Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А

Улсын яллагч Л.Э

Хохирогч Б.Э Б.Э, Э.У

    Шүүгдэгч Г.А

    Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-д холбогдох эрүүгийн 2025001750328 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.А

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Г.А-г Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Э.Ууганбаярыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 300,000 төгрөг нийт 5,300,000 төгрөгийг, 

-Б.Х-г “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөгийг, 

-Б.Э-г “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 06, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нийт 4,000,000 төгрөгийг, 

-Б.Э-г “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 7,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 

-Б.Б-г “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 6,500,000 төгрөгийг, 

-Л.П-г “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 8,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 39,300,000 төгрөгийн хохирол бусдад учруулан залилсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А-йн мэдүүлсэн, нөхрийн бие муу, өртэй байсан. Хүмүүсийг залилсандаа харамсаж байна. Буянхишиг зуучилж дандаа 1 сая төгрөг авсан, Урангэрэл ч адилхан. Яллах дүгнэлттэй маргахгүй бүгд үнэн. Нөлөө бүхий хүн бий гэж итгүүлэхийн тулд худал хэлсэн. Нэг удаа аваад даамжирсаар ийм юм болсон, гэм бурууд маргах зүйлгүй. Буянхишиг Урангэрэл нар хүн олж өгөөд 1 сая төгрөг авч байсан. Би шагнал өгнө гэж амласан. Залилж байсныг мэдээгүй байх гэж бодож байна. Хохирлоо төлнө гэх мэдүүлэг, 

 

Хохирогч Э.У-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, ноднин намар хамт ажилладаг байсан Буянхишиг “Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулах хүн байна” гэсэн. Тэгээд Ариунтуяатай пабад уулзсан. Ариунтуяа нь ийм ийм ажлын байр байгаа гээд 10 сая төгрөг, урьдчилгаа 5 сая төгрөг гэсэн. Итгэл төрүүлсэн. Боломжтой юм байна гэж би итгэсэн. Тэгээд эхнэр цалингийн зээл аваад “чамд итгэлээ гээд 5 сая төгрөг өгсөн. 12 сар гараад Ариунтуяагаас асуухад “удахгүй” гээд хөдөө явах хэрэг гарлаа 300,000 төгрөг өгөөч гэхээр нь би шилжүүлсэн. Ариунтуяа олдохгүй байсан тул гадуур хайсаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас олсон. Пүрэвдоржид би хэлж санал тавьсан, Ариунтуяатай уулзуулсан. Буянхишиг, Ариунтуяа, Пүрэвдорж бид 4 уулзаж Ариунтуяа нь Пүрэвдоржтой зээлийн гэрээ байгуулж 8,000,000 төгрөг авсан. Говилын хаан банкнаас Буянхишиг нь мөнгө авдаг болохыг би гадарласан. Миний хажууд Буянхишиг мөнгө авсан. Би тэр өдөр Буянхишигээс 300,000 төгрөг зээлсэн байсан. Буянхишиг нь Пүрэвдоржоос авсан 1,5 сая төгрөгөөс надад 300,000 төгрөг өгсөн, Ариунтуяад хамаагүй. Хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Э-йн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн, нэг өдөр манай нөхөр “чамайг ажилд оруулах боллоо” гэсэн. Маргааш нь Ариунтуяа, Буянхишиг нартай уулзаж ярилцсан. 6,5 сая төгрөг гэсэн. 11 дүгээр сарын 15-нд ажилд орно гэсэн тул мөнгө хайж явсаар 2 сая төгрөг олж өгсөн. Дараа нь ломбардаас 2 сая төгрөг зээлж өгсөн. 12 хувийн хүүтэй зээлсэн.1 сараас хойш хүү төлж чадаагүй ломбард шүүхэд өгсөн. Амьдрал орвонгоороо эргэсэн. Энэ хүн байнга худлаа ярьдаг.Үнэн юм гэж байхгүй. 4 сая төгрөг, ломбардын хүү, ресторанд оруулж хоол авч өгсөн мөнгөө нэхмээр байна. Хохирлоо төлнө гэсэн сэтгэл байхгүй. Бид нараас нэг ч удаа уучлалт гуйж байгаагүй. Энэ хүнээс болж маш их сэтгэл санааны хохирол амсаж байна. Энэ хүнээс болж хэцүү байдалд орж байна. Шүүх энэ асуудлыг шударга шийдээсээ гэж хүсэж байна. Маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Э-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн, “Буянхишигтэй хамт ажилладаг байсан. Эрдэнэт үйлдвэрт хүн ажилд оруулдаг хүн байна, би дундаас нь 1 сая төгрөг авдаг. Эхлээд 50% дараа нь 50% авдаг гэж хэлсэн. Би дүүгээ оруулмаар байна гэхэд нэг орон тоо Ариунтуяад бий гэсэн. Маргааш нь Ариунтуяатай уулзахад нэг орон тоо хувцасны өлгүүрт байж магадгүй гэсэн. Тэгээд дүүгээрээ цалингийн зээл авахуулаад 7,500,000 төгрөг Ариунтуяад өгсөн. Баримт бүрдүүлж өгсөн. Гэтэл 1 сард хоригдсон гэж сонссон. Хохирлоо хурдан барагдуулж авмаар байна“ гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Б.Б-йн мөрдөн байцаалтад мэдүүлсэн "... Миний бие ...Г.Ариунтуяа гэх эмэгтэйг зүс таньдаг мэндтэй явдаг байсан. 2019 оны 07 сард Ариунтуяатай тааралдаад юм ярьж сууж байгаад би дүү Буяндэлгэрэхийн талаар “Манай дүү Эрдэнэт үйлдвэр лүү ажилд орохоор олон удаа сонгон шалгаруулалтад орсон” гэж ярилцаж байхад Ариунтуяа Эрдэнэт үйлдвэрт нөлөө бүхий албан тушаалтай ах маань байдаг мөнгө төгрөгийг нь өгөөд 3 сарын дотор оруулдаг гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Буяндэлгэрэхэд хэлээд үзье  гэхэд Ариунтуяа надад ажилд оруулах 4-5 ажлын байр байгаа шүү хамаагүй хүнд хэлж болохгүй дарга нарын чихэнд хүрчихвэл аюул болно шүү... ойр дотны хүмүүстээ л хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд би найз Ууганбаярт энэ тухай хэлсэн. Тэгэхэд ямар ч байсан уулзаад үзье найдвартай бол хамаагүй татгалзах зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд би Ариунтуяатай  эхэлж уулзаад тэгээд Ууганбаярыг Уурхайчин багт байрлах WагаWara нэртэй пабд уулзаж ярилцсан. Тухайн үед Ариунтуяа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т найдвартай ажилд оруулж өгнө урьдчилгаа 5,000,000 төгрөг ажилд ороод 6 сарын дараа зээл авах боломжтой болохоороо өгөөрэй гэж хэлээд тэндээсээ гэр гэр лүүгээ харьсан. Хэд хоногийн дараа би Ууганбаяраас Ариунтуяагийн талаар энэ хүн хир итгэлтэй хүн байна итгэж болох хүн мөн байна уу гэж асуухад итгэлтэй хүн шиг байна худлаа хэлчихээр хүн биш байна үзээд алдъя гэж хэлсэн. Үүнээс хойш Ууганбаяр эхнэрээрээ зээл авахуулах гэж байгаа гэж хэлж байсан. Тэгээд Ариунтуяад Ууганбаяр бэлнээр 5.000.000 төгрөг өгчихсөн одоо ажилд орох өдрөө хүлээе даа гэж хэлж байсан. Манай хамаатны ах байдаг гэж хэлж байсан болохоос өөр ямар нэгэн хүний нэр албан тушаалыг хэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 13-р хуудас /

 

-Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....2019 оны 08 сарын сүүлээр манай нөхөр Ууганбаяр надад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажилд оруулж өгөх хүн байна эхний ээлжид 5.000.000 төгрөг өгөөд 2020 он гарахаас өмнө ажилд оруулна гэсэн хүн байна гэж хэлж байсан. Энэ асуудлын талаар манай нөхөртэй цугтаа ажиллаж байсан Г.Буянхишиг гэх эмэгтэй хэлсэн юм байна лээ. Буянхишигийн танил гэх Ариунтуяа гэх эмэгтэйтэй манай нөхөр уулзаж үзээд боломжийн юм байна Буянхишигийн дүү бас ажилд орохоор хөөцөлдөж байгаа юм байна гэж надад хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр урьдчилгаа мөнгө болох 5 сая төгрөгийг би 2019 оны 09 сарын 07-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас цалингийн зээл авч, нөхөр Ууганбаярын Хаан банкны 5007894674 тоот данс руу 2019 оны 09 сарын 09-ний өдөр 5 сая төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Тэгээд манай нөхөр надаас авсан 5 сая төгрөгөө бэлнээр аваад Ариунтуяа гэх эмэгтэйд бэлнээр аваачиж өгсөн гэж хэлж байсан. Манай нөхөр бичиг баримтаа өгнө гээд Ариунтуяа дээр очиж байхад түүнийг зүс харж байсан яг бол уулзаж ярилцаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас 14-р хуудас /

 

-Хохирогч Э.У-н Хаан банкны 5007894674 дугаартай дансны хуулга /1-р хх-н 17-18-р хуудас /

 

-Гэрч Б.Э-н Худалдаа хөгжийн банкин дахь 407207788 дугаартай дансны хуулга /1-р хх-н 19 хуудас/

 

-Хохирогч Б.Х-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “2019 оны 08 сарын сүүлээр манай эгч Мөнхтуяа найз Буянхишиг гэх эмэгтэйгээс Эрдэнэт үйлдвэрт ажилд орох ажлын байр байна гэсэн мэдээлэл аваад... надад ажилд орох уу сонирхож байвал Г.Ариунтуяа гэх эмэгтэйгийн гар утасны дугаарыг өгсөн. Тэгээд би 2019 оны 09 сарын эхээр Орхон аймагт ирээд Ариунтуяа гэх эмэгтэйтэй эгч Мөнхтуяагийн хамтаар Вокзал дээр уулзсан. Тэгээд Ариунтуяа би өөрөө Эрдэнэт үйлдвэрт лабаронтоор ажилладаг. Жолоочоор ажилд оруулж өгнө. Үйлдвэрт ажилд ороход хахууль өгч байж ордог шүү дээ гэсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөгөөр яаж ордог юм бэ гэж асуухад нийт 15 сая төгрөгөөр орно. Эхний ээлжид урьдчилгаанд 8.000.000 төгрөг, ажилд орсон хойноо үлдэгдэл мөнгийг нь өгчих гэсэн юм. Тэгээд би ажилд орохоор болоод 2019 оны 09 сарын 23-ний өдөр Гантөмөрийн Ариунтуяагийн Худалдаа хөгжлийн банкны 466004128 тоот данс руу 8.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 56 хуудас/

 

-Гэрч П.М-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2019 оны 09 сарын эхээр найз Төмөрчөдөр гэх хүнээс Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэсэн хүн байна сонирхож байвал тэр хүнтэй нь холбож өгье гэж хэлсэн юм. Үүнээс хойш 14 хоногийн дараа байх Төмөрчөдөртэй дахин таарахаар нь нөгөө үйлдвэрт ажилд оруулж өгнө гэсэн хүн чинь байгаа юу гэхэд байгаа л юм шиг байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь хамаатан садангууддаа тус болох зорилгоор фэйсбүүкийн хамаатнуудынхаа группт Эрдэнэт үйлдвэрт ажилд орох хүн байна уу гэж чат бичихэд Хашбат би ормоор байна гэж хэлсэн юм. Тэгээд би ямар ч байсан ажилд оруулах хүмүүстэй уулзаад үзье гэж хэлсэн. Тэгээд би Оюут багт үйл ажиллагаа явуулдаг нэрийг нь сайн мэдэхгүй үсчингийн газарт очиход Ариунтуяа Буянхишиг гэх эмэгтэйчүүд байсан ба би ажилд яаж оруулдаг юм бэ гэж асуухад Ариунтуяа гэх эмэгтэй миний таньдаг нөлөө бүхий олон жил ажиллаж байгаа хүн байгаа Хүдрийн ил уурхайд белазын жолоочоор ажилд оруулж өгнө гэж хэлж байсан ба ажлын хөлсөнд нь 15.000.000 төгрөг авна. Урьдчилгаа 8.000.000 төгрөг өгчих ажилдаа ороод 6 сарын дараа үлдэгдэл мөнгөө өгч болно гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би дүү Хашбатад уг асуудлын талаар хэлсэн, чи бас өөрөө ирж сайн уулзаарай гэж хэлсэн. Тэгсэн маргааш нь Орхон аймагт манай дүү ирээд бид хоёр цугтаа Ариунтуяатай уулзсан. Тэгээд ажилд оруулж өгөх талаар хоорондоо ярилцаж тохироод эхний ээлжид нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон иргэний үнэмлэхийн хуулбар, 3x4 хэмжээтэй 4% зураг зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлээд урьдчилгаа мөнгөтэйгөө ирээрэй гэж хэлсэн. Үүнээс хойш 2019 оны 09 сарын 23- ний өдөр Г.Ариунтуяагийн данс руу 8,000,000 төгрөг шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /1-р хх-н 57-р хуудас/

 

-Б.Х-с Г.Ар-д Худалдаа хөгжлийн банкаар 8 сая төгрөг шилжүүлсэн орлогын ордер баримт /1-р хх-н 60-р хуудас/

 

-Гэрч Г.С-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “ Би эхнэр Эрдэнэчимэг, найз Болорсүх нарын хамтаар Уурхайчин багт байрлах ...пабд Буянхишиг Ариунтуяа нартай уулзаж ярилцсан. Тухайн үед Ариунтуяа би өөрөө Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т лабаронтоор ажилладаг. Манай хамаатны нөлөө бүхий хүн байгаа ажилд оруулахад ямар нэгэн асуудал байхгүй ажилд оруулж өгөх хөлс нь нийт 13.000.000 төгрөг болно. Эхний ээлжид 6.500.000 төгрөгөө өгчих 2020 оны 01 сарын 15-ний өдөр гэхэд ажилдаа орно гэсэн юм. Ажилд орох бүхий л бичиг баримтыг би өөрөө аргалчихна харин ганцхан эмнэлгийн шинжилгээний бичгийг та нар өөрсдөө авчираарай гэж хэлсэн. ...Үүнээс хойш хашаа байшингаа ломбардад барьцаанд тавиад 2.000.000 төгрөгийн зээл аваад 2019 оны 11 сарын 06-ны өдөр Г.Ариунтуяагийн Худалдаа хөгжлийн банкны 466004128 тоот данс руу, мөн дараа нь ломбардаас нэмж 2.000.000 төгрөг аваад 2019 оны 12 сарын 06-ны өдөр Г.Ариунтуяагийн Хаан банкны 5120081953 тоот данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 88-р хуудас/

 

-Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “ ... Манай найз ...Сундуй-Очир түүний эхнэр Эрдэнэчимэгийн хамтаар Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Wara Wara нэртэй пабд Буяа болон түүний найз Ариунаа гэх эмэгтэйчүүдтэй хоол идэж пиво ууж ажлын талаар ярьж суусан. Тухайн үед Ариунаа надад Эрдэнэт үйлдвэрт ажилладаг нөлөө бүхий хүн байгаа урьд өмнө 4-5 хүн ажилд оруулчихсан найдвартай хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд Сундуй-Очирын эхнэр Эрдэнэчимэгийг Эрдэнэт үйлдвэрт нярваар ажилд оруулж өгнө ажлын хөлс 13.000.000 төгрөг болно эхний ээлжид урьдчилгаа 6.500.000 төгрөгийг өгдөг гэж хэлж байсан. Тэгээд бид нар ууж идэж байгаад салаад гэр гэр лүүгээ явсан. Би найз Сундуй-Очирт чи мөнгө төгрөгөө өгөхгүй байж байгаараа би яг нярвын орон тоо байгаа эсэхийг сайн сураглаадахъя гэж хэлж байсан. Үүнээс хойш уулзаагүй бараг 1 сарын дараа нярвын орон тоо байхгүй байна гэдгийг мэдээд найз Сундуй-Очиртой очиж хоосон ажлын байр огт байхгүй байна худлаа юм байна шүү гэж хэлэхэд аль хэзээ нь Ариунаа гэх эмэгтэй мөнгө нэхсээр байгаад авчихсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 89-р хуудас/

 

-Б.Э-йн Хаан банкны 5091110680 дугаартай данснаас Г.Ариунтуяагийн 5120081953 дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн баримтын хуулга /1-р хх-н 92-93-р хуудас/

 

-Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “2019 оны 11 сарын эхээр байх ажлын байран дээр ажлын газрын эгч Б.Эрдэнэсувдын хамтаар юм ярьж сууж байгаад манай нэг Ууганбаяр гэх найзыг маань “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Г.Ариунтуяа гэх найз маань ажилд оруулж өгөхөөр болоод 5.000.000 төгрөг авсан одоо удахгүй ажилд орох гэж байгаа гэж ярихад манай дүү бас хол ажилладаг юм дүүгээ ажилд оруулах боломж байгаа болов уу уулзаад үзье л дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эрдэнэсувд эгчийг Ариунтуяатай уулзуулсан. Тэгээд Ариунтуяа уулзаад дүүг нь Авто тээврийн байгууллагад автобусны жолоочоор оруулж өгнө гэж хэлээд урьдчилгаа 7.500.000 төгрөг авсан ба үлдэгдэл 7.500.000 төгрөгийг ажилдаа орохоороо зээл аваад өгөөрэй гэж тухайн үед хэлж байсан. Үүнээс хойш маргааш нь Эрдэнэсувд эгч Ариунтуяаг Худалдаа хөгжлийн банкин дээр дуудаж уулзаад Ариунтуяа тухайн үед бэлнээр мөнгөө өгчих гэхээр нь дансаар нь 7.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед би цугтаа байсан. Тэгээд Ариунтуяа мөнгө орчихлоо гэж хэлээд яваад өгсөн. Үүнээс хойш ажилд оруулж өгсөн юм ч байхгүй залилан хийгээд яваад байсан байна лээ .” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 231-р хуудас/

 

-Б.Э-ас Г.Ариунтуяагийн Худалдаа хөгжлийн банкны 466004128 дугаартай дансанд мөнгө шилжүүлсэн баримт /1-р хх-н 235-р хуудас/

 

-Хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “Миний бие Эрдэнэт үйлдвэрт эртнээс орох гээд сургалтад нь суугаад ...хүмүүсээс хэрхэн яаж ордог талаар асууж тодруулсан байсан юм. 2019 оны 11 сарын эхээр манай төрсөн эгч Буянхишиг надтай уулзаад манай найз Эрдэнэт үйлдвэрт ажилд орох гээд материалаа өгчихсөн байгаа гэж байна ажилд орох нь үнэн юм шиг байна. Чи тэр ажилд оруулж өгөх гэж байгаа хүнтэй нь уулзах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгчтэйгээ цугтаа 2019 оны 11 сарын 15-ны өдөр Уурхайчин багт байдаг нэрийг нь сайн мэдэхгүй паб-д уулзсан. Тэгэхэд тэр эмэгтэй намайг Ариунтуяа гэдэг би Эрдэнэт үйлдвэрт ажилладаг Эрдэнэт үйлдвэрт найдвартай ажилд оруулж өгөх хүн байгаа гэхээр нь одоо ямар орон тоо байгаа вэ гэж асуухад. Автобусны жолоочийн орон тоо байгаа. Энэ орон тоон дээр нийт 13.000.000 төгрөгөөр оруулж өгье. Эхний ээлжид 6.500.000 төгрөгийг өгчих дараа үлдсэн мөнгөө өгчих гэсэн. Тэгэхээр нь би надад автобус барих “D” ангилал байхгүй ш дээ гэхэд. Би эхний урьдчилгаа мөнгөнөөс чинь ангилал даруулаад бүх юмыг чинь болгоод өгчихнө. Чамд ямар ч асуудал байхгүй бид нар бүх зүйлийг зохицуулчихна гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 11 сарын 15-ны өдөр Г.Ариунтуяагийн Худалдаа хөгжлийн банкны 466004128 тоот данс руу өөрийн Хаан банкны 5120139825 тоот данснаас 6.500.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 39-р хуудас/

 

-Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Манай найз Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн газарт ажилладаг байсан Г.Ариунтуяа гэх эмэгтэйд төрсөн дүүгээ Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулчих юмсан гэж ярьдаг байсан юм. Тэгсэн нэг өдөр Ариунтуяаг би манай төрсөн дүүг ...ажилд оруулаад өгчих боломж байна уу уулзаад үзээч гэсэн юм. Тэгээд 2019 оны 11 сарын 15-ны өдөр Уурхайчин багт байрлах Wara Wara нэртэй паб-д уулзаж ярилцсан. Тухайн үед Ариунтуяа манай дүүг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т автобусны жолоочоор ажилд оруулж өгнө гэж хэлсэн ба урьдчилгаа 6.500.000 төгрөг өгөөд ажилд орохоороо үлдэгдэл мөнгөө өгчих гэж хэлсэн юм. Тэгээд манай дүү би автобус барих эрхийн үнэмлэхгүй шүү дээ гэхэд урьдчилгаа мөнгөнөөс чинь ангилал даруулаад өгнө санаа зоволтгүй гэх мэтээр хэлж байсан. Тэгээд 2019 оны 11 сарын 15-ны өдөр Ариунтуяагийн Худалдаа хөгжлийн банкны данс руу 6.500.000 төгрөгийг манай дүү шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх 40-р хуудас/

 

-Б.Б-с Г.А-н Худалдаа хөгжлийн банкны 466004128 дугаартай дансанд мөнгө шилжүүлсэн баримт, дансны хуулга / 2-р хх-ийн 44-48 хуудас/

 

-Хохирогч Л.П-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “2020 оны 01 сарын 03-ны өдөр манай хашаанд цугтаа амьдардаг хөрш Ууганбаяр ах миний гар утас руу залгаад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажилд оруулж өгөх хүн байна. Чи орох уу гэхээр нь би найдвартай юм уу гэж асуухад найдвартай гэж хэлсэн. Тэгээд би хаана ямар ажилд орох юм бэ гэж асуухад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т автобусны жолоочоор ажилд оруулж өгнө гэж хэлсэн тэгэхээр нь би итгээд хөдөө аав ээж рүүгээ залгаад мөнгө төгрөг хайж байгаад 8.000.000 төгрөгийг Ариунтуяа гэх эмэгтэйгийн Хаан банкны данс руу 2020 оны 01 сарын 03-ны өдөр хийсэн. Тэгээд маргааш нь Ууганбаяр ахтай яриад Ариунтуяа гэх эмэгтэйтэй Уурхайчин соёлын ордны гадаа Ууганбаяр ахын машин дотор уулзсан юм. Тухайн үед Ариунтуяа гэх эмэгтэй Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т автобусны жолоочоор оруулж өгнө гэж хэлэхээр нь надад жолоочийн үнэмлэх байхгүй болох юм уу гэж асуухад болно асуудалгүй үнэмлэхийг чинь авчихна гэх мэтээр намайг итгүүлж байсан. Тэгээд байж байтал Ариунтуяа баараагүй нь дээрээ гэрээ хийнэ гэж хэлээд бүр гэрээ хүртэл байгуулсан. Үүнээс хойш намайг 2020 оны 02 сарын сүүлээр 03 сар гэхэд баараагүй ажилдаа орчихно гэж байсан. Тэгээд би одоо ажиллаж байгаа ажлаасаа хүртэл гарах өргөдлөө өгөөд гарах гэж байтал 2020 оны 01 сарын сүүлээр Ууганбаяр ах манай гэрт орж ирээд нөгөө хүүхэн чинь худлаа боллоо бүгдээрээ залилуулсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 91-р хуудас/

 

-Г.А-н Хаан банкны 5120081953 дугаартай дансанд мөнгө шилжүүлсэн баримт, дансны хуулга /2-р хх-ийн 100-р хуудас/ 

-Гэрчээр Б.Б-н мэдүүлсэн, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өмнө нь цуг ажиллаж байсан Эрдэнэсувд эгчийн мөнгөнөөс 1,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн дүү Буяндэлгэрэхийн мөнгөнөөс 1,000,000 төгрөг, Э.Ууганбаярын мөнгөнөөс 50,000 төгрөгийг Ариунтуяагаас зуучлалын хөлс болгож би авсан. Харин 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Пүрэвдоржийн мөнгөнөөс 1,500,000 төгрөгийг зуучлалын хөлс гэж Ууганбаярын машин дотор Ариунтуяагаас аваад би 1,200,000 төгрөгийг аваад Ууганбаяр 300,000 төгрөгийг авсан...гэх мэдүүлэг /2-р хх 131-р хуудас/

 

-Иргэний хариуцагч Б.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн...бусдын мөнгөнөөс авсан 3,250,000 төгрөг бүрэн төлж барагдуулна гэх мэдүүлэг/2-р хх 135-р хуудас/

 

-Гэрчээр О.У-н мэдүүлсэн ...Миний бие Э.Ууганбаярыг олж өгч Ариунтуяагаас бэлнээр 1,000,000 төгрөг,2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр мөн 600,000 төгрөг нийт 1,600,000 төгрөг авсан. Ариунтуяагаас авсан мөнгөнөөс 50,000 төгрөгийг Буянхишигт шилжүүлсэн...гэх мэдүүлэг/ 2-р хх 132-р хуудас/, 

 

-Иргэний хариуцагчаар О.У-н мэдүүлсэн...миний бие бусдаас / Б.Хашбат /авсан 1,550,000 төгрөгийг төлж барагдуулна гэх мэдүүлэг /2-р хх 139-р хуудас/ ,

 

-Иргэний хариуцагчаар Э.У-н мэдүүлсэн...Би уг нь Буянхишигээс зээлж авсан юм...Пүрэвдоржийн мөнгөнөөс авсан 300,000 төгрөгийг төлж барагдуулна зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Г.А нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж Э.Ууганбаяраас 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 300, 000 төгрөг нийт 5,300,000 төгрөг,  Б.Хашбатаас 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөг, Б.Эрдэнэчимэгээс  2019 оны 11 дүгээр сарын 06-нд 2,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөг, Б.Эрдэнэсувдаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 7,500,000 төгрөг, Б.Буяндэлгэрэхээс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 6,500,000 төгрөг, Л.Пүрэвдоржоос  2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 8,000,000 төгрөг тус тус өөрийн эзэмшилд шилжүүлэн авч нийт 39, 300,000 төгрөгийн хохирол учруулсан байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэхэд ач холбогдолтой, хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 9 дүгээр сарын 05-наас 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд  “Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгч чадна, нөлөө бүхий найдвартай хүн байгаа, жолоочоор оруулна, өлгүүрчний орон тоо байгаа гэх мэтээр  ярьж   зохиомол байдлыг зориуд бий болгож итгэл төрүүлэн хохирогч нараас “урьдчилгаа” гэсэн байдлаар хуурч хохирогч нараас нийт 39,300,000 төгрөгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нарын мэдүүлгүүд, гэрч Б.Буянхишиг, Г.Сандуй-Очир, Б.Болорсүх, П.Мөнхтуяа, Б.Энхмаа  нарын мэдүүлгүүд, иргэний хариуцагч О.Урангэрэл, Б.Буянхишиг нарын мэдүүлгүүд, банкны дансны хуулгууд, мөнгө шилжүүлсэн баримтууд зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон ба шүүгдэгч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээсэн байна.

 

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.А-н бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгон ярьж итгүүлэн  хууль бусаар өөрийн эзэмшилд мөнгө шилжүүлэн авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл байх ба хохирлын хэмжээний хувьд Эрүүгийн хуульд заасан ноцтой эсхүл их хэмжээний хохирлын шинжгүй байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч Г.Ариунтуяа нь гэмт санаагаа хэрэгжүүлэхдээ Б.Буянхишиг,О.Урангэрэл нарыг ашиглан “ажилд орох хүн” олуулж санал тавиулж улмаар хамт уулзаж ярилцан итгэл үнэмшил төрүүлж, авсан мөнгөнөөсөө тодорхой хэсгийг “зуучилсны хөлс” гэж өгч байсан болох нь хохирогч, гэрчүүд, иргэний хариуцагч нарын мэдүүлгээр нотлогджээ.

 

Шүүгдэгч Г.Ар-н үйлдлийн улмаас хохирогч нарт 39.300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч хохирогч нарын хоорондын дансны гүйлгээний хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ариунтуяаг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Г.А нь зохиомол байдлыг зориудаар бий болгож “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т бусдыг ажилд оруулж өгнө гэж бусдыг хуурч залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Г.Ариунтуяаг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулах саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун шүүх хуралдаанд, гэм буруугийн талаар маргахгүй. Цар тахлын улмаас болж хохирлоо барагдуулах боломжийг алдсан. Мөн энэ хүний хүүхдийн эрүүл мэндийн байдалтай холбоотой өөрийнх нь зарж борлуулах гэж байгаа орон сууцыг зарж борлуулж чадахгүй байдалд хүрсэн. Шүүгдэгч хохирлоо төлнө гэж илэрхийлж байгаа. Шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд ялтай байдал гэдэг нөхцөл байхгүй болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах гэсэн зохицуулалт байгаа. Г.Ариунтуяа нь 9 сартай хүүхэдтэй энэ байдлыг нь харгалзан үзэж ял хойшлуулах, мөн тодорхой хугацаа өгч үлдсэн хохирлыг төлөхөөр шийдвэрлэж өгөөч гэсэн саналыг өмгөөлөгчийн зүгээс оруулж байна гэж мэтгэлцжээ. 

 

    Шүүгдэгч Г.А-н гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, хэргийн үйлдэх үеийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн урьд энэ төрлийн хэрэгт шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

   

    Хохирол төлбөрийн тухайд, хохирогч нарт учруулсан хохирол төлөгдөөгүй байх тул Г.А-с нийт 34.200.000 төгрөгийг гаргуулан Э.Ууганбаярт 4,300,000 төгрөг, Б.Хашбатад 7,400,000 төгрөг, Б.Эрдэнэчимэгт 4,000,000 төгрөг,Б.Эрдэнэсувдад 6,500,000 төгрөг, Б.Буяндэлгэрэхэд 5,500,000 төгрөг, Л.Пүрэвдоржид 6,500,000 төгрөгийг тус тус олгуулах, иргэний хариуцагч Б.Буянхишигээс нийт 3,250,000 төгрөгийг гаргуулан Б.Эрдэнэсувдад 1,000,000 төгрөг, Б.Буяндэлгэрэхэд 1,000,000 төгрөг, Э.Ууганбаярт 50,000 төгрөг, Л.Пүрэвдоржид 1,200,000 төгрөгийг олгуулах, иргэний хариуцагч О.Урангэрэлээс нийт 1,550,000 төгрөг гаргуулж хохирогч Э.Ууганбаярт 950,000 төгрөг, Б.Хашбатад 600,000 төгрөг олгуулах, иргэний хариуцагч Э.Ууганбаяраас 300,000 гаргуулан хохирогч Л.Пүрэвдоржид олгуулахаар зааж шийдвэрлэлээ.

 

    Энэ хэрэгт битүүмжилсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн Уртын голын 15-17 тоотод байрлалтай улсын бүртгэлийн Г2101005022 дугаартай 800м2 гэр бүлийн хэрэгцээний газар, Y-2101013045 улсын бүртгэлийн дугаартай 96м2 хувийн сууцыг төлбөр төлүүлэхээр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

    Шүүгдэгчийн асрамжид байгаа 2020 оны 5 дугаар сарын 09-нд төрсөн Отгонбаярын Анхбаяр нь эцэг М.Отгонбаярын асрамжид Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт Овоотын 5-41 тоотод оршин сууж байгаа болох нь шүүх хуралдаан завсарлаж хойшилсон үеийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан хувийн баримтуудаар тогтоогдсон тул шүүх асрамжийн асуудлыг хөндөх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                                           

 

  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-с нийт 34,200,000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Ууганбаярт 4,300,000 төгрөг хохирогч Б.Хашбатад 7,400,000 төгрөг , хохирогч Б.Эрдэнэчимэгт 4,000,000 төгрөг , хохирогч Б.Эрдэнэсувдад 6,500,000 төгрөг/, хохирогч Б.Буяндэлгэрэхэд 5,500,000 төгрөг , хохирогч Л.Пүрэвдоржид 6,500,000 төгрөгийг тус тус, иргэний хариуцагч Б.Буянхишигээс нийт 3,250,000 төгрөгийг гаргуулан Б.Эрдэнэсувдад 1,000,000 төгрөг, Б.Буяндэлгэрэхэд 1,000,000 төгрөг, Э.Ууганбаярт 50,000 төгрөг, Л.Пүрэвдоржид 1,200,000 төгрөгийг тус тус, иргэний хариуцагч О.Урангэрэлээс нийт 1,550,000 төгрөг гаргуулж хохирогч Э.Ууганбаярт 950,000 төгрөг, Б.Хашбатад 600,000 төгрөгийг тус тус, иргэний хариуцагч Э.Ууганбаяраас 300,000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Пүрэвдоржид тус тус олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн Уртын голын 15-17 тоотод байрлалтай улсын бүртгэлийн Г2101005022 дугаартай 800м2 гэр бүлийн хэрэгцээний газар, Y-2101013045 улсын бүртгэлийн дугаартай 96м2 хувийн сууцыг төлбөр төлүүлэхээр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлан өгч, шүүх хуралдааныг хаасныг мэдэгдэв.





 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ