Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 184/2018/01475/И |
Дугаар | 001/ХТ2018/01911 |
Огноо | 2018-12-18 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2018/01911
“БГГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2018/01306 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2018/01727 магадлалтай,
Нэхэмжлэгч “БГГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.Ц-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 83 500 000 төгрөг, алданги 41 750 000 төгрөг, нийт 125 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Д.Ц-ын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Д.Ц 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “БГГ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийг, 2 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн төлбөр 92 000 000 төгрөг, алданги 46 000 000 төгрөг, нийт 138 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Гэрээний хугацаанд хүүнд 2 000 000 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дууссан ба үүнээс хойш нийт 6 удаагийн төлөлтөөр 18 500 000 төгрөг төлснөөс 1 сарын хүү 2 000 000 төгрөгийг хасч, үлдэх 16 500 000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр 100 000 000 төгрөгөөс хасч 83 500 000 төгрөг төлөгдөөгүй байна.
Зээлийн гэрээний 5-д заасны дагуу төлөөгүй үлдсэн 83 500 000 төгрөгөөс алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцүүлэн тооцож үзэхэд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байх тул 50 хувиар хязгаарлан алдангид 41 750 000 төгрөг гаргуулна.
Иймд хариуцагч Д.Ц-оос зээлийн гэрээний үндсэн төлбөр 83 500 000 төгрөг, алданги 41 750 000 төгрөг, нийт 125 250 000 төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа 12 750 000 төгрөгөөр бууруулсан гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тус компанийн захирал У.Баатарсүрэнгийн Хаан банкны 5058095241 тоот дансаар 2 000 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1 500 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1 500 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр У.Баатарсүрэн захирлын 5058095241 тоот дансаар 10 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулахаар тохирч шилжүүлсэн байдаг. 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөн компанийн хуулийн зөвлөх ажилтай Б.Мянганы Хаан банкны 5845005321 тоот данс руу үндсэн зээл төлөлтөөс 3 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөн У.Баатарсүрэн захирлын Хаан банкны 5058095241 тоот данс руу 2 000 000 төгрөг, үндсэн зээлээс 13 000 000 төгрөг хасахаар тохирсон байдаг. Иймд “Синчи-Ойл” ХХК-д үлдэгдэл мөнгөтэй холбоотой асуудлаа тохиролцоно гэж ярилцсан. Энэ гэрээтэй холбоотой асуудлаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр “Синчи-Ойл” ХХК-ийн нэхэмжлэлтэй “БГГ” ХХК, иргэн Д.Ц нартай холбоотой нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд дээрх гэрээтэй холбоотой асуудал шийдвэрлэхээр болсон.
Зээлийн гэрээний дагуу 100 000 000 төгрөг авсан талаар маргахгүй. Нийт 20 500 000 төгрөгийн төлөлт хийсэн. Хэдийгээр гэрээний хугацаа 2 сар боловч гэрээний хугацааг сунгаад явж байгаа гэж ойлгож байгаа. Анх энэ 100 000 000 төгрөгийг зээлэхэд “Фэско” ХХК-ийн захирал Д.Батхуяг мөн 100 000 000 төгрөг зээлсэн. “БГГ” ХХК нь “Синчи-Ойл” ХХК-д өртэй байсан тул Д.Ц, Д.Батхуяг нарын авлагыг шууд “Синчи-Ойл” ХХК-д шилжүүлэхээр 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ”Синчи-Ойл” ХХК-ийн төлөөлөлтэй тул Д.Ц, Д.Батхуяг уулзаад мөнгийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр тохирсон. Энэ уулзалтын дагуу Д.Ц хөөргөө “Синчи-Ойл” ХХК-д барьцаалсан. “Синчи-Ойл” ХХК нь “БГГ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэнэ. Талууд тооцоо нийлэх зайлшгүй шаардлагатай. Д.Ц огт төлөхгүй гэж хэлээгүй. Төлбөр төлөх үүргийг шилжүүлсэн хирнээ алданги нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн “БГГ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй тул зээлийн гэрээний дагуу ашиг олох үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн 20 500 000 төгрөгийн 13 000 000 төгрөгийг үндсэн зээл 100 000 000 төгрөгөөс хасч 87 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2018/01306 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Д.Ц-оос 125 250 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “БГГ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 848 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 784 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2018/01727 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2018/01306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 784 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.
Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Нэхэмжлэгч “БГГ” ХХК-ийн захирал Баатарсүрэн хариуцагч Д.Ц нарын хооронд 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдсэн гэвч тэд харилцан тохиролцож хэлцлийн үндсэн дээр “БГГ” ХХК-ийн зүгээс “Синчи-Ойл групп” ХХК-д төлөх 203 000 000 төгрөгийн өрийг Д.Ц болон “Фэско” ХХК-ийн захирал Д.Батхуяг нарт өмнөөс нь төлөх үүрэг үүсгэсэн үүний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Синчи-Ойл групп” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Элбэгзаяа, хуулийн зөвлөх С.Түвшинжаргал, Д.Батхуяг, Д.Ц нар уулзалт хийж 2017 оны 12 дугаар сарын 15-нд 203 000 000 төгрөгийг төлж дуусгахаар тохиролцож протокол үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан энэ үед барьцааны асуудал яригдсан ба Д.Ц өөрийнхөө арав гаруй сая төгрөгийн үнэтэй шүрэн толгойтой пийсүү хөөргөө 5 000 000 төгрөгний барьцаанд “Синчи-Ойл групп” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Элбэгзаяад өгсөн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцаанд байгаа хөөргийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох шинжээч томилуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан шүүгч энэ хүсэлтийг хангаагүй, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж үзсэн хавтаст хэрэгт “Синчи-Ойл” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Элбэгзаяа болон хуулийн зөвлөх С.Түвшинжаргал нартай хийсэн уулзалт хурлын тэмдэглэлд Д.Ц 5 000 000 төгрөгийн барьцаанд хөөрөг өглөө гээд бичсэн байхад нотлох баримт гэж шүүх үзэхгүй байгаад гомдолтой байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний харилцаанаас үүссэн зохигчийн хоорондох маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “БГГ” ХХК нь хариуцагч Д.Ц-оос зээлийн гэрээний үндсэн үүрэгт 125 250 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаас 87 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг татгалзсан байна.
Хариуцагч Д.Ц нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, “БГГ” ХХК-иас 100 000 000 төгрөгийг, 2 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлжээ. Гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дууссан ба зээлдэгч гэрээний хугацаанд хүүнд 2 000 000 төгрөг төлж, гэрээний хугацаа дууссанаас хойш 6 удаагийн төлөлтөөр 18 500 000 төгрөг төлсөн байна.
Зээлийн гэрээнд зээлдэгч эргэн төлөлт хийх хугацааг хэтрүүлбэл алданги тооцохоор талууд тохиролцжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 83 500 000 төгрөг, алдангид 41 750 000 төгрөг, нийт 125 250 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан шаардлагад нийцжээ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэдэг бөгөөд хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэдэг.
Нэхэмжлэгч “БГГ” ХХК-ийн захирлын бусдын өмнө хүлээсэн үүрэгт хариуцагч Д.Ц эд хөрөнгөө барьцаалуулсан байх нь түүнийг “БГГ” ХХК-ийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, тухайн барьцааны зүйлийн үнэлгээ зээлийн үүргийн хэмжээнд нөлөөлөхгүй юм.
Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2018/01306 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2018/01727 магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 784 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН