Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2017/00717

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2017/00717

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Л-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтай,

 

Д.Тд холбогдох 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Д.Т, Т.Л нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчингүй болгуулах тухай Т.Лын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Т.Л, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, Г.А, гэрч У.Т, Ц.Э, С.Д, Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Т.Лын хүсэлтээр 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлж, тухайн өдөртөө зээлийн гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлэн мөнгийг бэлнээр зээлдэгчид шилжүүлэн өгсөн. Би Т.Лд 20,000 дэвсгэртээр 3,000,000 төгрөгийг гудамжинд хүлээлгэж өгсөн. Мөнгө өгөхөд бид хоёроос өөр хүн бидний дэргэд байгаагүй. Мөнгө өгсний дараа гэрээг нотариатаар батлуулсан. Гэтэл Т.Л нь гэрээ хийснээс хойш гэрээний үүргээ огт биелүүлээгүй бөгөөд мөнгийг нэхэх бүрт янз бүрийн шалтаг, шалтгаан тоочиж явсаар сүүлдээ утас нь холбогдохоо больсон. Иймд Т.Лас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,000,000 төгрөг, 2 сарын хүүнд 600,000 төгрөг, алдангид 400,000 төгрөг гаргуулж өгнө үү. Миний бие анхны хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Одоо 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ дэмжиж байгаа гэв.

 

Хариуцагч Т.Л шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2011 оны 07 дугаар сард Д.Тийн ах Д.Т авто машин зарна гэсэн тул очиж уулзсан. Тэрээр өөрийн машинаа 3,000,000 төгрөгөөр надад зарахаар тохиролцсон бөгөөд ямар ч өө сэвгүй, асуудалгүй машин гэж байсан. Тэгээд тэр мөнгөний хэрэг гараад зарах болчихоод байгаа юм, чамайг яг авна гэвэл би өөрийн дүүгээсээ 3,000,000 төгрөг аваад аргалж байя, чи 2-3 хоногийн дотор  мөнгөө аваад хүрээд ирээрэй гэсэн. Би тухайн үед машиныг нь хараад сайн мууг мэдэхгүй болохоор унаж яваад маргааш, нөгөөдрөөс мөнгийг нь аваад ирвэл болох уу гэхэд тэр болно гэсэн. Ингээд би машиныг найз Н.С-ийн хамт тэднийхээс аваад явсан. Маргааш нь найз нартайгаа хамт явж байгаад ямар машин байна гэж асуутал мотор нь цохьсон байна 1 сая төгрөг ч хүрэхгүй гэсэн. Тэгээд би машиныг нь буцааж өгөхөөр шийдээд байтал тэр өөрөө над руу залган мөнгө чинь бүтэхгүй байгаа бол машинаа авна гээд орой нь ирээд машинаа аваад явсан. Би мотор нь цохьсон машин аваагүйдээ баярлаад байж байтал тэр дахин утасдаж, чи авна гэснээрээ ав, харин мөнгөө хурдан өгөөрэй гээд машинаа надад өгсөн. Би мотор нь цохьсон гэж сонссон болохоор сайн мэддэг хүнээр үзүүлсэн нь дээр гээд техникийн зах орж хүнд үзүүлэхэд үзсэн хүмүүс шууд мотор нь цохьсон байна зарах гэж байгаа бол саяд авна гэж байсан. Тэгээд би дэмий наймаа болох юм байна гэж бодоод маргааш нь хүргэж өгөх гэж байтал машинтай мөргөлдсөний улмаас урд гуперийг нь сэвтүүлсэн. Гэтэл Д.Т уурлаж, наад машинаа өөрөө ав, би сэвтэй машин яаж зарах вэ, мөнгөө хурдан өгөөрэй гээд явсан. Ингээд би машиныг нь өөр хүнд зуучилж борлуулж өгөхөөр шийдсэн бөгөөд сонинд зар өгч, тухайн үед нэг хүн сонирхоод байсан тул Д.Т-д хэлж, түүнд 1,500,000 төгрөгөөр зарахаар болсон. Худалдах, худалдан авах гэрээгээ Варетье чуулгын ойролцоох нотариатаар баталгаажуулсан.

Гэвч тэр цагаас эхлэн Д.Тын дүү Д.Т нь надаас байнга машин авсны 3,000,000 төгрөг нэхэх болсон. Би түүнээс мөнгө аваагүй бөгөөд Д.Т дүүгээсээ тэр мөнгийг авч хэрэглэчихээд намайг машины мөнгөө өгөхгүй байна гээд яваад байсан. Ингээд чимээгүй болчихоор нь ах, дүү хоёр учраа олсон юм байна гэж бодсон.

2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр фэйсбүүкт гутал зарах зар тавьсаны дараа гутал үзэхээр хүн залгасан бөгөөд би 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр уулзах газраа товлоод 5 дугаар сургуулийн ойролцоо уулзахаар болсон. Гэтэл Д.Т, Д.Т хоёр надтай тааралдаад намайг “машин аваад зугтаасан, зээлсэн мөнгөө өгсөнгүй, одоо цагдаад өгнө” гэхээр нь айгаад тухайн үед хийгээгүй хэргийнхээ төлөө элдвээр хэлүүлж, бас тэдний дарамтад орсны улмаас нотариатад очиж, мөнгө зээлсэн гэрээнд гарын үсэг зурсан. Хэдий би дарамтлуулж, тэдний шахалтаар гарын үсэг зурсан боловч нэгэнт би машиныг нь худалдаж аваагүй, тэднээс мөнгө зээлж аваагүй нь үнэн болохоор хэзээ нэг цагт үнэн нь тодорхой болно гэж өөрийгөө тайвшруулж байсан. Гэрээ хийснээс хойш Д.Т утсаар байнга дарамталж, манай гэрт ирж, өгөөгүй мөнгөө нэхэж дарамт шахалт үзүүлж, хэл амаар доромжилсон. Тухайн үед мөнгө аваагүй гэдгээ хэлж гэрчлэх хүмүүстэй нүүрэлдүүлэх гэтэл өөрөө ирээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Т.Л шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Т.Л надад 3,000,000 төгрөг зээлүүлээгүй атлаа 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөгийг зээлүүлсэн гэж дүр үзүүлсэн хуурамч хэлцлийг бичиж, өөрийн танил нотариатч П.Отгонжаргалаар хуурамчаар батлуулсан болно. Иймд дээрх хуурамч хэлцэл болох 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Д.Тээс Т.Л надад 3,000,000 төгрөгийг зээлүүлсэн гэх зээлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү. Уг гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, дүр үзүүлсэн хэлцэл юм. Д.Т нь Т.Лд мөнгийг нотариатын дэргэд өгөөгүй байхад нотариатч гэрээг баталсан тул хуурамч хэлцэл гэж үзэж байна гэв.     

 

Нэхэмжлэгч Д.Т сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн зүгээс надтай байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасныг миний бие эс зөвшөөрч байна. Т.Л нь  надаас 3,000,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 10 хувийн хүүтэй зээлж, мөнгийг би бэлнээр өгөөд нотариатын газарт бичгээр гэрээ байгуулсан. Т.Л нь гэрээний ар талд 3,000,000 төгрөг бэлнээр хүлээж авсан гэж өөрийн гараар бичиж, гарын үсэг зурсан. Тэрээр өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй атлаа шүүх дээр өөрийн зоргоор худал зүйл ярьж, чирэгдүүлж байгаад гомдолтой байна. Харуцагч Т.Л шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг дүр үзүүлсэн хуурамч хэлцэл гэж бичиж, өөрийн танил нотариат П.О-аар хуурамчаар батлуулсан гэжээ. Би тухайн нотариатчийг огт танихгүй, хуурамч хэлцэл, танил нотариат, хуурамчаар батлуулсан гэх нотолгоо байхгүй. Дүр үзүүлэн гэрээ хийх шаардлага хэн алинд нь байгаагүй ба талуудын хүсэл зориг гэрээнд маш тодорхой тусгагдсан байгаагаас харж болно. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх заалтуудыг зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэрээ тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Т.Лд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,000,000 төгрөг гаргуулах шаардлага,

хариуцагч Т.Л нь зохигчийн хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Т.Лд 20,000 дэвсгэртээр 3,000,000 төгрөгийг бэлнээр өгч, нотариатчаар гэрээг гэрчлүүлсэн. Би хүч хэрэглэж, айлган сүрдүүлж, дарамталсан зүйл байхгүй тул зээл, хүү, алдангид 4,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж,

хариуцагч нь би Д.Тээс мөнгө зээлээгүй тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна, энэ маргаан нь түүний ахын машиныг худалдан авахтай холбоотой үүссэн бөгөөд би мөнгө зээлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.     

  1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 2.4 “бэлнээр олгоно”, 3.3 “гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно” гэжээ. Уг гэрээний ар талд “3,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан Т.Л, 1 сарын 22” гэх гар бичмэл байх бөгөөд талууд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болон уг гар бичмэлд зурагдсан гарын үсгийн талаар маргаагүй.

Харин хариуцагч нь нэхэмжлэгч болон түүний ах У.Т-ыг айлган сүрдүүлж, дарамталж, хүчээр гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа холбогдох баримтаар нотлоогүй. Түүнчлэн зээлийн гэрээний 3.4-т “гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд авталгүй, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн” гэсэн /хх-3, 36/, нотариатч П.Отгонжаргалын “талууд бие биенээ хүчээр гарын үсэг зуруулах байдал илрээгүй бөгөөд цаанаа ямар тохироо хийж, ямар санаа зорилго агуулж гэрээ гэрчлүүлснийг нотариатч мэдэх боломжгүй юм” /хх-97/ гэх баримтуудаар хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.  

Хариуцагч тал мөнгийг Т.Лд бодитоор шилжүүлж өгөөгүй, Т.Л нь мөнгө аваагүй, нотариатад У.Т хамт байсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нь мөнгө өгөхөд Т.Л бид хоёроос өөр хүн байгаагүй, гэрч У.Т “би нотариатын газарт хамт очоогүй, Д.Т, Т.Л нарын мөнгө зээлсэн асуудлыг би мэдэхгүй” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд Т.Лын 3,000,000 төгрөг хүлээж аваагүй гэдэг тайлбар нотлогдохгүй байна. Гэрч С.Д-ын “зээлийн гэрээг байгуулсаныг мэдээгүй, ямар ч хүнээс мөнгө зээлсэн гэж хэлээгүй, гэртээ мөнгө авч ирээгүй, зээлийн гэрээний талаар огт хэлээгүй, Т.Лд машин авах шаардлага байгаагүй” гэх мэдүүлэг /хх142-143/, гэрч Ө.Оюуны “3 сая төгрөг авсныг хараагүй” гэх мэдүүлэг /хх-144-145/, гэрч Н.Сайнцогийн “Т.Л 3 сая төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурчихлаа гэж байсан. Д.Т, У.Т хоёр ирж надтай уулзаад намайг дарамталж байгаад би айсандаа гарын үсэг зурчихлаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /147-148/ зэргээс Т.Л нь 3,000,000 төгрөг зээлээгүй, хүлээж аваагүй гэдэг нь хангалттай нотлогдохгүй байна гэж үзлээ.

Хариуцагч талаас У.Тын машиныг 3,000,000 төгрөгөөр авахаар тохирсон боловч мотор нь цохьсон байсан тул өөр хүнд 1,500,000 төгрөгөөр зуучлан зарсан, гэтэл үлдэгдэл мөнгийг нь надаас авна гэж зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж, нотлох баримтаар 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн У.Т, Т.Л нарын хооронд байгуулсан 1,850,000 төгрөг зээлдэж авсан гэрээг өгсөн ба Д.Т нь уг мөнгийг авахын тулд 3,000,000 төгрөг зээлсэн мэтээр гэрээ хийсэн гэх тайлбар нь нотлогдохгүй байна. 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр У.Т нь   улсын дугаартай   маркийн авто машиныг Г.Гд 1,700,000 төгрөгөөр худалдсан байх ба уг машины үнэ болох 3,000,000 төгрөгийг авах зорилгоор Д.Т нь Т.Лтай зээлийн гэрээ хийсэн гэх тайлбар нь гэрч нарын мэдүүлгээр шууд нотлогдохгүй байна. Тухайлбал: гэрч Н.Сайнцогийн мэдүүлгээс дүгнэхэд тэрээр Т.Лас сонссон зүйлээ гэрчилж байх ба дээрх зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг шууд нотолж чадахгүй байна гэж үзлээ. Мөн   маркийн автомашиныг Т.Л худалдан авахаар тохирсон гэх боловч энэ талаар бичгээр гэрээ байгуулаагүй, өөрийн нэр дээр машиныг шилжүүлж аваагүй болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 75 дугаартай лавлагаагаар тогтоогдлоо.       

Иймд хариуцагч нь 3,000,000 төгрөгийг зээлж аваагүй гэх тайлбараа хангалттай нотолж чадахгүй байгаа болон зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний арын хэсэгт бичигдсэн “3,000,000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан Т.Л” гэх бичилтийг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.  

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байх ба сарын 10 хувийн хүүтэй байна гэж гэрээгээр тохирсон байх тул нэхэмжлэгчийг хүү шаардах эрхтэй гэж үзнэ.    

Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, зохигчийн хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний 2.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож, алданги төлөхөөр тохирсон тул алданги гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй.

2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Т.Л нь зохигчийн хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэсэн ба бусдад худалдсан машины үнийн зөрүүг авахын тулд зээлийн гэрээ байгуулсан гэдэг нь зээлийн гэрээ болон машин худалдах, худалдан авах гэрээ зэрэгтэй тохирохгүй байна. Учир нь гэрч У.Т, Н.С болон талуудын тайлбараар   маркийн авто машиныг 3,000,000 төгрөгөөр Т.Лд худалдахаар тохирсон байсан гэх боловч Г.Г-д 1,700,000 төгрөгөөр худалдсан байна.

У.Т нь авто машинаа бусдад 1,700,000 төгрөгөөр худалдсан атлаа мөн өдрөө Т.Лтай 1,850,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан нь ойлгомжгүй байхаас гадна зохигчийн хооронд байгуулсан 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нь У.Т, Т.Л нарын хооронд байгуулсан дээрх гэрээнүүдийг халхавчлах зорилгоор хийсэн, дүр үзүүлж хийсэн гэдэг нь тогтоогдсонгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хийсэн хэлцэл гэж үзэхгүй.

Түүнчлэн гэрч У.Тыг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Т.Лын фэйсбүүк хуудаст тавьсан зарын дагуу залгаж, маргааш нь уулзаж, дарамталж, айлган сүрдүүлэн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэх хариуцагчийн тайлбарыг гэрч У.Т үгүйсгэсэн бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нотариатчаар зээлийн гэрээ гэрчлүүлэхэд зохигчтой хамт байгаагүй гэж мэдүүлсэн. Энэ нь хэргийн 97 дугаар хуудаст авагдсан нотариатч П.О-ын тэмдэглэлээр давхар нотлогдож байна.  

Дээрхээс дүгнэж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,000,000 төгрөгийг Т.Лас гаргуулж, Д.Тд олгох үндэслэлтэй байна.

Харин зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох үндэслэл байхгүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тохирсон улсын тэмдэгтийн хураамж болох 62,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 32,600 төгрөг илүү төлсөн байх тул үүнийг буцаан гаргуулж, хариуцагч Т.Лд олгох нь хуульд нийцнэ.        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т зааснаар хариуцагч Т.Лас зээлийн үүргийн гүйцэтгэлд 4,000,000 төгрөг /дөрвөн сая/ гаргуулж, нэхэмжлэгч Д.Тд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар Д.Т, Т.Л нарын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Т.Лын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,950 /ерэн зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Лас 78,950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.Тд олгож, хариуцагч Т.Лас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,550 /ерэн зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 32,600 /гучин хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, Т.Лд олгосугай.    

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.НАРАНЧИМЭГ