Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2019/0038/З |
Дугаар | 043 |
Огноо | 2019-06-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 043
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Б.а” ХХК-ийн нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга,
Хариуцагч:Сагсай сумын Засаг дарга,
Хариуцагч: Сагсай сумын хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай 121 өрхийн 727 иргэнд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх нийлүүлэгч сонгох Үнэлгээний хороонд тус тус холбогдох;
““Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-тай байгуулсан “Хүнсний талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээ”-г хүчингүй болгуулах, Сагсай сумын хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай 121 өрхийн 727 иргэнд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх 2 дахь нийлүүлэгчээр “Б.а” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Б.а” ХХК-ийн захирал С.Володия, түүний өмгөөлөгч С .Н, хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б, Сагсай сумын Засаг дарга С.Х, Үнэлгээний хорооны дарга бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е, гуравдагч этгээд “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-ийн захирал О.Д, түүний өмгөөлөгч Х.З, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч “Б.а” ХХК-ийн захирал С.В шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай “Б.а” хүнсний дэлгүүр нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж ирсэн юм. 2017 онд ХХК болон байгуулагдсан ба Сагсай сумын 5 дугаар багт нийгмийн халамжийн дэмжлэг,туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх нийлүүлэгчээр 4 дэх жилдээ ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй юм. Энэ жил нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх нийлүүлэгч сонгох тендерийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас сумдын удирдлагад шилжүүлсэн. Сагсай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Е даргалсан Үнэлгээний хороо байгуулагдаж, тухайн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тендерийг зохион байгуулсан билээ. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тендер сонгон шалгаруулалт явагдсан бөгөөд манай компанийн зүгээс холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Миний бие компанийг тендер сонгон шалгаруулах ажиллагаанд оролцуулахдаа бараа, бүтээгдэхүүний үнийг бичээд өгсөн. Гэтэл Үнэлгээний хороо болон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга хууль бусаар шалгаруулалт явуулж, манай компанийн эрхийг ноцтой зөрчсөн юм. Өөрөөр хэлбэл манай компанийг үнийн санал ирүүлээгүй гэсэн шалтаг тоочиж, тендерийн баталгаа ирүүлээгүй “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-ийг сонгож, гэрээ хийсэн байна. Энэ талаар бидэнд тухайн үед мэдэгдээгүй байсан ба 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдэж, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сангийн яамд бичгээр гомдол гаргасан юм. Сангийн яамнаас 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 6-1/2819 дугаар хариу мэдэгдэх хуудсаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан гомдлыг шалгах боломжгүй гэдгээ мэдэгдэж шүүхэд хандахыг санал болгосон юм.
Иймд “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-тай байгуулсан “Хүнсний талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээ”-г хүчингүй болгож, Сагсай сумын хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай 121 өрхийн 727 иргэнд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх 2 дахь нийлүүлэгчээр “Б.а” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тендер сонгон шалгаруулалтад 4 компани оролцоод нэг нь хуулийн шаардлага хангаад, үлдсэн нь шаардлага ханаагүй гэвэл дахин сонгон шалгаруулалт хийх ёстой байсан боловч шаардлага хангаагүй компанитай үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан нь хууль бус байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй бол захиалагч тухайн тендерээс татгалзахаар зохицуулсан. Гэтэл хариуцагч байгууллагууд дээрх хуулийн шаардлагыг хангаагүй компанитай гэрээ байгуулан тухайн компанид талоноор хүнсний бүтээгдэхүүн тараах эрх олгосон бөгөөд гэрээний биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг харгалзахгүйгээр цаашид тараах бодолтой байгаагаа гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэлсэн. Иймд “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-тай байгуулсан огноогүй, дугааргүй, нэг жилийн хугацаатай байгуулсан “Хүнсний талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээ”-г хүчингүй болгох нь зүйтэй байна. Энэхүү гэрээг хүчингүй болгохгүйгээр, хүнсний бүтээгдэхүүнийг тараах эрх олгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байгаа бөгөөд нэхэмжлэгч “Б.а” ХХК нь олон жилийн хугацаанд гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулж ирсэн туршлагатай компани боловч тухайн компаниас гарсан үл ялих зүйлийг баримтлан тендерт оролцуулахаас татгалзсан нь хууль бус байна. Тийм учраас нэхэмжлэгч компанийн тендерт оролцохдоо гаргаж өгсөн бичиг баримтад тулгуурлан уг компанитай хүнсний бүтээгдэхүүн тараах гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэ нь дараах байдлаар үндэслэлтэй байна.
“Б.а” ХХК нь зааварчилгааны 12.1.3-д заасан шаардлагыг хангаагүй, бусад шаардлагыг хангасан гэсэн тайлбарыг тухайн үед мэдэгдсэн байсан. Зааварчилгааны 12.1.3-д заасан шаардлага нь “гарын үсэг зурагдаагүй” гэсэн шаардлага байсан ба нэхэмжлэгч компани нь тухайн үед тендерийн материал, өргөдөлдөө гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаад Үнэлгээний хороонд хүргүүлж байсан. Энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, захиалагч болон Үнэлгээний хорооноос “Б.а” ХХК нь шаардлага хангаагүй гэж тухайн компанийг шалгаруулахаас татгалзсан нь үндэслэлгүй, хангаж байгаа нь хэрэгт авагдсан тендерийн бичиг баримтуудаар нотлогдож байна. Дээрээс нь нэхэмжлэгч компани тендерт оролцохдоо үнийн саналыг хүргүүлээгүй нь татгалзах үндэслэл болсон гэж хариуцагч тал үзэж байгаа боловч тухайн үед 98,700,000 төгрөгийг манай компаниас гаргаж байгаа гэж “Б.а” ХХК-ийн захирал газар дээр нь амаар хэлсэн байдаг. Үүнийг Үнэлгээний хорооны дарга шүүх хуралдаанд нотолж өгсөн байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч компани нь тухайн үед 98,700,000 төгрөгийн үнийн саналаа хүргүүлсэн гэж үзэхээр байна. Зааварчилгаанд үнийн саналыг заавал бичгээр өгнө гэсэн зохицуулалт байхгүй ба тухайн үед “Б.а” ХХК-ийн захирлын амаар гаргасан саналыг тэмдэглэлд тусгах замаар тус компани нь үнийн саналаа гаргасан гэж дүгнэх боломжтой байсан. Нэгэнт төр хувийн хэвшлээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авах гэж байгаа бөгөөд худалдан авах хүнсний бүтээгдэхүүний үнийг гаргасан, үнийн тарифыг гаргасан, үнийн саналаа өөрчлөхгүй гэж баталгаагаа гаргасан.Тендер сонгон шалгаруулалт хийхдээ зөвхөн үнийг бус энэ төрлийн үйл ажиллагааг олон жил үр бүтээлтэй гүйцэтгэсэн нэхэмжлэгч компанийн туршлага, санхүү, бараа бүтээгдэхүүний нөөц бололцоог ч гэсэн Үнэлгээний хороо харгалзах ёстой байсан гэж үзэж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзсан үзсэний үндсэн дээр “Б.а” ХХК-ийг шалгаруулах ёстой байжээ.
Хүнсний бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагаа нь тэтгэвэртэй холбоотой байгаа. Өөрөөр хэлбэл энэ нь халамжийн тэтгэвэр юм, том хүнд 16,000 төгрөг, хүүхдэд 8,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн төрөөс олгож байгаа нийгмийн халамж юм. Энэ нь халамжийн тэтгэвэр учраас төр үүнээс татаас авч болохгүй, үнийг багасгаарай гэж тендерт оролцсон компаниас шаардаж болохгүй. 16,000 төгрөг, 8,000 төгрөгөөр олгогдох бараа бүтээгдэхүүнийг та нар хэдэн төгрөгөөр худалдаж чадах вэ гэдэгт үнэлгээ хийж, үнийн саналаа харьцуулж үзэх ёстой байжээ. Гурилыг нэг компани 48,000 төгрөг, нөгөө нь 45,000 гэсэн санал ирүүлбэл 45,000 төгрөгөөр гурил зарах санал ирүүлснийг харгалзан үзээд уг компанитай төр гэрээ байгуулах ёстой. Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг татаж болохгүй, хэмжээг нь багасгаж болохгүй. 103,776,000 төгрөгийн санхүүжилт бүхий тендерийг 100 сая болгоно гэж санал ирүүлсэн компанитай гэрээ байгуулна гэж тендер зарласан нь өөрөө хууль бус байна. Үүнээс гадна 103,000,000 төгрөгийн санхүүжилт бүхий тендерийг 2-оос дээш компани хэрэгжүүлнэ гэж заасан байхад нэг компани 103,000,000 төгрөгийг 100,000,000 болгоно гэж санал ирүүлж яаж чадах юм бэ. Хэрэв 2-оос дээш компанийг шалгаруулан хэрэгжүүлэх ёстой гэвэл тус тусдаа зарлах ёстой байсан. Нэгтгэж зарласан бол оролцох компаниуд тендерийн материалаа нэгтгэж ирүүлээрэй гэж хэлэх ёстой. Энэ нь ямар ч үндэслэлгүй, тодорхой бус байна, үнийн санал өгөх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох “Б.а” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезханы шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сагсай сумын нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх нийлүүлэгч сонгох тендерийг аймгийн Үнэлгээний хороо нь 2019 оны 02 дугаар сарын 04-ээс 2019 оны 03 дугаар сарын 07-ны хооронд зохион байгуулан уг тендерт оролцсон 4 компанийн материалыг хянан үзээд сонгон шалгаруулалт явуулахад Тендерийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар тэмдэглэл үйлдэж, тендерийн иж бүрдэл бүрэн, тендерийн бүх шаардлагыг бүрэн хангасан “Халал тагам” ХХК-ийг шаардлага хангасан гэж үзэж шалгаруулсан юм. Харин үлдсэн 3 компаниуд болох ”Б.а” ХХК, ”Ашка” ХХК нь тендерийн үнийн санал ирүүлээгүй нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны /ТОӨЗ/ 12.1.3-д заасныг хангаагүй ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7, 28.7.1, 28.7.2, 28.7.3, 28.7.4-т заасан шаардлагыг хангаагүй байсан байна. “Таван богд цэнгэл хайрхан уулс" ХХК нь тендерийн баталгаа ирүүлээгүй нь мөн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 12.1.3, хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байсан тул гарсан шийдвэрийг сумын Засаг даргын албан бичгээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирүүлсэн юм. Иймээс Сагсай суманд хүнсний эрхий бичгээр хүнс бараагаа авч чадахгүй болох эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс ядуу айл өрхүүдийн аж амьдралд нь гарах эрсдэлийг багасгах зорилгоор “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-тай гурвалжин гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.Үнийн санал ирүүлээгүй хоёр компаниас татгалзаж, баталгаа ирүүлээгүй 1 компанийг сонгож авсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 01-ээс эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа. Бид нар 1 дүгээр сард захиалга өгсөн, 4 дүгээр сар хүртэл удааширсан ба манай сумын 7 багийн алс хол газарт нүүгээд явдаг малчдад эрсдэлтэй болохоор нь гэрээ байгуулахаас өөр арга байгаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.4.1-д заасан дахин тендер шалгаруулалт явуулах болон 30.4.2-т заасан хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулах нөхцөл үүсээгүй учраас 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан гэрээ шууд байгуулах аргыг сонгож, 34.1.4-д зааснаар зөвхөн тендерийн баталгаа ирүүлээгүй гэсэн үндэслэлээр татгалзсан “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-тай гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч “Б.а” ХХК-тай хүнсний бүтээгдэхүүн худалдан авах хамтран ажиллах гэрээ байгуулаагүй шалтгаан нь хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д “Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ”, 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэсэн заалтууд, “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ын 6.9-д “Хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүр нь эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын баталгааг бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлийн дундаж үнээр худалдана” гэсэн заалтуудыг хангаагүй, үнийн санал ирүүлээгүй тул гэрээ байгуулах эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн .
Иймд “Б.а” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Сагсай сумын Засаг дарга С.Х шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус сумын нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх хоёр хүнсний дэлгүүр сонгох ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1.1 , 47.1 дэх хэсэгт зааснаар Үнэлгээний хороо байгуулан зохион байгуулан, мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар нийлүүлэгч бүрд тендерийн материал ирүүлэх хангалттай, ижил хугацаа олгосон. Тендерийг хугацаанд нь нээж, хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг хангаж тендерт оролцсон 4 компанийн төлөөллийг бүрэн оролцуулан, хуулийн 26.3-т зааснаар тэмдэглэл үйлдэхэд “Б.а” ХХК, “Ашка" ХХК-ууд тендерийн үнийн санал ирүүлээгүй нь Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны \ТОӨЗ\ 12.1 3-д заасныг хангаагүй ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7, 28.7.1, 28.7.2, 28.7.3, 28.7.4-д заасан шаардлагыг хангаагүй нь нотлогдсон. “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК нь тендерийн баталгаа ирүүлээгүй нь мөн ТОӨЗ-ны 12.1.3, хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг тус тус хангаагүй байсан тул Үнэлгээний хороо тендерийн бүх шаардлагыг бүрэн хангасан “Халал тагам” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” тендер гэж үнэлээд бусад 3 компанийн тендерээс татгалзаж, энэ талаар санхүүжүүлэгч байгууллага болох аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт утсаар мэдэгдэхэд тэд “хоёр дахь дэлгүүрийг яаралтай сонгохгүй бол хүнсний эрхийн бичгээр хүнс авах 44 өрхийн 373 хүн хугацаанд нь хүнс бараагаа авч чадахгүй болох, үүнээс үндэслээд ядуу өрхийн амьжиргаа, амьдралд нь сөрөг үр дагавар үүсэх зэрэг хүчин зүйлүүд урган гардаг” гэж үзэж байгаагаа илэрхийлэн Үнэлгээний хорооны шийдвэрийг яаралтай албан бичгээр ирүүлэхийг шаардсан. Иймд сумын Засаг даргын албан бичиг хүргүүлж, хоёр дахь дэлгүүрийг өөрсдөө сонгох эсэх, эсхүл дахин тендер шалгаруулах талаар бидэнд чиглэл ирүүлэхийг санал болгосон. Сумын нэн ядуу амьдралтай 44 өрхийн 373 хүний эрх ашиг яригдаж байгаа учраас хойшлуулах, хугацаа алдах шаардлага байхгүй, хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар шууд гэрээ байгуулаад энэ ажлыг цаашид үргэлжлүүлье гэсэн зөвшилцөлд хүрсэн. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан энэ талаар утсаар мэдэгдээд, дараа нь биечлэн уулзаад ярьж байсан.
Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Харьцуулалт амжилтгүй болсноос гэрээ байгуулах эрх олгоогүй бол гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болно” гэж заасан байгаа. Дүгнэж хэлэхэд үнийн санал ирүүлээгүй 2 дэлгүүрийг хуулийн 28.3-д зааснаар нэгэнт үнийн санал ирүүлээгүй учраас татгалзаад, “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-ийг сонгож гэрээ байгуулсан. Манай сумын 121 өрхөд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлж байгаа учраас 2 буюу түүнээс дээш дэлгүүр сонгох ёстой байсан. Хамгийн сайн тендер ирүүлсэн компанийг сонгоод, дараагийн нийлүүлэгчээр тендерийн баталгаа ирүүлээгүй шалтгаанаар тендерт шалгаруулахаас татгалзсан “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-ийг сонгосон. Тендерийн баталгаа гэдэг нь түр үйлчлэх шинжтэй, банканд байршуулаад тендерийн хугацаа дууссаны дараа тухайн компанид буцааж олгодог мөнгө учраас гол гэж үзсэнгүй. Хуулийн 33.4-д зааснаар шууд гэрээ байгуулах аргыг сонгоод гэрээ байгуулсан ба одоо тус компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Үнийн санал ирүүлээгүй нь хуулийн 28.3, 28.7.1-28.7.4-д заасан шаардлагуудыг хангаагүй байгаа нь нотлогдож байна. 2 дэлгүүр үнийн санал ирүүлээгүй байсан учраас тэд нарын аль нэгийг сонгох эрх бидэнд байсангүй. Нэхэмжлэгчийн нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэгчээр заавал "Б.а” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Хариуцагч Үнэлгээний хорооны шүүхэд ирүүлсэн болон хорооны дарга бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/05 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хуралдаж, тендерийн баримт бичгийг боловсруулж амжихгүй тул 02 дугаар сарын 04-ний өдөр орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болох орон нутгийн радиогоор зарлуулахаар шийдвэр гаргаж, товлосон өдөр орон нутгийн радиогоор нийтэд мэдээлсэн. Мөн сумын Засаг даргын Тамгын газрын мэдээллийн самбар дээр зарыг байршуулсан. Мэдээлэл өгсний дараа тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулах 4 компани буюу 4 дэлгүүрийн эзэд сонирхож, эхлээд зохих мэдээллүүдийг авч, дараагаар нь буюу 02-р сарын 12-ны өдрөөс эхэлж тендерийн урилгыг авч эхэлсэн. / 02-р сарын 12-нд хоёр компани, 02-р сарын 18-нд хоёр компани тендерийн урилга худалдан авсан/
Үнэлгээний хороо тендерт оролцохыг хүссэн 4 дэлгүүрт тендерийн урилгыг журмын дагуу олгож, тендер хүлээж авах эцсийн хугацаанд 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 0930 цагаас өмнө 4 компаниас тендер хүлээн авч, 1000 цагт тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг нээж тэмдэглэл үйлдэв. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Тендер нээх үед тендерт оролцогчийн нэр, тендерийн үнэ, тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ, мөн тендерт тусгасан үнийн хөнгөлөлт, тендерийн баталгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн тендерийг өөрчилсөн, эсхүл татгалзсан тухай мэдээллийг захиалагч зарлаж, тэмдэглэл үйлдэнэ”, 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасан.Тендерийн нээлт дээр тендер ирүүлсэн компаниудаас “Б.а” ХХК, “Ашка” ХХК-ууд нь үнийн санал ирүүлээгүй /ТОӨЗ-ийн 12.1.3-д заасан/, “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК нь тендерийн баталгаа ирүүлээгүй /ТОӨЗ-ийн 12.1.3-д заасан/ талаар нээлтийн тэмдэглэл дээр тэмдэглэж, эдгээр компаниудын оролцсон төлөөлөл бүгд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.
Сагсай сумын нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай 121 өрхийн 727 иргэнд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх нийлүүлэгчээр сонгох тендер нийт 103,776,000 төгрөгийн төсвийн өртөгтэй байсан. Үүнийг тендер шалгаруулах өгөгдлийн хүснэгтэд зааж өгсөн. Тендерийн үнэ нь тендерийн баримт бичгийн гол үзүүлэлт нь байгаа юм. Тухайн үед бид оролцогчдоос үнийн санал ирүүлээгүй байна, хаана байгаа вэ гэж асууж, Үнэлгээний хорооны 3 гишүүн компаниудын тендерийн баримт бичгийг нэг бүрчлэн хуудас бүрээр шалгасан ба шалгах явцад үнийн саналыг олж хараагүй. Гэхдээ үнийн хуваарь, үнийн жагсаалт гэж гаргасан байсан. Энэ нь тендерийн үнийн хавсралт нь гэсэн үг. Тендер шалгаруулах явцад хуулийн 28.3-д зааснаар тендерийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна гэснийг гол болгосон. Тэр үед нэхэмжлэгч тендерийн үнийн саналаа гаргаагүй, нотолж өгч чадаагүй тул тус компанийг тендерт шалгаруулахаас татгалзсан. Баталгаа ирүүлээгүй компанийг мөн адил шаардлага хангаагүй гэж хассан байгаа.Харин тендерийн баримт бичгийн иж бүрдэл бүрэн, тендерийн ерөнхий шаардлагыг хангасан “Халал тагам" ХХК-ийн тендерийг Үнэлгээний хороо үнэлэн “шаардлагад нийцсэн тендер” гэж үзээд захиалагч байгууллагад гэрээ байгуулах санал өгөхөөр тогтож, бусад 3 компанийн тендерээс татгалзах тухай шийдвэрийг гаргасан. Гарсан шийдвэрийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр сумын Засаг даргын албан бичгээр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлсэн. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь санхүүжүүлэгч байгууллагын хувьд тус сумд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх хоёр дахь дэлгүүрийг өөрсдөө сонгож авах, эсвэл дахин тендер зарлан шийдвэрлэх эсэх талаар бидэнд шийдвэр ирүүлэхийг уг албан бичигт дурдсан байсан. Энэ талаар компаниудад мэдэгдсэн. Гэвч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар тендерийн баталгаа ирүүлээгүй “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК -ийг өөрсдөө сонгож гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, сумын Засаг дарга нарын тендерт шалгараагүй “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-тай гэрээ байгуулсан нь Үнэлгээний хороонд холбогдолгүй юм. Нэхэмжлэлийн 3 дахь шаардлага болох “Б.а” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах гэдэг дээр “Б.а” ХХК нь ТОӨЗ-ийн 12.1.3-д заасан тендерийн иж бүрдлийн шаардлага хангаагүй буюу үнийн санал ирүүлээгүй тул гэрээ байгуулах эрх олгохыг Үнэлгээний хороо захиалагчид даалгах эрхгүй тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Гуравдагч этгээд “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-ийн захирал О.Д шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай Сагсай сумын өрхөд хүнсний эрхийн бичиг олгох, хүнсний бүтээгдэхүүн бэлтгэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар нийтэд зарлан мэдээлж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-д зааснаар нэг үе шаттай явуулсан нээлттэй тендер шалгаруулалтад тус сумаас “Б.а” ХХК, “Ашка” ХХК, “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК, “Халал тагам” ХХК -ууд материалаа бүрдүүлэн өгч оролцсоноос 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тендер нээх үйл ажиллагаанд бүх оролцогчид биечлэн оролцож, “Б.а” ХХК, “Ашка” ХХК нь ТОӨЗ-ны 12.1.3 -д заасан “үнийн санал ирүүлээгүй” гэх үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар тэмдэглэл үйлдэж, татгалзсан байх юм. Энэ нь хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3 дахь заалтуудыг “Б.а" ХХК нь зөрчсөн болохыг нотлох ба хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэсэн хуулийн заалтаар “Б.а” ХХК-ийг татгалзах үндэслэл болсон юм.“Б.а” ХХК нь нэгэнт үндсэн шалгуур болох “үнийн санал” ирүүлээгүй тул маргах боломжгүй гэж үзэх байна.
“Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК -ийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлүүдэд заасан бүх шаардлагыг хангасан байгаа бөгөөд хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан тендерийн баталгаа ирүүлээгүй явдал 20.5-д зааснаар тендерээс татгалзах үндэслэл болсон юм. Урьд нь тендерт оролцож байгаагүй учраас тендерийн баталгааг өөрийнхөө компанийн дансанд байршуулсан байсан. Гэвч тухайн тендер сонгон шалгаруулалтаар “Халал тагам” ХХК нь “хамгийн сайн” гэх үнэлгээ авч хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар шаардлагад нийцсэн тендерээр үнэлэгдэж, захиалагчтай гэрээ байгуулсан тул хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д “Захиалагч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулсны дараа тендерийн баталгааг хүчингүй болгоно” гэсэн заалт, 5 дугаар зүйлийн 5.1.7-д ““тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх” түр хугацаанд үйлчлэх хүчин чадалтай баталгаа байхаар хуульд тодорхойлсон ба 24 дүгээр зүйлийн 24.5 -д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж зааснаар тухайн нөхцөлд “Халал тагам” ХХК нь тендер сонгон шалгаруулалтаар шалгарч, захиалагчтай гэрээ байгуулсан, хуулийн 24.5-д заасан тендер хүчинтэй байх хугацаа дууссан учраас 5 дугаар зүйлийн 5.1.7, 20 дугаар зүйлийн 20.6-д зааснаар тендерийн баталгаа нь хууль ёсоор хүчингүй болж, “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК -ийн захиалагчтай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж гэрээ байгуулах явдалд тендерийн баталгаа саад болох хууль зүйн үндэслэл арилсан гэж үзэж байна.Тендерийн сонгон шалгаруулалтын үр дүнд “Халал тагам” ХХК нь “хамгийн сайн” үнэлгээ авч шалгарч, гэрээ байгуулах эрх авсан ба сонгон шалгаруулалтад оролцсон бусад 3 аж ахуйн нэгжийг Үнэлгээний хорооноос татгалзаж шийдвэрлэсэн юм. Гэтэл Сагсай сумын хэмжээнд 121 өрхийн 727 хүнд хүнсний эрхийн бичиг олгож, хүнсний бүтээгдэхүүнээр хангах тооцоо судалгаа гарч, шийдвэрлэгдсэн нь “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ын 6.7-д “...үйлчлэх өрхийн тоо 30 ба түүнээс дээш байх тохиолдолд үйлчлэх дэлгүүрийн тоо 2 ба түүнээс дээш байхаар тогтооно” гэж зааснаар шалгарч гэрээ байгуулах эрх авсан “Халал тагам” ХХК -ийн дэлгүүрээс гадна өөр нэг аж ахуйн нэгжийн дэлгүүртэй гэрээ байгуулах шаардлага тулгарсан байна. Тийм учраас захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан “Гэрээ шууд байгуулах арга”-ыг сонгож “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК–тай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээ байгуулсан болно.
Сагсай сумын хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай иргэдийг хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүр сонгон шалгаруулах ажиллагаанд “Халал тагам" ХХК нь шалгарч гэрээ байгуулсан тул хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д заасан "бүх тендерээс татгалзах” тохиолдол буй болоогүй учир хуулийн 30.4.1 -д заасан “тендерийн баримт бичгийн агуулгад өөрчлөлт оруулж дахин нээлттэй тендер шалгаруулалт явуулах”, мөн 30.4.2-д заасан “...хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулах” нөхцөл, хууль зүйн шаардлага байхгүй гэж үзэж, захиалагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Сагсай сумын Засаг дарга нарын зүгээс 2019.04.01-ний өдрөөс эхэлж “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 -д заасан захиалагчийн бүрэн эрхэд хамаарч байгаа билээ. Захиалагч нарын зүгээс “Хүнсний эрхийн бичиг олгох” журмын 6.5, 6.6-д заасан үндэслэлээр тендер сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулсан боловч, Үнэлгээний хороо нэр бүхий аж ахуйн нэгжийг татгалзсан, дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгжүүдээс огт санал гараагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д зааснаар “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК -тай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Энэ нь захиалагчийн бүрэн эрхийн асуудал бөгөөд хэрэглэгч нийтийн ашиг сонирхолд илүү нийцэж байна. Тендерийн бичиг баримтад “Б.а” ХХК нь үнийн санал ирүүлээгүй болох нь нотлох баримтаар батлагдаж байх тул “Б.а” ХХК-ийг тендерийн шаардлагыг илүү хангаж байгаа гэж үзэх, түүнтэй гэрээ байгуулахыг даалгах шийдвэр гаргах боломжгүй гэж үзэж байна гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тендер сонгон шалгаруулалтыг хууль бус явуулсан, талоноор бараа бүтээгдэхүүн тараах үйл ажиллагаанд тендер сонгон шалгаруулалт явуулах үндэслэлгүй байсан гэсэн агуулга бүхий тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны А/32 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Хүнсний эрхийн бичиг олгох журам”-ын 6.5-д “Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь аймгийн төвийн сум болон дүүрэгт хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулна”, 6.6-д “Сумын Засаг дарга нь суманд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүр сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна” гэж тус тус заасан байх бөгөөд тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан эрхийн актаар энэ үйл ажиллагаанд сонгон шалгаруулалт явуулахыг даалгасан байдаг. Тийм учраас сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа хууль, эрх зүйн хүрээнд сонгон шалгаруулалтын журмаар явагдах нь зүй ёсны хэрэг гэдгийг дурдах нь зүйтэй байна.
“Ашка” ХХК, “Б.а” ХХК, “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-ууд тендер сонгон шалгаруулалтад оролцсон боловч Үнэлгээний хороо эдгээр компаниудыг оролцуулахаас татгалзсан. Татгалзсан нөхцөлд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаачлан дахин сонгон шалгаруулалт явуулах ёстой гэх санал нь дараах үндэслэлээр үгүйсгэгдэнэ гэж ойлгож байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д “Бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 30.4.1-д “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах”, 30.4.2-д “энэ хуулийн 30.1.3, 30.1.4-т заасан нөхцөл үүссэн бөгөөд тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгаан нь зөвхөн худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээ, цар хүрээтэй холбоотой бол тэдгээртэй холбогдолтой өөрчлөлтийг тендерийн баримт бичигт оруулж, хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулах” гэсэн 2 үндэслэлээр дахин сонгон шалгаруулалт явуулахаар зохицуулсан байгаа. Гэтэл “Халал тагам” гэх ХХК нэгэнт тендерт шалгарсан байх тул Үнэлгээний хороо бүх тендерээс татгалзсан асуудал гараагүй. Тийм учраас хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д заасан үндэслэл үүсээгүй байна. Сагсай сумын хувьд нийтдээ 2 дэлгүүр хүнсний эрхийн бичгээр бараа бүтээгдэхүүн тарааж ажиллах нь хууль, журмаар ч гэсэн, хүнсний бүтээгдэхүүн хүртээвэл зохих иргэд, өрхийн тоогоор ч тогтоогдож байна. Үнэлгээний хорооны тендер сонгон шалгаруулалтаар “Халал тагам” ХХК шалгарсан ба хоёр дахь дэлгүүрээр ямар нэгэн дэлгүүр шалгараагүй учраас хуулийн 34 дүгээр зүйлд заасан гэрээг шууд байгуулах аргыг захиалагч тал сонгосон. Тендерт шалгаруулахаас татгалзчихаад байгаа “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-тай яагаад гэрээ байгуулсан бэ гэдэг асуудал хөндөгдөж байна. Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д ““тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах, хариуцлагатай оролцохоо баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг ойлгоно” гэж тодорхойлсон бол 20 дугаар зүйлийн 20.6-д “Захиалагч «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулсны дараа тендерийн баталгааг хүчингүй болгоно” гэж заасан байгаа. Хариуцагч талын хэлж байгаачлан “Халал тагам” ХХК-тай гэрээ байгуулснаар 20 дугаар зүйлийн 20.6-д зааснаар тендерийн баталгаа хүчингүй болчхоод байгаа. Өөрөөр хэлбэл “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-ийн дэлгүүрийг шалгаруулахаас татгалзах үндэслэл арилсны дараа захиалагч гэрээ байгуулсан гэж ойлгож байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан шууд гэрээ байгуулах аргыг захиалагч сонгосон ба ингэхдээ хуулийн 34.1.4-д заасан үндэслэлийг баримталсан гэж хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Тодруулбал, дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн байгаа бөгөөд дахин сонгон шалгаруулалт явуулсан тохиолдолд энэ гурван компаниас илүүтэйгээр санал ирүүлэх боломжтой дэлгүүр Сагсай сумд байхгүй болох нь нотлогдсоноор дээрх гурван компаниас шилж авахаар захиалагч гэрээг шууд байгуулах аргыг сонгосон байна. Харин нэхэмжлэгч компанийг шууд сонгож гэрээ байгуулаагүй асуудлыг хариуцагч талаас тухайн компани нь хамгийн гол асуудал болох тендерийн үнийн санал ирүүлээгүй учраас тухайн компанийг шууд сонгох боломжгүй гэж тайлбарлаж байгаа нь дараах байдлаар үндэслэлтэй байна. Хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ”, 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасан байх бөгөөд тендерийн үнэгүйгээр тендер сонгон шалгаруулалт явуулах, эсхүл тухайн этгээдтэй гэрээ байгуулах эрх нээгдэхгүй юм. Нэгэнт үнийн санал ирүүлээгүй компанийг шууд сонгож гэрээ байгуулах үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн гэрээ байгуулахыг даалгах шаардлага нь хуульд нийцэхгүй байна. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Тендер нээх үед энэ хуулийн 26.3-26.5-д зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахыг хориглоно” гэж заасан байх тул тендер нээснээс хойш ямар нэгэн бичиг баримт авах боломжгүй болдог. Нэхэмжлэгч “Б.а” ХХК-ийн захирлаас хэлсэн гэх “гэрт бичиг баримтаа мартсан байна, үүнийг авч ирээд өгье” гэсэн саналыг Үнэлгээний хороо хүлээн авсан байвал жинхэнэ тендерийг будлиантуулсан маргааныг дэгдээсэн асуудал болно. Тийм учраас нэхэмжлэгч үнийн саналыг 98,700,000 төгрөгөөр тодорхойлсон гэж амаар тайлбарлаж байхад Үнэлгээний хороо хүлээж аваагүй гэж гомдол гаргаж байгаа нь зүйд нийцэхгүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д зааснаар хариуцагч нарын гэрээ байгуулсан асуудлыг хууль бус гэж тогтоож, гэрээг хүчингүй болгох үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд анх “Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх нийлүүлэгч сонгох тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгох, “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-ийг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх нийлүүлэгчээр сонгон шалгаруулж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан, Сагсай сумын Засаг дарга С.Х нартай байгуулсан гурван талт гэрээг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх нийлүүлэгчээр хамгийн олон жил ажилласан туршлагатай, тендерийн шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа “Б.а” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан[1]. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн эхний шаардлагаа багасгаж, 2 дахь шаардлагаа ““Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-ийг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх нийлүүлэгчээр сонгон шалгаруулж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан, Сагсай сумын Засаг дарга С.Х нартай байгуулсан гурван талт гэрээг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэж өөрчлөн[2], шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “”Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-тай байгуулсан “Хүнсний талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээ”-г хүчингүй болгуулах, Сагсай сумын хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай 121 өрхийн 727 иргэнд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх 2 дахь нийлүүлэгчээр “Б.а” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах тухай“ гэж тодруулсан болно.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-тай байгуулсан “Хүнсний талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээ”-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Баян-Өлгий аймгийн “Сагсай сумын хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай 121 өрхийн 727 иргэнд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх нийлүүлэгч /2 нийлүүлэгч/ сонгох” нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хороог Сагсай сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/05 дугаар захирамжаар 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, уг тендерийн урилгыг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр орон нутгийн радиогоор нийтэд зарлан мэдээлснээр “Ашка” ХХК, “Б.а” ХХК, “Халал тагам” ХХК, “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК компаниуд тендер ирүүлсэн байна.
Үнэлгээний хороо тендер шалгаруулалтад оролцогчдын тендерийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нээж, энэ талаар тэмдэглэл үйлдэж, улмаар тендерийг хянан үзээд “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-ийн тендерийг тендерийн баталгаа ирүүлээгүй, “Б.а” ХХК , “Ашка” ХХК-ийн тендерүүдийг үнийн санал ирүүлээгүй буюу тендерийн маягтыг /ТШМ-1/ ирүүлээгүй гэдэг үндэслэлээр тус тус шаардлагад нийцээгүй гэж үзэж, уг тендерүүдээс татгалзаж, “Халал тагам” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж дүгнээд гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгсөн байна. Харин үлдсэн 1 нийлүүлэгчийн асуудлыг яаралтай шийдвэрлэх саналыг Сагсай сумын Засаг даргаас аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/98 дугаар албан бичгээр хүргүүлсэн байх ба 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга болон Сагсай сумын Засаг даргын баталгаажуулснаар тус газрын Сагсай сум хариуцсан мэргэжилтэн нь “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-тай “Хүнсний талон олгох,түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан, уг гэрээний дагуу тус компани нь хүнсний эрхийн бичиг авах нөхцөлийг ханган жагсаалтад багтсан Сагсай сумын 121 өрх, 727 иргэний 44 өрх, 373 иргэнийг хүнсний бүтээгдэхүүнээр хангахаар тохиролцсон болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[3] тогтоогдож байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д ““тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулахыг баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг” ойлгоно /2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх заалт/, 19 дүгээр зүйлийн 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Захиалагч энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш өртөгтэй бараа, ажил, зөвлөхийн бус үйлчилгээ, 100 сая төгрөгөөс дээш өртөгтэй зөвлөх үйлчилгээ худалдан авах тендерт оролцогчоос тендерийн баталгаа ирүүлэхийг шаардана”, 20.4-т “Захиалагч тендерийн баталгааны хэмжээг дараахь байдлаар тогтоож болно”, 20.4.2-т “шаардлагатай гэж үзвэл захиалагч өөрөө тендерийн баталгааны хэмжээг тухайн бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн 1-2 хувиар тогтоож тендерийн баримт бичигт тусгах”, 20.5-д “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана”, 26 дугаар зүйлийн 26.3-д “Тендер нээх үед тендерт оролцогчийн нэр, тендерийн үнэ, тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ, мөн тендерт тусгасан үнийн хөнгөлөлт, тендерийн баталгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн тендерийг өөрчилсөн, эсхүл татгалзсан тухай мэдээллийг захиалагч зарлаж, тэмдэглэл үйлдэнэ”, 26.6-д “Тендер нээх үед энэ хуулийн 26.3-26.5-д зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахыг хориглоно”, 26.7-д “Тендер нээх үед зарлагдаагүй, тэмдэглэлд заагаагүй тендерийн үнэ, үнийн хөнгөлөлт болон хувилбарт тендерийн үнийг үнэлгээ хийхэд тооцохгүй”, 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж тус тус зохицуулсан.
Мөн уг тендерийн баримт бичиг болох Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “Б.Тендерийн баримт бичиг /ТОӨЗ 7.3/” гэсэн хэсэгт “Тендерт оролцогч тендерийн баримт бичиг дэх бүх зааварчилгаа, нөхцөл, маягт болон техникийн тодорхойлолтыг нягталж үзэх нь зүйтэй. Тендерийн баримт бичигт шаардсан мэдээлэл, баримт материалыг ирүүлэхгүй байх, маягтыг дутуу бөглөн ирүүлэх нь тухайн тендерээс татгалзах үндэслэл болно“ гэж, ”В.Тендер бэлтгэх /ТОӨЗ 12.1/” гэсэн хэсэгт “Тендерт оролцогч дараах нэмэлт материалыг өөрийн тендерт хавсралтаар ирүүлнэ. Үүнд:1.Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дагуу бэлтгэсэн бичиг баримт, нотлох баримт, 2.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт түүнд заасан баримт бичиг, нотлох баримт, 3.Тендерийн үнэлгээнд харгалзах шалгуурт хамаарах дараах бичиг баримтыг ирүүлнэ. Үүнд:Тендерийн маягт, үнийн хуваарь, тендерийн баталгаа” гэж, “В.Тендер бэлтгэх /ТОӨЗ 21.1/” гэсэн хэсэгт “Тендерийн баталгааг ТШМ-3-аар гаргаж ирүүлнэ, нийт тендерийн баталгаа нь нийт үнийн дүнгийн 1 хувь байна” гэж тус тус заажээ.
Дээр дурдсанаар тендерийн баримт бичигт тендерийн маягт, тендерийн баталгааг ирүүлэхээр заасан ба нэхэмжлэгч “Б.а” ХХК нь тендерийн маягт /ТШМ-1/ буюу тендерийн үнийн саналаа ирүүлээгүй, гуравдагч этгээд “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК нь тендерийн баталгаа ирүүлээгүй болох нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн тендерийн нээлтийн тэмдэглэл[4] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар[5] тогтоогдож байх тул тухайн 2 компанийн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 20 дугаар зүйлийн 20.1, 20.5, 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэг болон тендерийн баримт бичигт заасан нөхцөл,шаардлагуудыг хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...тендер нээх үед “Б.а” ХХК-ийн захирлаас тендерийн үнийг 98 700 000 төгрөг гэж хэлснийг үнийн саналаа хүргүүлсэн гэж үзэхээр байна, зааварчилгаанд үнийн саналыг заавал бичгээр өгнө гэсэн зохицуулалт байхгүй,мөн уг компаниас үнийн хуваарийг ирүүлсэн” гэж маргасан. Гэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 26 дугаар зүйлийн 26.3,тендерийн баримт бичиг болох Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд тус тус зааснаар үнийн хуваариас гадна тендерийн маягт /ТШМ-1/ гэсэн бичиг баримт буюу тендерийн үнийн саналаа бичгээр ирүүлэх ёстой байсан, мөн тендер нээх үед нэхэмжлэгчээс тендерийн үнийн талаар амаар санал хэлснийг тендерийн үнэ ирүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ нь хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.6, 26.7, 26.9-д заасантай тус тус нийцэхгүй юм.
Иймд нэхэмжлэгч “Б.а” ХХК нь тендерийн үнийн саналыг ирүүлээгүй, гуравдагч этгээд “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК нь тендерийн баталгаа ирүүлээгүй буюу тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй байх тул Үнэлгээний хорооны “Б.а” ХХК, “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-ийн тендерүүдийг шаардлагад нийцээгүй гэж үзсэн үнэлгээний дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.5, 26 дугаар зүйлийн 26.3, 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.3, 27.4 дэх заалтад тус тус нийцсэн байна гэж дүгнэлээ. Мөн Үнэлгээний хорооны шийдвэр буюу “Б.а” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, тендерээс татгалзсан үнэлгээний дүгнэлтийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргаж байгаа боловч хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрх байдлаар “Сагсай сумын хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай 121 өрхийн 727 иргэнд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх нийлүүлэгч /2 нийлүүлэгч/ сонгох” тендерийг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулж, тендер ирүүлсэн 4 компаниас нэг л гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан, үлдсэн “Ашка” ХХК, “Б.а” ХХК, “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-ийн тендерүүдийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, уг тендерүүдээс татгалзсаны дараа захиалагч нар нь “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-тай гэрээ шууд байгуулсныг хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзлээ.
Хариуцагч талаас “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-тай гэрээ байгуулсан үндэслэлээ "Сагсай сумд хүнсний эрхийн бичгээр хүнс бараагаа авч чадахгүй болох эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс ядуу айл өрхүүдийн амьдралд нь гарах эрсдэлийг багасгах зорилгоор ”Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-ийг сонгож гэрээ шууд байгуулсан.Тендерийн баталгаа гэдэг нь түр үйлчлэх шинжтэй, банканд байршуулаад тендерийн хугацаа дууссаны дараа тухайн компанид буцааж олгодог мөнгө учраас гол гэж үзсэнгүй. Үнийн санал ирүүлээгүй нь хуулийн 28.3, 28.7.1-28.7.4-д заасан шаардлагуудыг хангахгүй байгаа тул үнийн санал ирүүлээгүй 2 дэлгүүрийн аль нэгийг сонгох эрх байсангүй” гэж тайлбарласан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 30.4.1-т “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах”, 30.4.2-т “энэ хуулийн 30.1.3, 30.1.4-т заасан нөхцөл үүссэн бөгөөд тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгаан нь зөвхөн худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээ, цар хүрээтэй холбоотой бол тэдгээртэй холбогдолтой өөрчлөлтийг тендерийн баримт бичигт оруулж, хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулах”, 30.4.3-т “энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах” гэж тус тус заасан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д “энэ хуулийн 30.4.3, 33.4-т заасан тохиолдолд” гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болно гэж заасан /2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх заалт/, өөрөөр хэлбэл шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэхийн тулд хуулиар тодорхой нөхцөл тогтоосон буюу урьдчилсан нөхцөл хангагдсан байхаар зохицуулжээ.
“Сагсай сумын хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай 121 өрхийн 727 иргэнд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх нийлүүлэгч /2 нийлүүлэгч/ сонгох” 103 776 000 төгрөгийн төсөвт өртөгтэй[6] уг ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэсэн ба “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч болох “Халал-тагам” ХХК-тай гэрээ байгуулсан, уг тендер шалгаруулалтад оролцсон бусад 3 компанийн тендерүүдээс татгалзсан, дахин 1 гүйцэтгэгчийг сонгох ёстой энэ тохиолдолд 30 дугаар зүйлийн 30.4.1-т зааснаар нээлттэй тендер шалгаруулалт дахин явуулахгүйгээр гэрээ шууд байгуулсан нь хууль бус байна. Өөрөөр хэлбэл тухайн тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.4-т заасан нөхцөл үүсээгүй тул 30.4.2-т зааснаар хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулах үндэслэлгүй, 30.4.1-т заасны дагуу нээлттэй тендер шалгаруулалт явуулж, энэ тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан бүх тендерээс татгалзах нөхцөл байдал дахин үүсвэл гэрээ шууд байгуулахаар 30.4.3-т зохицуулсан байхад нээлттэй тендер шалгаруулалт явуулахгүйгээр “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-тай гэрээ шууд байгуулсан нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна. Түүнчлэн мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж заасныг захиалагч тал зөрчиж, “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК нь дээрх нөхцөл,шаардлагыг хангасан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр гэрээ шууд байгуулсныг дурдах нь зүйтэй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө”, 5 дугаар зүйлийн 5.1.2-т ““тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж,бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг” ойлгоно гэж заасан тул хариуцагч талын гаргасан гэрээ шууд байгуулах болсон шалтгаан нь дээрх байдлаар хууль зөрчсөнийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т зааснаар гэрээ шууд байгуулсан гэсэн тайлбар гаргасан ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.4-т “нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувь болон энэ хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын босго үнийн аль багаас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол” гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болно гэж заасан нь тухайн тендерт хамааралгүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан ба захиалагч тал “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-тай гэрээ шууд байгуулсан нь хуульд нийцээгүй болох нь тогтоогдсон, мөн уг тендер шалгаруулалтад оролцсон бусад 3 компанийн тендерүүдээс татгалзсан тул үлдсэн 1 гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-т зааснаар дахин нээлттэй тендер шалгаруулалт явуулахаар зохицуулсан байх тул нэхэмжлэгч “Б.а” ХХК-ийн тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. “Сагсай сумын хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 121 өрхийн 727 иргэнд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх 2 дахь нийлүүлэгчээр “Б.а” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Дээр дурдсанчлан уг тендерийн урилгыг нийтэд зарлан мэдээлж, тендерт оролцогч 4 компани тендерийн баримт бичгийг худалдан авснаар тендер шалгаруулалтад тендерээ ирүүлсэн[7], өөрөөр хэлбэл тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавигдах шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендер шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтууд зэргийг тусгасан тендерийн баримт бичигтэй танилцсан боловч нэхэмжлэгч “Б.а” ХХК нь тендерийн үнийн саналыг ирүүлээгүй буюу тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй байх тул Үнэлгээний хорооны “Б.а” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзсэн үнэлгээний дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3,27.3, 27.4 дэх заалтад тус тус нийцжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Хүнсний бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагаа нь нийгмийн халамжийн тэтгэвэртэй холбоотой тул 103 776 000 төгрөгийн санхүүжилт бүхий тендерийг 100 000 000 төгрөг болгоно гэж санал ирүүлсэн компанитай гэрээ байгуулна гэж тендер зарласан нь өөрөө хууль бус байна.Үүнээс гадна тендерийн баримт бичиг дэх мэдээлэл тодорхой бус, үндэслэлгүйгээс үнийн санал өгөх боломжгүй байсан” гэж маргаж байгаа боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно” гэж заасны дагуу дээрх асуудлын талаар тодруулга, нэмэлт мэдээлэл авах боломжтой байсан. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” /2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулахаас өмнөх заалт/ гэж зааснаар дээрх асуудлаар гомдол гаргах эрхтэй байсан. Гэвч нэхэмжлэгч уг хүсэлт гаргах, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, тендерийн баримт бичигтэй танилцаж ,түүнд тусгагдсан шаардлагуудыг зөвшөөрч тендерээ ирүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж зааснаар Үнэлгээний хорооноос шаардлагад нийцээгүй гэж үнэлэгдэж, тендерээс татгалзсан “Б.а” ХХК-ийг уг тендерийн 2 дахь гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах үндэслэлгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйлийн 26.3, 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.3,27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.4.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1–д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан, Сагсай сумын Засаг дарга С.Х нарын баталгаажуулсан, ”Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 01-ээс 2019 оны 12 дугаар сарын 31-ийг дуусталх хугацаагаар байгуулсан “Хүнсний талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хамтран ажиллах гэрээ”-г хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох Сагсай сумын хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай 121 өрхийн 727 иргэнд хүнсний эрхийн бичгээр хүнс нийлүүлэх 2 дахь нийлүүлэгчээр “Б.а” ХХК-ийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ
[1]Хэргийн 1-р хуудас
[2]Хэргийн 71-72-р хуудас
[3]Хэргийн 26,27-28,29-31,32-33,38,39,40-50,54,62-64,67-68,85-р хуудас,Тендерийн баримт бичгийн 4-р хуудас
[4]Хэргийн 29-31,40-р хуудас
[5]“Б.а” ХХК, “Таван богд цэнгэл хайрхан уулс” ХХК-ийн тендерийн материалууд
[6]Тендерийн баримт бичгийн 17-р хуудас
[7]Хэргийн 34-37,38-р хуудас, Тендерийн баримт бичиг