Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01855

 

 “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01471 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1684 дүгээр магадлалтай

“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Нд холбогдох

“Зээлийн гэрээ”-ний үүргийн үлдэгдэл төлбөрт 9 219 819 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анужингийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н нь Ерөнхий захирлын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар Ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилогдсон ба 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Тэрбээр ажиллаж байх хугацаандаа Худалдаа хөгжлийн банкнаас авсан хувийн зээлээ төлөх, хүүхдийнхээ сургалтын төлбөр төлөхөөр удаа дараа мөнгө зээлэх хүсэлт гаргасныг хүлээн авч “З” ХХК-ийн Хаан банк дахь 5028591392 тоот төгрөгийн дансаар дамжуулан 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 50 000 000 төгрөгийг зээлдүүлж, хүүхдийн сургалтын төлбөрт 2 000 000 төгрөгийг компаниас төлснөөр нийт 52 000 000 төгрөгийг эргүүлэн төлөх нөхцөлтэй зээлдүүлсэн юм.

Улмаар зээлийн гэрээг нөхөж байгуулах гэсэн боловч элдэв шалтаг тоочин хойшлуулсаар, ажлаа шалтгаангүйгээр орхиж, зээлээ төлөхгүй алга болсон тул тухайн асуудлыг шалгуулахаар Цагдаагийн хэлтэст гомдол гаргасныг шалгуулсан.  Эрүүгийн хэргийг шалгах явцад Н нь зээлсэн мөнгөө бүрэн барагдуулахаа илэрхийлж, 40 000 000 төгрөг компанид эргүүлэн төлсөн.

Түүний ажиллаж байхад нь олгох цалин 2 780 181 төгрөгийг, төлөх ёстой 12 000 000 төгрөгт суутгасан тул үлдэгдэл 9 219819 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 6 сард “З” группийн санхүү эрхэлсэн захирал н.Лувсанчүлтэм надтай холбогдон “З” группт ерөнхий нягтлан бодогчоор ажиллах санал тавьсан. Дараа нь тэргүүн дэд захирал болон ерөнхий захиралтай танилцуулсан. Тухайн үед сарын 2 сая төгрөгийн цалин, компанийн хувьцааг санал болгоход нь татгалзсан. 2014 оны 8 сард дахин холбогдож сарын 4 сая төгрөгийн цалин, компанийн хувьцаа нэмж өгвөл ажиллах боломжтой эсэхийг асуухад хүлээн зөвшөөрсөн учраас ажилласан. Монгол улсын хуулийн дагуу ажил олгогч нь ажилтантай ажил эхлэх эхний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах ёстой байдаг ч миний хувьд давхар хувьцааны болон хөдөлмөрийн гэрээний асуудал яригдаж, тэрхүү гэрээний Звар бэлэн болоогүйгээс болж дараа зурахаар болж хойшлогдсон. Тус группт ажиллаж байх хугацаандаа н.Нэмэхбаатар захирал архинаас хамааралтай, охин компаниудын захирлууд нь хоорондоо эв түнжин муутай, захирлаа худалч, хэлсэн үгэндээ хүрдэггүй, охин компаниудаасаа бэлэн мөнгө авчихаад баримтаа өгдөггүй зэрэг гомдлыг байнга хэлдэг байсан.

Намайг ажилд ороход группийн хэмжээнд нэг ч мэргэшсэн нягтлан бодогч байгаагүй, нярав ч хийх чадваргүй мэргэжлийн дипломтой нягтлан бодогч нар байсан. Нягтлан бодох бүртгэлийн онолын мэдлэггүй, мэргэжлийн ур чадваргүй, санхүүгийн программ дээр ажиллаж чаддаггүй, сурч боловсорч өсөж дэвжих дургүй, өөрчлөн зохион байгуулалтад зохицох сонирхолгүй олон жил нэг дор ажилласан баг тавьсан шаардлагад дургүйцэхдээ намайг ажлаас гаргая гэсэн гарын үсэг цуглуулан компанийн удирдлагуудад санал дэвшүүлэхэд санхүүгийн хэлтсийг чадваржуулах зөв алхам хийсэн гэж үзэж авч үлдсэн.

Хамт олны таагүй уур амьсгал, захирал н.Нэмэхбаатарын архи ууж олон хоногоор алга болдог, хувьцааны гэрээ хийхгүй, компанийн санхүүгийн чадвар илт доройтож байгаа зэргээс шалтгаалан 2014 оны 12 сард захиралд ажлаас гарахаа хэлэхэд хувьцааны гэрээний баталгаа болгон 50 000 000 төгрөгийг миний дансанд хийсэн учир үргэлжлүүлэн ажилласан. 9 000 000 орчим төгрөг нь анх ажилд ороход хэлэлцэн тохирсны дагуу надад хувьцаа болгон өгсөн мөнгө учир төлөх үндэслэлгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01471 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Наас зээлийн гэрээний үүрэгт 9 219 819 төгрөг гаргуулан, “З” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 162 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 162 470 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1684 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01471 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 162 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анужин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01471 дүгээр шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1684 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заримыг алдагдуулсан талаар:

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт хэсэгт “...Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлийг нотлох үүргээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлсэн гэж үзнэ.” гэж дүгнэжээ.

Гэтэл бодит шалтгаан нөхцөл, нотлох баримтуудыг шүүх бүрэн гүйцэд үнэлээгүй байдаг. Н нь 2013 онд дунджаар 5 690 000 төгрөгийн цалин авдаг байсан. Ажлаас гарсан шалтгаан нь өөрөө компанид ажиллах явцдаа хувьцаа эзэмшигчээр орох сонирхолтой байсан. Ийм ч учраас 2014 оны 05 дугаар сараас 2 компанитай холбогдсон байдаг. Эхний компани нь АР1Р гэх гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан. Уг компани нь сарын 6 000 000 төгрөгийн цалин улирлын бонус, 1 жилийн дараагаас компани тодорхой хувийг санал болгож байсан. Харин “З” ХХК болохоор нэгэнт хувьцаа өгч байгаа учир цалинг багаар өгье, хувьцаа эзэмшиж байгаа юм чинь ногдол ашиг хүртэх учир чи өөр газар 6 000 000 төгрөгөөр ажиллаж байхаар манайд 4 000 000 төгрөгөөр ажиллаад шууд хувьцаа эзэмшээд явах боломжтой гэж анх хэлэлцэж тохиролцсон байдаг. /Ажил авах тушаал дээр сарын цалинг 3 000 000 төгрөг, гарт бэлнээр 1 000 000 төгрөг өгөхөөр тохирсон/ Нын хувьд 1-рт үндэсний компани юм, 2-рт хувьцаа эзэмшигч болох гэж 1 жилийг хүлээхгүй юм гэсэн итгэл үнэмшил, “З” ХХК-ийн хэлсэн тохиролцсон зүйлийг үндэслэн “З” ХХК-ийг сонгож ажиллах болсон. Энэ талаараа ч сөрөг нэхэмжлэлд дурдсан байгаа билээ.

“З” ХХК-д 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл ажилласан байдаг бөгөөд 2014 оны 12 дугаар сард 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Мөн нотлох баримт болгож хавсаргасан 50 000 000 төгрөгийн гүйлгээний баримт нь зээлийн гэсэн утга агуулаагүй байдаг. Ныг 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ажлаас халах тушаал гаргасан бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр цагдаад залилан хийсэн гэж гомдол өгсөн байдаг. Харин мөнгө өгсөн гэх 2014 оны 12 дугаар сараас хойш халах хүртэл уг 50 000 000 төгрөгийг нэг ч удаа нэхээгүй байж яагаад заавал халагдсаны дараа нэхэх болсон учир шалтгааныг тодруулаагүй. Уг 50 000 000 төгрөгийг анхнаасаа зээл гэж өгөөгүй. Учир нь 2014 оны 12 дугаар сард захирал Б.Нэмэхбаатарт “мөнгөний хэрэг гараад байна, хувьцаа шилжүүлэх гэрээ яасан бэ” гэж хэлэхэд “за чи энэ 50 000 000 төгрөгийг авч бай” гээд шилжүүлсэн учир ажилд орох үеэс эхлэн тодорхой тооны хувьцаа шилжүүлэх ёстой байсан тэрний мөнгө гэж ойлгосон байдаг. Дээр дурдсанчлан 50 000 000 төгрөгийн гүйлгээний баримтыг зээлж олгосон гэх баталгаа үүсэх байна. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан харилцаа огт үүсээгүй.

“З” ХХК-иас олгосон 50 000 000 төгрөгийг шүүх зөвхөн нэг талын тайлбараар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх нь буруу, хөдөлмөрлөх явцад Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмж, иргэн байгууллага хоёрын хооронд тохирсон хувьцаа, ногдол ашиг гэсэн хариуцагчийн тайлбарыг үнэлээгүй.

2. Шүүхийн шүүн таслах ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтыг зөрчсөн буюу прецессийн алдаа гаргасан талаар:

Нэхэмжлэгчийн хаяг өөр байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Шүүгч энэ хуулийн 13.2, 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээж аваад 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн. Нөгөө талаар иргэний хэрэг үүсгэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Жаргалан 60-31 тоотод оршин суудаггүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. /хх-16, 20/

Ирцтэй холбоотой хүсэлтийг шийдвэрлэхдээ хурал завсарлаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, дүрс бичлэгтэй танилцсан. Дүрс бичлэгээс хархад нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийг эзгүйд хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэтэл шүүх уг хүсэлтийг хэлэлцэхдээ шүүх хуралдааныг завсарлахгүйгээр шууд үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “Бүх шатны шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн хэрэг болсон. Шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхээр шийдвэр гаргаж байгаа нөхцөлд шүүх шийдвэрээ хуралдаан завсарлаж, зөвлөлдөх тасалгаанд гаргах ёстой зөвлөлдөх тасалгаа байхгүй бол хэргийн оролцогчид, тэр бүү хэл шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг хүртэл хуралдааны танхимаас гаргаж байж шийдвэрээ гаргадаг. Энэ нь гадны нөлөөгүй, бодитой шийдвэр гаргах үндсэн нөхцөл болдог.

Мэтгэлцэх зарчим, гомдол гаргах эрхээр хангаагүй.

Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно”, Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж зааснаар хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.6. “Хэргийг зохигч талын эзгүйд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт энэ хуулийн 120.2-т заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй бол түүнийг ердийн журмаар биелүүлнэ” гэж зааснаар мөн гомдол гаргах эрхээр хангаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжтой байтал оролцуулаагүй. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй ч дүрс бичлэгт тодорхой харагдахаар байгаа болно.

Сөрөг нэхэмжлэлийг тайлбарлаагүй.

Хариуцагчийн зүгээс шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүйн дээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 183/Ш32018/05706 дугаар захирамжийг гаргасан. Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэл буюу 50 000 000 төгрөгтэй шууд холбоотой байсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 “Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна”, мөн зүйлийн 73.2 дахь хэсэгт “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэсэн заалттай нийцэж байгаа. Харин шүүгчийн дээрх захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт “Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө” гэсэн хуулийн заалтыг огт хэрэглээгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль зөрчсөн, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн үйлдэл, үйл ажиллагааг засаж залруулах эрх нь хяналтын шатны шүүхэд байгаа тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулахаар дээрх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01471 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1684 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “З” ХХК нь Нд холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүргийн үлдэгдэл төлбөрт 9 219 819 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Н нь тус компанид Ерөнхий нягтлан бодогчоор ажилд орсон, банкны зээл төлөх, хүүхдийн сургалтын төлбөр төлөхтэй холбогдуулан 52 000 000 төгрөг зээлдүүлэхийг удаа дараа хүсч, хүсэлт гаргасныг үндэслэн зээл олгосон боловч ажлаа шалтгаангүйгээр орхиж, зээлээ төлөхгүй алга болсон. Иймд Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулахад энэ хугацаанд 40 000 000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 12 000 000 төгрөгөөс цалинд олгох 2 780 171 төгрөгийг зээлд нь суутган авснаар одоо 9 219 819 төгрөгийн үлдэгдэлтэй байна...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...дээрх мөнгө нь намайг анх ажилд ороход олгоно гэсэн хувьцааны үнэ. Нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №934 дугаартай Төлбөрийн даалгавраар “З” ХХК-ийн Хаан банкны 5028591392 тоот данснаас Худалдаа хөгжлийн банкны 400 000 017 дансанд “Нямдуламаас” гэсэн утгатайгаар Нын зээлийн төлбөрт 50 000 000 төгрөгийг /хх-8/, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №31235 дугаартай Төлбөрийн даалгавраар “З” ХХК-ийн Хаан банкны 5028591392 тоот данснаас Хобби бүрэн дунд сургуулийн Худалдаа хөгжлийн банкин дахь 499 130 350 дансанд “Б.Байгал сургалтын төлбөр 7б” утгатайгаар  Нын хүүхдийн төлбөрт 2 000 000 төгрөгийг /хх-9/ тус тус шилжүүлсэн байх ба Н нь 40 000 000 төгрөгийг “З” ХХК-ийн дансанд буцаан төлсөн үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч нь дээрх төлбөрийг хувьцааны үнэд шилжүүлсэн тул буцаан олгох үндэслэлгүй гэж тайлбарлах боловч төлбөрийн зарим хэсгийг буцаан шилжүүлсэн нь тогтоогдсон, зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгч шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх үүрэгтэй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугласан баримтад үндэслэгдсэн байх тул “...үйл баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй...” гэх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан “...хариуцагчийн өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах...” хүсэлтээр хойшилсон, хариуцагч нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хуралдах хурлын товыг 05 дугаар сарын 21-ний өдрөө мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтаангүйгээр ирээгүй тул шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3., 100.4 дэх заалтыг зөрчөөгүй, нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах боломжгүй тул шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангаагүй, шүүх хуралдаанд оролцож эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж хууль зөрчөөгүй бөгөөд хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид тухайн үед гомдол гаргаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01471 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1684 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анужингийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Анужингаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162 470 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                Х.ЭРДЭНЭСУВД