Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/104

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох эрүүгийн 2125000000097 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Э

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Г.Э-г 2021 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймаг, Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-10-03 тоотод Б.Саруултуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: шүүгдэгч Г.Э-н мэдүүлсэн, 21-ний 00 цагт унтах гэж байхад Баярмаа хаалга тогшиж орж ирээд үүдний сандал дээр сууж бид 2 ярилцаж байхад хаалга тогшсон Саруул, Батжаргал нар байсан. Саруултуяа согтуу танайд орно гээд зүтгэж байгаад орсон. Баярмааг зодож сандлаар цохисон. Хоёулаа Баярмааг зодсон. Есөн шидээр харааж хашхирсан. Би тэр хоёрыг гаргах гэж нэг нэгээр нь түлхэж түлхэлцэж ноцолдож унаж босч байсан. Саруул нь Баярмааг цохих гэхээр нь би түүнийг цохисон гэхдээ олон цохиогүй. Саруул надтай ноцолдож миний цээжийг зөндөө урсан, хумсны сорви болсон.Тэр олон хөхрөлт няцралт нь ноцолдож зууралдаж байхад бий болсон байх. Би Саруултуяаг цохисон буруугаа хүлээнэ. Баярмааг тэр 2 хоёулаа цохиж зодсон шүү. Шөнө айл унтах гэж байхад согтуугаар орж ирж асуудал үүсгэж хүн зодчихоод өөрсдөө ямар ч буруугүй болоод байгааг гайхаж байна. Шинжээчийн дүгнэлтээр л би буруутай болж байх шиг байна. Согтуу, хүчээр орж ирж хүн зодоод, дараа нь шөнөжин мессеж бичээд л цонх цохиод байсан гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Б.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр найзуудын хамт нэгнийхээ шинэ байранд орсныг мялаахаар найз Баярмаа, Батжаргал нарын хамт явахаар болсон. Баярмаа явна гэж байгаад явахаа больсон. Баярмаагийн нөхөр Анхбаатар нь Батжаргал руу залгаад Баярмааг асуухад ирээгүй гэдгийг хэлсэн чинь наадах чинь ингээд бас алга болж байсан гэсэн. Тэгээд бид 2 Баярмаагийн нөхөр Анхбаатартай уулзаад машин дотор нь 1 нэг шил архи уугаад Баярмаагийн талаар ярихад 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Энхбатын төрсөн өдрөөр Баярмаа алга болчихсон, үе үе гадуур хоноод байдаг гэсэн. ...Батжаргалын ах Энхбатын гэрт 00 цагийн орчимд очоод хаалгыг нь чагнасан чинь Баярмаагийн дуу гараад Энхбаттай яриад байсан... Батжаргал Баярмааг хайгаад цаад өрөө рүү нь явах гэсэн чинь Энхбат явуулахгүй байхаар нь би урдуур нь орж байгаад Батжаргалыг цааш нь явуулсан чинь Энхбат миний толгойны дагз руу 1 удаа, зүүн шанаа хэсэгт удаа, дух руу 1 удаа, уруулын дээд хэсэгт 1 удаа,    гараа зангидаж байгаад цохиод байсан. Батжаргал Баярмааг хараад хэрэлдээд хэд хэд цохиод авсан, намайг зодоод байхаар нь би түрүүлээд гарах гээд гутлаа өмсөж байхад өгзөгний зүүн доод хэсэгт 1 удаа өшиглөсөн. Би Энхбатын гэрийн гадаа нөхөр лүугээ ярьж хэлэхэд цагдаа дуудсан ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/

 

-Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...Би 2021 оны 01 сарын 21-ний өдөр...найз Батжаргалын ах Энхбатын гэрт очсон. Энхбатын гэрт ороод удаагүй байхад гэрийнх нь хаалгыг тогшоод Саруултуяа байна, хаалгаа онгойлго, Баярмаа байна уу гэж асуусан ...Саруултуяа хаалгыг нь эвдэх шахам орж ирээд шууд Энхбат руу дайрсан. Энхбат гэрээсээ гаргах гээд ноцолдоод байх шиг байсан. Араас нь Батжаргал орж ирээд шууд намайг хайж, миний үснээс зулгаагаад над руу орилоод дайрсан. Батжаргал намайг ахынх нь гэрт байсан болохоор уурласан байх. Энхбат бид хоёрын асуудал хэнд ч нь хамаагүй байхад над руу уурлаад байсан. Батжаргал, Саруултуяа хоёр согтуу баахан орилж хараасан. Дээд айлын хүн орж ирсэн чинь тэр хоёр гараад явсан..Тухайн үед Саруултуяа над руу сандал авч шидсэн нь толгой руу оносон. Батжаргал үснээс зулгаасан...үснээс зулгаагаад намайг жижиг өрөөнөөс гаргаж ирэхэд Саруултуяа Энхбат 2 бие биенээ түлхээд ноцолдоод байсан. Би тэр 2-ыг салгах гээд дийлээгүй, хажуу айлын хүмүүс орж ирж салгасан...Тэр 2-ыг гараад явсаны дараа Энхбатыг харахад цээж хэсэг нь тэр чигтээ хумсны сорвитой болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/

 

-Гэрч Х.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...Энэ өдөр 16 цагийн орчимд хуучин ажлынхаа хүний гэрт очно гэхээр нь найз Батжаргалын хамт хүргэж өгчихөөд, утас руу нь залгаагүй унтсан байсан. Тэгээд шөнийн 01 цагийн орчимд Саруултуяатай ярьсан чинь удахгүй очлоо гэсэн...эхнэр Саруултуяа 20-30 минутын дараа над руу уйлаад залгаад хүнд зодуулсан гэж ярихаар нь найз Батжаргалын ах гэх Энхбат гэх хүний гадаа очсон чинь Саруултуяагийн уруулын дээд хэсэгт нь хавдсан байсан, тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

 

-Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...Баярмаагийн нөхөр Анхбаатар над руу залгаад Баярмааг асуухаар нь байхгүй гэхэд та хоёртой хамт багшийндаа очлоо гээд гарсан байна гэж хэлсэн. Саруултуяа нь Баярмаагийн нөхөртэй уулзаж, учрыг нь олъё, чи бид хоёр өмнөөс нь буруутан болмооргүй байна гээд Анхбаатартай уулзахаар болсон. Анхбаатартай гэрийнх нь гадаа машин дотор 1 шил архи уусан ...Энхбат ахынд Баярмаа байж магадгүй гээд очиж үзэхээр болсон. Эхлээд Саруултуяа хаалгыг нь нэлээн удаан тогшоод хаалгаа онгойлгосон чинь Саруултуяа шууд цаашаа орох гээд дайрахаар нь Энхбат ах оруулахгүй гээд түлхсэн. Саруултуяа Баярмааг хайж цаашаа жижиг өрөө рүү явах гэхэд Энхбат ах оруулахгүй гээд түлхээд ноцолдоод байсан. Би цаад жижиг өрөө рүү нь ороход Баярмааг байхаар нь сандал аваад нуруу руу нь хэд хэд цохисон чинь Энхбат ах над руу дайрахаар нь Баярмаад наадхиа аваарай гэсэн чинь дээд айлын залуу орж ирээд Саруултуяаг авч гараад би араас нь гарсан...Дараа нь Саруултуяагийн уруул хавдсан байсан. Маргааш нь над руу баахан зураг явуулаад хөхөрсөн байна гэж байсан. Би тэр зурагнуудыг устгасан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

 

-Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101 дугаартай “....Б.С-н биед нүүр, хуйх, баруун бугуй, зүүн шуу, зүүн өгзөгөнд олон тооны цус хуралт үүсчээ. Дээрх цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 26-27-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна. 

 

Үйл баримт: 2021 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 00-01 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-10-03 тоот гэртээ Г.Энхбат амарч байхад нь Г.Баярмаа орж ирсэн. Араас нь Б.Саруултуяа, Г.Батжаргал нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хаалга тогшин “Баярмаа байна уу” гэж орж ирэх гэж дайрахад нь Г.Энхбат оруулахгүй гэж түлхэлцэж ноцолдож, улмаар гэрт нь орж Б.Саруултуяа нь Г.Энхбаттай ноцолдож цохилцож, Г.Батжаргал нь цаад жижиг өрөөнд байсан Баярмаа руу дайрч үсдэж, сандлаар цохиж, хашгирч орилж бусдыг үл хүндэтгэсэн, амгалан тайван байдлыг нь алдагдуулсан нөхцөл байдалтай байсан тул дээд айлаас хүн орж ирж салгаж Б.Саруултуяа, Г.Батжаргал нарыг гаргаж явуулсан байна. Энэ нөхцөл байдал дунд Б.Саруултуяагийн биед олон тооны хөхрөлт цус хуралт үүсч, Г.Энхбатын цээжинд хумсны сорвиуд үүссэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э-н гэм буруу хангалттай тогтоогдсонгүй эргэлзээтэй байна гэж дүгнэв. 

 

Хэрэгт авагдсан Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101 дугаартай “....Б.С-н биед нүүр, хуйх, баруун бугуй, зүүн шуу, зүүн өгзөгөнд олон тооны цус хуралт үүсчээ. Дээрх цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь “Г.Энхбат нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө Орхон аймаг, Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-10-03 тоотод Б.Саруултуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтыг хангалттай, эргэлзээгүй нотолж чадахгүй байна.

 

Хэргийн бодит болсон байдлын хувьд, Г.Э-г гэртээ амарч байхад нь Г.Баярмаа, Б.Саруултуяа, Г.Батжаргал нар согтуурсан байдалтай дараалан орж ирж хэрүүл маргаан үүсгэж, Г.Энхбат, Г.Саруултуяа нар ноцолдож цохилцож, Г.Батжаргал нь Г.Баярмааг үсдэж сандлаар цохиж орчин тойрны амгалан байдлыг эвдсэн тул айлын хүн орж ирж салгасан байна. Энэ нөхцөл байдлын улмаас Б.С-н биед учирсан нүүр, хуйх, баруун бугуй, зүүн шуу, зүүн өгзөгөнд үүссэн олон тооны цус хуралт бүхий гэмтлүүд нь бүгд Г.Энхбатын санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх нь яллах дүгнэлтэд үндэслэсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй, эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл, Б.Саруултуяагийн биед учирсан гэмтлүүдийн зарим нь ноцолдож түлхэлцэж зууралдах явцад үүссэн байж болзошгүй байгаа нь гэрч Г.Баярмаагийн “Г.Батжаргал...үснээс зулгаагаад намайг жижиг өрөөнөөс гаргаж ирэхэд Саруултуяа, Энхбат 2 бие биенээ түлхээд ноцолдоод байсан. Би тэр 2-ыг салгах гээд дийлээгүй, хажуу айлын хүмүүс орж ирж салгасан...Тэр 2-ыг гараад явсаны дараа Энхбатыг харахад цээж хэсэг нь тэр чигтээ хумсны сорвитой болсон байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Саруул надтай ноцолдож миний цээжийг зөндөө урсан, хумсны сорви болсон...”гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул үйл баримтад зөвхөн Г.Энхбатыг буруутган яллах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Шөнийн цагаар согтуурсан үедээ айлын хаалга тогшиж бүдүүлгээр дайран орж ирж хашгирч хэрүүл шуугиан дэгдээж хүн зодож, бусдад хүндэтгэлгүй хандах нь Зөрчлийн тухай хуулиар хамгаалсан нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг халдсан шинжтэй үйлдэл мөн.

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101 дугаартай дүгнэлтэд“....Б.С-н биед нүүр, хуйх, баруун бугуй, зүүн шуу, зүүн өгзөгөнд олон тооны цус хуралт үүсчээ. Дээрх цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэснээс дүгнэвэл, цус хуралтууд нь бүгд нийлээд эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэлд хамаарч байх ба бүх гэмтлүүд Г.Энхбатын санаатай үйлдлээр учирсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй. Шүүхийн шийдвэр эргэлзээгүй нотолгоонд үндэслэгдэх зарчимтай.

 

Шүүгдэгч Г.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх хангалттай бүрэн үндэслэл тогтоогдоогүй эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч төлбөр нэхэмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болголоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай. 

 

2. Шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогч төлбөр нэхэмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай. 

 

4. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.





 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Д.АРИУНЦЭЦЭГ