Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 101/2016/08863/И |
Дугаар | 790 |
Огноо | 2017-03-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 790
Ү.Тунгалагтуяагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/00120 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Хасуу цамхаг” ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 213 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяа
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би "Хасуу цамхаг" ХХК, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Нямдаваа овогтой Дэлгэрсайхантай 2014 оны 01 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар, мөн 2014 оны 06 сарын 16-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг нэмж зээлэн, нийт 45 000 000 төгрөгийг 9 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар 2015 оны 06 сарын 16-ны өдөр эргүүлэн төлөхөөр тохиролцож гэрээ хийсэн. Зээлийн барьцаанд Range Rover 00-04 УНӨ улсын дугаартай машиныг фидуцийн гэрээгээр миний өмчлөлд шилжүүлж барьцаалсан. Гэрээнд зааснаар үндсэн мөнгө, хүү алийг нь ч өгөөгүй, удахгүй мөнгө орж ирнэ гэсээр 2015 оны 06 сарын 16-ны өдрөөс 2016 оны 06 сарын 16-ны өдөр хүртэл дахин 1 жилээр сунгаж, барьцаанд нэмж Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богинын ам гудамж, 5 дугаар байр, 5 тоот хаягт байршилтай Ү-2206040717 улсын бүртгэлийн дугаартай 250 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч "Хасуу цамхаг" ХХК нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 71 100 000 төгрөг, үндсэн зээлийн 45 000 000 төгрөг, түүний 2 жилийн хүү болох 97 200 000 төгрөгийн хамт, нийт 213 300 000 төгрөгийг хариуцагч "Хасуу цамхаг" ХХК-аас барьцаа хангуулан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Хасуу цамхаг” ХХК-ийн гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяагаас 2014 оны 01 дүгээр сарын 27-нд 30 000 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай Land rover, rengerover маркийн 230 000 000 төгрөгийн өртөг бүхий автомашиныг барьцаалан зээл авсан. Зах зээлийн хямралт нөхцөл байдлаас шалтгаалан төлж чадахгүй байсан бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээг сунгахдаа 600 000 000 төгрөгийн өртөг бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 5 байрны 5 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй таун хаусыг компани зээл авах нөхцөлд буцаан өгөхөөр тохирч түр барьцаалсан. 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл авах нөхцөл бүрдэн иргэн Ү.Тунгалагтуяагаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авах гэтэл тохирсон тохиролцооноосоо буцан, зээлээ төлж ав гэсэн шаардлага тавьж манай компанийн зээл авах боломжийг хаасан. Бид зээлээ аваад иргэн Ү.Тунгалагтуяагийн зээлийг төлж үлдэгдлээр нь үйл ажиллагаагаа явуулахаар тооцоолж байсан ба үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ү.Тунгалагтуяа өгөөгүйгээс болоод манай компани ихээхэн алдагдалтай болсон. Иймд манай компани иргэн Ү.Тунгалагтуяагийн нэхэмжлэлийн 93 600 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэгдэл жилийн зээлийн хүү 48 600 000 төгрөг, алданги 71 100 000 төгрөг, нийт 119 700 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч "Хасуу цамхаг" ХХК-аас 109 950 000 /нэг зуун есөн сая есөн зуун тавин мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 103 350 000 /нэг зуун гурван сая гурван зуун тавин мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 1 224 450 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч "Хасуу цамхаг" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 707 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяад олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Хариуцагч “Хасуу цамхаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Дэлгэрсайхан
хариу тайлбартаа "Зээлийн гэрээний" хугацааг буруу заасан.
Барьцаа болох Ландровер, ренжровер машиныг 230 000 000 төгрөгийн өртөгтэй гэж хэт өндөр үнэлж шүүгчид үнийн ташаа ойлголт төрүүлсэн. Фидуцийн гэрээг тухайн үед 50 000 000 төгрөгөөр хийсэн. Одоо бодит байдлаар 25 000 000 төгрөг орчим байгаа.
2015 оны 06 дугаар сарын 16-нд зээлийн гэрээг нэмж сунгахдаа ХУД-ийн 11-р хороонд байрлах 5-р байрны 5 тоот Таун хаусын гэрчилгээг 90% гүйцэтгэлтэй, 600 000 000 төгрөгийн өртөгтэй гэж шүүгчид ташаа ойлгуулсан. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч барьцаалсан боловч гүйцэтгэл нь бодит байдлаар 50% ч хүрээгүй байсан. Тухайн үед гэрээ хийхдээ "тэр байр баригдсан хойноо ямар үнэтэй зарагдах вэ?" гэж асуухад 250 000 000 төгрөгнөөс 350 000 000 төгрөг хүрнэ гэж байсан. Энэ үнийн талаар гэрээнд ч тусгагдаагүй. Энэ талаар шүүхэд тайлбарлах бололцоо олгоогүй.
Зээлийн гэрээнд үндсэн зээл, хүүгээ бүрэн төлж барьцааг буцаан олгоно гэж тусгасан атал уг барьцаалсан эд хөрөнгө хаана байгаа нь тодорхойгүй байна.
Хоёр тал харилцан тохиролцож зөвшилцсөний үндсэн дээр 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээг урьд авсан 30 000 000 төгрөгийг сунган дээр нь нэмж 15 000 000 төгрөг авч нийт зээлийг 45 000 000 төгрөгөөр тогтоосон юм.
Миний үйлчлүүлэгчийн үзэж байгаагаар зээлийн гэрээг сунгахдаа эхлээд зээлдэгч тал анх гэрээ хийж зээлсэн мөнгөний хүүг барагдуулж дууссан нөхцөлд цааш хууль зүйн дагуу гэрээ сунгагдах боломжтой гэж үзэж байна. Энэ шаардлагыг зээлдэгч тал ч хүлээн зөвшөөрч гэрээг сунгасан байдаг бөгөөд энэ асуудалд аль ч тал маргадаггүй.
Харин анхан шатны шүүх шийдвэрлэхдээ гэрээ сунгагдах хүртэлх авсан хүү болох 10 400 000 төгрөгийг үндсэн зээлийн 30 000 000 төгрөгнөөс хасаж тооцсон явдал нь хуулийн заалтыг мэргэжлийн хувьд алдаатай ашигласан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч Ү.Тунгалагтуяа нь хариуцагч “Хасуу цамхаг” ХХК-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 213 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Талууд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 30 000 000 төгрөг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дээрх 30 000 000 төгрөг дээр нэмж 15 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 9 хувийн хүүтэй зээлдэж, “Ландровер” маркийн 0004 УНӨ улсын дугаартай автомашин, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, зээлийн гэрээ байгуулсан, шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан зээлийн харилцаа зохигчдын хооронд үүссэн гэх дүгнэлт зөв боловч 15 000 000 төгрөгөнд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Хариуцагч тал 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр үндсэн зээл, зээлийн хүүнд нийт 36 300 000 төгрөг төлөхөөс гэрээний хугацаанд 10 400 000 төгрөг төлсөн байхад уг дүнг хасч тооцолгүй өмнөх зээлийн гэрээний дүн болох 30 000 000 төгрөг дээр 15 000 000 төгрөг нэмж нийт 45 000 000 төгрөг зээлдүүлж, хүү, алданги тооцохоор гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан шаардлагатай нийцээгүй.
Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгсөн нөхцөлд л гэрээний зүйлийг, гэрээгээр тохирсон хүү, алдангийн хамт буцаан шаардах эрхтэй. Гэтэл зээлдэгчийн гэрээний үүргийн дагуу төлөгдсөн мөнгөн төлбөрийг хасч тооцолгүй, зээлийн дүнг 45 000 000 төгрөг гэж гэрээ байгуулан энэ дүнгийн хэмжээгээр хүү алданги тооцож байгаа нь хуульд нийцээгүй тул өмнөх гэрээний үүргийн үлдэгдэл 25 900 000 төгрөг дээр нэмж олгосон 15 000 000 төгрөгийн зээлийн дүнг нэгтгэн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн үүргийг 40 900 000 төгрөг гэж үзэж, энэ дүнгээс гэрээний бусад үүргийг тооцох нь зүйтэй.
Зохигчид 2 дахь гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дууссаныг мөн өдрөөс 12 сараар сунгасан байх тул хариуцагч нь үндсэн зээл 40 900 000 төгрөг, 24 сарын хугацааны хүү 88 344 000 төгрөг, нийт 129 244 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.
Гэрээний 1.3.4-т “хугацаа хоцорсон хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр” гэж заасан нь ойлгомжгүй, алдангийг ямар үүргээс тооцох нь тодорхой биш байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн зөрчилтэй холбогдох хариуцлагыг шаардах эрхгүй байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж зээлийн гэрээний үүрэг 129 244 000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/00120 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232.4” гэснийг “186.1”, “109 950 000” гэснийг “129 244 000”, “103 350 000” гэснийг “84 056 000” гэж тус тус өөрчилж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “707 700” гэснийг “ 804 170” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 674 700 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
А.МӨНХЗУЛ