Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0766

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Д-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/ 1 дугаар захирамжаар эзэмших эрх олгогдсон, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо ны нутаг дэвсгэрт байрлах 4760 м.кв, нэгж талбарын 17081100826 дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/ дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 649 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0322/З          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Д  нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/ 1 дугаар захирамжаар эзэмших эрх олгогдсон, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо ны нутаг дэвсгэрт байрлах 4760 м.кв, нэгж талбарын 17081100826 дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/ дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.   

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 649 дүгээр шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 34 дүгээр зүйлийн 34.6.3-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/ дугаар захирамжийг газрын байршлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. ...Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтын дагуу дахин шинэ акт гаргуулахаар шийдвэрлэхдээ “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэх нөхцөл яаж хангагдаж байгаа тухай буюу яг юуг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж байгаа талаараа тайлбарлаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйл огт байхгүй гэж үзэж байна.

3.2. Харин ч дахин шинэ акт гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдөх нөхцөл байдлыг үүсгэж байна. Учир нь хариуцагч тал шүүхэд хандахаас өмнө, шүүх хурал дээр ч тэр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо , Айцын даваан дээрх байршилд нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх санал гаргаж байсан. Одоо хариуцагч дахин шинэ акт гаргахдаа Айцын даваан дээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргах гэж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд тус Айцын даваан дээрх байршилд газар эзэмших ямар ч ашиг сонирхол байхгүй. Айцын даваан дээр шинэ нисэхийн болон төв аймгийн гэсэн хоёр том төв замын дунд амины сууц барих ямар ч боломжгүй. Анх газар авахдаа Хан-Уул дүүргийн ... дугаар хороо , Жаргалантын аманд байршилтай газрыг Н.Б гэх хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мягмаржав гэх хүнд 65 сая төгрөг төлж эзэмших эрхийг шилжүүлэн авсан. Ингэж авахдаа Хан-Уул дүүргийн ... дугаар хороо  хариуцсан газрын албаны мэргэжилтнээр байршлыг шалгуулаад, нэгж талбарын солбицол, координатыг газар дээр нь хэмжилт хийлгэн цэгүүдийг нь тогтоолгон авсан.

3.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд: шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1-т бичсэн үндэслэлээс харвал анхан шатны шүүх маргаанд хамааралгүй, маргааны хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн байна. Энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх шалтгаан нь болсон байх боломжтой байна. Учир нь шүүх “...Ж.Д д газар эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэрийг гаргахдаа газрын байршлыг тодорхой заагаагүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн...” гэж дүгнэсэн. Ж.Д д газар эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэр нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/ 1 дугаар захирамж юм. Гэтэл энэ Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/ 1 дугаар захирамж нь маргаан бүхий акт биш юм. Харин 2019 оны А/ 1 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 04 сарын 20 өдрийн А/ дугаартай захирамж нь маргаан бүхий акт болно.

3.4. Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 7-д шүүх дүгнэсэнчлэн, ... 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн газрын албаны кадастрын зургаас үзвэл мэдээллийн санд “Хан-Уул дүүргийн ... дугаар хороо , Жаргалантын ам” гэсэн байршлын мэдээлэл орсон байгаа зэргээс үзвэл Ж.Д д газрын байршил шилжүүлэхээс өмнө тус газар нь “Хан-Уул дүүргийн ... дугаар хороо , Жаргалантын ам” гэсэн байршилд байсан нь тодорхой харагдаж байна. Иймд анхан шатны шүүх Ж.Д д газар эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэрийг гаргахдаа газрын байршлыг тодорхой заагаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Уг нь энэ асуудал нь нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/ 1 дугаар захирамжаар газар эзэмших эрх олж авахаас, мөн маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнөх асуудал юм. Хэрэв өөрчлөгдсөн бол 7 жилийн өмнө газрын байршил өөрчлөгдсөн асуудлаар Ж.Д-н газар эзэмших эрх зөрчигдөх ёсгүй.

3.5. Ж.Д  нь Н.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М гэх хүнтэй 2018 оны 05 сарын 14-нд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгээд, Хан-Уул дүүргийн 8-р хороо хариуцсан газрын албаны мэргэжилтнээр байршлыг шалгуулаад хуулийн дагуу газар эзэмших эрхээ олж авсан. Хэрвээ Н.Б гэх хүн шүүхийн дүгнэсэнчлэн 2015 оны 7 сарын 10 өдрийн А/224 дүгээр захирамжаар газрын байршлаа хууль бусаар өөрчлүүлсэн бол газрын байршил өөрчилсөн ХУД-н эрх бүхий албан тушаалтан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгуулах ёстой. Ийнхүү шалгуулж, шүүхийн шийдвэрээр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бол уг газрын байршил өөрчлөгдсөн эсэх асуудлыг хариуцагч шийдвэрлэх боломжтой. Гэтэл маргааны бүхий 2022 оны 04 сарын 20 өдрийн А/ дугаартай захирамжид “Ж.Д д газар эзэмших эрх шилжүүлж шийдвэрлэхдээ газрын байршлыг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газрын байршлыг өөрчилсөн” гэж бичсэн. Газар эзэмшигч иргэнд газрын байршлыг өөрчилж, газрын албаны мэдээллийн санд оруулах боломж байхгүй бөгөөд үүнийг газрын албаны холбогдох албан тушаалтан нь л хийх боломжтой. Нөгөөтээгүүр хэрэв газрын байршил өөрчлөгдсөн бол Ж.Д  газар шилжүүлж авахаас өмнө өөрчлөгдсөн байгаа юм. Иргэн Ж.Д-н хувьд авч байгаа газар нь өмнө ямар байршилд байсан, газар нь ямар зөрчилтэй байсан талаар мэдэх боломжгүй юм. Ямар ч зөрчилгүй, асуудалгүй гээд л газрын алба, Засаг дарга газар эзэмших эрх шилжүүлсэн. Иймээс хууль ёсны дагуу газар эзэмших эрх олж авсан нэхэмжлэгч Ж.Д-н Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан зарчмын дагуу “Хууль ёсны итгэл” хамгаалагдах ёстой.

3.6. Дээрхээс гадна, яг маргаан бүхий акт болох Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 04 сарын 20 өдрийн А/ дугаартай захирамжийн хууль зүйн үндэслэлийг шалгавал Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримталсан нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг удирдлага болгожээ. Өөрөөр хэлбэл хуулийн энэхүү заалтаар өөрөө захирамжаа хүчингүй болгох тохиолдолд хүчингүй болж буй тухайн акт нь газрын тухай хууль тогтоомж зөрчсөн буюу хууль бус байх ёстой, 21 газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх ёстой. Гэтэл 2022 оны А/ дугаар захирамжид “2019 оны А/ 1 дугаар захирамж нь ямар хууль зөрчсөн, үүний улмаас хэн гэгч газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” талаар огт бичээгүй байна. Харин эсрэгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж газаргүй болгож байна.

3.7. Үүнээс гадна, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/ 1 захирамж нь Ж.Д д эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг тодорхой заасан. Гэтэл хариуцагч нь маргаан бүхий 2022 оны 04 сарын 20 өдрийн А/ дугаартай захирамжийг гаргахдаа 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэсэн байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэлүүдээс хэрэглээгүй. Газрын тухай хуулийн 61.1-д заасан ерөнхий үндэслэл нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 48.2-т заасан тодорхой үндэслэлээр хязгаарлагдах ёстой. Хэрэв Газрын тухай хуулийн 61.1-т заасны дагуу захиргаа хэдийд ч, ямар ч хамаагүй “хууль зөрчсөн” гэх үндэслэлээр өмнө гаргасан актаа хүчингүй болгох эрхтэй гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл байхын ач холбогдол үгүй юм.

3.8. Харин газрын байршлыг зохих этгээдийн зөвшөөрөлгүй өөрчилсөн буюу Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т “захиргааны акт гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэх үндэслэл тогтоогдвол 2022 оны А/ дугаар захирамжийг зөвтгөх боломжтой. Гэхдээ захиргаа үүнийгээ нотлох ёстой. Ийм зүйл болоогүй, нотлоогүй асуудлаа газар эзэмшигч иргэн Ж.Д д тохож, эрх, хууль ёсны ашиг сохирлыг нь зөрчиж, эерэг нөлөөлөл бүхий актыг хүчингүй болгох нь үндэслэлгүй юм. Мөн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх нь хэсгийн 8-т “Н.Б 2018 оны 03 дугаар сарын 15 өдөр газрын байршил өөрчлүүлэх хүсэлт гаргасан, хүсэлтийн дагуу захирамж гараагүй гэжээ. Гэтэл уг хүсэлт нь ямар ч гарын үсэг байхгүйн зэрэгцээ нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байдаг. Энэ баримтыг шүүх шийдвэр гаргах үндэслэл болгож нотлох баримтаар үнэлсэн нь шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх нь хэсгийн 11-т шүүх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны А/284 захирамж хууль зөрчсөн тухай дурджээ. Одоогоос 7 жилийн өмнөх захирамж хууль зөрчсөн эсэх нь энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын талаар нэг ч дүгнэлт, тайлбар өгөөгүй атлаа маргаагүй актад үнэлэлт, дүгнэлт өгсөн учир дутагдалтай байна.

3.9. Дээрх нөхцөл байдлаас үзвэл анхан шатны шүүх маргааны хүрээнээс гадуурх нөхцөл байдалд ач холбогдол өгч дүгнэлт хийснээс болж шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэх нөхцөл байдлыг өөрөө өөртөө үүсгэсэн гэж үзэхээр байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08 өдрийн 0649 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж орхилоо.

2. Нэхэмжлэгч Ж.Д аас Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/ 1 дугаар захирамжаар эзэмших эрх олгогдсон, Хан-Уул дүүргийн ... дугаар хороо ны нутаг дэвсгэрт байрлах 4760 м.кв нэгж талбарын 17081100826 дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/ дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй” болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

3. Хариуцагч Хан-Уул дүүргийн засаг дарга нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...дээрх асуудлыг нягтлан шалгаж дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/ дугаар захирамжаар Ж.Д д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн дүүргийн Засаг даргын 2019 оны А/ 1 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, захирамжийн 3 дугаар заалтаар иргэн Ж.Д д амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх газрын байршлыг судалж танилцуулахыг дүүргийн Газар, зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн. Дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн А/ дугаар захирамжийг захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан хууль ёсны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж,

4. Хариуцагч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...Газар зохион байгуулалтын албанаас анх 12 дугаар хорооноос байршил шилжиж ... дугаар хороо нд буюу анхны байршил Айдсын даваан дээр буцаагаад үлдсэн 4760 м.кв газрыг байршуулах саналтай байна. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын даргад үүрэг болгосон. Тухайн байршил нь анх 12 дугаар хороонд байсан боловч 2015 онд А/284 дүгээр захирамжаар байршил шилжиж ... дугаар хороо нд ирсэн байршилд буцаагаад одоо Жаргалантын ам гэсэн болохоос биш Айдсын даваан дээрх байршил дээр нь өгөхөд татгалзах зүйлгүй...” гэж тус тус маргажээ.

5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх Н.Б нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/55 дугаар захирамжаар Хан-уул дүүргийн 12 дугаар хороо Сонгины амралтын хойд талд 7760 м.кв газрыг  15 жилийн хугацаатай мод үржүүлэхийн зориулалтаар эзэмшүүлэн гэрээ байгуулж гэрчилгээ олгосон байна.

6. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2.1-д “нотариатаар гэрчлүүлсэн гэрээ” гэж заасны дагуу дээрх 186302966890641 нэгж талбарын газраас 3000 м.кв газрыг “Петростар” ХХК-нд шилжүүлж үлдэх 4760 м.кв газрыг Н.Баянбатад 15 жилийн хугацаатай аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр Хан-Уул дүүргийн Засаг дарга 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр А/284 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн байх бөгөөд “Петростар” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон Н.Б нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийжээ.

7. Дээрх газрыг Н.Б нь “П” ХХК-нд шилжүүлэхээс өмнө буюу 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооноос ... дугаар хороо нд газраа эзэмшихээр шилжүүлж газрын нэгж талбарыг өөрчлүүлэх  хүсэлтээ Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албанд гаргасан байх боловч уг хүсэлтийг хэрхэн, яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байхад Н.Б-н газрын байршил ... дугаар хороо  болж нэгж талбарын газар нь 17081100826 болон өөрчлөгдөж газар эзэмших гэрчилгээнд бичигдсэн нь ойлгомжгүй байна.  

8.  Хан-Уул дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/ 1 дугаар захирамж гарган нэхэмжлэгч Ж.Д д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

9. Гэтэл Н.Б-с нэхэмжлэгч Ж.Д д газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа газрын нэгж талбарын дугаар зөрүүтэй, газрын байршил тодорхойгүй байхад газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх шийдвэрийг гаргасан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3“Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 31 дүгээр зүйлийн 31.3“Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.2.2 “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 34 дүгээр зүйлийн 34.6.3 “газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг, нэгж талбарын дугаар” гэж заасныг тус тус зөрчжээ.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан, энэ тохиолдолд шүүх уг зохицуулалтыг хэрэглэх боломжтой, хариуцагч нар нь нэхэмжлэгчийг оролцуулж, газрын байршлыг тодруулан, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулах, хуульд заасан үндэслэл, журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах явцад гарсан захиргааны үйл ажиллагааны алдаа, зөрчлийг засах боломжтой байна.

11. Иймд анхан шатны шүүх ...нэхэмжлэгчийг эрх хууль ёсны ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/ дугаар захирамжийг газрын байршлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл хугацаагаар 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

12. Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 649 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ