Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01857

 

 “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01508 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1498 дугаар магадлалтай

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Х” СӨХ-д холбогдох

Дундын эзэмшлийн хэрэглээний халуун, цэвэр, бохир ус, халаалтын төлбөрт 7 221 278 төгрөг, өмгөөллийн зардал 250 000 төгрөг, нотариатын зардал 9 500 төгрөг, “Меритан” ХХК-ийг төлөөлж Ус сувгийн удирдах газартай хийсэн гэрээний дагуу төлөх ёстой цэвэр, бохир ус, халаалтын төлбөр 799 000 төгрөг, нийт 8 279 778 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ялтсан бойлерийн засвар үйлчилгээний төлбөр 400 000 төгрөг, бохирын шугам сүлжээний засварын төлбөр 1 048 500 төгрөг, бөмбөлгөн хаалт суурилуулалтын төлбөр 470 000 төгрөг, хууль бусаар хураасан ЦТП зардал 74 000 төгрөг, нийт 1 992 500 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Галхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа, Б.Гантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгч Т.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хы 103/1, 103/2, 103/3 дугаар байрнуудын орон сууцны ашиглалт засвар үйлчилгээг 2014 оны 06 дугаар сараас сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хариуцан явуулж байгаа "Х” СӨХ нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дундын эзэмшлийн хэрэгцээний халуун, хүйтэн, бохир ус, халаалтын төлбөр 5 695 325 төгрөгийг төлөөгүй. Мөн 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дундын эзэмшлийн хэрэгцээний халуун, цэвэр, бохир ус, халаалтын төлбөр, тэмдэгтийн хураамжийн төлбөр, өмгөөллийн хөлс, нотариатын зардалд нийт 6 823 253,38 төгрөг дээр 2018 оны 01, 02 дугаар сарын дундын эзэмшлийн хэрэгцээний халуун, цэвэр, бохир ус, халаалтын төлбөрт 779 692 төгрөг, “Меритон” ХХК-ийг төлөөлж Ус сувгийн удирдах газартай хийсэн гэрээний дагуу цэвэр, бохир усны төлбөрт 799 000 төгрөг, нийт 1 578 692 төгрөг болж байна. Иймд хариуцагч “Х” СӨХ-оос ашиглалтын төлбөр нийт 8 401945,38 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөгс, П.Болортуяа нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад "... дундын эзэмшлийн хэрэгцээний халуун, хүйтэн, бохир ус, халаалтын төлбөр болох...” гэж дурдсан боловч үнийн дүнгээ үйлчилгээ тус бүрээр задлаагүй, уг үйлчилгээнүүд нэг үйлчилгээ биш буюу тус тусдаа хууль, дүрэм, журмаар зохицуулагддаг, тусгай зөвшөөрлийн хүрээнд явагддаг үйл ажиллагаанууд учир хэдэн сарын ямар, ямар үйлчилгээний төлбөрийг нэхэмжилсэн нь тодорхой бус байна.

Нэхэмжлэгч тал өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь хүсэл зоригийн асуудал бөгөөд зайлшгүй шүүхэд гарах зардал биш тул 250 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудаас харахад нотариатаар батлуулах зайлшгүй шаардлагагүй, шүүхэд эх хувиар гаргаж, буцаан авч нотариатын зардал гаргахгүй байж болох байсан мөн нотлох баримт гаргах нь өөрсдийн үүрэг тул 9 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь "...Х сууц өмчлөгчдийн холбоо 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дундын эзэмшлийн хэрэгцээний халуун, хүйтэн, бохир ус, халаалтын төлбөр 5 695 325 төгрөгийг төлөөгүй... гэж нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлдээ ямар хугацаанд хамааралтай, аль төлбөр нь юуны төлбөр гэж нарийн задаргааны тайлбар ирүүлээгүй. “Т” ХХК-иас ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд зөрүү гарч байна. Хэрэгт авагдсан “Т” ХХК-иас манай талд ирүүлсэн санхүүгийн нэхэмжлэлүүдээс нэг бүрчлэн тулгахад энэ хугацаанд тэдний талаас үзүүлсэн гэж үзэж байгаа үйлчилгээний нийт 7 543887,40 төгрөг /”Т” ХХК-иас гаргасан баримтад 7 543 888 төгрөг/ болж байгаа буюу үүнээс 1 859 937,50 төгрөгийг /”Т” ХХК-иас гаргасан баримтад 1 860 088 төгрөг/ тэдний тал төлөгдсөн гэж үзэх юм. Үзүүлсэн гэж үзэж байгаа 7543 877,40-1 859 937,50=5 683 949,9 төгрөг үлдэж байна. Уг хугацаанд хамаарах нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 5 695 325+5 683 949,9= 11 375.10 төгрөг ямар ч үйлчилгээний харьяалалгүй, утгагүй шүүхээр нэхэмжлэх үндэслэлгүй.

“Т” ХХК-ийн нэхэмжлэл 5 683 949,9 төгрөг дараах бүрдэлтэй. 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны04 дүгээр сарыг дуустал гараашийн дулаан 3 256 409,9 төгрөг, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сарыг дуустал орцны дулаан болох 1 989 190 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын төлбөрт үйлчилгээ 40 200 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын төлбөрт үйлчилгээ 133 800 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын төлбөрт үйлчилгээ 258 600 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын ЦТП зардал 5500 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын баримтын үнэ 250 төгрөг, үүнээс 2015 оны 09 дүгээр сарын баримтын үнэ 250 төгрөгийг манай талаас төлөх нь зүйтэй гэж 5 683 699,90 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Учир нь: Гараашийн дулаан 3 256 409,9 төгрөг болон орцны дулаан 1 989 190 төгрөг буюу нийт 5 245 599,9 төгрөгийг “Т” ХХК-иас дулааны эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлгүй тул төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

“Т” ХХК 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Эрчим хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу дулааны эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл аваагүй тул мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д заасан шаардлагыг хангахгүй байна. Иймд контор нь хуульд зааснаар эрчим хүчээр хангагч биш тул дулааны төлбөр төлөх үндэслэлгүй. “Х” СӨХ удаа дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл, Эрчим хүчний зохицуулах хороо, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаж, тус конторын үйл ажиллагаа хуульд нийцээгүй, батлагдсан тарифаас илүү төлбөр авдаг, үйлчилгээг доголдолтой үзүүлдэг, хэвийн үйл ажиллагааг хангадаггүй, СӨХ, оршин суугчдаас үндэслэлгүй төлбөр нэмж авдаг гомдол гаргаж, контороо солих өргөдлийг гаргаж байсан.

Эрчим хүчээр хангах гэрээний хугацаа дуусгавар болсон, сунгаагүй. Манай СӨХ нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд контортой хамтран ажиллах гэрээ байгуулж, эрчим хүчээр хангуулж, тооцоог дуусгасан. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй, хамтран ажиллахгүй тухайгаа удаа дараа мэдэгдэж байсан. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар бидний хооронд гэрээ байхгүй учир тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д заасны дагуу СӨХ хэрэглэгч болохгүй юм. Түүнчлэн мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар контор нь үзүүлээгүй үйлчилгээний төлбөрийг давхардуулан нэхэмжилсэн. 2014-2015 оны халаалтын улиралд гараашийн дулааныг 2014 оны 12 дугаар сарын 19-нөөс эхэлж, 2015 оны 02 дугаар сарын 28-ныг дуустал дулаан олгосон байгаа. Ингэхдээ нийт гараашид байрлах 18 регистрээс /паар/ 8 регистр халаалтаар хангаж байгаа /”Т” ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 19 тоот/. 2014 оны 12 дугаар сард гараашид дулаанаар хангасан 13 хоног, 2014 он 12, 2015 оны 01, 02 саруудад дулааны хангамж 8/18 регистр буюу 44 хувь байсан байна. Гарааш эзэмшигчид 1 шоо метрээс тарифын дагуу бүтэн сард 400 (НӨАТ-гүй) төгрөг төлөх ёстой байдаг, нэг гарааш эзэмшигч 18 шоо метр талбай эзэмшдэг. 2014 оны 12 дугаар сард нийт 114 гарааш эзэмшигчдээс нэг гараашийн дулааны төлбөрт 7754 төгрөг хурааж авсан байна. Холбогдох хууль, тарифын дагуу 13 хоног дулааны түгээлт 400/31*13=167,74 төгрөгөөс халаалт 44% буюу 167,74*44%=73,81 төгрөг болно. Нэг эзэмшигч 73,81*18=1328,58 төгрөг болж, НӨАТ нэмэхэд 1461,44 төгрөг хураах эрхтэй байсан. Бодит байдал дээр 114 гарааш*7754 төгрөг=883 956 төгрөг хурааж авснаас 114 гарааш*1461,44 төгрөг=166,604.16 төгрөг хурааж авах үндэслэлтэй бөгөөд 883,956-166 604,16= 717 351,84 төгрөгийг үзүүлээгүй үйлчилгээний төлбөрт хурааж авсан байна.

2015 оны 01 дүгээр сард нийт 114 гарааш эзэмшигчдээс нэг гараашийн дулааны төлбөр гэж 4599 төгрөг хурааж авсан. Холбогдох хууль, тарифын дагуу халаалт 44% буюу 400*44%= 176 төгрөг болно. Нэг эзэмшигч 176*18=3168 төгрөг болж, НӨАТ нэмэхэд 3484.8 төгрөг хурааж авах эрхтэй байсан. Бодит байдал дээр 114 гарааш*4599 төгрөг = 524,286 төгрөг авснаас 114 гарааш*3484.8 төгрөг= 397 267,20 төгрөг хурааж авах нь үндэслэлтэй бөгөөд 524 286-397 267,20 = 127 018,80 төгрөгийг үзүүлээгүй үйлчилгээний төлбөрт хурааж авсан байна. 2015 оны 02 дугаар сард нийт 114 гарааш эзэмшигчдээс нэг гараашийн дулааны төлбөрт 7920 төгрөг хурааж авсан. Холбогдох хууль, тарифын дагуу халаалт 44% буюу 400*44%= 176 төгрөг болно. Нэг эзэмшигч 176*18=3168 төгрөг болж, НӨАТ нэмэхэд 3484,8 төгрөг хурааж авах эрхтэй байна. Бодит байдал дээр 114 гарааш*7 920 төгрөг = 902 880 төгрөг авснаас 114 гараж*3 484,8 төгрөг=397 267,20 төгрөг хурааж авах үндэслэлтэй бөгөөд 902 880-397 267,20= 505612,80 төгрөгийг үзүүлээгүй үйлчилгээний төлбөрт хурааж авсан байна. 2015 оны 03 дугаар сарын 21-нд 18.40 минут орчимд гараашийн ус алдаж 18 регистрээс 8 регистр ажиллагаатай үлдэж 10 регистрийг хаасан байна. 2016 оны 03 дугаар сард нийт 114 гарааш эзэмшигчдээс нэг гараашийн дулааны төлбөр гэж 8280 төгрөг хурааж авсан байгаа юм. Холбогдох хууль, тарифын дагуу халаалт 2016 оны 03 дугаар сарын 21-нийг дуустал 460/30*21=322 төгрөг, 322 төгрөг*18 м.кв=5796 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 22-ноос 03 дугаар сарын 30-ныг дуустал 9 хоног буюу 460 тариф/30 хоног*9 хоног=138 төгрөгөөс 18 регистрээс 8 регистр халсан нь халаалтын 44% буюу 138 төгрөг*44%=60,72 төгрөг болж байна. Нэг эзэмшигч 5796 төгрөг + 60,72 = 5856,72 төгрөг болж, НӨАТ нэмэхэд 6442,39 төгрөг хурааж авах эрхтэй байсан байна. Бодит байдал дээр 114 гарааш*8280 төгрөг=943 920 төгрөг авснаас 114 гарааш*5 856,72 төгрөг=667 666,08 төгрөг авах үндэслэлтэй бөгөөд 943 920-667 666,08= 276 253,92 төгрөгийг үзүүлээгүй үйлчилгээний төлбөрт хурааж авсан нь дээрх хуулийг зөрчиж байна.

2016 оны 04 дүгээр сард нийт 114 гарааш эзэмшигчдээс нэг гараашийн дулааны төлбөр гэж 8 280 төгрөг хурааж авсан байгаа юм. 2016 оны 3 дугаар сарын 21-нээс эхлэн дулааны шугамд гэмтэл гарч 18 регистрээс 8 регистр халсан байна, холбогдох хууль, тарифын дагуу халаалт 44% буюу 460*44%=202,4 төгрөг болж байна. Нэг эзэмшигч 202,4*18=3643.2 төгрөг болж, НӨАТ нэмэхэд 4007.52 төгрөг хурааж авах эрхтэй байсан байна. Бодит байдал дээр 114 гарааш*8280 төгрөг=943920 төгрөг авснаас 114 гарааш*4007,52 төгрөг =456 857,28 төгрөг хурааж авах нь үндэслэлтэй бөгөөд 943 920-456 857,28= 487 062,72 төгрөгийг үзүүлээгүй үйлчилгээний төлбөрт хурааж авсан байна. 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 01, 02 дүгээр сарууд, 2016 оны 03, 04 дүгээр саруудад контор нь үзүүлээгүй үйлчилгээнд, эрчим хүчний хуулийн дагуу бус 717 351,84+127 018,80+505 612,80 + 276253,92+487 062,72=2 113 300,08 төгрөгийг хууль бусаар тооцож авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Хэрэглэгчдэд худалдах эрчим хүчний үнийг Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос баталдаг. Эрчим хүчний тухай хуульд тарифаас илүү үнээр төлбөр хураан авахыг хориглосон атал контор тус хугацаанд оршин суугчдаас, гарааш эзэмшигчдээс сар бүр 2000, 2200, 3000, 5000, 5500, 7700 төгрөг, нийт 23 133600 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Ингээд нийт 23 133 600+2 113300,08=25 246 900,08 төгрөгөөр оршин суугчид гарааш эзэмшигчдийг хохироосон байна. Контор Улаанбаатар дулааны сүлжээтэй байгуулсан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүд, бусад нотлох баримтуудаас харахад 103/1, 103/2, 103/3 дугаар байруудад хамааралтай эсэх нь тодорхой бус байна. Айл өрхийн тоо, подвалын талбайн хэмжээ болон бусад үзүүлэлт манай байруудтай нийцэхгүй. Түүнчлэн 2015 оны 09 дүгээр сарын 15-наас 2016 оны 05 дугаар сарын 15-ныг хамарсан дулааны эрчим хүчээр хангах гэрээ авагдаагүй. Иймд СӨХ хуульд зааснаар хэрэглэгч биш, үндэслэлгүй төлбөр нэхэмжилсэн, дулааны төлбөрийг давхардуулан авсан, давхардуулан авахаар нэхэмжилж байгаа тул 5 245 599,90 төгрөг төлөх үүрэг хүлээхгүй байна.

2016 оны 10, 11, 12 дугаар сарын үйлчилгээний төлбөрт 432 600 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Учир нь: 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад дундын өмчлөлд хамааралгүй, өөрийн эзэмшил /ашиглалт/ өмчлөлд байдаг шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийчихээд 432 600 төгрөг нэхэмжилсэн нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасны дагуу Ус сувгийн удирдах газар болон “Т” ХХК-ийн гэрээгээр контор үүрэг хүлээсэн байдаг, мөн хуулийн 14.2.4-т заасны дагуу контор уг засварыг өөрөө хийх байсан ба СӨХ-оос 432 600 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилсэн байна. 2015 оны 09 дүгээр сарын ЦТП зардал болох 5500 төгрөг нь Эрчим хүчний тухай хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон тарифт байхгүй бөгөөд энэ нь эрчим хүчний төлбөрийг давхардуулан авах оролдлого юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 5 683 699,90 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нь хариуцагч “Х” СӨХ-оос 2017 оны 10,11,12 дугаар сарын ашиглалтын төлбөр 746 261 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 122 167,38 төгрөгийг нэхэмжилсэн байна. Манай талаас 2017 оны 10, 11, 12 дугаар сарын орцны халаалт болох нийт 757 786 төгрөг төлөгдөөгүй байгаа хэдий ч нэхэмжлэгч тал 746 261 төгрөг нэхэмжилсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх нэхэмжилсэн үнийн дүнг хэлэлцдэг, нэхэмжлэгч 11 525 төгрөгийг нэхэмжлээгүй байна.

Хариуцагч тал 2017 оны 10,11,12 дугаар сарын орцны халаалт болох нийт 757 786 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Эрчим хүчээр хангах гэрээний хугацаа дуусгавар болсон, цаашид сунгаагүй. Манай СӨХ нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд контортой хамтран ажиллах гэрээ байгуулж, эрчим хүчээр хангуулсан. Уг хугацааны төлбөр тооцоог бүрэн дуусгасан. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй, хамтран ажиллахгүй тухайгаа мэдэгдэж байсан. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу бидний хооронд гэрээ байхгүй тул мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д заасны дагуу СӨХ нь хэрэглэгч болохгүй юм. Түүнчлэн мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан байна. Одоо болтол нэг сарын орцны халаалтын төлбөр 75 900 төгрөгөөс 284 170 төгрөг болж 3,7 дахин ихэссэн талаар албан бичиг ирүүлээгүй нэхэмжлэгч 11 525 төгрөг нэхэмжлээгүй тул 757 786 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ: 2018 оны 01, 02 дугаар саруудын дундын эзэмшлийн хэрэгцээний халуун, цэвэр, бохир ус, халаалтын төлбөрт 779 692 төгрөгийг нэмж нэхэмжилснээс цэвэр, бохир ус, усны суурь хураамж, төлбөрт үйлчилгээ 211 353 төгрөгийг шүүхээр нэхэмжлэх шаардлагагүй ба зохих хугацаандаа “Т” ХХК нь манай талд санхүүгийн нэхэмжлэлээ ирүүлсэн бол төлбөрийг шилжүүлэх байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 27-нд нэхэмжлэлээ цахим хэлбэрээр ирүүлснээр 211 353 төгрөгийн төлбөр төлөгдсөн бөгөөд 779 692-211 353=568340 төгрөг нь 01,02 дугаар сарын орцны дулаантай холбоотой ба хүлээн зөвшөөрөхгүй. Эрчим хүчээр хангах гэрээний хугацаа дуусгавар болсон, цаашид сунгаагүй. Манай СӨХ 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд контортой хамтран ажиллах гэрээ байгуулж, эрчим хүчээр хангуулж, төлбөр тооцоо дуусгасан. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй, хамтран ажиллахгүй тухай мэдэгдлээ удаа дараа мэдэгдэж байсан. Иймд нэхэмжлэх шаардлагагүй 211 353 төгрөгийг төлсөн тул хэрэгсэхгүй болгож, 568 340 төгрөгийг төлөх хуулийн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч тал 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт тайлбарын 3-т "... “Х” СӨХ-ны гүйцэтгэх захирал Н.Мягмаржав нь анх манай контортой гэрээ хийж шилжүүлэхдээ усны төлбөр 799 000 төгрөгийн өр төлбөртэй байсан бөгөөд энэ төлбөрийг хүлээлгэж өгч байгаа тал буюу “Х” СӨХ нь төлж барагдуулах ёстой байсан. Ус Сувгийн удирдах газар болон “Меритон” ХХК-ийн өмнөөс би хариуцана гэж протокол үйлдэж энэ 799 000 төгрөгийг танай контор төлчих манай СӨХ хариуд нь Ялтсан бойлерийг нэг удаа мэргэжлийн байгууллагаар угаалгуулах, бохирын хоолойг хэсэгчлэн зориулалтын хоолойгоор сольж шинэчлэх, УДЦТ-н дотор өнгө үзэмжийг сайжруулж өгье гэж харилцан тохиролцсон учраас УСУГ төлсөн усны төлбөрийг манай байгууллага дурдаагүй болно гэж тайлбар гаргаж, дараа нь шаардлагаа уг дүнгээр нэмэгдүүлсэн байна. Энэхүү тайлбар бодит үнэнтэй нийцэхгүй. Учир нь: “Х” СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу хариуцаж буй байруудын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг бөгөөд дундын өмчлөлийн бус шугам хоолой, тоног төхөөрөмж, ус дулаан дамжуулах төвийг эзэмшиж эсхүл өмчилж байгаагүй. “Х” СӨХ нь “Т” ХХК-тай ямар нэгэн эд хөрөнгө, эд зүйл, эрх шилжүүлсэн гэрээ байгуулаагүй болно. “Х” СӨХ нь “Т” ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот хамтран ажиллахыг харилцан тохиролцож цаашид хамтын ажиллагааны гэрээ байгуулах болсон тухай протокол үйлдэж, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Уг протокол болон гэрээ нь ямар нэгэн эд хөрөнгө, эд зүйл, эрх шилжүүлсэн зүйл тусгагдаагүй бөгөөд Эрчим хүчний тухай, Хот суурины усан хангаж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хүрээнд хангагч, хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулсан эрх зүйн актууд юм. Ус сувгийн удирдах газар, “Т” ХХК, “Меритон” ХХК-ийг төлөөлж “Х” СӨХ гурвалсан протоколыг 2014 оны 08 дугаар сарын 01-нд байгуулсан юм. Уг протоколд “Х” СӨХ нь “Меритон” ХХК-ийг төлөөлж гэрээг цуцалсан болохоос “Х” СӨХ нь “Меритон” ХХК-ийн өмнөөс ямар нэгэн өр төлбөр барагдуулна гэсэн зүйл байхгүй болно.

“Т” ХХК нь 103/1, 103/2, 103/3 байруудыг дулаанаар хангах, хэрэглээний халуун, хүйтэн ус, ариутгах татуургын үйлчилгээг 2014 оны 06 дугаар сарын 01-нээс эхлэн эрхэлж байгаа нь 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хамтран ажиллахыг харилцан тохиролцож цаашид хамтын ажиллагааны гэрээ байгуулах болсон тухай протоколын 3-т "... А тал нь 2014 оны 6 дугаар сарын 01-нээс тус байруудын оршин суугчдын халуун ус, хүйтэн ус, бохир ус, дулаан ашигласны төлбөрийг хураах ажлыг, холбогдох байгууллагад төлбөрийг шилжүүлэх ажлыг бүрэн хариуцаж үйл ажиллагаагаа явуулж байгаа болно... гэхээр, уг хэрэгт Төрийн банкны Бөхийн өргөө тооцооны төвөөс гаргуулсан төлбөрийн баримтуудаас харахад 2014 оны 06 дугаар сарын төлбөрийг нийт 216 айл өрх /06.01-06.30/ нь буюу цэвэр усны төлбөр, ус халаасны төлбөр, бохир ус, усны суурь үнэ, халаалтын суурь үнэ, дис/үйлчилгээ, цтп-цах/дул, баримт гэж төлбөр авсан нь нотлогдож байна. Уг 799 000 төгрөгийг “Т” ХХК удаа дараа нэхэмжилж төлөхийг шаардаж байсан буюу 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугааргүй санхүүгийн нэхэмжлэлдээ 2014 оны 06 дугаар сарын 15-наас 2014 оны 07 дугаар сарын 15-ны хоорондын цэвэр, бохир усны төлбөр гэсэн байдаг. Ингэснээр, “Т” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 01-нээс оршин суугчдаас үйлчилгээ үзүүлж төлбөрийг нь авчаад Ус сувгийн удирдах газарт уг төлбөрийг шилжүүлэх үүрэгтэй байхад “Х” СӨХ төлөх үүрэгтэй гэх тайлбар хуульд нийцэхгүй. Иймд цэвэр, бохир усны төлбөр болох 799 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. Контор хуульд заасны дагуу үйлчилгээг хэвийн хангаагүй бөгөөд оршин суугчдаас ирсэн гомдлын дагуу СӨХ зохих мэргэжлийн байгууллагад гомдол гаргаж байсан. Энэхүү үйл ажиллагааны доголдлууд нь Хот суурин ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02/529 дүгээр, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/85 дугаар албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 65-7-001/07 дугаар улсын байцаагчийн албан шаардлага, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02/591 дүгээр, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3/1861 дүгээр, Хот суурин ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/416 дүгээр, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01/424 дүгээр албан бичгүүд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02-07-095/291 тоот улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна. Дээрх үйл ажиллагааны доголдолтой үйлчилгээний төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй.

Дээрхээс дүгнэвэл манай тус конторын дулааны эрчим хүч хангахтай холбоотой үйл ажиллагааг хүлээн зөвшөөрдөггүй, тусгай зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа нь доголдолтой, нэхэмжилж буй дүнгээр дундын өмчлөлийн хөрөнгөд үйлчилгээ үзүүлээгүй, Эрчим хүчээр хангах гэрээ байхгүй, тус үйлчилгээг авах, авахгүй нь биднээс үл хамаардаг СӨХ-ноос үйлчилгээ авахгүй гэхэд хаадаггүй, оршин суугчдын зөвшөөрлөөр үйлчилгээг зогсооно гэж байгаа нь биднээс үл хамаарсан үйлчилгээ ба түүнийг төлөхийг шаардаж байна. Иймд “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 8 401 695,38 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 250 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай СӨХ нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103/1, 103/2, 103/3 байруудыг Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. 2014 оны 07 дугаар сард “Т” ХХК нь өөрийн эзэмшлийн буюу хариуцаж буй ус дулаан дамжуулах төвд байрлах ялтсан бойлерийн засвар үйлчилгээг 400 000 төгрөгөөр “Х” СӨХ-оор хийлгэсэн. Уг засварыг “Т” ХХК хариуцах ёстой юм. “Т” ХХК нь уг байрнуудад цэвэр, бохир ус, хэрэгцээний халуун ус дулаанаар хангах, шугам сүлжээ тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг 2014 оны 06 дугаар сараас үзүүлж эхэлсэн гэдэг. 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл уг компани гараашид байрлах СӨХ-ны эзэмшлийн бохирын шугам сүлжээнд бохирын хоолойн бөглөрлийг гаргаж, бохир алдаж байсныг засварлаж төлбөрийг танайхаас авах ёстой гэж тайлбарлаж нийт 1 048500 төгрөгийг нэхэмжилж төлүүлсэн байдаг. Гэтэл эдгээр засвар үйлчилгээ хийсэн бохирын шугам хоолой нь СӨХ-ны дундын эзэмшлийн шугам хоолой биш, харин Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасны дагуу “Т” ХХК-ийн өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, түүнд өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийх үүрэгтэйг зөрчиж, СӨХ-оос төлбөрийг гаргасан нь хууль бус байна. 2016 оны 11 дүгээр сард “Т” ХХК өөрийн эзэмшлийн хүйтэн усны төв шугаманд бөмбөлгөн хаалт “Х” СӨХ-оор 470 000 төгрөгийн зардлаар хийлгэсэн ба уг зардлыг “Т” ХХК хариуцах ёстой юм. 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 09 дүгээр сарыг дуустал ЦТП зардал гэж дулааны эрчим хүчний тарифт тусгагдаагүй 74 000 төгрөгийг “Х” СӨХ-оос хураасан байдаг. “Т” ХХК-иас ялтсан бойлерийн засвар үйлчилгээний төлбөр 400 000 төгрөг, бохирын шугам сүлжээний засварын төлбөр 1 048 500 төгрөг, бөмбөлгөн хаалт суурилуулалтын төлбөр 470 000 төгрөг, ЦТП зардал 74 000 төгрөг, нийт 1 992 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Отгонбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Х” СӨХ болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн байцаагч н.Дамдин нар анх 2014 оны 5 дугаар сард эзэнгүй хэцүү байна гэж ашиглалтыг хариуцах хүсэлт тавихад манайх УДДТ-д үзлэг хийж ялтсан бойлер бөглөрөлтэй угаалгах шаардлагатай, тийм учраас эхний удаа танайх мэргэжлийн хүмүүсээр угаалгаж өг, цаашдаа бид өөрсдөө угаалгаж авч явна гэхэд зөвшөөрч өөрсдөө мэргэжлийн хүмүүсээр угаалгаж тэр хүмүүст төлсөн 400 000 төгрөг манайд хамааралгүй. Тухайн үед дулааны узель хэвийн бус найдвартай үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй сэлгэн насос байхгүй, нэмэлт усны датчикнууд байхгүй эвдэрсэн, цахилгааны тоноглол шатсан ажиллагаагүй, цэвэр усны насос байхгүй, галын насосонд холбогдсон, УДДТ-н тааз нурсан, ус алдаж буудуулсан байдалтай байсан. Мөн бохирын шугам зориулалтын бус агааржуулалтын цагаан хоолойгоор хийгдсэнийг хэсэгчлэн сольж өгнө гэж тохирсон ёсоор солиогүй тул бохирын шугаманд бөглөрөл гарч зөвхөн засварын хөлс төлсөн 1 48 500 төгрөгийг төлөх үндэслэлгүй. 2015 онд бохирын зориулалтын бус шугам хоолой задарч “Х” СӨХ мөнгө байхгүй нэрийдлээр өр үүсгэж бид шугам хоолойг хэсэгчлэн сольж нийт 22 000 000 төгрөгийн шугам хоолойг солиод байна. Цаашид үлдэж байгаа бохирын шугам хоолойг солих шаардлагатай байна.

Манай хувийн орон сууцны хөгжлийн төвд Эрчим хүчний зохицуулах хорооны 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4/727 дугаар албан бичигт Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах эрчим хүчний үнийг тогтоох үүрэгтэй тул танай гишүүн компаниудын эзэмшлийн ус дулаан дамжуулах төвүүдийн халаалт, ХХУ-ны насосуудын цахилгааны зардлын асуудлаар хангагч байгууллага “УБДС” ТӨХК-тай харилцан тохиролцохыг зөвлөж байна. Танай хөгжлийн төвийн гишүүн компаниуд нь эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тул Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-т заасныг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2013 оны 70 дугаар тогтоолоор баталсан тарифын шимтгэлийн асуудлыг хангагч байгууллага болох “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай байгуулсан эрчим хүч худалдах-худалдан авах аж ахуйн гэрээндээ тусган шийдвэрлэх нь зүйтэй юм.

Цаашид Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй орон сууц, нийтийн аж ахуйн компаниудын дулаан түгээх, хангахтай холбогдон гарч буй зардал, түүнчлэн үйлчилгээний төлбөр, хураамжтай холбоотой асуудлыг Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хүрээнд шийдвэрлэж болохыг уламжилъя. Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээний 3.2.11-д Худалдан авагч талын дулааны шугам, дулаан дамжуулах төвийн үйлчилгээтэй холбогдон гарах ашиглалтын зардлыг тухайн шугам тоноглолоор дамжуулан дулааны эрчим хүчээр хангагдаж байгаа орон сууцны оршин суугч, аж ахуйн нэгжийн эзэмшигчид харилцан тохиролцож гаргана. Энэ тухайгаа өөрийн хариуцсан хэрэглэгчтэй байгуулах дулааны эрчим хүчээр хангах, хангагдах гэрээнд тусгасан байна гэж заасан. Харин гишүүн бус конторууд гэрээгүйгээр айл өрхөөс авч асуудал үүсгэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Эрчим хүчний зохицуулах хороо, “УБДС” ТӨХК, ХОСНАА-н Хөгжлийн Төвд албан бичиг 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс насосны цахилгааны зардлыг авахыг зогсоосон тул 74 000 төгрөгийг “УБЦТС” ТӨХК-д тушааж байсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу Хы 3 байр тус бүртээ таслах хаалт байхгүйн улмаас ажил үйлчилгээ явуулахад маш их ус буудаг, нэг айл өрхөд гэмтэл гарч засварлах үед 3 байр бүгд усгүй болдог байсан нь оршин суугчдыг бухимдуулж санал гомдол ихээр ирүүлдэг байсан. Мөн манайд усны алдагдалтай байсан учраас “Х” СӨХ-д өөрийн эзэмшлийн шугам хоолой дээрээ таслах бөмбөлгөн хаалт хий гэсэн шаардлага тавьсны үндсэн дээр тус СӨХ нь 470 000 төгрөгийн хөрөнгө мөнгө гаргаж энэ асуудлыг шийдвэрлэсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01508 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дүгээр зүйлийн 476.1, 147 дугаар зүйлийн 147.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Хом ланд хотхон” сууц өмчлөгчдийн холбооноос 7 230 778 /долоон сая хоёр зуун гучин мянга долоон зуун далан найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 1 049 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Хом ланд хотхон” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэгч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан 1 992 500 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 896,33 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хом ланд хотхон” сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид 130 642,45 /нэг зуун гучин мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1498 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01508 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1, 147 дугаар зүйлийн 147.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Х” СӨХ-оос 3 678 878 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 600 900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Т” ХХК-иас 1 122 500 төгрөгийг гаргуулж хариуцагч “Х” СӨХ-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 870 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад “130 642,45 /нэг зуун гучин мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг дөчин таван мөнгө/” гэснийг “73 812” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэгч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 31 490 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Х” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 370,45 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Галхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1498 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчсөн буюу хэргийг бүхэлд нь хянаж үзээгүй.

Орцны нийт халаалтыг 120 мк-аар бодож 75 900 гэж тогтоосон нь нэхэмжлэгч тал мк-ийг дутуу бодож авч байсан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар тусгагдсан байгаа болно. Иймд 2016 оны 10 дугаар сараас эхлэн 284 170 төгрөг, нийт 5 сарийн 284170x5=1 420 850 төгрөг болон өссөн нь бодит юм.

Сөрөг нэхэмжлэлээс 1 122 500 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь хууль буруу хэрэглэсэн. Учир нь дээрх зардлуудыг хариуцагч талтай хамтран ажиллах гэрээ байгуулагдахаас өмнө буюу “Т” ХХК-тай хамааралгүй байх үед хариуцагч тал өөр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн ба төлбөр тооцооны баримт нь хавтаст хэрэгт хүртэл байхгүй.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2018/01508 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Т” ХХК нь “Х” СӨХ-д холбогдуулан дундын эзэмшлийн хэрэглээний халуун, цэвэр, бохир ус, халаалтын төлбөрт 7 221 278 төгрөг, өмгөөллийн зардал 250 000 төгрөг, нотариатын зардал 9 500 төгрөг, “Меритан” ХХК-ийг төлөөлж Ус сувгийн удирдах газартай хийсэн гэрээний дагуу төлөх ёстой цэвэр, бохир ус, халаалтын төлбөр 799 000 төгрөг, нийт 8 279 778 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ялтсан бойлерийн засвар үйлчилгээний төлбөр 400 000 төгрөг, бохирын шугам сүлжээний засварын төлбөр 1 048 500 төгрөг, бөмбөлгөн хаалт суурилуулалтын төлбөр 470 000 төгрөг, хууль бусаар хураасан ЦТП зардал 74 000 төгрөг, нийт 1 992 500 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 7 230 778 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчилж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3 678 878 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 122 500 төгрөгийг тус тус хангаж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа  зохигчийн маргаж байгаа үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлоогүйгээс нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, талуудын нотолгооны үүргийн хуваарилалтыг анхаараагүй байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Тухайлбал: Орцны дулааныг үндэслэлгүй нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн үнийн дүнг багасгахдаа тухайн орцны нийт талбайн хэмжээ, нэгж талбайд ногдох төлбөрийг хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнээгүй, 10 давхар байрны 6 орцны дулаан хангамжийн талбай нийт 561 м.кв хэмжээтэй болохыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байхад талбайн хэмжээг 120 м.кв-аар тооцож үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тухайн үед харилцан тохиролцож, дуусгавар болсон ЦТП-ийн зардал, бохирын шугамын засварын зардлыг буцаан гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасны дагуу  нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Энэ үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6.-д зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн завсар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой бусдад учруулсан гэм хорыг гэрээ болон хуульд зааснаар арилгах үүрэгтэй байна.

“Т” ХХК нь 2014 онд гэрээ байгуулснаас хойш Хом ланд хотхонд хамаарах орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээ, халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, цахилгаан холбоо зэргээр тасралтгүй хангаж, зохих үйлчилгээг үзүүлж ирсэн байна.

“Х” СӨХ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчөөс  авсан тул холбогдох байгууллагад төлбөрийг төлөх үүрэгтэй, “Т” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа дууссан, гэрээг сунгаагүй нь ашигласан үйлчилгээний зардлыг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1498 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01508 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Галхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120 054,4 төгрөгийг шүүгчийн захирамжаар “Т” ХХК-д буцаан олгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АМАРСАЙХАН

                           ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД