| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 160/2018/0038/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2018-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 15
|
|
П.Бт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Батсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, П.Бт холбогдох 1712002050015 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Архангай аймгийн суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ,,газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Пийн Б
П.Б нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж баг, Манхар гэх газар иргэн П.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар бие махбодид нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас П.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор: “Шүүгдэгч Бовгийн Пийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан П.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Шүүгдэгч П.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, Хохирогч П.Бийн цаашид гарах эмчилгээний зардалд тооцож нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.”
Хохирогч П.Бийн гаргасан давж заалдах гомдолд: “2018 оны 02 сарын 01-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргах нь: Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж баг Манхар гэх газар хээр хонинд явган явж байгаад эхлээд түүний найз Д.Отгонбаяр нь согтуу байсан. Намайг өдөөн хатгаж нэр төрөөр доромжлон үүний дараа нь согтуу П.Б нь худал мэдүүлэг өгсөн байна. Мотоцикль нь өндөр хаазтай над дээр ирсэн бол сонсогдоно. П.Бын мэдүүлгийг уншиж үзэхэд зарим мэдүүлэг нь худал өгсөн байна. П.Б над дээр мотоцикльтой ирээд мотоциклио туслах хөл дээр тавилгүй шууд л газар орхиод бас дээр үеийн надтай хувийн өс хонзонгийн гэдгээ өөрөө хэлсэн. Хүний олон хүнээ барьдаггүй гэж хэлсэн. Тэгээд намайг шууд барьж аваад хамар болон зулай руу 5-6 удаа мөргөсөн. П.Бын мөргөсний улмаас амбулаторын картнаас үзэхэд чих хамар хоолойн эмчийн үзлэгт 2017 оны 10 сарын 24-ний өдөр зовиур хамар орчим хөндүүрлэнэ, үнэр мэдрэхгүй, гэмтлийн түүх 7 хоногийн өмнө хүнд зодуулж гэмтэл авсан. Сумын эмчээр цөмрөл гаргаж чихээс хийлгэсэн. Үзлэгт хамрын амьсгал саадтай гадна хэлбэр алдагдсан тэмтрэлтээр эмзэглэлтэй хөдөлгөөнтэй хамрыг дурандахад 1/3 таславч 1/3 баруун тийш муруйсан самалдагт тулсан гэж шүүхийн шинжээч эмчийн дүгнэлт гарсан. П.Бт зодуулснаас болоод биеийн байдал муу. Толгой эргэж өвчнөө эмээр дарж өдөр хоногийг өнгөрөөж байна. Тэгээд Эрдэнэтэд ирээд бүсийн оношлогооны эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд хүнээс мөнгө зээлж авч эм тарианд залгасан. П.Бын 1 сая төгрөгийг хүнээс зээл авсан мөнгө өгөөд дууссан миний хамар хөнгөн гэмтэл авсан болохоос одоо бол энгийн хүний нүдээр харахад арай хэтэрхий цөмөрхий болгосон байгаа юм. П.Бт намайг зодуулж байхад араас Д.О эхнэртэйгээ, П.Бын эхнэр ирсэн боловч Д.О нь бид хоёрыг салгаагүй. Д.О нь мэдүүлэг өгөхдөө салгасан гэж худал мэдүүлэг өгсөн байна. Хэрвээ бид хоёрыг салгасан бол миний бие эрүүл мэнд болон ажил төрөл хохирохгүй байсан. Эдгээр хүмүүст их гомдолтой байна. Гэмт хэргийн улмаас одоог хүртэл ажил хийж чадаагүй. Мөн өрхийн орлого байхгүй маш хэцүү өдөр хоногийг өнгөрөөж байна. Ар гэр байнгын мөнгө төгрөгөөр дутагдаж түлээ түлшгүй П.Бт мөргүүлсний улмаас энгийн ажил хөдөлмөр хийхэд хүндрэлтэй байнгын толгой өвдөн томографийн рентген шинжилгээгээр зүүн нүдний ухархайн дотор талын ялтас бага зэрэг хөндий рүү өөрчлөлттэй гэсэн. Миний бие П.Бт зодуулснаас илт мэдрэгдэж байна. Зовхи унжиж зураас гарч нүдний ухархай руу халуу дүүгэж хатгаж өвдөн нүд байнгын бүлцийж хавагнаж байгаа. Насан туршдаа эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй сэтгэл санааны байнгын гүн хямралтай болсон. Иймд П.Б нь надад гарсан хохирлыг бүрэн төлөөгүй, П.Б нь өөрөө шүүх хурал дээр цаашид хохирогчид гарах эмчилгээний болон бусад зардлыг гаргаж өгнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд чих хамар хоолойн эмч зөвлөснөөр хамрын муруйг тэгшлэх хагалгаанд орох зардлыг гаргуулж авмаар байна. Эдгээрийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Ам бүл 4, Т-ийн Эажилгүй, жирэмсэний улмаас хяналтанд байдаг. Б.Я ерөнхий боловсролын сургуульд 2-р ангид сурдаг. Б.Буянбаатар 1 ой, 8 сартай. Гэмт хэрэгт хохирогч болоогүй байхад ажил хийж ар гэрээ тэжээдэг байсан. Одоо өрхийн орлого байхгүй улмаас өөрийнхөө монетан бөгж эхнэрийнхээ монетан ээмэг бөгжийг ломбарданд тавьж түлээ түлш хоол хүнс түр хугацаагаар залгуулж байна. Бас дээр нь эхнэр төрөх дөхсөн. Эхнэр маань өрхийн орлогогүйн улмаас сэтгэл санаа тавгүй байна. Эхнэрийн сэтгэл санаа нь тавгүйтэж зүрх нь өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Зүрхний хэм алдагдсанаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Шүлхий өвчин гарсны улмаас өргөдлийг явуулах хот хоорондын унаа олдохгүй байгаа тул үүнийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйл, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн П.Бт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцож дараах дүгнэлтийг байна. Шүүгдэгч П.Б нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгорж баг, Манхар гэх газарт иргэн П.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Уг хэргийг Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Дээрх шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн тогтоол гарсан. Хууль зөрчсөн зөрчилгүй тогтоол учраас хохирогчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч өмгөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоол хууль зөрчөөгүй, үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчээс хохирол төлбөрт 1 000 000 төгрөг өгсөн. Хохирогчийн давж заалдах гомдолд хамрын таславчны муруйлтыг тэгшлэх хагалгаанд ормоор байна гэсэн байна. Дээрх тайлбарыг мөн л анхан шатны шүүх дээр гаргаж байсан. Гэхдээ баримтаа гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргийг үндэслээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогч П.Бийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлыг хянах эрхийг шүүхэд олгосон байна.
Хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хохирогч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар маргаантай, шүүгдэгч хохирлыг төлөх эсэхээ бичгээр илэрхийлээгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, улмаар шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар хохирогч П.Бийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.
Мөн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын тогтоох хэсгийн 2 дах заалтаар хэн гэдэг шинжээчийг томилсон нь тодорхойгүй атлаа шинжээчид мэдэгдэхийг шинжилгээний байгууллагад даалгасан, 4 дэх заалтаар дүгнэлтийг 2017 оны 10 сарын 20-ны өдрийн дотор гаргахыг хэн гэх шинжээчид даалгасан, 2018 оны 01 сарын 19-ний өдрийн нэмэлт шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шинжилгээний ямар байгууллагыг томилсон, 3 дах заалтад шинжээчийн дүгнэлтийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн дотор гаргахыг хэн гэх шинжээчид даалгасан зэрэг нь тодорхойгүй, 4 дэх заалт хэн гэх шинжээчийн мэдэлд юу шилжүүлсэн нь ойлгомжгүй, 5 дах заалтаар хэнд эрх, үүрэг тайлбарласан нь тодорхойгүй байхад шинжээч Б.Отгонжаргал танилцсан шинжээч гэж гарын үсэг зурж, улмаар дүгнэлт гаргасныг мөрдөгчийн тогтоолын дагуу томилогдсон шинжээч гэж үзэхэд эргэлзээтэй, шинжээч томилсон тогтоол нь хуульд нийцээгүй байна. /хх-46 хуудас/
Шүүгдэгч П.Бын холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэг шүүхэд очтол П.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
М.МӨНХДАВАА