Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 1219

 

 

Ж.Чулуунтогоо нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00834 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо

Нэхэмжлэгч Ц.Өөлд нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Болдбаатарт холбогдох

 

            2005 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугамын ашиглалтаар тохиролцсон” гэрээний 5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг заалтын дагуу Б.Болдбаатарын ашиглаж байгаа ХУД-ийн 3 дугаар хороо, шаравын гудамжны 9 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болох 18.3 м.кв талбайг буцаан шилжүүлэхийг даалгах, түүнийг үндэслэлгүйгээр ашигласны төлбөрт 9 151 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

9 210 000 төгрөг гаргуулах, өөрийн өмчлөлийн 00 тоот өрөөг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                                Ж.Чулуунтогоо

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                        О.Батцэцэг  

Хариуцагч                                                                   Б.Болдбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч                                           Т.Төгс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Би гэр бүлийн хамт 2005 онд БНСУ-д ажиллаж байх хугацаандаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Шаравын гудамжны 9 тоот 141 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг эх Ц.Өөлдийн хамт худалдан авч өмчилсөн. Энэ байшин нь анх баригдахдаа. Болдбаатарын өмчлөлийн байшинтай залгаа баригдсан байсан. Б.Болдбаатар нь өөрийн өмчлөлийн байшиндаа цэвэр бохир ус, дулаан татсан байсан гэж үүний зардалд 15 000 000 төгрөг зарцуулсан гэж Ц.Өөлдөд хэлсэн. Манайхаас шугам татах бол 6 000 000 төгрөг авна, мөн өмчлөлийн 18 м.кв талбайг Б.Болдбаатар өөрийн баарны үйл ажиллагааг явуулахад шаардлагатай гал тогоогоор эзэмшиж ашиглана, мөн надад /миний өмчлөлийн/ 00-н өрөөг өгөхөөр тохиролцож 2005 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ээжтэй гэрээ байгуулж миний нэрийг бичсэн байдаг. Нотариатаар батлуулсан энэхүү гэрээнд миний гарын үсгийг зурсан байна. Гэтэл миний бие энэ хугацаанд Монгол улсад байгаагүй бөгөөд энэ тохироог миний эх Ц.Өөлд, Б.Болдбаатар нар намайг байхгүйд хийсэн. Эх маань Б.Болдбаатарт өгсөн      6 000 000 төгрөгөө баталгаажуулж авах гэж гэрээ байгуулсан гэж хэлдэг. Миний бие 2008 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эх орондоо ажиллаж амьдарч байна. Манай байшинд цэвэр ус дулааны шугамыг Б.Болдбаатар хүссэн үедээ хаах гэх мэтээр дураараа авирлаж бизнесийн үйл ажиллагаанд удаа дараа саад учруулж байсан. Миний бие өөр эх үүсвэрээс цэвэр ус, дулаанаа 2011 оны 9 сараас авч эхэлсэн. 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс Б.Болдбаатар манай байшингийн бохирыг хаасан. 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2014 оны 10 сарын 13-ны өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд манай буудал үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Би өөрийн өмчлөлийн 18 м.кв талбайг чөлөөлж өгөхийг Б.Болдбаатараас хүссэн. Б.Болдбаатар, Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нарын хооронд 2005 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хийсэн дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугамын ашиглалтын талаар тохиролцсон гэрээ нь хууль зөрчиж хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Иймд миний эзгүйд тохиролцсон гэрээ гэх хууль бус баримт үйлдэж миний 6 000 000 төгрөгийг Ц.Өөлдөөс авсан нь гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Б.Болдбаатартай 2005 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж энэ гэрээний дагуу авсан    6 000 000 төгрөгийг түүнээс буцаан гаргуулах, мөн хууль бусаар ашиглаж байгаа 18 м.кв талбай бүхий өрөөг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл олох байсан орлого болох           2 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ... Миний эх Ц.Өөлд нь Б.Болдбаатартай зөвхөн дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугам ашиглах талаар тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд  гэрээний 5 дахь хэсэгт заасан тохиролцоог түүнтэй огт хийгээгүй, мэдэхгүй гэдэг. Мөн дээрх заалтын дагуу Б.Болдбаатараас бид ямарч 00-ийн өрөө шилжүүлж аваагүй. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа хэлцлийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт давхар бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Энэ шаардлага мөн хангагдаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дараахи байдлаар өөрчилж байна.

 1. 2005 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугамын ашиглалтаар тохиролцсон гэрээ"-ний 5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

2. Гэрээний 5 дахь заалтын дагуу Б.Болдбаатарын ашиглаж байгаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, шаравын гудамжны 9 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болох 18.3 м.кв талбайг Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нарын эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг Б.Болдбаатарт даалгах,

3. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, шаравын гудамжны 9 тоотод байрлах, 141 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг буюу зүүн хойд жигүүр байрлах 18 м.кв талбайг үндэслэлгүйгээр ашигласны төлбөр 9 151 000 төгрөгийг Б.Болдбаатараас гаргуулах шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо, Ц.Өөлдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пүрэвсамбуу нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэгдүгээрт: Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэрээнд зурагдсан гарын үсэг нь Ж.Чулуунтогоогийнх биш гэдэг нь нотлогдсон. Гэрээний гол зорилго нь дулааны узель, цэвэр усны шугамыг ашиглахтай холбоотой асуудлыг зохицуулсан гэж үзэж байсан. Харин тухайн үед Ц.Өөлдийн мэдээгүй асуудлыг гэрээний 5 дахь заалтад тусгасан байсан. Гэрээний 5 дахь заалтад Б.Болдбаатарын үл хөдлөх эд хөрөнгө болох 2 м.кв талбай бүхий 00 өрөөг Ж.Чулуунтогоод шилжүүлэх, Ж.Чулуунтогоогийн үл хөдлөх хөрөнгийн талбай болох 18.3 м.кв талбайг Б.Болдбаатарт шилжүүлэн өгөхөөр тохиролцов гэсэн байдаг. Мөн дээрх заалтын дагуу Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нар нь ямар ч 00 өрөө шилжүүлж аваагүй байдаг. Харин Ж.Чулуунтогоогийн эзэмшлийн 18.3 м.кв бүхий талбайг Б.Болдбаатар нь гал тогооны зориулалтаар ашиглаж байна.

Хоёрдугаарт: Гэрээний холбогдох заалтын дагуу дулааны болон бохирын шугам гэх мэт шугамыг ашиглаж байсан нь үнэн бөгөөд ашигласны төлбөрт 6 000 000 төгрөг өгсөн гэдгээ тайлбарладаг. Ж.Чулуунтогоо нь 2011 оноос эхэлж дулааны узель, цэвэр бохир усны шугамыг ашиглахаа больсон тул энэхүү гэрээний 1-4 дэх заалтууд нь хэрэгжээд дуусгавар болсон гэж үзэж байна. Иймээс гэрээний бусад заалт дээр маргах шаардлагагүй гэж үзэж байна. Харин 5 дахь заалт дээр талууд харилцан тохирсон зүйл байхгүй тул уг заалтыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2005 оноос эхэлж өнөөдрийг хүртэл хугацаанд Б.Болдбаатар 18.3 м.кв талбайг үндэслэлгүйгээр ашиглаж байна. Иймээс тухайн талбайг Б.Болдбаатарын эзэмшлээс чөлөөлүүлж Ц.Өөлд болон Б.Болдбаатар нарт шилжүүлэхийг даалгах шаардлага гаргаж байна.

Гуравдугаарт: Хэрэв уг талбайг Ж.Чулуунтогоо өөрөө өнөөдрийг хүртэл ашигласан бол 9 150 000 төгрөгийн ашиг олох ёстой байсан. Энэ дүгнэлтийг хөрөнгийн үнэлгээний газраас гаргуулсан. Иймээс хохирлын төлбөрт 9,150,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.  

Гэрээний бусад заалтыг хүчингүйд тооцуулах шаардлага гаргаагүй үндэслэл нь гэрээний дагуу узель, шугамыг ашиглаж, 6 000 000 төгрөг өгсөн нь үнэн зүйл юм. харин гэрээний 5 дахь заалт өнөөдрийн байдлаар Ж.Чулуунтогоогийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймээс Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хэсэгчлэн хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан. Одоогийн байдлаар хөрөнгийн үнэлгээний хэмжилтээр Б.Болдбаатарын эзэмшлийн талбай 104.96 м.кв болж хувирсан ба Ж.Чулуунтогоогийнх 126 м.кв болж буурсан байдаг. Энэ нь зочид буудлын нэг хэсэг болох 18.3 м.кв талбайг Паб-д шилжүүлснээс болж хэмжилт нь ийнхүү өөрчлөгдсөн юм. Миний харж байгаагаар “Цэнхэр дөхөм” ХХК-ийг хэмжилт хийхдээ маш сайн хийсэн гэж үзэж байна. Хавтас хэрэгт байгаа баримтуудаас харахад Б.Болдбаатарын үл хөдлөх хөрөнгийн нийт хэмжээ 120 м.кв байх бөгөөд түүний өөрийн эзэмшлийн 86.7 м.кв байх бөгөөд үүн дээр 33.76 нэмбэл үндсэн  120 м.кв нь гарч ирж байгаа юм. Гэтэл Ж.Чулуунтогоогийн 18.3 м.кв талбайг өөртөө шилжүүлж авснаас болж талбайн хэмжээ өөрчлөгдсөн байна. Хариуцагч тал шүүх хуралдаан дээр янз бүрийн өрөө тасалгааны дугаар ярьж гол асуудлыг хөндөхгүй тойруулаад байгаа нь энэ асуудлыг тодруулахгүй байх хандлагатай гэж үзэж байна. Маргааны гол зүйл нь хэмжилт дээр байгаа учраас “Лэндс” ХХК-иас гаргасан хэмжилтийн зураг чухал ач холбогдолтой тул “Лэндс” ХХК-ийг гэрчээр асуулгах хүсэлт тавьсан юм гэжээ.

 

Хариуцагч Б.Болдбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэрээг байгуулахад Ж.Чулуунтогоо байгаагүй түүний эх Ц.Өөлд гэх настай хүн байсан. Маргаж байгаа 18.3 м.кв талбай нь нэхэмжлэгч талын өөрсдийнх нь эзэмшилд байдаг. Манай зэргэлдээ узель байгаа болохоор булааж авах гэсэн зүйл болоод байна. Нэг давхарт 2 өрөө байдаг. Би 00 өрөөг нэхэмжлэгч талд өгсөн. Ашиглаад 10 жил болж байна. Ямар зорилготой ямар сэдэлтэй ийм зүйл хийж байгааг ойлгохгүй байна. Анх намайг хэмжилт хийж авахад хаанаас хэмжих ёстой талаар хэлсэн байдаг гэв. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ хэрэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээд 9 жил өнгөрсөн байна. Нэхэмжлэгч тал хэрэг үүсээд 2011 онд дуусгавар болсон гэж худал ярьж байна. 2014 онд дуусгавар болсон. Нэхэмжлэгч тал дундаа бохирын шугам ашигладаг бөгөөд түүнийг хааснаас болж               2 100 000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэл гаргахдаа 2014 он гэж бичсэн байдаг. Ж.Чулуунтогоо 2008 онд Монголд ирсэн гэж хэлж байна. Хилээр орсон тухай бичиг өгч байсан.

Нэхэмжлэгч тал сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гэрээний 5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэсэн байна. Энэ заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл нь уг 00 өрөө нь Ж.Чулуунтогоогийн өмчлөлийн өрөө гэж тайлбарладаг. Хэрэв тийм бол энэ тухайгаа нотлох хэрэгтэй. “Эрх танхи” ХХК-тай байгуулсан гэрээнд 00 өрөөг Б.Болдбаатарын өмчлөлд шилжүүлэх тухай бичсэн байдаг. Нэхэмжлэгч талаас уг объектийн хэсгийг худалдаж авсан худалдах-худалдан авах гэрээ байдаг. Уг гэрээнд нэхэмжлэгч нар 9 өрөө худалдаж авсан байдаг. Өмчлөлийн зүйл нь тоо ширхгээрээ гэрээнд тусгасан байхад маргаж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч талын ярьсан 00 өрөөг өөрсдийн өмчлөлд шилжүүлсэн, дараа нь хууль бусаар Б.Болдбаатарын өмчлөлд шилжүүлсэн гэдгээ нотлох ёстой боловч энэ нөхцөл байдлууд нотлогдохгүй байна. Энэ гэрээ нь тухайн үед ямар хэмжээтэй талбай, хэний өмчлөлд байсан гэдэг нь нотлогдох гол нотлох баримт юм. 18.3 м.кв талбайг Б.Болдбаатарт шилжүүлэхээр тохирсон байдаг. Хэрэгт авагдсан баримтаас харахад Ж.Чулуунтогоо нь ямар нэгэн газрыг ашигладаг, эзэмшдэг, өмчилдөг тухай баримт байхгүй байна. Харин Ц.Өөлд гуай нь газар эзэмшиж, ашигладаг тухай баримт байдаг. Гэрээний хамгийн сүүлийн заалтыг харахад “газар шилжүүлэх солилцох тухай асуудал нь тухайн гэрээг маргаан бүхий хэлцэлтэй байгаа газар шилжүүлэн солилцох тухай асуудал нь газар эзэмшиж байгаа захирамжлагдаж шийдвэрлүүлэхийг талууд тохиролцов” гэж байдаг. Анх “Эрх танхи”            ХХК-ийн өмчлөлд байсан бүтэн барилгыг хэсэгчилж хувьчилсан юм. Гэтэл Ж.Чулуунтогоо нь өөрөө тусдаа бүтэн барилга хувьчилж авсан гэж ойлгоод байх шиг байна. Иймээс гал тогооны зориулалтаар ашиглаж байгаа хэсгийг өөрийнх нь хэсэгт орох ёстой гэж ойлгож будилаад байна. Харин гэрээнд 18.3 м.кв талбайг шилжүүлсэн тухай зүйл байдаггүй. Хэрэв Б.Болдбаатар нэхэмжлэгч нарын нэг өрөө эзэмшиж байсан бол яаж түүний эзэмшилд очсон тухай нотлох хэрэгтэй. Ж.Чулуунтогоогийн эзэмшлийн 141.5 м.кв талбай нь түүний өөрийнх нь эзэмшилд байдаг. 9 өрөө байгаа гэдэг нь гэрээгээр нотлогдож байна.  Хавтас хэрэгт байгаа барилгын бүдүүвч зургаас харахад өмчлөгч нар нь тухайн объектийг хэрхэн яаж хэсгээр өмчлөх нь зааглаагүй тодорхойгүй байдаг. Ж.Чулуунтогоод нэг давхарт 1 өрөө, 2 давхарт 2 өрөө 24 м.кв талбай бүхий амралтын өрөө ногддог. Энэ хэсгүүдийн нийлбэрийг харвал 141.5 м.кв талбай нь байгаа юм. Гал тогооны зориулалтаар ашиглаж байгаа өрөөний хэмжээг нэмбэл Ж.Чулуунтогоод нийт 160 гаран м.кв талбай ногдож илүү гараад байгаа юм. Нэг давхарт ажлын өрөө-16.5 м.кв, коридор-14.78 м.кв, шатны хонгил 5.47 м.кв, тамбар-8.12 м.кв, тамбар-5.28 м.кв, агуулах-9.55 м.кв нийт 59.7 м.кв бүхий нэг давхрын талбай Ж.Чулуунтогоогийн өмчлөлд байгаа. Харин 2 давхарт ажлын өрөө-15.92 м.кв, ажлын өрөө-16.5 м.кв, хонгил-14.78 м.кв, тамбуур-24 м.кв, ариун цэврийн өрөө 5.45 м.кв, шатны хонгил 5.49 м.кв нийт 82.14 м.кв талбай эзэмшдэг. Эдгээр талбайн нийлбэрийг харахад 141.84 м.кв талбай Ж.Чулуунтогоогийн өмчлөлд байгаа юм. Ж.Чулуунтогоогийн эзэмшилд очихдоо завсар хийгдэж 9 өрөөтэй болсон байдаг. Тэгэхээр олон тусгаарлагч хана орсон учир үндсэн м.кв-аас хасагдах нь тодорхой. Хэрэв 9 өрөө болгосны дараа гэрчилгээ гаргуулж авсан бол өөр хэрэг. Гэтэл нэхэмжлэгч тал анхны хэмжилтээрээ тооцоод байгаа бөгөөд зөрүү гарлаа гэхэд өмнөх өмчлөгчтэй ярих нь зүйтэй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Хариуцагч Б.Болдбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2014 онд гэрээ байгуулагдаж Ж.Чулуунтогоо нь тусдаа узель, бохирын шугамтай болсноор гэрээний зорилго биелэгдсэн гэж үзэж гэрээг дүгнэсэн юм. Гэрээний 2 дахь заалтад зааснаар Ж.Чулуунтогоо нь барилга байгууламжийн 15 000 000 төгрөгийн 40 хувийн хэсгийг ашиглах сонирхолтой байгааг нь харгалзан зөвшилцсөний үндсэн дээр төлбөр тооцоо хийхээр тохиролцсон. Мөн гэрээний 3 дахь заалтад тоног төхөөрөмж суурилуулах, шугам татах, ашиглах явцын дараах барьж хаах явцын алдагдлыг өдрийн 100 000 төгрөгөөр тооцож Ж.Чулуунтогоо алдагдалгүй болохыг хариуцаж байна гэсэн байдаг. Гэрээний 4 дүгээр заалтад узель болон цэвэр усны шугам, бохирын хоолойд гарах үйлчилгээг гэнэтийн зардал, эвдрэл зэргийг хөрөнгө оруулалтын ногдох хэсэг буюу Ж.Чулуунтогоо 60 хувь, Б.Болдбаатар 40 хувиар хариуцахаар тохиролцов гэж заасныг баримталж 15 000 000 төгрөгийн өртөгтэй үндсэн хөрөнгийн 60 хувь болох 9 000 000 төгрөгийг эд хөрөнгө ашигласан, элэгдүүлсний төлбөр, мөн узелийн байгууламжийн завсар үйлчилгээний нийт төлбөрт гаргуулахаар, мөн шинжээчийн зардал 210 000 төгрөг нийт 9 210 000 төгрөгийг Ж.Чулуунтогоогоос гаргуулахаар, мөн үл хөдлөх хөрөнгийн 1 давхарт байрлах 5.45 м.кв 00 өрөөг Ж.Чулуунтогоогийн өмчлөлөөс албадан шилжүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

 

            Нэхэмжлэгч Ц.Өөлд шүүхэд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.Болдбаатараас 6 000 000 төгрөгөөр шугам татаж цуг ашиглаж болно гэсэн. Түүний энэ саналыг би зөвшөөрч Б.Болдбаатартай дулаааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугам ашиглахаар хөлсөнд нь 6 000 000 төгрөг өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Харин гэрээний бусад нөхцөлийг би түүнтэй тохироогүй, тухайлбал: /Б.Болдбаатарын үл хөдлөх эд хөрөнгө болох 2 м.кв талбай бүхий 00 өрөөг Ж.Чулуунтогоод шилжүүлэх, Ж.Чулуунтогоо үл хөдлөх эд хөрөнгийн газрын талбай болох 18,3 м.кв талбайг Б.Болдбаатарт шилжүүлж өгөхөөр тохиролцов/ гэж оруулсан байна. Би Б.Болдбаатартай үл хөдлөх эд хөрөнгөөс шилжүүлэх талаар ямар ч тохиролцоо хийгээгүй зөвхөн цэвэр бохир ус, дулааны шугам ашиглалтын талаар гэрээ хийж байна гэж ойлгож байсан. Тэрээр намайг настай хүн болохоор гэрээний нөхцөлийг гэрээнд оруулсан байна. Гэрээний 5 дахь заалт бол надтай хэлцэж, тохиролгүй оруулсан заалт тул энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Манай байшин Б.Болдбаатарын өмчлөлийн байшинтай залгаа баригдсан ч тэгш шулуун ханаар тусгаарлагдсан тул манай байшингийн төв хэсэгт байрлах 00 өрөө тэднийх байх ямар ч үндэслэлгүй. Иймд Б.Болдбаатарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

         Нэхэмжлэгч Ж.Чулуунбаатар шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргахдаа: Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. Би узель болон бохир болон цэвэр усны шугамыг өөрөө татсан бөгөөд дараа нь үнэлгээ хийлгэсэн. Үүний өртөг нь 4 200 000 төгрөг болсон. Гэтэл Б.Болдбаатар эдгээр зүйлийг өөрөө 15 000 000 төгрөг зарцуулж хийсэн гэдэг нь нотлогдохгүй байна. н.Бас-Оргил гэх хүн узелийг бидний дундын хөрөнгө бөгөөд танайхыг хохироож байна гэж өөрөө надад хэлсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

            Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1.1, 56.1.8, 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Болдбаатарт холбогдуулан гаргасан 2005 оны 6 дугаар сарын          28-ны өдөр байгуулсан “Дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугамын ашиглалтаар тохиролцсон” гэрээний 5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах,  гэрээний 5 дахь заалтын дагуу Б.Болдбаатарын ашиглаж байгаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, шаравын гудамжны 9 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болох 18.3 м.кв талбайг Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нарын эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг Б.Болдбаатарт даалгах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, шаравын гудамжны 9 тоотод байрлах, 141 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг буюу зүүн хойд жигүүр байрлах 18,3 м.кв талбайг үндэслэлгүйгээр ашигласны төлбөрт                  9 151 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нарын нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нарт холбогдуулан гаргасан 9 210 000 төгрөг гаргуулах, мөн үл хөдлөх хөрөнгийн 1 давхарт байрлах 00-ын өрөөг албадан чөлөөлүүлэхийг хүссэн хариуцагч Б.Болдбаатарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Чулуунтогоогоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 599 төгрөгийг, хариуцагч Б.Болдбаатараас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 510 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

 

            Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Батцэцэг давж заалдах гомдолдоо: ... Нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нар нэхэмжлэлийн шаардлага өөрчилж "2005 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан "Монгол улсын иргэн Б.Болдбаатар, Ж.Чулуунтогоо нар дулааны узель ашиглалт болон  цэвэр усны шугам, бохирын шугамын ашиглалтаар тохиролцсон гэрээний 5-дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний 5-дахь заалтын дагуу Б.Болдбаатарын ашиглаж байгаа Хан уул дүүргийн 3-р хороо, шаравын гудамжны 9 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болох 18.3 м.кв талбайг чөлөөлүүлэх, уул эд хөрөнгийг үндэслэлгүйгээр ашигласнаас үүдэлтэй гэм хорын хохирол 9 151 000 төгрөгийг хариуцагч Б.Болдбаатараас гаргуулах шаардлагыг тус шүүхэд гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан боловч шүүгч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг дангаар шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т дангаар хянан шийдвэрлэх харилцааг зүйл заалтаар иш татан тогтоосон. Үүнд мөн хуулийн 8.1.6-д заасан Үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмшихтэй холбоотой үүссэн харилцаа хамаарах боловч үүнээс үүдэлтэй гэм хорын хохирлыг шаардах эрх тусгагдаагүй. Иргэний хуулийн 8.1.5-д гэм хорыг тусгайлан зохицуулсан. Шүүгч миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.1 дэх заалтыг барьсан нь хуулийг буруу хэрэглээд зогсохгүй, МУ-ын ҮХ-ийн 52 дугаар зүйлийн 52.1-дэх заалт "Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан шийдвэрлэнэ" гэсэн заалтыг зөрчсөн.

            Гэрээгээр хоёр тусдаа харилцааг зохицуулсан, өөрөөр хэлбэл холимог гэрээ юм. Тухайлбал гэрээний 2 дахь хэсэгт: "Иргэн Ж.Чулуунтогоо нь манай барьсан дулааны узель, цэвэр усны шугам, бохирын байгууламж болох 15 000 000 төгрөгийн хөрөнгийг 40 хувь болох 6 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалттай хэсгийг ашиглах сонирхолтой байгааг харгалзан зөвшилцсөний үндсэн дээр тохиролцон төлбөр тооцоо хийхээр тохиролцов." гэж, 5 дахь хэсэгт: "Б.Болдбаатарын үл хөдлөх хөрөнгө болох 2 м.кв талбай бүхий 00-ийн өрөөг Ж.Чулуунтогоод шилжүүлэх, Ж.Чулуунтогоогийн үл хөдлөх эд хөрөнгийн газрын талбай болох 18,3 м.кв талбайг Б.Болдбаатарт шилжүүлж өгөхөөр (хавсралтад зургаар үзүүлсэн...) тохиролцов." гэж заасан байдаг. Гэрээний 5 дахь заалтыг Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нар Б.Болдбаатартай тохиролцоогүй гэдэг. Учир нь энэ гэрээг байгуулах үед Ж.Чулуунтогоо БНСУ-д ажил хөдөлмөр эрхлэж байсан тул гэрээнд зурсан гарын үсэг миний биш гэж маргадаг. Энэ нь Шинжээчийн дүгнэлт, Ц.Өөлд нарын мэдүүлгээр нотлогдож, гэрчээр асуугдсан нотариатчийн мэдүүлгээр үгүйсгэгдээгүй юм. Ц.Өөлдийн хувьд уг гэрээнд гарын үсэг зурсан боловч гэрээний 5 дахь заалтыг мэдэхгүй гэж мэдүүлдэг. Гэрээний 5 дахь заалт хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийхээс өмнө уг заалт гэрээний аль хэлбэрт хамаарахыг шүүх тогтоох ёстой. Гэрээний ямар төрлийн харилцаа болохыг шүүх тогтоож байж холбогдох заалтыг хэрэглэх бөгөөд хэлбэрийн болон бусад шаардлага хангагдсан эсэхийг тогтоох боломжтой атал шүүх үүнийг тогтоохгүйгээр хүчин төгөлдөр мэтээр дүгнэсэн нь үл үндэслэлгүй болсон. Гэрээнд эд хөрөнгө ашиглах хугацааг заагаагүй ч гэрээний зүйлийн өмчлөх эрх Б.Болдбаатарт шилжээгүй тул гэрээний зүйлийг шаардах эрх хэвээр хадгалагдах журамтай. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь заалтыг барьж шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т заасны дагуу шаардлага гаргасан үеэс тоолох ёстой. Өөрөөр хэлбэл шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Иргэний хуулийн 75.2.2-дахь заалтыг хэрэглэх үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо гэрээнд гарын үсэг зураагүй гэдэг үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-дэх заалтыг удирдлага болгон, одоо хэрэгжиж байгаа гэрээний 5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан юм. Шүүхээс хэлцэл хүчин төгөлдөр хэмээн дүгнэх нь үл хөдлөх хөрөнгөө буцаан шаардах эрхээ хэрэгжүүлэхэд буюу 18.3 м.кв талбайг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангахад саад болохгүй. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрх, мөн Иргэний хуулийн 106 дугаар эүйлийн 106.1-дэх хэсэгт заасан шаардах эрхийг ноцтой зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нар хариуцагч Б.Болдбаатарт холбогдуулан 2005 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугамын ашиглалтаар тохиролцсон” гэрээний 5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, шаравын гудамжны 9 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болох 18.3 м.кв талбайг буцаан шилжүүлэхийг даалгах, 18.3 м.кв талбайг үндэслэлгүйгээр ашигласны төлбөрт 9 151 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг

 

хариуцагч эс зөвшөөрч, 9 210 000 төгрөг гаргуулах, өөрийн өмчлөлийн 00 тоот өрөөг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд 2005 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугамын ашиглалт”-ын гэрээг байгуулсан байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж,  гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээний 1,2,3,4 дэх заалтуудын хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй байна.

 

Харин гэрээний 5 дахь заалтад Б.Болдбаатарын үл хөдлөх эд хөрөнгө болох 2м2 талбай бүхий 00-ын өрөөг Ж.Чулуунтогоод, Ж.Чулуунтогоогийн үл хөдлөх эд хөрөнгийн газрын талбай болох 18.3 м2 талбайг Б.Болдбаатарт өгөхөөр тохиролцсон бөгөөд уг заалтыг хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нар гэрээний 5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус заалт гэж үзсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…нэхэмжлэгч Ц.Өөлд нь Ж.Чулуунтогоог Монгол улсад байхгүй байхад түүний гарын үсгийг зурж, хууль зөрчиж хийсэн хэлцэл” гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид хариуцагч Б.Болдбаатарын “Дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугамын дундаа хамтран ашиглахаар тохиролцож, дээрх шугамын зардалд нэхэмжлэгч Ц.Өөлд 6 000 000 төгрөгийг хариуцагч Б.Болдбаатарт өгсөн, нэхэмжлэгч нар 2011 оны 9 дүгээр сар хүртэл дулааны узель болон цэвэр усны шугамыг ашиглаж байгаад өөр эх үүсвэрээс цэвэр ус, дулаанаа татсан, 2014 онд бохирын шугамаа салгасан үйл баримтууд тогтоогдсон байна.

 

Хэрэгт шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт авагдсан байх бөгөөд уг дүгнэлтээр гэрээнд зурагдсан гарын үсэг нь Ж.Чулуунтогтоогийн гарын үсэг биш болохыг тогтоосон, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 06/932 тоот албан бичгээр Ж.Чулуунтогтоо нь 2008 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол улсын хилээр орж ирснийг тодорхойлсон баримтууд хэрэгт авагдсан байна. /1хх58/

 

Талууд 2005 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугамын ашиглалтаар тохиролцсон” гэрээний дагуу дулааны узель, цэвэр, бохирын шугамыг нэхэмжлэгч нар ашигласан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, нэхэмжлэгч нар дээрх шугамуудыг ашигласан болохоо үгүйсгээгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нар дээрх гэрээний дагуу хариуцагч Б.Болдбаатарын гэрээний дагуу дулааны узель, цэвэр, бохирын шугамыг             2005-2014 оны хооронд ашигласан байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийг хожмоо хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

 

Хариуцагч Б.Болдбаатар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгч нараас байгууламжийн засвар үйлчилгээний зардалд 9 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч уг байгууламжид хэзээ хэдийд хийсэн засварын ямар ажлын зардал болох, мөн 00 өрөөг ямар үндэслэлээр албадан чөлөөлүүлэхээр шаардаж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.  

 

 Хариуцагч Б.Болдбаатарын хүсэлтээр “Итгэлт эстимэйт” ХХК өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг тогтоолгож ажлын хөлсөнд 200 000 төгрөг төлсөн зардлыг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн нь зөв болжээ.

 

Анхан шатны шүүх сөрөг болон үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон байх тул нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00834 дүгээр  шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Батцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Ж.Чулуунтогоогоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

           

                               ШҮҮГЧИД                               Т.ТУЯА                                                                                                                           

                                                                               Ц.ИЧИНХОРЛОО