Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1684

 

“З..” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг, бүрэлдэхүүнд шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/01471 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “З..” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Н-д холбогдох

Гэрээний үүрэгт 9 219 819 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Н.Н нь Ерөнхий захирлын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар Ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилогдон ба 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Тэрбээр ажиллаж байх хугацаандаа Худалдаа хөгжлийн банкнаас авсан хувийн зээлээ төлөх, хүүхдийнхээ сургалтын төлбөр төлөхөөр удаа дараа мөнгө зээлэх хүсэлт гаргасныг хүлээн авч “З..” ХХК-ийн Хаан банк дахь 5028591392 тоот төгрөгийн дансаар дамжуулан 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 50 000 000 төгрөгийг зээлдүүлж, түүний өмнөөс банкны зээлийг нь төлж, сургалтын төлбөрт 2 000 000 төгрөгийг компаниас төлснөөр нийт 52 000 000 төгрөгийг эгүүлэн төлөх нөхцөлтэй зээлдүүлсэн юм.

Улмаар зээлийн гэрээг нөхөж байгуулан гэсэн ч гэрээ байгуулаагүй шалтаг тоочин хойшлуулсаар, ажлаа шалтгаангүйгээр орхиж, зээлээ төлөхгүй алга болсон тул тухайн асуудлыг шалгуулахаар Цагдаагийн хэлтэст гомдол гаргасныг шалгуулсан боловч Прокуророос залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн маргаан гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн эрүүгийн хэргийг шалгах явцад Н.Н нь зээлсэн мөнгөө бүрэн барагдуулахаа илэрхийлж, 40 000 000 төгрөг компанид эгүүлэн төлсөн.

Түүний ажиллаж байхад нь олгох цалингаас 2 780 181 төгрөгийг, үлдэх 12 000 000 төгрөгөөс суутгасан тул төлөөгүй 9 219 819 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 6 сард Заг группийн санхүү эрхэлсэн захирал н.Лувсанчүлтэм надтай холбогдон Заг группт ерөнхий нягтлан бодогчоор ажиллах санал тавьсан. Дараа нь тэргүүн дэд захирал болон ерөнхий захиралтай танилцуулсан. Тухайн үед сарын 2 сая төгрөгийн цалин, компанийн хувьцааг санал болгоход нь татгалзсан. 2014 оны 8 сард дахин холбогдож сарын 4 сая төгрөгийн цалин, компанийн хувьцаа нэмж өгвөл ажиллах боломжтой эсэхийг асуухад хүлээн зөвшөөрсөн учраас ажилласан. Монгол улсын хуулийн дагуу ажил олгогч нь ажилтантай ажил эхлэх эхний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах ёстой байдаг ч миний хувьд давхар хувьцааны болон хөдөлмөрийн гэрээний асуудал яригдаж, тэрхүү гэрээний загвар бэлэн болоогүйгээс болж дараа зурахаар болж хойшлогдсон. Тус группт ажиллаж байх хугацаандаа н.Нэмэхбаатар захирал архинаас хамааралтай, охин компаниудын захирлууд нь хоорондоо эв түнжин муутай, захирлаа худалч, хэлсэн үгэндээ хүрдэггүй, охин компаниудаасаа бэлэн мөнгө авчихаад баримтаа өгдөггүй зэрэг гомдлыг байнга хэлдэг байсан.

Намайг ажилд ороход группийн хэмжээнд 1 ч мэргэшсэн нягтлан бодогч байгаагүй, нярав ч хийх чадваргүй мэргэжлийн дипломтой нягтлан бодогч нар байсан. Нягтлан бодох бүртгэлийн онолын мэдлэггүй, мэргэжлийн ур чадваргүй, санхүүгийн программ дээр ажиллаж чаддаггүй, сурч боловсорч өсөж дэвжих дургүй, өөрчлөн зохион байгуулалтад зохицох сонирхолгүй олон жил 1 дор ажилласан баг тавьсан шаардлагад дургүйцэхдээ намайг ажлаас гаргая гэсэн гарын үсэг цуглуулан компанийн удирдлагуудад санал дэвшүүлэхэд санхүүгийн хэлтсийг чадваржуулах зөв алхам хийсэн гэж үзэж авч үлдсэн.

Хамт олны таагүй уур амьсгал, захирал н.Нэмэхбаатарын архи ууж олон хоногоор алга болдог, хувьцааны гэрээ хийхгүй, компанийн санхүүгийн чадвар илт доройтож байгаа зэргээс шалтгаалан 2014 оны 12 сард захиралд ажлаас гарахаа хэлэхэд хувьцааны гэрээний баталгаа болгон 50 000 000 төгрөгийг миний дансанд хийсэн учир үргэлжлүүлэн ажилласан. 9 000 000 орчим төгрөг нь анх ажилд ороход хэлэлцэн тохирсны дагуу надад хувьцаа болгон өгсөн мөнгө учир төлөх үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Н-с зээлийн гэрээний үүрэгт 9 219 819 төгрөг гаргуулан, “З..” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 162 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 162 470 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн учраас шүүхийн шийдвэр хууль ёсиы бөгөөд үндэслэл бүхий байх заримыг алдагдуулсан.

Анхан шатны шүүх бодит шалтгаан нөхцөл, нотлох баримтуудыг шүүх бүрэн гүйцэд үнэлээгүй байдаг. Н.Н нь 2013 онд дунджаар 5 690 000 төгрөгийн цалин авдаг байсан. Ажлаас гарсан шалтгаан нь өөрөө компанид ажиллах явцдаа хувьцаа эзэмшигчээр орох сонирхолтой байсан. Ийм ч учраас 2014 оны 5 сараас 2 компанитай холбогдсон байдаг. Эхний компани нь АРIР гэх гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан. Уг компани нь сарын 6 000 000 төгрөгийн цалин улирлын бонус, 1 жилийн дараагаас компани тодорхой хувийг санал болгож байсан. Харин “З..” ХХК болохоор нэгэнт хувьцаа өгч байгаа учир цалинг багаар өгий, хувьцаа эзэмшиж байгаа юм чинь ногдол ашиг хүртэх учир чи өөр газар 6 000 000 төгрөгөөр ажиллаж байхаар манайд 4 000 000 төгрөгөөр ажиллаад шууд хувьцаа эзэмшээд явах боломжтой гэж анх хэлэлцэж тохиролцсон байдаг. Н.Н-н хувьд үндэсний компанийн хувьцаа эзэмшигч болох

гэж 1 жилийг хүлээхгүй юм гэсэн итгэл үнэмшил, “З..” ХХК-ын хэлсэн тохиролцсон зүйлийг үндэслэн “З..” ХХК-г сонгож ажиллах болсон.

Харин мөнгө өгсөн гэх 2014 оны 12 дугаар сараас хойш халах хүртэл уг 50 000 000 төгрөгийг нэг ч удаа нэхээгүй байж яагаад заавал халдсаны дараа нэхэх болсон учир шалтгааныг шүүх тодруулаагүй. Уг 50 000 000 төгрөгийг анхнаасаа зээл гэж өгөөгүй.Учир нь 2014 оны 12 сард захирал Б.Нэмэхбаатарт "мөнгөний хэрэг гараад байна, хувьцаа шилжүүлэх гэрээ яасан бэ" гэж хэлэхэд "за чи энэ 50 000 000 төгрөгийг авч бай" гээд шилжүүлсэн учир ажилд орох үеэс эхлэн тодорхой тооны хувьцаа шилжүүлэх ёстой байсан тэрний мөнгө гэж ойлгосон байдаг. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан харилцаа үүсээгүй гэх үндэслэл болно.

“З..” ХХК-аас олгосон 50 000 000 төгрөгийг шүүх зөвхөн нэг талын тайлбараар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх нь буруу, Хөдөлмөрлөх явцад Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмж, иргэн байгууллага 2-ын хооронд тохирсон хувьцаа, ногдол ашиг гэсэн хариуцагчийн тайлбарыг үнэлээгүй. Харин хариуцагч 40 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үндэслэл нь Цагдаагийн байгууллагын шахалт дарамт, хууль зүйн мэдлэггүй байдлаасаа болж “З..” ХХК-ын дансанд буцаан шилжүүлсэн байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээж аваад 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн. Нөгөө талаар иргэний хэрэг үүсгэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Хан-Уул дүүргийн 12-рхороо, Жаргалан 60-31 тоотод оршин суудаггүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийг эзгүйд хэрэг хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэтэл шүүх уг хүсэлтийг хэлэлцэхдээ шүүх хуралдааныг завсарлахгүйгээр шууд үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.  

Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.6. дахь  хэсэгт зааснаар мөн гомдол гаргах эрхээр хангаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжтой байтал оролцуулаагүй. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй ч дүрс бичлэгт тодорхой харагдахаар байгаа болно.

Хариуцагчийн зүгээс Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүйн дээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээи авахаас татгалзах тухай захирамжийг гаргасан. Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэл буюу 50 000 000 төгрөгтэй шууд холбоотой байсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсгийн заалттай нийцэж байгаа. Харин шүүгчийн дээрх захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийп 65.2 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг огтоос хэрэглээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч “З..” ХХК нь хариуцагч Н.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 219 819 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Н.Н нь нэхэмжлэгч “З..” ХХК-ийн ерөнхий захирлын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 93 дугаар тушаалаар ерөнхий нягтлан бодогчоор томилогдон 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажиллаж байсан, “З..” ХХК нь өөрийн ХААН банкны эзэмшлийн 5028591392 дугаар данснаас 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 50 000 000 төгрөгийг хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны 400000017 дугаар дансанд, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 31235 дугаар төлбөрийн даалгавраар Хобби бүрэн дунд сургуулийн Худалдаа хөгжлийн банкны 499130350 дугаар дансанд Б.Байгалийн сургалтын төлбөрт 2 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, хариуцагчаас 2017 оны 05 дугаар сард 40 000 000 төгрөгийг “З..” ХХК-д буцаан төлсөн зэрэг үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч “...хувьцааны гэрээний баталгаа болгон 50 000 000 төгрөгийг миний дансанд хийсэн учир үргэлжлүүлэн ажилласан. 9 000 000 орчим төгрөг нь анх ажилд ороход хэлэлцэн тохирсны дагуу надад хувьцаа болгон өгсөн мөнгө...” гэж тайлбар гаргасан боловч уг тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

  Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдлыг зөв үнэлж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт нийцсэн.

 Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар  зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлийг нотлох үүргээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт  40 000 000 төгрөгийг буцаан төлсөн, төлөгдөөгүй 12 000 000 төгрөгөөс түүнд олгогдох цалин 2 780 181 төгрөгийг хасч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 9 219 819 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул “...шүүх зөвхөн нэг талын тайлбараар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх нь буруу...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэргийн 49-64 дүгээр талд авагдсан баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй нь буруу боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь түүний цаашид нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй байна.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн /хх-ийн 79/ боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад нийцсэн.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.