь Бугат сумын төвлөрсөн халаалтын барилга байгууламж, шугам сүлжээний ажлыг гүйцэтгэхээр Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан баримт бичгийг бүрдүүлсний дагуу барилгын ажлын зөвшөөрлийг олгосон.
Үүнд, Барилга байгууламжийн иж бүрэн зураг төслийг “Инж-байгууламж” компани гүйцэтгэж, Барилгын хөгжлийн төвийн магадлал хийгдсэн. Зураг төсөл зохиогч “Инж-байгууламж” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдсэн талаарх баримт бичгүүд, барилга байгууламжийг барих газрын эрхийн акт, захиалагч Бугат сумын Засаг даргатай байгуулсан гэрээ болон сургууль, хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв гэх мэт байгууллагуудын эрхлэгч, захирал нарын гарын үсэг бүхий баримтууд юм.
Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо 28.2, 28.3, 28.4-т зааснаас бусад баримт бичгийг шаардахыг хориглоно” гэж заасан.
Барилгын ажил нь дууссаны дараа Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д зааснаар баримт бичгүүдийг бүрдүүлж Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 2.1-т заасны дагуу тус байгууллагад хүсэлт гаргасан.
Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д болон Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор баталсан дүрмийн 3.1.2-т заасны дагуу аймгийн Засаг дарга комисс томилох тухай захирамж гаргуулахаар манай байгууллагын зүгээс холбогдох баримт бичгүүдийг захирамжийн төслийн хамт хуулийн хугацаанд нь хүргүүлсэн.
Аймгийн Засаг даргын тухайн барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах талаар захирамж нь гараагүй учраас ашиглалтад оруулах комисс ажиллуулаагүй ба аймгийн Засаг даргын шийдвэр гарах болж манай байгууллагын зүгээс комисс ажиллуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.
Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь иргэн, аж ахуйн нэгжийн гаргасан хүсэлтийг хүлээж аваад материалыг нь хуулийн хүрээнд шалгаад аймгийн Засаг даргад өргөн барих үүрэгтэй. Үүний дагуу “А” ХХК нь хүсэлт ирүүлсэн бөгөөд түүнийг хүсэлтийг хүлээж аваад Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хянаад, газрын зөвшөөрөлтэй эсэх, барилгын зураг төсөвтэй эсэх, түүнийг магадалсан эсэх, зохиогчийн саналыг авсан эсэх, байгаль орчны үнэлгээ хийгдсэн эсэх гэх зэргийг бид нар хянаж, барилгын комисс ажиллуулах боломжтой байна гэж үзээд Засгийн газрын 2018 оны 317 тоот тогтоолыг үндэслэн захирамжийн төслийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн.
Нэгэнт аймгийн Засаг дарга захирамжийн төслийг баталгаажуулаагүй учраас бид нар комисс ажиллуулаагүй. Хэрэв аймгийн Засаг дарга комисс томилж өгөх юм бол бид комисс ажиллуулахад бэлэн байна гэдгийг хэлмээр байна. Барилгын тухай хуульд зааснаас бусад зүйлийг шаардах эрх бидэнд байхгүй бөгөөд уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д зааснаас бусад бичиг баримт шаардахыг хориглосон байгаа. Тийм учраас Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслээд бичиг баримтын бүрэн бүтэн байдлыг хянаад комисс томилж, хүлээж авах боломжтой байна гэж захирамжийн Засаг даргад өргөн барьсан. Хэрэв аймгийн Засаг дарга захирамж гаргах юм бол бид нар барилгыг ашиглалтад авахад бэлэн байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А” ХХК-иас Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдуулан “”А” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Бугат сумын төвлөрсөн халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээний барилгыг ашиглалтад оруулах комисс томилж ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс томилж ажиллуулахыг аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь харьцуулан судалж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
“А” ХХК нь Бугат сумын төвд төвлөрсөн халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээний барилгын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад оруулах комисс байгуулах тухай аймгийн Засаг даргад хүсэлтээ[1] гаргасан байх ба аймгийн Засаг дарга нь “Анх барилга барьж эхлэх үед аймгийн Засаг даргаас зөвшөөрөл аваагүй, мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх хэсэгт заасан онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барихыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн” гэх үндэслэлүүдээр Бугат сумын төвлөрсөн халаалтын зуухны барилга, дулааны шугам сүлжээг ашиглалтад оруулах комисс байгуулахаас татгалзсан нь хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 8-03/222 дугаар[2], аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1-01/380 дугаар[3] албан бичгээр тус тус тогтоогдож байна.
Хариуцагч аймгийн Засаг даргын даргын татгалзлыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзлээ.
1. Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрлийг олгоно” гэж, мөн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт аймаг, нийслэлийн Засаг даргын барилгын талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан ба 35.1.6-д “барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах”, 28 дугаар зүйлийн 28.1-т “Энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна” гэж тус тус заажээ.
Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.10-т заасны дагуу барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийг батлах бүрэн эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосноор Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтын “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.2-т “ энэ дүрмийн 2.1.1-д зааснаас бусад барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга (цаашид “зөвшөөрөл олгох байгууллага” гэх), 2.2-т “Захиалагч Барилгын тухай хуулийн 28.2, 28.3, 28.4-т заасан баримт бичгийг бүрдүүлэн барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийг Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийн хувьд холбогдох төрийн захиргааны төв байгууллагад, бусад тохиолдолд аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагад гаргана”, 2.10-т “Барилгын ажлын зөвшөөрлийг энэхүү дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан гэрчилгээгээр баталгаажуулан олгоно” гэж барилгын ажлыг эхлэх зөвшөөрлийн асуудлыг тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч “А” ХХК-иас барилга барих зөвшөөрөл авах хүсэлтээ, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан баримт бичгийн хамт дээрх дүрэмд заасны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газарт гаргасан, тухайн байгууллагаас Барилгын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгож, барилга барих зөвшөөрлийг баталгаажуулсан үйл баримтууд нь хэрэгт авагдсан Барилгын ажлын зөвшөөрлийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №07/2018 дугаартай гэрчилгээний хуулбар[4], хариуцагч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын тайлбар[5], гэрч барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон эрх бүхий албан тушаалтан Х.Асхарын мэдүүлгээр[6] тус тус тогтоогдож байх тул зөвшөөрлийн гэрчилгээг үндэслэн барилга барьсан нэхэмжлэгчийн үйлдлийг “барилга барих зөвшөөрөл аваагүй” гэж үзэх үндэслэлгүй байна.
Тодруулбал, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь аймгийн хэмжээнд газар, барилга, хот байгуулалтын асуудлуудын талаарх аймгийн Засаг даргын чиг үүргийг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх агентлагийн хувьд нэхэмжлэгчээс гаргасан төвлөрсөн халаалтын зуух барих хүсэлт болон холбогдох бичиг баримт нь хуулийн 28 дугаар зүйлд заасан баримт бичгийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж, хуулийн 28.5-т заасан “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, зөвшөөрөл олгоно” гэсэн хуульд заасан эрхийн хүрээнд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон гэж үзэх үндэслэлтэй.
Мөн аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд[7] орсон 2.2-ын “эрчим хүч, цахилгаан” хэсгийн 2.2.8-т заасан “сумдыг нэгдсэн халаалтад холбох” ажлын хүрээнд Бугат сумд эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг[8] Баян-Өлгий аймгийн зохицуулах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар “Эрчим хүчний барилга барих зөвшөөрөл олгох тухай” тогтоолоор[9] нэхэмжлэгчид олгосон, мөн аймгийн Засаг даргаас аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлд хаягласан 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1-01/832 дугаартай албан бичигт[10] “... сумдыг нэгдсэн халаалтад холбуулах арга хэмжээний хүрээнд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авсан, 2018 онд ашиглалтад оруулж байгаа ... Бугат ... сумдын дулааны үнэ, тарифыг урьдчилсан байдлаар тогтоож, 2019 оны төсвийн төсөлд оруулах арга хэмжээ авна уу” гэж тусгасан, үүний дагуу Зохицуулах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар “Дулааны үнэ тогтоох тухай” тогтоолоор[11] “А” ХХК-ийн дулааны үнийн тарифыг тогтоосон зэрэг үйл баримтуудаас дүгнэхэд аймгийн Засаг дарга нь анхнаасаа “А” ХХК-д төвлөрсөн халаалтын зуухны барилга байгууламжийг барих зөвшөөрлийг олгохоос хуульд заасан үндэслэлээр татгалзсан гэж үзэх боломжгүй байна.
2. Хариуцагчаас нэхэмжлэгчийн барьсан барилга нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-т заасан “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэж маргасан.
Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т “Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах” бүрэн эрхийг аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон байх ба аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ховд голын усан сан бүхий газарт энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг тогтоосон шийдвэр гараагүй болох нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1-02/201 дугаартай албан бичгээр[12] тогтоогдож байна.
Нэгэнт эрх бүхий захиргааны байгууллагаас Ховд голын сав газарт хамгаалалтын бүс тогтоосон шийдвэр гараагүй тул Усны тухай хуульд заасан онцгой хамгаалалтын бүсийг зөрчиж барилга барьсан гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүйгээс гадна барилгын ажлын зөвшөөрлийг олгоход шаардагдах Барилгын тухай хуулийн 28.2.4-д заасан “байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан”-г нэхэмжлэгч анх эрх бүхий байгууллагаар гаргуулсан, энэ нь хэрэгт авагдсан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын түр орлон гүйцэтгэгч, ахлах шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаар “Ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай” 42 дугаар албан бичиг[13], Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтээр[14] тус тус батлагдаж байгаа ба энэхүү дүгнэлтэд Усны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар тусгагдаагүй байна.
Мөн Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр баталсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчилсөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасан “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн заалт нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж мөрдөгдсөн ба нэхэмжлэгчид халаалтын төвлөрсөн зуух барих /үйлдвэр, үйлчилгээний/ зорилгоор газар эзэмшүүлсэн А/109 дугаартай захирамж[15] нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр буюу хуулийн дээрх заалт мөрдөгдөж эхлэхээс өмнө гарсан, түүнчлэн нэхэмжлэгч газар эзэмших эрхээ авсны дараа барилгыг барьж дуусгах хүртэлх хугацаанд Бугат сумын Засаг даргын Өлгий сумын нутаг дэвсгэрээс харьяалал зөрчиж бусдад газар эзэмшүүлсэн шийдвэрийг хууль бус гэж эрх бүхий захиргааны байгууллагаас тогтоогоогүй, дээрх газар эзэмшүүлсэн захирамж нь хүчин төгөлдөр тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласан хууль бус захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн гэсэн нь үндэслэл муутай байна.
3. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс байгуулах асуудлыг Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-т “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж, мөн 32 дугаар зүйлийн 32.1.7-д заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 317 дугаар тогтоолын хавсралтаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах” дүрмийн Хоёрын 2.1.-т “Захиалагч Барилгын тухай хуулийн 32.1.5-д зааснаас бусад барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагад гаргана”, Гуравын 3.1.2-т “ энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 1, 2 дахь заалтад заасан бүрэлдэхүүнтэй комиссыг аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хуульд заасан хугацаанд байгуулж ажиллуулах” гэж тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс байгуулахыг аймгийн Засаг даргад даалгах” үндсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, дээрх хууль болон дүрмийн холбогдох заалтуудад барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс байгуулан ажиллуулах шийдвэр гаргах эрх хэмжээг зөвхөн аймгийн Засаг даргад олгосон бөгөөд аймгийн Засаг даргын Бугат сумын төвд баригдсан төвлөрсөн халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээг ашиглалтад оруулах комисс байгуулахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус, үүний улмаас өөрийн хөрөнгөөр барьсан халаалтын зуухыг ажиллуулах, үйл ажиллагаа явуулах нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул аймгийн Засаг даргад барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс байгуулан ажиллуулах шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбогдуулан хариуцагчаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргыг тодорхойлсон боловч тухайн албан тушаалтанд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс байгуулан ажиллуулах тухай шийдвэр гаргах бүрэн эрхийг хуулиар олгоогүй тул хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 48 дугаар зүйлийн 48.6-д заасныг тус тус баримтлан “А” ХХК-ий нэхэмжлэлээр үүсгэсэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “А” ХХК-иас аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Бугат сумын төвд баригдсан халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээг ашиглалтад оруулах комисс байгуулан ажиллуулах шийдвэр гаргахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, халаалтын зуухны барилга, байгууламж, шугам сүлжээг ашиглалтад оруулах комисс байгуулан ажиллуулах шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША
[1] Хэргийн 64 дүгээр хуудас
[2] Хэргийн 65 дугаар хуудас
[3] Хэргийн 67 дугаар хуудас
[4] Хэргийн 16 дугаар хуудас
[5] Хэргийн 87-88 дугаар хуудас
[6] Хэргийн 204-206 дугаар хуудас
[7] Хэргийн 45-50 дугаар хуудас
[8] Хэргийн 22 дугаар хуудас
[9] Хэргийн 21 дүгээр хуудас
[10] Хэргийн 28 дугаар хуудас
[11] Хэргийн 23 дугаар хуудас
[12] 2 дугаар хавтас 97 дугаар хуудас
[13] Хэргийн 19 дүгээр хуудас
[14] Хэргийн 20 дугаар хуудас
[15] Хэргийн 7 дугаар хуудас