| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2018/0060/З |
| Дугаар | 031 |
| Огноо | 2019-05-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 031
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн оршин суугч Б-С овогт Е.Х,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн оршин суугч Ш овогт У.А,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн оршин суугч Ш овогт Е.Ж,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн оршин суугч И овогт С.М,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн оршин суугч М овогт Т.Ү,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн оршин суугч Секел овогт З.С,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн оршин суугч Х овогт Н.В,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн оршин суугч С овогт З.Р,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн оршин суугч Т овогт Х.С,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн оршин суугч Б овогт Р.Б,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн оршин суугч Ш овогт Т.Б нарын 11 хүний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит бус VII дугаар хуралдааны 46 дугаартай “Үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хандив тусламж, гарсан зардлыг хуваарилах тухай” тогтоолын 1 дэх хэсгийн ...гамшгийн дараах хор хохирлыг арилгах, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн ажилд тухайн үед зээлээр гүйцэтгэсэн ажлын зардалд 488.000.000 төгрөг, орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510.000.000 төгрөг, үерт өртсөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрны засварт 25.000.000 төгрөгийг тус тус хуваарилахаар тогтоосныг хүчингүй болгож, тусламжийн мөнгө болох 1.023.000.000 төгрөгийг Бүгд Найрамдах Казакстан Улсын саналыг харгалзан ил тод, шударга хуваарилахыг, хүмүүнлэгийн тусламжийн үйлчилгээ үзүүлэх зэрэг зардалд хуваарилахгүй байхыг, үерийн үр дагаврыг арилгах, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд 50.000 ам.доллароос хэтрэхгүй санхүүжилт хуваарилахыг, орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510.000.000 төгрөгийг хохирлын хэмжээгээр хувь тэнцүүлэн гамшигт өртсөн иргэдэд бэлэн мөнгөөр тарааж өгөхийг тус тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н түүний өмгөөлөгч Е.Т, С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Т гуравдагч этгээд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдаан болж, өнгөрөгч 7 дугаар сард үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах зорилгоор гадаадын улс орнууд, олон улсын болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн хандивын мөнгийг хуваарилах асуудлыг хэлэлцсэн юм.
Казакстан Улсын Засгийн газраас гамшгийн дараах сэргээн босголтын ажилд зориулж манай улсад 500.000 ам.долларын тусламж үзүүлсэн. Үүнээс Засгийн газрын холбогдох шийдвэрээр 400.000 ам.долларыг нь Баян-Өлгий аймагт зарцуулахаар шийдвэрлэсэн. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдаас 15.000 ам.доллар, Хаан банк болон Төрийн банкин дахь хандивын дансанд цугларсан 240.000.000 төгрөг, Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хандивласан 1.000.000 төгрөгийг тус тус аймгийн Засаг дарга захиран зарцуулснаас үлдсэн 170.900.000 төгрөг, гадаадын улс орнуудаас ирсэн 415.000.000 ам.доллар, нийтдээ өнөөдрийн ханшаар 1.223.000.000 төгрөгийг Хурлын төлөөлөгчдөөр хэлэлцүүлж хуваарилсан юм. Үүнд 510.000.000 төгрөгийг гамшгийн улмаас орон байргүй болсон иргэдэд зориулж байшин барихад, 200.000.000 төгрөгийг үерт нэрвэгдсэн иргэдэд мөнгөн тусламж олгоход, 488.000.000 төгрөгийг гамшгийн үеэр гарсан шатахуун, жолооч нарын цалин хөлс, ариутгал, халдваргүйжүүлэлтийн зардалд, 25.000.000 сая төгрөгийг үерийн ус орсон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрыг засварлахад зарцуулахаар тус тус баталсан байна.
Гамшгийн үед манай Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, эхний ээлжид гэр, техник гээд нийтдээ 500.000.000 гаруй төгрөгийн тусламж үзүүлсэн. Үүнээс гадна бусад байгууллага, хувь хүмүүсээс ирсэн 1.3 тэрбум төгрөгийн тусламж ирсэн байсан. Гэтэл энэ их тусламжийн хөрөнгөнөөс ард түмний гарт очиж, нүдэнд харагдах нь тун бага буюу хангалтгүй байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, тусламжаар ирсэн хөрөнгө мөнгө гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд чиглэгдэн хүрэлцэхгүйгээр барагтаа шатахууны мөнгөнд зарцуулагдаж байгаад нь маш их гомдолтой, сэтгэл дундуур байсаар ирсэн. Тэр болгоныг ард түмэн бид тэвчсээр ирсэн. Өмнөх үргүй зарцуулж ирсэн хандивын хөрөнгүүдийн талаар ямар нэгэн хэл ам гаргалгүйгээр тэвчээртэй хандаж байсан ба Казахстан Улсаас ирсэн мөнгөн тусламжуудыг шударга хуваарилж өгөх байх гэсэн итгэлээр хүлээж байсан боловч арай л шударга бус хандсан.
Тухайлбал энэ удаагийн хуваарилагдах ёстой 1.223.000.000 сая төгрөгийн тусламжийн мөнгөнөөс 488 сая төгрөгийг гамшгийн үеэр гарсан шатахуун, жолооч нарын цалин хөлс, ариутгал, халдваргүйжүүлэлтийн зардалд, 25.000.000 төгрөгийг үерийн ус орсон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрыг засварлахад зарцуулахаар болсон нь шударга бус байна. Энэхүү хуваарилагдах ёстой тусламжийн мөнгө зориулалтын дагуу гамшигт нэрвэгдсэн иргэд бидэнд хуваарилагдаагүйгээс болж хохирч үлдэхээр байна.
Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад нийт 500.000 ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд үүний 50.000 ам.долларыг л шатахуун, цэвэрлэгээ, томилолтын зардалд хуваарилахыг, үлдсэн хэсгийг иргэд бидэнд тарааж өгөх тухай бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлсэн байдаг. Гэтэл хариуцагч тал 400.000 ам.долларын дийлэнх олонх хэсгийг дээрх байдлаар зориулалтын бус байдлаар хуваарилсанд гомдолтой байна. Жил бүр төсвөөс болзошгүй гамшигт зориулж улсаас хөрөнгө мөнгө /нөөц/ хуваарилдаг. Гэтэл хандиваар ирсэн мөнгийг ашиглаж байгаа явдалд гомдолтой байна. Орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510.000.000 төгрөг хуваарилсныг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь уг орон байрыг төр барьж өгөх юм байна гэж ойлгож байна. Тендер сонгон шалгаруулах замаар уг орон байрыг барина . Ингэснээр бидний хүсэл сонирхолд үл нийцсэн барилга баригдана. 2016 оны гамшгийн үед яг ийм байдлаар төрөөс орон гэргүй болсон өрхүүдэд зориулж мөнгө хуваарилж байшин барьж байсан. Тэр байшинд одоо хэн ч амьдардаггүй. Учир нь, чанарын шаардлага хангаагүй. Бид яг ийм жишиг давтагдахаас урьдчилан сэргийлж байна. Өрөөр хэлбэл ирээдүйд бидний эрх ашиг зөрчигдөж болзошгүй байдлаас болгоомжилж байна.
Нэр бүхий нэхэмжлэгч нарын олонх нь гэр оронгүй болсон бөгөөд одоо болтол эсгий гэрт хэцүү байдалтай амьдарч байна. Бидний эрх маш ихээр зөрчигдөж байна Тэгтэл төр засаг хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудлыг шийдэхгүйгээр дараа нь шийдвэрлэж болох асуудлыг чухалчилсан байдлаар утга учиргүй шийдвэр гаргасан явдалд туйлын гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:
Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит бус VII дугаар хуралдааны 46 дугаартай “Үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хандив тусламж, гарсан зардлыг хуваарилах тухай” тогтоолын 1 дүгээр заалтаас “...гамшгийн дараах хор хохирлыг арилгах, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн ажилд тухайн үед зээлээр гүйцэтгэсэн ажлын зардалд 488.000.000 төгрөг, орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510.000.000 төгрөг, үерт өртсөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрны засварт 25.000.000 төгрөгийг тус тус хуваарилахаар тогтоосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, тусламжийн мөнгө болох 1.023.000. 000 .төгрөгийг хандивлагч орон болох Бүгд Найрамдах Казакстан Улсын саналыг харгалзан үзэж, олгогдсон мөнгөн тусламжийг ил тод, шударга хуваарилахыг, хүмүүнлэгийн тусламжийг үйлчилгээ үзүүлэх зэрэг зардалд хуваарилахгүй байхыг, үерийн үр дагаврыг арилгах, эрүүл ахуй халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд 50.000 ам.доллароос хэтрэхгүй санхүүжилт хуваарилахыг, орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510 000 000 төгрөгийг хохирлын хэмжээгээр хувь тэнцүүлэн гамшигт өртсөн иргэдэд бэлэн мөнгөөр тарааж өгөхийг тус тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах зардлыг улсын хэмжээнд Засгийн газар, орон нутгийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Хэрэв Казакстан Улсаас тусламжийн мөнгө ирээгүй байсан бол гамшгийн улмаас учирсан хохирлыг яаж арилгах байсан бэ гэдэг асуудал үүсэж байгаа. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга гамшгаас хамгаалах асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан байх ба 32.1.1-т “нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх” гэж заажээ. Гэтэл аймгийн Засаг дарга хуулийг илт зөрчиж, тусламжид ирсэн мөнгийг бусад зардалд зарцуулсныг эрс эсэргүүцэж байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь жил бүрийн төсвийн багцдаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж, зардлыг тусгана” гэж заасныг аймгийн Засаг дарга мөн хэрэгжүүлээгүй байна. Бүгд Найрамдах Казакстан Улсаас 400.000 ам.доллар шилжиж ирээгүй байсан бол ариутгал, халдваргүйжүүлэлттэй холбоотой гарсан 488.000.000 төгрөгийг яаж зохицуулах байсан бэ гэж бодож байна. Энэ зардлыг 2019 оны төсөвт суулгах аль эсвэл орон нутаг хөгжүүлэх сангийн давсан хэсгээс шийдэх боломжтой байсан боловч ийм арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, санаачилгатай ажиллаагүй, зөвхөн тусламжийн мөнгөнөөс бүх зардлыг гаргасанд эрс эсэргүүцэж нэхэмжлэл гаргасан юм. Миний бие 11 хүнийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж, улмаар тэдийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд эдгээр 11 хүний 10 нь орон гэргүй болсон. Эдгээр хүмүүсийн ард олон гэр бүл, гамшигт нэрвэгдсэн 1200-аад айл байдаг.
Тусламжид ирсэн мөнгийг хохирсон хохирлын хэмжээгээр хувь тэнцүүлэн хувааж бэлэн мөнгөөр тарааж өгөх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг шүүхээс хүсье гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа:
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 133 дугаар тогтоолоор аймгийн Хурлын ээлжит бус VII хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 12-ний Даваа гарагт 14:00 цагаас зарлан хуралдуулах, хуралдаанаар 2018 оны 7 дугаар сард болсон үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хандив тусламж, гарсан зардлыг хуваарилах тухай асуудлыг хэлэлцэхээр тогтоосон юм.
Аймгийн Хурлын ээлжит бус VII хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр зарлан хуралдуулах болсон шалтгаан нь Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулах тухай” 105 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан хүмүүнлэгийн тусламжийн зарцуулалтад хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг байгуулсан юм.
Тус ажлын хэсэгт аймгийн Засаг дарга А.Гылымхан орсон ба ажлын хэсгээс Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдаас хүмүүнлэгийн тусламжийн талаар өгсөн чиглэлийн дагуу тусламжийн хөрөнгийг хуваарилах асуудлыг орон нутагтаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын оролцоотой, иргэдэд нээлттэй, ил тод, шударга байдлаар хуваарилалт хийх талаар чиглэл өгсөн байна.
Мөн Бүгд Найрамдах Казакстан Улсын Элчин сайд Хаас тусламжийн хөрөнгийг аймгийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх, хөрөнгийг томоохон үр дүнтэй төслүүдэд зарцуулах, нэн шаардлагатай айл өрхүүдийг орон байраар хангах, нийгмийн барилга байгууламжаар /цэцэрлэг, сургууль болон бусад/ хангах боломжийг судлах, үйлчилгээ үзүүлэх хэлбэрийн зардлуудад хуваарилахгүй байхыг анхаарах чиглэлийг албан бичгээр ирүүлсэн билээ.
Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга А.Гылымхан нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах, тус хуралдаанаар зөвхөн 2018 оны 7 дугаар сард болсон үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хандив тусламж, гарсан зардлыг хуваарилах тухай асуудлыг хэлэлцэх саналыг ирүүлсэн юм.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII дугаар хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр хуралдсан ба хуралдаанд аймгийн Хурлын 39 төлөөлөгчдөөс 37 төлөөлөгч оролцож 2018 оны 7 дугаар сард болсон үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хандив тусламж, гарсан зардлыг хуваарилах тухай асуудлыг хэлэлцэж үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн 170 000 000 төгрөг, Бүгд Найрамдах Казакстан Улсын Засгийн газрын тусламжаас Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр тус аймагт хуваарилсан 400 000 ам.долларын тусламж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдаас ирүүлсэн 15 000 ам. долларын тусламж, нийт 1 223 000.000 төгрөгийн хандив тусламжийг үерт нэрвэгдэж хүнд хэцүү байдалтай байгаа өрхүүдэд эхний ээлжид 200 000 000 төгрөгийг тараах, гамшгийн дараах хор хохирлыг арилгах, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн ажилд тухайн үед зээлээр гүйцэтгэсэн ажлын зардалд 488 000 000 төгрөг, орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510 000 000 төгрөг, үерт өртсөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрны засварт 25 000 000 төгрөгийг тус тус хуваарилахаар тогтоосон юм. Тус хуралдаанаас дээрх тусламжийн хөрөнгийн хуваарилалтад хяналт тавих, зориулалтын дагуу хуваарилах асуудлыг нэг мөр хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулж, тухай бүр үүрэг даалгавар өгч ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосны дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, аймгийн Хурлын ээлжит бус VII хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс аймгийн Хурлын ээлжит бус VII хуралдааны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулж үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хандив тусламж, гарсан зардлыг зориулалтын дагуу хуваарилах, санал дүгнэлт гаргах, хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Уг ажлын хэсэг нь хандив тусламж, үерийн гамшгийн үед гарсан зардлыг зориулалтын дагуу тал бүрээс нь үнэн бодитой шийдвэрлэх, тодорхой үндэслэл бүхий санал дүгнэлтийг гаргах, иргэдийн гомдлыг тухай бүр шийдвэрлэж хариу өгөх, хандив тусламжийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг ажлын хэсэгт, ажлын хэсгийг ажиллах нөхцөл боломжоор хангаж хамтран ажиллахыг аймгийн Засаг даргад тус тус аймгийн Хурлын Тэргүүлэгчдээс үүрэг болгосон юм.
Нэгэнт хандивлагч байгууллага буюу Бүгд Найрамдах Казакстан Улсын Элчин сайд Х.Х-с тусламжийн хөрөнгийг аймгийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх, хөрөнгийг томоохон үр дүнтэй төслүүдэд зарцуулах, нэн шаардлагатай айл өрхүүдийг орон байраар хангах, нийгмийн барилга байгууламжаар /цэцэрлэг, сургууль болон бусад/ хангах боломжийг судлах чиглэл албан бичгээр ирүүлсэн учраас аймгийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Аймаг, сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй” гэж заасны дагуу 2018 оны 7 дугаар сард болсон үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хандив тусламж, гарсан зардлыг хуваарилах тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэсэн болно.
Иймд “Үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хандив тусламж, гарсан зардлыг хуваарилах тухай" Хурлын байгууллагын 46 дугаар тогтоол нь шударга ёсны зарчимд нийцүүлэн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудал болох үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хандив тусламж, гарсан зардлыг хуваарилсан хууль ёсны шийдвэр юм гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтад “Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг ... засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн шатны Засаг дарга, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдэд тэдгээрийн удирдлага зохион байгуулж, хэрэгжүүлнэ” гэж заасан. Бид хуульд заасан эрх хэмжээний хүрээнд тухайн жилийн төсвийн 1 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтийг гамшгаас хамгаалах зардалд тусгуулахаар Сангийн яаманд захиалга хүргүүлсэн боловч тус яамнаас улсын хэмжээнд улсын төсвийн 1 хувьтай тэнцэх хэмжээний төсвийг Монгол Улсын Шадар сайдын багцад шилжүүлсэн, аймаг орон нутгийн хувьд Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулаад тэрнээс илүү гарсан мөнгийг Засгийн газарт хандаж шийдвэрлүүлнэ гэсэн чиглэл өгсөн. Харин 2018 онд гамшгийн зардал батлагдаагүй, зөвхөн Засаг даргын нөөц хөрөнгөд тодорхой төсөв батлагдсан бөгөөд үүнийг зориулалтын дагуу гамшгийн зардал болон бусад зардалд зарцуулсан байгаа. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан болно.
Нэхэмжлэгч талын ярьж байгаа 1.223. 000.000 төгрөгийн талаар тайлбар хэлэхэд, эхний 15 000 ам.долларын хувьд Хятад Улсын Элчин сайд манай аймагт ажиллахдаа 5.000 ам.долларыг өөрөө иргэдэд бэлэн мөнгөөр буюу нэг өрхөд 200 ам.доллароор тарааж, 15. 000 ам.долларыг өөрсдөө шийдээд гамшгийн зардалд зарцуулаарай гэж өгснөөр бид түүнийг нийтийн хандивын мөнгөнд оруулсан юм.
Хоёрдугаарт, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас цугларсан 170.000.000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сард аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комисстой хамтарч Төрийн банк болон ХААН банкнаас аудитын зөвшөөрлийн дагуу хоёр данс нээж, иргэд, байгууллагуудад албан бичгээр болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр уриалга гаргаж, үерийн улмаас учирсан хохирлыг аргилахад тусламж үзүүлэхийг хүссэний үндсэн дээр дээрх 170.000.000 төгрөг цугларсан байгаа. 2018 оны 07 дугаар сард болсон үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, бусад үйл ажиллагаанд зарцуулах зардлын тооцоог гаргахад аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө хүрэхгүй болсон нь тогтоогдсон учраас Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдад хэд хэдэн удаа хандсан. Дээрээс нь энэ асуудлыг олон улсын байгууллага, гадаад улсын Элчин сайдад хүргүүлэхийг хүссэн. Үүний дагуу Монгол Улсын Шадар сайд Казакстан Улсын Элчин сайдад хандаад хариуг аймгийн Засаг даргад ирүүлсэн юм. Үүний дараа Казахстан Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 500.000 ам.доллар олгосон. Уг мөнгийг хэрхэн яаж зарцуулах вэ гэдэг асуудлыг шийдвэрлэх үүднээс Улаанбаатар хотод Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсэгт манай аймгийн Засаг дарга багтсан. Энэхүү ажлын хэсгээс манай аймагт болсон үерийн улмаас учирсан хохирлыг арилгахад зориулагдсан тусламжийн мөнгийг тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тусламжийн мөнгийг зөв хуваарилсан гэж үзэж байгаа. Энэ мөнгөнөөс төрийн байгууллага буюу аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 25.00.000 төгрөг шийдэж өгсөн нь буруу гэж нэхэмжлэгч тал маргаж байгаа боловч тухайн байгууллага иргэдийн адил гамшигт нэрвэгдэж, хор хохирол хүлээсэн гэдийг дурдах нь зүйтэй байна. Гамшгийн дараах хор хохирлыг арилгах, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн ажилд зарцуулахад 488.000.000 төгрөг, гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдэд байшин барихад 510.000.000 төгрөгийг зарцуулахаар тус тус хуваарилсан. 488.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан жолооч нарт өгсөн эсхүл бензин шатахуунд өгсөн асуудал байхгүй, эрүүл ахуй, халдваргүйжүүлэлт, айл өрхүүдийн хашаа хороог цэвэрлэх ажил буюу хохирсон иргэдэд чиглэгдсэн үйл ажиллагаанд зарцуулагдсан болно. Яагаад гэвэл гамшгаас бий болсон хог хаягдлыг тухайн үед хурдан цэвэрлэж дуусаагүй байсан бол халдварт өвчин тарах аюултай байсан, иймээс бид эхний ээлжид “Жол” ХХК-д хандсан. “Жол” ХХК нь гамшгаас бий болсон хог хаягдал, тоос шороог арилгах техник тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадвартай байсан тул тус компанид бид нар албан бичгээр хандсан. Ингэхдээ “Жол” ХХК нь нийт ажлын даалгаврыг гаргаж, төсөв гаргаж тэрний дагуу гэрээ байгуулбал бид нар хийхэд бэлэн, тэгэхгүй бол бид ажлаа шууд эхлүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүний дагуу бид нар хийх ажлын төлөвлөгөөг гаргаж Өлгий сумын 2, 3, 12, 13 дугаар багийн үер буусан газрын зургийг гаргаж, Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу орон нутгийн радио болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар тарааж аймагт үйл ажиллагаа явуулдаг бүх ковш техникийн машины жолооч нарыг цуглуулж эхний ээлжид зээлээр үйлчилгээ хийлгэж дараа нь төлөхөөр болж тэр хүмүүстэй тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн үед эрүүл ахуй ,халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүлж бага зардлаар амжилттай дуусгасан. Харин 51.000.000 төгрөгийн санхүүжилтээр үерт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдэд байшин барьж өгөхөөр шийдвэрлэсэн боловч хүйтний улиралд шилжсэн учраас өнгөрсөн онд байшин барьж амжаагүй. Харин эндээс долоо хоногийн өмнө тендер нь зарлагдаад 56-60 орчим байшин барихаар болсон байгаа. 510.000.000 төгрөг нь хэдийгээр гаднаас орж ирсэн тусламжийн мөнгө ч гэсэн түүний зарцуулалтыг Монгол Улсын хуулиар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, иргэдэд 5-10 сая төгрөгөөр бэлэн мөнгө тарааж өгөөд дураараа байшин барь гэж болохгүй, энэ нь өөрөө холбогдох хууль тогтоомжийн дагуу тендерийн бичиг баримт боловсруулж, Засаг даргын захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хороо тендер сонгон шалгаруулалт хийгээд үерт нэрвэгдэж гэр оронгүй болсон иргэдэд нэгдсэн байдлаар байшин барьж өгч орон байртай болох асуудлыг шийдвэрлэх юм. Түүнээс биш хэн нэгний эрх ашгийг бодоод хууль бус үйлдэл хийсэн асуудал байхгүй болно. Миний сонссоноор 510.000.000 төгрөгийн санхүүжилтээр 56 айл баригдах юм байна. Үерт нэрвэгдсэн айл, өрхүүдээс гэр аваагүй, өөр тусламж аваагүй айл, өрхүүдийг ажлын хэсэг шалгаруулж 56 айлыг орон байртай болгоно.
Нэхэмжлэл гаргасан 11 иргэн үнэхээр тусламж аваагүй байвал шинээр баригдах 56 айлаас байшин авах боломжтой гэдгийг дурдах нь зүйтэй байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үерийн усанд нэрвэгдсэн иргэдийг хохирлын хэмжээгээр нь бага эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, их эрсдэлтэй гэж гурван төрөлд хувааж, 200.000.000 төгрөгийг бэлэн хэлбэрээр тарааж өгсөн. Үүнээс гадна аймаг, орон нутаг, улсын нөөц хөрөнгөөс үерийн улмаас учруулсан хохирлыг арилгахад санхүүжилт гараагүй гэсэн иргэдийн дунд буруу мэдээлэл байдаг. Тухайн жилийн нөөц хөрөнгийн 30 хувьтай тэнцэх санхүүжилтийг үерийн улмаас учруулсан хохирлыг арилгахад болон бусад 2018 онд гарсан гамшгийн зардал холбогдох хууль, журмын дагуу төлөвлөн зарцуулсан болно. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 230 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймагт 500.000.000 гаруй төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэр гаргаад үүний дагуу 80 ширхэг иж бүрэн гэр 200.000.000 төгрөг, “УАЗ” маркийн нэг авто машин 31.000.000 сая төгрөг, ус тээвэрлэх нэг машин 43.000.000 төгрөг, бохир цэвэрлэх нэг машин 53.000.000 төгрөг, ковш техникийн машин нэг, үнэ 135.000.000 төгрөг, улсын нөөцөөс олгосон бараа материалыг Баян-Өлгий аймагт хүргэх зардалд 48.000.000 төгрөг гарч, нийтдээ 510.000. 000 төгрөгийн санхүүжилтийг манай аймагт зориулж Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргасан.
Засгийн газрын тусламжаар ирсэн 80 гэрийг бид орон гэргүй болсон өрхүүдэд шударга, ил тод байдлаар тарааж өгсөн болно. 400.000 ам.долларыг ер нь гамшгийн улмаас учирсан бүх хохиролд зориулан зарцуулаарай гэсэн чиглэл өгөгдсөний дагуу тусламжийн мөнгийг Хурлаар шийдвэрлэсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гарсны дараа Сангийн яаманд тусламжийн мөнгийг ийм байдлаар хуваарилж шийдвэрлэнэ гэж тайлан тооцоог хүргүүлж санхүүжилтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын нэмэлт дансанд шилжүүлж өгөхийг хүссэн бөгөөд үүний дагуу Хурлын шийдвэр гарсны дараа Сангийн яамнаас шилжүүлсэн болно. Хэрэв ямар нэгэн байдлаар хууль зөрчиж хуваарилалт хийсэн бол энэ мөнгө Сангийн яамнаас орж ирэхгүй байх байсан. Өөрөөр хэлбэл, энэхүү тусламжийн мөнгийг Засгийн газрын хяналтын доор зарцуулсан гэж ойлгож болно. Тусламжийн мөнгөнөөс томилолтын зардал олгоогүй. 2018 оны 07 дугаар сард болсон үерийн асуудалд холбоотой 768 000 000 төгрөг зарцуулагдахаар байна гэсэн урьдчилсан байдлаар тооцоо гаргасан.
Гамшгийн асуудал өөрөө хуулийн дагуу шийдвэрлэгдэх ёстой. 07 дугаар сард болсон аймгийн Онцгой комиссын хурлаар эхний ээлжид Өлгий сумын аль багийн нутаг дэвсгэрт үерийн ус орсон бэ гэдэг мэдээллийг Цаг уур орчны шинжилгээний албанаас авахад Өлгий сумын 2, 3, 12, 13 дугаар багт үер буусан гэсэн мэдээлэл өгсөн. Үүний дагуу бид нар Өлгий сумын 2, 3, 12, 13 дугаар багуудыг үерт нэрвэгдсэн гэж үзэж тухайн багт оршин сууж, үерт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлээд эдгээр 4 багт эрүүл ахуй халдваргүйжүүлэлт хийсэн болно. Үүнээс өөр багт байрлах айл, өрхүүдийн хашаа, гудамж, талбайг цэвэрлэсэн асуудал байхгүй, дээрх 4 багт чиглэж үйл ажиллагаа явуулсан болно. Нэхэмжлэгч А.Нуртуган нь орон нутгийг хөгжүүлэх сангаас санхүүжилт босгох боломжтой байсан гэж байна. Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө нь өөрөө зориулалтын дагуу зарцуулагдах хатуу журамтай. Орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгийг зарцуулахдаа тухайн орон нутгийн иргэдийн саналыг авах зэрэг тодорхой шалгуур үзүүлэлтийг давж зориулалтын дагуу зарцуулдаг болохоос уг мөнгийг бусад асуудалд зарцуулах хуулийн зохицуулалт байхгүй гэдгийг ойлгох нь зүйтэй байна.
Тийм учраас Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит бус VII дугаар хуралдааны “Үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хандив тусламж, гарсан зардлыг хуваарилах тухай” 46 дугаар тогтоол хуульд нийцсэн, тусламжийн мөнгийг Хурлаас үерт нэрвэгдсэн иргэдэд тэгш хүртээхээр эрх хэмжээний хүрээнд хуваарилалт хийсэн учраас дээрх тогтоолыг хүчингүй болгох боломжгүй гэж үзэж байна. Уг тогтоолд тусгасан 488.000.000 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулж дууссан, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хашаа, албан байрыг засварлахад 25.000.000 төгрөг гаргаж өгсөн ба уг мөнгөөр засварын ажлыг хийж дууссан. Үлдсэн 510.000.000 төгрөгт бид тендер зарласан бөгөөд уг мөнгөөр байшин барьж дууссаны дараа ажлын комисс нэн шаардлагатай иргэдэд эхний ээлжид хуваарилж өгөх байх. Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хүчингүй болгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.
Гуравдагч этгээд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа:
2018 оны 07 дугаар сарын 14-18-ний өдрүүдийн хооронд орсон хүчтэй борооны улмаас буусан уулын үер усны гамшигт Өлгий сумын 13 дугаар багт байрлах аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын 1 дүгээр давхар бүрэн автагдаж хими, нян судлалын лабораторийн тоног төхөөрөмж, компьютер, принтер, тавилга, эд хогшил үерийн усанд үлдэж эвдэрч хэмхэрсэн бөгөөд 1 дүгээр давхрын цонх, шал, хананд бүрэн засвар хийхгүй бол ашиглах боломжгүй болсон, шалны доороос химийн бодисын урвал өгч давсны хүчил мөөгөнцөр ургаж, ажилчдын амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж хэвийн ажиллах нөхцөл бүрэн алдагдсан байсан. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын газрын байранд яаралтай засвар үйлчилгээ хийж ажилтнуудын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх талаар болон учирсан хохирлын талаар холбогдох улсын байцаагч нарын дүгнэлт, гамшгийн байцаагчийн акт тогтоогдсон билээ.
Энэхүү үүссэн нөхцөл байдлын талаар аймаг, орон нутагт удаа дараа хүсэлт тавьж учирсан хохирлыг барагдуулах засвар хийх ажилд тусламж дэмжлэг хүссэн боловч аймаг, орон нутгаас ямар ч тусламж дэмжлэг үзүүлэх санхүүгийн боломжгүй гэсэн хариу өгч байсан.
Онцгой комиссын 5 удаагийн хуралд Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.М оролцож, манай байгууллагын хохирлыг арилгахад тусламж үзүүлэхийг хүсэж нөхцөл байдлыг танилцуулж байсан юм. Мэргэжлийн хяналтын газар өөрөө иргэдийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа байгууллага бөгөөд манай байгууллагын ажилтан, албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, ариутгал, халдваргүйжүүлэлт, үерт нэрвэгдсэн иргэдэд олгогдох хоол хүнсэнд хяналт тавьж ажилласан билээ. Тухайн үед манайд учирсан хохирлын талаар аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа хүсэлт тавьж, учирсан бодит хохирлыг тооцуулж акт, дүгнэлттэйгээ хүргүүлсэн байгаа.
Иймд Онцгой байдлын газрын гамшгийн байцаагчийн хохирол тогтоосон акт, үнэлгээний комиссын дүгнэлтээр тогтоогдсон барилгад болон тавилга, тоног төхөөрөмжид учирсан хохирол болох 32 сая төгрөгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII дугаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж өгөх хүсэлтээ Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн дарга,төлөөлөгч аймгийн Засаг дарга нарт гаргасан.
Мэргэжлийн хяналтын газрын гаргасан хүсэлтийг аймгийн Хурлын хуралдаанд оруулж аймгийн Засаг даргын орлогч Ш.Х танилцуулсны дагуу төлөөлөгчид 100 хувь саналаа хэлж “Мэргэжлийн хяналтын газрын барилга нь үер усны гамшигт нэрвэгдсэн нь үнэн, энд аймгийн 60 иргэн өдрийн 8 цаг ажиллаж, амьдарч байгаа тул нөхцөл байдал нь үнэхээр хүнд байгааг харгалзах хэрэгтэй” гэдэг саналуудаа хэлж Мэргэжлийн хяналтын газрын зүгээс гаргасан санал болох 32.000.000 төгрөгийн хохирлын үнээс 7.000.000 төгрөгийг зориулалтын бус байна гэж хасаж 25.000.000 төгрөгийг зардлын зориулалтад тохирно гэж үзээд хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар тус газрын барилгын засварт олгохыг дэмжиж шийдвэрлэсэн. Тэгээд хуулийн дагуу тендер зарлаад засварын ажлыг бүрэн хийж дууссан юм. Барилгын засвар үйлчилгээний ажилд 49.000.000 төгрөг зарцуулахаар төсөв гаргасан ба Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас 2018 оны 10 дугаар сард 24.000.000 төгрөг олгосон байгаа. Бүгд Найрамдах Казакстан Улсын Элчин сайдаас ирүүлсэн чиглэлд “...нийтийн албаны нийгмийн зайлшгүй шаардлагатай объектууд, бусад...” гэж заасан байгаа. Тэгэхээр манай Мэргэжлийн хяналтын газар бол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийтийн албаны зайлшгүй шаардлагатай объект гэж үзэж болно. Бүгд Найрамдах Казахстан Улсаас үзүүлсэн тусламжийн мөнгийг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгсөн учир энэ нь нэг талаар Монгол Улсын Засгийн газрын мэдлийн хөрөнгөнд шилжсэн гэсэн үг. Засгийн газар нь өөрийн мэдлийн хөрөнгөө хэрхэн шийдвэрлэх нь өөрийн бүрэн эрхийн асуудал гэж үзнэ. Нэгэнт Бүгд Найрамдах Казакстан Улсын Элчин сайдаас тусламжийн хөрөнгийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх хүсэлтээ гаргаж шийдвэр гаргах эрхийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд шилжүүлсэн байх тул Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хэрхэн шийдвэр гаргах нь өөрийн бүрэн эрхийн асуудал бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид бол Баян-Өлгий аймгийн 103.000 иргэдийн хууль ёсны төлөөлөл тул ард түмний шийдвэрт зүй ёсоор тооцогдоно. Хурлын байгууллагаас гаргасан уг шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие дааж шийдвэрлэх эрхтэй” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр мөн юм. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийн хүсье гэв.
Нэхэмжлэгч талын өмгөөлөгч С.Нургайыпаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь дараах байдлаар үндэслэлтэй гэж үзнэ. Гаднаас ирсэн тусламжийн мөнгийг гамшигт өртсөн иргэдэд тэгш хуваарилаагүйн улмаас нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөж, одоо хүртэл гамшгийн улмаас учирсан хохирол арилаагүй байгаа. Хандивын мөнгөн хөрөнгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуваарилалт хийхдээ хаалттай, тэгш бус байдлаар, иргэдээс санал хүсэлт авалгүй, хүртээх ёсгүй байгууллагад хуваарилж шийдвэрлэсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хандивын мөнгийг хуваарилах гэж байгаа талаар иргэд мэдээгүй, иргэдийн төлөөллийг хуралдаанд оролцуулаагүй юм. Харин хариуцагч талаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь өөрөө иргэдийн төлөөлөл учраас тэднийг оролцуулсан гэх тайлбар үндэслэлгүй байгаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандивын мөнгийг хуваарилах чиглэл өгсөн боловч үүнд иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хуваарилахыг хандивлагч байгууллагаас санал болгосон байх тул уг саналыг зайлшгүй харгалзан үзэх ёстой байсан. Казакстан улсын Элчин сайдаас ирүүлсэн албан бичигт “...Мөнгөн тусламж олгохдоо доорх асуудлыг онцгойлон анхаарахыг хүсье...” гэж дурдсан. Үүний дагуу тус улсаас олгосон мөнгөн тусламжийг хуваарилах ёстой байсан гэж бид үзэж байгаа. Үүнд ил тод, шударга, тэгш байдлаар, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотойгоор олон нийтэд нээлттэй хуваарилах ёстой байсан боловч ийм байдлаар хуваарилалт хийгээгүй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 23 төлөөлөгч хаалттай байдлаар хуралдаад нийгмийн байгууллага, гамшигт нэрвэгдсэн иргэдийн төлөөллийг болон хэвлэл мэдээллийн байгууллагыг оролцуулаагүй хуваарилалт хийж, тогтоол гаргасныг гамшигт нэрвэгдсэн иргэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хандивын мөнгөн тусламжийг зайлшгүй шаардлагатай айл, өрхийг орон байраар хангах, нийгмийн байгууллага, сургууль, цэцэрлэг болон бусад гэж заасан байх бөгөөд нийгмийн зайлшгүй шаардлагатай байгууллагад сургууль, цэцэрлэг ордог болохоос төрийн бусад байгууллагыг хамруулахгүй гэдгийг ойлгох нь зүйтэй байна. Гамшгийн улмаас орон байргүй болсон айл, өрхүүдийг орон байраар хангах чиглэл хүргүүлсэн ба гамшгийн улмаас хэчнээн айл, өрх орон байргүй болсон талаарх тооцоо судалгаа хангалттай хийгдсэн байдаг. Энэ талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, 200-300 айл, өрх орон байргүй болсон гэж аймгийн Засаг даргын орлогч А.К гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн. Хандивын мөнгөн тусламжийг хуваарилах үеэр хамгийн түрүүнд орон байргүй болсон айл, өрхүүдийг орон байртай болох асуудлыг шийдвэрлэх ёстой байсан боловч хандивын мөнгөний талаас дээш хувийг бусад үйл ажиллагаанд буюу цэвэрлэгээ үйлчилгээнд зарцуулсан. Хурлаас 510.000.000 төгрөгөөр 56 айлын байшин барихаар төлөвлөж, тогтоол гаргасан нь үлдсэн өрхийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Засаг дарга, Хурал хуваарилалт хийх ёстой байсан бол шударгаар, тэгш хуваарилалт хийж, хандивын мөнгийг хохирсон иргэдэд тэгш хуваарилах ёстой байсан. Ингэж 56 айлыг орон байртай болгосноор цаана нь орон байргүй үлдсэн олон айл өрхүүд өрсөлдөх асуудал гардаг. 50.000 ам.доллароос хэтрэхгүй санхүүжилтээр үерийн үр дагаврыг арилгах, эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээнд зарцуулна гэж саналд тодорхой заасан байхад 1/3 илүү хэмжээний санхүүжилтийг үерийн үр дагаврыг арилгахтай холбоотой арга хэмжээнд зарцуулсан байдаг. Үерийн үр дагаврыг арилгахдаа шатахуун түгээх станцуудаас зээлээр шатахуун авсан ба хандивын мөнгөөр төлсөн гэж ярьж болохгүй, хандивлагч орны онцгойлон анхаарахыг хүссэн хүсэлтийг нь үл тоомсорлож хуваарилалт хийсэн үйлдэлд иргэд гомдолтой байгаа. Хоёрдугаарт, Казахстан Улсаас хохирсон иргэдэд зориулан тэрбум төгрөгийн хандивын тусламж өгсөн байхад үерийн улмаас хохирсон иргэд хохирсон хэвээр байгаа.
Хариуцагчийн төлөөлөгч сая шүүх хуралдаанд бид 200.000.000 төгрөгийг иргэдэд хуваарилж өгсөн ба үүнд иргэд маш их баярлаж байгаагаа илэрхийлсэн гэж тайлбарлаж байна, бидний өгсөн мөнгөөр байшингаа сэргээн засварлаад авсан иргэд ч байгаа гэж тайлбарлаж байна. 200.000.000 төгрөгийг тарааж өгөхөд иргэд баярлаж байгаа бол үлдсэн мөнгийг ч гэсэн иргэдэд тараах хэрэгтэй байна. Ингэвэл иргэд бүр баярлаж, өмнө нь блок байшинтай байсан бол тэр мөнгөөрөө модон байшинтай болох боломж байгаа. Ингэж хохирсон иргэдэд хувь тэнцүүлэн хуваарилж өгөх юм бол үерийн улмаас эрх ашиг нь хохирсон иргэдийн эрх ашиг сэргээгдэж, шүүхэд хандах шаардлагагүй болно гэдгийг хэлмээр байна. Тухайн жилийн аймгийн нийт төсвийн нэг хувийг гамшгаас хамгаалах арга хэмжээнд зарцуулахаар хуульчилж өгсөн байхад аймгийн удирдлагууд хуулийг зөрчиж, хуулийн дагуу төсвийг гамшгаас урьдчилан сэргийлэх ажиллагаанд зарцуулдаггүй, Казахстан Улсад итгэсэн асуудал байгаа. Тэгж болохгүй гэдгийг төрөөс хуулиар зохицуулж өгсөн байна.
Тухайн жилийн нийт төсвийн нэг хувийг гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон гамшгийн улмаас бий болсон аливаа хохирлыг арилгахад зарцуулахаар хуульчилсан боловч хуулийг огт биелүүлээгүй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төсвийг батлахдаа анхаарч үзээгүй орхигдуулсан байна. Үүнээс гадна гамшгийн хохиролд зарцуулах төсвийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөд тусгасан байхад Засаг дарга гамшигт зарцуулах ёстой 300.000.000 гаруй төгрөгийн нөөц хөрөнгийг хүндэтгэлийн арга хэмжээнд зарцуулсан асуудал байгаа. Мөн аймгийн Засаг даргын нөөц сангаас зарим иргэдийн эмчилгээний зардал болон тэтгэвэр тэтгэмж, шагналын мөнгийг гаргуулсан асуудал байгаа. Уг хөрөнгийг дээрх байдлаар гамшгийн хор хохирлыг арилгахад зарцуулсан бол өнөөдөр ийм маргаан гарахгүй байсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ч гэсэн орон байргүй болсон айл, өрхүүдэд зориулан 56 байшин барьж өгнө, харин энэ тэндээс байр, байшин түрээслэн авсан иргэдэд туслахгүй гэсэн байдлаар хандаж байна. Үерийн улмаас хохирсон 1000-аад өрхөд 5000 гаруй иргэд байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн эрх ашгийн үүднээс хуваарилалт хийхгүйгээр, дур мэдэн шийдвэрлэж зөвхөн 56 айлын байшин барихаар төлөвлөж, зарцуулсан байдаг. Энэ асуудлыг тендерээр шийдвэрлэж байгаа нь А.Н төлөөлөгчийн хэлсэнчлэн зураг төсөв, тендер, компанийн эрх ашиг гээд хандивын мөнгийг үрэн таран хийснээс үүнийг иргэдэд хувь тэнцүүлэн тэгш хуваарилж өгвөл илүү үр дүнтэй болно гэдгийг хэлмээр байна. Ийм байдлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Гамшгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг ноцтой зөрчсөн байх бөгөөд хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар энэ асуудлыг Засаг дарга шийдвэрлэх ёстой байсан боловч Засаг даргаас бид Казакстан Улсаас тусламж хүссэн тэр тусламжийн мөнгөөр шийдвэрлэнэ гэж гамшгийн хор хохирлыг арилгах асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлээгүй, Казакстан Улсаас ирсэн хандивын мөнгийг хүртэл тус улсын Элчин сайдаас ирүүлсэн хүсэлт, чиглэлийн дагуу зарцуулах шийдвэр гараагүй юм. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-д заасан “Төрийн болон нутгийн захиргааны байгууллага тухайн жилийн төсвийн 1.0 хувийг, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд төлөвлөж зарцуулна” гэснийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зөрчиж батлаагүй явдалд иргэн хариуцлага хүлээх ёсгүй. Өөрөөр хэлбэл, тухайн жилийн нийт төсвийн 1.0 хувиас доошгүй хэмжээний хөрөнгө аймгийн гамшгаас хамгаалах төсөвт байх ёстой боловч ийм мөнгө байгаагүй явдалд иргэн хариуцлага хүлээхгүй. Үүнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хураас батлаагүй гэж Казакстан Улсаас хохирсон иргэдэд зориулагдаж ирсэн хандивын мөнгийг улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх асуудалд зарцуулсан нь хуульд нийцэхгүй байна. Иймд иргэдийн эрх ашгийг хамгаалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгч талын өмгөөлөгч Е.Төлеугээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Казакстан Улсаас ирсэн мөнгөн тусламжийг тус Улсын Элчин сайдын яамнаас ирүүлсэн саналын дагуу хуваарилсан гэдэгт санал нийлэхгүй байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нь иргэдийн төлөөлөл бөгөөд нийгэмд болж бүтэхгүй байгаа аливаа асуудал, ард түмэнд тулгарч байгаа бэрхшээлийг хуралдаанаар шийдвэрлэдэг. Баян-Өлгий аймагт нэг бус будаа иргэдэд их хэмжээний хохирол учруулсан байгалийн гамшиг болсон. Казакстан Улсаас ирсэн мөнгөн тусламжийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуваарилахдаа иргэдийн оролцоог хангаж төлөөллийг оролцуулан хэвлэл мэдээллийг оролцуулаад олон нийтэд ил тод байдлыг хангаад шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг байсан. Гэтэл нэг талыг барьж өөрсдийн давуу байдлыг ашиглаж шийдвэрлэсэн бөгөөд үүний улмаас эрх ашиг нь хохирсон гэсэн 11 иргэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хандив, тусламжийн мөнгийг хуваарилахдаа ямар аргачлал, заавраар хуваарилсан нь, мөн хохирсон иргэдэд тэгш байдлаар хүртээсэн нь тодорхой бус байгаа.
Иргэдэд учруулсан хохирлыг арилгаагүй, ард түмэн хохирч байхад төрийн байгууллагад хандивын мөнгөнөөс 25.000.000 төгрөг хуваарилж өгсөн нь хуульд нийцэхгүй байна.
Байгууллагыг тохижуулах, засвар үйлчилгээ, өргөтгөл хийх төсөв төрийн байгууллагын өөрт байдаг. Гэтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өөрсдөө дүгнэлтээ гаргаад иргэдэд ирсэн туламжийн мөнгөнөөс албаны байрны засвар үйлчилгээний зардлыг гаргуулж авсан нь буруу байна. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө нь асар их төсөвтэй, нөөц хөрөнгөөс онц байдалд зарцуулах төсвийг хууль, журмаар зохицуулсан байдаг. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийг хүндэтгэлийн арга хэмжээ болон шагнал урамшуулалд зарцуулчхаад гамшгийн зардалгүй болж, гамшиг тохилдсон үед гамшигт нэрвэгдсэн иргэдэд ирсэн тусламжийн мөнгөнөөс зарцуулсанд иргэд бухимдалтай байгаа. Аймгийн Засаг дарга ямар шагнал олгох эрх хэмжээтэйг, мөн мөнгөн шагнал урамшуулал олгох журмыг Засгийн газрын тогтоолоор баталсан. Гэвч аймгийн Засаг дарга холбогдох хууль, журмыг илт зөрчиж аймгийн шилдэг, аймгийн аварга гэх мэтийн шагналд нөөц хөрөнгөөс мөнгөн урамшуулал олгосон асуудал байгаа. Хандивын мөнгийг хуваарилсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хууль зөрчсөн, иргэдийн эрх ашгийг хөндсөн, бодит байдалд нийцээгүй учраас уг тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлэн дахин тогтоол гаргах нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2018 оны 07 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд үерийн гамшиг болж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын тодорхой нутаг дэвсгэрийг хамарчээ. Уг гамшигт 626 га газар өртөж, 196 га газарт үерийн ус тогтсон, ...аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байр, мөн тухайн үед ажилласан ажлын хэсгийн судалгаагаар нийт 973 айл өрх үерт нэрвэгдэж, их, дунд, бага хэмжээний эд хөрөнгийн хохирол амссан, түүнчлэн үерийн улмаас бохирдол үүссэн гэх орчны газрыг цэвэрлэх, эрүүл ахуйн шаардлага хангах зорилгоор ариутгал халдваргүйжүүлэлт хийх зэргээр хүрээлэн буй орчинд нөлөөлсөн сөрөг үр дагаврыг нэн даруй арилгах шаардлага үүссэн байжээ[1].
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/536, А/537 дугаар захирамжаар гамшгийн улмаас иргэдэд учирсан хохирлын хэмжээг тогтоох, үерт өртсөн айл өрхүүдийн орчны газарт ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ хийх ажлын хэсэг байгуулагдаж ажилласан байх ба тухайн үед ажлын хэсгээс иргэдийн орон байр, эд хөрөнгөд 15.600.000.000 төгрөгийн хохирол учирсан талаар урьдчилсан дүн гаргасан нь, мөн үерийн усанд автсан нутаг дэвсгэрт үүссэн хог хаягдлыг ачиж цэвэрлэхэд 489.000.000 төгрөг, тухайн орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд 149.000.000, гэр оронгүй иргэдэд үзүүлсэн хүнсний тусламжийн зардалд 53.200.000, үерийн далан босгож сэргээхэд 68.700.000 төгрөг, эм хангамжийн зардалд 2.500.000, нийт 762.400.000 төгрөгийн зардал гарч, уг ажиллагааг зээлээр гүйцэтгэсэн гэх үйл баримт Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга нарт хандаж санхүүгийн тусламж хүссэн агуулга бүхий аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 24, 25-ны өдрүүдийн 1-01/950, 1-01/959, 1-01/955, 1-01/965, 1-01/963, 08 дугаар сарын 09-ний өдрийн 1-01/1025, 08 дугаар сарын 16-ны өдрийн 1-01/1073, 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1-01/1262 дугаартай албан бичгүүдийн агуулгаар тодорхойлогдож байна.
Үүнээс үзэхэд үерийн гамшгийн улмаас иргэдийн орон байр,эд хөрөнгөд 15.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол гамшгаас хамгаалах бусад үйл ажиллагаанд 762.4 сая төгрөг шаардлагатай байжээ.
“Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа” гэдэгт Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа хамаардаг бол “гамшгийн хор уршиг” гэдгийг 4.1.14 зааснаар гамшгийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, мал, амьтан хорогдсон, эд хөрөнгө үрэгдсэн, хүрээлэн байгаа орчинд нөлөөлсөн сөрөг үр дагаврыг, “гамшгийн хор уршгийг арилгах” гэж 4.1.15-д зааснаар гамшгийн хор уршгийг багасгах, хоёрдогч аюулын шинж чанарыг бууруулах, гамшгийг гэтлэн давахад чиглэсэн хойшлуулшгүй үйл ажиллагааг, “хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа” гэж 4.1.16-д зааснаар гамшгийн улмаас үүссэн нөхцөлийг хэвийн байдалд оруулахад чиглэсэн шинээр босгох, сэргээн засварлах арга хэмжээг тус тус ойлгохоор байна.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны санхүүжилтийг Гамшгаас хамгаалах тухай хуульд дараах байдлаар зохицуулсан байх ба үүнд 21 дүгээр зүйлийн 21.2-т хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах зардлыг улсын хэмжээнд Засгийн газар, орон нутгийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ гэж, Засаг дарга нь 32 дугаар зүйлийн 32.1.1-д зааснаар нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх ...бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, 51 дүгээр зүйлийн 51.1-д төсвийн ерөнхийлөн захирагч нь жил бүрийн төсвийн багцдаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж, зардлыг тусгана гэж, 51.3-т аймаг, нийслэл, сум, дүүрэг нь тухайн жилийн төсвийн 1.0 хувийг орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж, гамшгаас хамгаалах арга хэмжээнд төлөвлөж зарцуулна гэж, 51.4-т ...аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр тус тус заажээ.
Гэвч эрх бүхий этгээдийн шийдвэрээр 2018 оны орон нутгийн төсвийг батлах үед гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зориулж хуульд заасан хэмжээний төсөв батлагдаагүй нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай “Аймгийн 2018 оны төсөв батлах тухай” тогтоол, шүүхэд хариу мэдэгдсэн аймгийн Хурлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1-02/159 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийг авч болно гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг Засгийн газраас баталсан журмын дагуу зохицуулна гэж, Засгийн газрын 2018 оны 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”-ын Нэгийн 1.2-т гамшгийн улмаас учирсан хохирол, хэрэгцээний үнэлгээг үндэслэн дотоодын хүмүүнлэгийн тусламж хүсэх, уриалга гаргах шийдвэрийг ...орон нутагт тухайн шатны Засаг дарга гаргана, Хоёрын 2.1-д мөнгөн хөрөнгөөр үзүүлсэн дотоодын хүмүүнлэгийн тусламжийг төрийн сангийн нэмэлт дансанд хүлээн авч бүртгэнэ гэж тус тус заажээ.
Дээрх журамд зааснаар үерийн гамшиг учирсан тухайн үедээ аймгийн Засаг даргын Тамгын газраас дотоодын хүмүүнлэгийн тусламж хүсэж, уриалга гаргасны үндсэн дээр төрийн сангийн нэмэлт дансанд 170.000.000 төгрөг цугларсан байжээ. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайд Баян-Өлгий аймагт биечлэн ирсэн тухайн үедээ бэлнээр 20.000 ам.долларын тусламж үзүүлж, үүнээс 5.000 ам.долларыг иргэдэд бэлнээр тарааж, 15.000 ам.долларыг гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдуулж өгсөн зэрэг үйл баримтууд маргаан бүхий захиргааны акт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, онцгой комиссын хурлын тэмдэглэлийн холбогдох хэсэг, гэрч аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Д.Бекболат нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т зааснаар хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд олон улсын хүмүүнлэгийн тусламжийг авч болохоор, 39.1-д гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээг үндэслэн Улсын онцгой комисс олон улсын хүмүүнлэгийн тусламж авах саналыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлнэ гэж заасан байх ба Баян-Өлгий аймгийн Засаг даргаас үерийн гамшгийн улмаас иргэдэд учирсан хохирол болон гамшгаас хамгаалах бусад үйл ажиллагаанд шаардлагатай байгаа дээрх хэмжээний мөнгөн хөрөнгийг орон нутгийн төсвөөс гаргах боломжгүйг танилцуулж, олон улсын хүмүүнлэгийн тусламж авах саналыг эрх бүхий газарт гаргасантай Засгийн газар танилцаж, хуульд заасан журмаар Бүгд Найрамдах Казакстан Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлэхийг уриалснаар тус Улс нь Монгол Улсад 500. 000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ. Үүнээс 400.000 ам долларыг Монгол Улсын Засгийн газраас Баян-Өлгий аймагт хуваарилсан нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугар сарын 02-ны өдрийн ЗГ/-2/419 дугаартай албан бичиг, Бүгд Найрамдах Казакстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хы 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хүмүүнлэгийн тусламжийн тухай” албан бичиг, хэрэгт авагдсан энэ талаарх бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдуулан Бүгд Найрамдах Казакстан Улсаас үзүүлсэн хүмүүнлэгийн дээрх тусламжийн ашиглалтыг газар дээр нь зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, зарцуулалтад хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг байгуулсан байх ба бүрэлдэхүүнд нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга багтсан байжээ.
Улмаар аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-01/1389 дугаартай албан бичгээр хүмүүнлэгийн уг тусламжийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Хурлын байгууллагад хандсанаар аймгийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 133 дугаартай тогтоолоор Хурлын ээлжит бус VII дугаар хуралдааныг 11 дүгээр сарын 12-ны өдөр хуралдуулахаар товлон зарлаж, тус хуралдаанаар үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн тусламж, гарсан зардлыг хуваарилах тухай асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоожээ.
Хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, улмаар Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 46 дугаартай “Үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хандив тусламж, гарсан зардлыг хуваарилах тухай” тогтоолоор дээр дурдсан дотоодын хүмүүнлэгийн тусламжийн 170.000.000 сая төгрөг, Бүгд Найрамдах Казакстан Улсын Засгийн газраас үзүүлсэн 400.000 ам. долларын тусламж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдаас үзүүлсэн 15.000 ам.долларын тусламж буюу нийт 1.223.000.000 төгрөгийн тусламжийг эхний ээлжид үерт нэрвэгдэж хүнд хэцүү байгаа өрхүүдэд мөнгөн тусламж үзүүлэх үндэслэлээр 200.000.000 төгрөгийг, гамшгийн дараах хор хохирлыг арилгах, эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн ажлын зардалд 488.000.000 төгрөг, орон гэргүй болсон айл өрхүүдэд байшин барих зориулалтаар 510.000.000 төгрөг, үерт өртсөн гэх аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрны засварт 25.000.000 төгрөгийг тус тус хуваарилахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нараас энэхүү тогтоолын гамшгийн дараах хор хохирлыг арилгах, эрүүл ахуй халдваргүйжүүлэлтийн ажилд ...488.000.000 төгрөг, орон гэргүй болсон айл өрхүүдэд байшин барих зориулалтаар 510.000.000 төгрөг, үерт өртсөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрны засварт 25.000.000 төгрөгийг хуваарилсан хэсгийг хүчингүй болгож, энэхүү 1.023.000.000 төгрөгийг Хурлын байгууллагаас дахин хуваарилахдаа Бүгд Найрамдах Казакстан Улсын саналыг харгалзан ил тод, шударга хуваарилахыг, хүмүүнлэгийн тусламжийг үйлчилгээ үзүүлэх зэрэг зардалд хуваарилахгүй байхыг, үерийн үр дагаврыг арилгах, эрүүл ахуй халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд 50.000 ам.доллароос хэтрэхгүй санхүүжилт хуваарилахыг, орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510.000.000 төгрөгийг хохирлын хэмжээгээр хувь тэнцүүлэн гамшигт өртсөн иргэдэд бэлэн мөнгөөр тарааж өгөхийг тус тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгахыг хүссэн боловч шүүхээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. Үүнд:
Нэгдүгээрт
Маргаан бүхий захиргааны актаар хуваарилсан нийт 1.223.000.000 төгрөг нь дээрх байдлаар дотоодын хүмүүнлэгийн тусламжийн 170.000.000 сая төгрөг, Бүгд Найрамдах Казакстан Улсын Засгийн газраас үзүүлсэн 400.000 ам. долларын тусламж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдаас үзүүлсэн гэх 15.000 ам.долларын тусламжийн мөнгөнөөс тус тус бүрдсэн байх ба Засгийн газрын 2018 оны 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”-ын Гурвын 3.1-д дотоодын хүмүүнлэгийн тусламжийг аж ахуйн нэгж байгууллагаас тусгайлан нэр зааж ирүүлэхээс бусад тохиолдолд хэрэгцээ шаардлагыг үндэслэн хуваарилан олгох асуудлыг ...орон нутагт Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан.
Энэхүү журмын зорилго нь гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүнээс үзүүлсэн бараа материал, мөнгөн хөрөнгийг хүлээн авч байршуулах, ...хуваарилах, зарцуулах харилцааг мөн зохицуулахад орших бөгөөд журмын Нэгийн 1.2-т заасан журмаар аймгийн Засаг даргын Тамгын газраас дотоодын хүмүүнлэгийн тусламж хүсэж, уриалга гаргасны үндсэн дээр Хоёрын 2.1-д зааснаар төрийн сангийн нэмэлт дансанд цугларсан гэх дотоодын хүмүүнлэгийн тусламжийн 170. 000.000 төгрөгийг журмын Гурвын 3.1-д заасанчлан хэрэгцээ шаардлагыг үндэслэн иргэдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх, орон байр барьж өгөх, үерт өртсөн орчны эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийн ажлын зардал, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрны засвар хийхэд шаардлагатай нийт 1.223.000.000 төгрөгийн бүрдэл хэсэг болгож хуваарилсан нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 271 дүгээр тогтоолын Гурвын 3.1-д заасантай нийцсэн, энэ нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.
Хоёрдугаарт
Маргаан бүхий тогтоолоор хуваарилсан 1.223.000.000 төгрөгийн зарим хэсэг болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдаас үзүүлсэн гэх 15.000 ам.долларын хувьд энэ нь мөн гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдуулж үзүүлсэн тусламж байх тул маргаан бүхий захиргааны актад заасан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардлагатай нийт 1.223.000.000 төгрөгийн бүрдэл хэсэг болгож хуваарилсан нь Гамшгаас хамгаалах тухай 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасан үр дагаврыг арилгахад чиглэгдсэн, уг мөнгөн хөрөнгө нь өгөгдсөн зориулалтын дагуу хуваарилагдсан гэж үзэхээр байна.
Гуравдугаарт
Үерийн гамшгийн үр дагаврыг төсвийн хөрөнгөөр арилгах боломжгүйд хүрч хуульд заасан журмаар Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Казакстан Улсын Засгийн газарт хандах замаар ирүүлсэн 400.000 ам.доллар нь гамшгийн хор уршгийг арилгахад зориулагдсан мөнгөн хөрөнгө бөгөөд гамшгийн хор уршгийг арилгах гэдэг нь гагцхүү иргэдэд учирсан эд хөрөнгийн хохирлыг барагдуулах талаарх ойлголт биш юм.
Гамшгаас хамгаалах тухай хуульд гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зардлыг дээрх байдлаар орон нутгийн төсвөөр санхүүжүүлэхээр заасан байх боловч энэ төрлийн зардлыг тухайн 2018 онд эрх бүхий этгээдээс батлагдаагүй, орон нутгийн төсөвт энэ ангиллын зардал байхгүй тохиолдолд гамшгийн хор уршгийг арилгахад шаардагдах мөнгөн хөрөнгийг хууль, журамд зааснаар дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламж хүсэх замаар бий болгож, хэрэгцээ шаардлагыг үндэслэн маргаан бүхий тогтоолд заасан зориулалтаар хуваарилсныг буруутгах үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл хүмүүнлэгийн тусламжийн мөнгөн хөрөнгийг маргаан бүхий захиргааны актад заасан зориулалтаар хуваарилсан нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, уг шийдвэр нь бүхэлдээ нийтийн ашиг сонирхолд чиглэсэн гэж үзэхээр байна. Учир нь, Хурлын тогтоолоор бусдаас цугларсан нийт 1.223.000.000 төгрөгийн 710 000 000 төгрөгийг бэлэн мөнгө, байшин барих зориулалтаар иргэдэд, 25.000 .000 төгрөгийг хуулийн этгээдэд, 488.000.000 төгрөгийг гамшигт өртсөн орчны газрын ариутгал, халдваргүйжүүлэлтийн зардалд хуваарилсан байна. Гамшгийн улмаас хүрээлэн байгаа орчинд нөлөөлсөн сөрөг үр дагавар болох хог хаягдал, бусад байдлаар бохирлогдсон гэх талбайг цэвэрлэх, эрүүл ахуйн шаардлага хангах зорилгоор хөрсний ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажиллагаа хийх нь үүссэн нөхцөл байдлыг хэвийн байдалд оруулах, нийтэд халдварт өвчин тусах зэргээр хоёрдогч аюул бий болохоос урьдчилан сэргийлсэн, гамшгийг давахад чиглэсэн хойшлуулшгүй үйл ажиллагаа тул энэ нь гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагааны чухал шаардлагатай хэсэг мөн юм.
Иймээс нэхэмжлэгч талын маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хүссэн маргааныг дээрх үндэслэлүүдээр хангах боломжгүй, Хурлын байгууллагаас 1.223.000.000 төгрөгийн 200.000.000 төгрөгийг иргэдэд бэлнээр тараахаар шийдвэрлэснээс бусад 1.023.000.000 төгрөгийг дахин хуваарилах үндэслэл байхгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч талаас Хурлын байгууллага нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрны засварт дээрх мөнгөнөөс 25.000.000 төгрөгийг хуваарилсан нь буруу, иргэдэд байшин барьж өгөхөд зориулж 510.000.000 төгрөг хуваарилсныг иргэдэд учирсан хохирлын хэмжээгээр хувь тэнцүүлж бэлнээр хуваарилах ёстой, Бүгд Найрамдах Казакстан Улсаас үзүүлсэн тусламжийн мөнгийг хуваарилахдаа тус Улсын Элчин сайд Хы албан бичигт дурдсан саналыг харгалзаагүй, Засаг даргын нөөц хөрөнгөөс гамшгийн зардлыг шийдвэрлэх ёстой гэх маргаанд дараах байдлаар дүгнэлт хийлээ.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрны засварт 25.000.000 төгрөгийг хуваарилсан нь буруу гэх маргааны тухайд:
Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байр нь үерт өртсөнөөс байгууллагын 1 дүгээр давхарт засвар хийж хэвийн байдалд оруулах шаардлага үүссэн буюу эд хөрөнгийн хохирол учирч үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн нь, байрны засварын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай төсвийн хэмжээ нь 49.300.000 төгрөг байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т төрийн болон нутгийн захиргааны байгууллага тухайн жилийн төсвийн 1.0 хувийг ...гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд төлөвлөж зарцуулна, 51 дүгээр зүйлийн 51.4-т улсын хэмжээнд гамшгаас хамгаалах төвлөрсөн арга хэмжээний зардлыг улсын төсвөөс, аймаг, нийслэл, сум дүүргийн гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд зардлаа өөрөө хариуцна гэж заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны төсөвт хуульд заасанчлан гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд зориулагдсан зардал батлагдаагүй нь, харин байгууллагад хийгдэх урсгал засварын жилийн зардалд 4.120.800 төгрөг төсөвлөгдөж, сард 343.400 төгрөгийн төсвийн хуваарьтай уг зардал нь 2018 оны 04 дүгээр сарын байдлаар бусад засварын ажилд зарцуулагдсан нь, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас төсвийн боломжит хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрны засварт шаардагдах 49.300.000 төгрөгийн 24.300.000 төгрөгийг шийдвэрлэж, 25.000.000 төгрөгийн санхүүжилт шаардлагатай болсон нь тогтоогдож байна.
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас дээрх байдлаар 24.300.000 төгрөгийг шийдвэрлэж өгснийг төрийн захиргааны байгууллага нь хуульд зааснаар үерийн улмаас өөрт учирсан хохирлыг төсвийн боломжийн хүрээнд шийдвэрлэсэн байх ба өөрийн санхүүгийн нөөц боломжоос хэтэрсэн хэсгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандсанаар маргаан бүхий захиргааны актаар хүмүүнлэгийн тусламжийн хөрөнгийн зохих хэсэг буюу 25.000.000 төгрөгийг байгууллагын байрны засварын ажлын зориулалтаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Учир нь хуульд зааснаар төрийн байгууллага гамшгийн улмаас учирсан хохирлыг эхний ээлжид өөрөө бүрэн хариуцахаар байгаа боловч бодит байдалд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын төсөвт энэ төрлийн зардал батлагдаагүй, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас учирсан хохирлын 49.3 хувь буюу 24 300 000 төгрөгийг төсвийн боломжит хэмжээнд шийдвэрлэснийг төрийн байгууллага нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51.4-т заасан үүргийг биелүүлж ажилласан гэж үзэхээр байна. Мөн учирсан хохирлын хэмжээ нь төрийн байгууллагын өөрийн санхүүгийн нөөц боломжоос давсан, орон нутгийн төсвөөс энэ хэмжээний хохирлыг шийдвэрлэх боломжгүй байгаа тохиолдолд төрийн байгууллагын үйл ажиллагаа нь тасралтгүй явагдах хэрэгцээ шаардлагыг харгалзан гамшгийн хор уршгийг арилгахад зориулагдсан дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжаас бүрдсэн 1. 223.000.000 төгрөгийн 25.000.000 төгрөгийг төрийн байгууллагын засварын ажлын зориулалтаар шийдвэрлэснийг шууд байдлаар буруу гэж үзэхээргүй байна.
Гамшгийн хор уршиг гэдгийг зөвхөн иргэдийн эд хөрөнгөд учирсан хохирол гэж ойлгохгүй бөгөөд дээрх 1 223 000 000 төгрөгийн тусламжийн мөнгөн хөрөнгө нь бүхэлдээ иргэдэд учирсан хохирлыг арилгахад зориулагдаагүйг, иргэдэд учирсан хохирлоос гадна маргаан бүхий захиргааны актад дурдсан гамшгаас хамгаалах бусад үйл ажиллагааг зайлшгүй явуулах шаардлага тухайн үед үүссэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэдэд байшин барихад зориулж хуваарилсан 510.000.000 төгрөгийг иргэдэд учирсан хохирлын хэмжээгээр хувь тэнцүүлж бэлнээр хуваарилах ёстой гэх маргааны тухайд:
Нэхэмжлэгч талаас энэхүү маргааны үндэслэлээ 510.000.000 төгрөгт иргэдэд орон байр барих асуудлыг төр хариуцаж тендер явуулах замаар гүйцэтгэх нь бидний хүсэл сонирхолд үл нийцсэн чанаргүй барилга баригдана. Иймээс мөнгөөр нь иргэд өөрсдөө байшин барьж авах хүсэлтэй байгаа гэж тайлбарлажээ.
Үерт өртсөн гэх 973 айл өрхийн 200-300 гаруй өрх орон байргүй болсныг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 230 дугаартай тогтоолоор тооны хувьд 80 гэр/иж бүрэн/, бусад төрийн бус байгууллагын дэмжлэгээр 110 гаруй гэрийг олгож тус тус орон гэргүй болсон иргэдэд дэмжлэг үзүүлснийг, цаашид орон гэрээр хангагдаагүй иргэд байгаа гэх тайлбарыг хариуцагч талаас гаргасан. Иргэдийг орон гэртэй болгох хэрэгцээ шаардлагаар маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгээр хүмүүнлэгийн тусламжийн 1.223.000.000 төгрөгийн 510.000.000 төгрөгийг энэ төрлийн зардалд хуваарилсан нь нийтийн эрх ашигт чиглэсэн, уг шийдвэр нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн агуулгагүй байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 46 дугаартай тогтоолын холбогдох хэсгээр зөвхөн иргэдэд орон байр барих төсвийн хэмжээг 510.000.000 төгрөг байхаар шийдвэрлэсэн, уг шийдвэр нь цаашид баригдах орон байрны тоо, барилгын материалын төрөл чанар, талбайн хэмжээг тодорхойлсон агуулгагүй тул нэхэмжлэгч талын дээрх мөнгөөр чанаргүй байр баригдах болно гэх маргаан нь маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийн үндэслэлд хамааралгүй, дээрх хэмжээний мөнгөөр ямар төрлийн хэдэн байр баригдах нь тусдаа асуудал байна гэж үзлээ.
Бүгд Найрамдах Казакстан Улсаас үзүүлсэн тусламжийг мөнгийг хуваарилахдаа тус улсын Элчин сайд Х.Х албан бичигт дурдсан саналыг харгалзаагүй гэх маргааны тухайд:
Дээрх байдлаар Бүгд Найрамдах Казакстан Улсаас гамшгийн хор ургийг арилгахад зориулж Монгол Улсад үзүүлсэн тусламжийн мөнгөн хөрөнгийн 400.000 ам долларыг Засгийн газраас Баян-Өлгий аймагт хуваарилсны дараа тус Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичгээр Баян-Өлгий аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж, олгогдсон тусламжийг хуваарилах, захиран зарцуулах ажлыг ил тод, шударга, нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн оролцоотойгоор олон нийтэд нээлттэй явуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэж, олгогдсон мөнгөн тусламжийг бодит төслүүдэд зарцуулах, тухайлбал зайлшгүй шаардлагатай байгаа айл өрхүүдийг орон байраар, мөн нийгмийн зайлшгүй обьект /сургууль цэцэрлэг, бусад/-оор хангах, түүнчлэн хүмүүнлэгийн тусламжийн үйлчилгээ үзүүлэх зэрэг зардалд зарцуулахгүй байх, үерийн үр дагаврыг арилгах, эрүүл ахуй, тархвар судлалын үйл ажиллагаанд 50.000 ам.доллароос хэтрэхгүй санхүүжилт хуваарилахыг онцгойлон анхаарах санал гаргасан байжээ.
Бүгд Найрамдах Казакстан Улсаас үзүүлсэн мөнгөн тусламжийг гамшгийг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулахаар дээрх байдлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлж хуваарилсан, тусламж үзүүлэгч талын саналд үерийн үр дагаврыг арилгахад 50.000 ам.доллар буюу Монгол банкны тус аймаг дахь салбарын тодорхойлсноор[2] тухайн үеийн америк долларын төгрөгтэй харьцах ханшаар тооцоход 128. 244.500 төгрөгөөс хэтрэхгүй санхүүжилт хуваарилахаар тусгасан байх боловч дээр дурдсанаар гамшгийн үр дагаврыг төсвийн хөрөнгөөр арилгах боломжгүйд хүрч хуульд заасан журмаар Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Казакстан Улсын Засгийн газарт хандаж тусламж хүсэх замаар ирүүлсэн 400.000 ам.доллар бүхий мөнгөн хөрөнгийн 488.000.000 төгрөгийг буюу дээрх саналд тусгасан мөнгөн хөрөнгийн хэмжээнээс 359.755. 500 төгрөгөөр илүү хөрөнгийг орчны газрын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд зарцуулахаар шийдвэрлэсэн нь гамшгийн улмаас үүссэн нөхцөлийг хэвийн байдалд оруулахад чиглэгдсэн хойшлуулшгүй ажиллагаа мөн бөгөөд гамшгийн дараах орчинд нөлөөлсөн сөрөг үр дагаврыг зайлшгүй арилгах, нийтэд халдварт өвчин тусах буюу хоёрдогч аюул үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилготой нийтийн эрх ашигт чиглэсэн байх тул маргаан бүхий захиргааны актын энэ хэсэг нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасантай нийцсэн гэж үзэхээр байна.
Уг саналд мөн тусламжийн мөнгийг тухайлбал зайлшгүй шаардлагатай байгаа айл өрхүүдийг орон байраар, мөн нийгмийн зайлшгүй обьект /сургууль цэцэрлэг, бусад/-оор хангах гэж тусгасан байх ба аймгийн Хурлаас мөнгөн тусламжийн 510.000.000 төгрөгийг иргэдэд орон байр барихад зарцуулахаар шийдвэрлэсэн нь уг саналд нийцсэн. Мөн гамшигт өртсөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрны засварт 25.000.000 төгрөгийг хуваарилахаар шийдвэрлэснийг тусламж үзүүлэгч талын саналд тусгасан нийгмийн зайлшгүй бусад обьектоор хангах гэдэгт нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг гамшигт өртсөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрыг сэргээн засварлах тохиолдол хамаарна гэх хариуцагч, гуравдагч этгээдийн маргааныг үндэслэлгүй гэж үзэхээргүй байна.
Засаг даргын нөөц хөрөнгөөс гамшгийн зардлыг шийдвэрлэх ёстой гэх маргааны тухайд:
Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 239 дүгээр тушаалаар “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ыг баталсан байх ба журмын Хоёрын 2.1-д зааснаар Засаг даргын нөөц хөрөнгийг 2.1.1-д заасан хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин, хортон мэрэгчид тархах зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон, нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн осол гарсан үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах, 2.1.2-т заасан үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс барилга байгууламж, шугам, сүлжээ, тоног төхөөрөмж эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэрэг техникийн холбогдолтой томоохон осол гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, хохирлыг арилгах, 2.1.3-т заасан Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх зэрэгт зориулагдахаар байна.
Журмын Хоёрын 2.2-т Засаг даргын нөөц хөрөнгийг орон нутгийн төсөвт нийт дүнгээр тусган тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулна гэж, 2.3-т Энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдсон арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж нийт батлагдсан хөрөнгийн 30-аас доошгүй хувийг Засаг даргын нөөцөд байлгана гэж заасан байх ба 2018 онд орон нутгийн төсөвт аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн хэмжээг Хурлын байгууллагаас 227.128. 000 төгрөгөөр тусган баталсан нь аймгийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай “Аймгийн 2018 оны төсөв батлах тухай” тогтоолоор тодорхойлогдож байна. Энэ үнийн дүнгээс 30 хувийг тооцоход журмын 2.1.1, 2.1.2-т заасан хохирлыг арилгах арга хэмжээнд зориулагдах Засаг даргын нөөцөд байх санхүүжилтийн хэмжээ нь 68.138.400 төгрөг байх ба энэ нь үерийн гамшгаас гадна журмын 2.1.1, 2.1.2-т заасан бусад арга хэмжээнүүдэд зориулагдсан зардал байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтнээс Засаг даргын нөөц хөрөнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төсөв нь үер болсон 2018 оны 07 дугаар сар хүртэл 23.519.817 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг, төсөвлөгдсөн нийт мөнгө нь үерийн гамшгийн үед болон бусад арга хэмжээнд зарцуулагдаж дууссан талаарх хариуг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч талаас Засаг даргын нөөц хөрөнгөөр гамшгийн хор уршгийг арилгах ёстой гэх маргаан нь үндэслэлтэй боловч дээрх байдлаар иргэдэд учирсан эд хөрөнгийн хохирол 15.600.000.000 төгрөг, гамшгаас хамгаалах бусад үйл ажиллагааны зардал 762.400.000 төгрөг байгаа нь энэ төрлийн арга хэмжээнд батлагдсан Засаг даргын нөөцөд байх тухайн жилийн нийт төсөв 68.138.400 төгрөгөөс гамшгийн хор уршиг давсан буюу энэ хэмжээний төсвөөр дээрх хор уршгийг арилгах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн журмын Гурвын 3.4-т энэ журмын 2.1.1, 2.1.2 дахь хэсэгт заасан хохирлыг арилгахтай холбогдон Засгийн газрын нөөц сангаас нэмэлт хөрөнгө гаргах зайлшгүй шаардлагатай бол тухайн шатны Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан зардлын тайлан, тооцоо, тайлбар, танилцуулгыг нэмж шаардагдах зардлын саналын хамт Онцгой байдлын Ерөнхий газарт ирүүлнэ заасан байх ба Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 230 дугаартай “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын холбогдох хэсгээр Засгийн газрын нөөц сангаас 541.694.800 төгрөг гаргахаар шийдвэрлэж, үүний 466.794.800 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад, үлдсэн 74.900.000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад зөвшөөрч, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд нийт санхүүжилтээс 510.694.800 төгрөгийн үнийн дүнтэй /аймагт хүргэх зардлын хамтаар/ 80 ширхэг иж бүрэн гэр , УАЗ-22069 фургон загварын автомашин, ус тээвэрлэгч автомашин, бохир тээвэрлэгч автомашин, дугуйт ачигч түрэгч зэрэг биет хөрөнгийн тусламж үзүүлсэн байна.
Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд Засаг даргын нөөц хөрөнгөөс гамшгийн хор уршгийг арилгахад шаардагдах дээр дурдсан хэмжээний мөнгөн хөрөнгийг гаргах боломжгүй байсан нь тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд, маргааны үйл баримт, тогтоогдсон бодит нөхцөл байдал, холбогдох хууль, журмын зохицуулалтуудыг үндэслэн нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг ханган шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Е.Х нарын нэр бүхий 11 хүний тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит бус VII дугаар хуралдааны 46 дугаартай “Үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд үзүүлсэн хандив тусламж, гарсан зардлыг хуваарилах тухай” тогтоолын 1 дэх хэсгийн ...гамшгийн дараах хор хохирлыг арилгах, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн ажилд тухайн үед зээлээр гүйцэтгэсэн ажлын зардалд 488.000.000 төгрөг, орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510.000.000 төгрөг, үерт өртсөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрны засварт 25.000.000 төгрөгийг тус тус хуваарилахаар тогтоосныг хүчингүй болгох, тусламжийн мөнгө болох 1.023.000.000 төгрөгийг Бүгд Найрамдах Казакстан Улсын саналыг харгалзан ил тод, шударга хуваарилахыг, хүмүүнлэгийн тусламжийг үйлчилгээ үзүүлэх зэрэг зардалд хуваарилахгүй байхыг, үерийн үр дагаврыг арилгах, эрүүл ахуйн халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд 50.000 ам.доллароос хэтрэхгүй санхүүжилт хуваарилахыг, орон гэргүй болсон өрхүүдэд байшин барьж өгөхөд зориулан 510.000.000 төгрөгийг хохирлын хэмжээгээр хувь тэнцүүлэн гамшигт өртсөн иргэдэд бэлэн мөнгөөр тарааж өгөхийг тус тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.РИЗА
[1] Өлгий сумын үерт өртсөн газрын тойм зураг, үерт нэрвэгдсэн айл өрхийн судалгаа /3 дугаар хавтас, 34, 55-76 дугаар хуудас/,
[2] 3 дугаар хавтас 83 дугаар хуудас