Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 01498

 

        “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01508 дугаар шийдвэртэй, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Х СӨХ-д холбогдох

   Дундын эзэмшлийн хэрэглээний халуун, цэвэр, бохир ус, халаалтын төлбөрт 7 221 278 төгрөг, өмгөөллийн зардалд 250 000 төгрөг, нотариатын зардал 9 500 төгрөг, М ХХК-ийг төлөөл Ус сувгийн удирдах газартай хийсэн гэрээний дагуу төлөх ёстой цэвэр, бохир, ус, халаалалтын төлбөрт 799 000 төгрөг, нийт 8 279 778 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 Ялтсан бойлерийн засвар үйлчилгээний төлбөр 400 000 төгрөг, бохирын шугам сүлжээний засварын төлбөр 1 048 500 төгрөг, бөмбөлгөн хаалт суурилуулалтын төлбөр 470 000 төгрөг, хууль бус хураасан ЦТП зардал 74 000 төгрөг, нийт 1 992 500 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

   Нэхэмжлэгч Т ХХК-ийн төлөөлөгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х хотхоны 103/1, 103/2, 103/3 дугаар байрнуудын орон сууцны ашиглалт засвар үйлчилгээг 2014 оны 06 дугаар сараас сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хариуцан явуулж байгаа Х СӨХ нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дундын эзэмшлийн хэрэгцээний халуун, хүйтэн, бохир ус, халаалтын төлбөр 5 695 325 төгрөгийг төлөөгүй. Мөн 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дундын эзэмшлийн хэрэгцээний халуун, цэвэр, бохир ус, халаалтын төлбөр, тэмдэгтийн хураамжийн төлбөр, өмгөөллийн хөлс, нотариатын зардалд нийт 6 823 253,38 төгрөг дээр 2018 оны 01, 02 дугаар сарын дундын эзэмшлийн хэрэгцээний халуун, цэвэр, бохир ус, халаалтын төлбөрт 779 692 төгрөг, “М” ХХК-ийг төлөөлж Ус сувгийн удирдах газартай хийсэн гэрээний дагуу цэвэр, бохир усны төлбөртх 799 000 төгрөг, нийт 1 578 692 төгрөг болж байна. Иймд хариуцагч Х СӨХ-оос ашиглалтын төлбөр нийт 8 401 945,38 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

   Хариуцагч Х СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, П.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагад "... дундын эзэмшлийн хэрэгцээний халуун, хүйтэн, бохир ус, халаалтын төлбөр болох... гэж дурдсан боловч үнийн дүнгээ үйлчилгээ тус бүрээр задлаагүй, уг үйлчилгээнүүд нэг үйлчилгээ биш буюу тус тусдаа хууль, дүрэм, журмаар зохицуулагддаг, тусгай зөвшөөрлийн хүрээнд явагддаг үйл ажиллагаанууд учир хэдэн сарын ямар, ямар үйлчилгээний төлбөрийг нэхэмжилсэн нь тодорхой бус байна. 

 Нэхэмжлэгч тал өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь хүсэл зоригийн асуудал бөгөөд зайлшгүй шүүхэд гарах зардал биш тул 250 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудаас харахад нотариатаар батлуулах зайлшгүй шаардлагагүй, шүүхэд эх хувиар гаргаж, буцаан авч нотариатын зардал гаргахгүй байж болох байсан мөн нотлох баримт гаргах нь өөрсдийн үүрэг тул 9 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь "...Х хотхон сууц өмчлөгчдийн холбоо 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дундын эзэмшлийн хэрэгцээний халуун, хүйтэн, бохир ус, халаалтын төлбөр 5 695 325 төгрөгийг төлөөгүй... гэж нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлдээ ямар хугацаанд хамааралтай, аль төлбөр нь юуны төлбөр гэж нарийн задаргааны тайлбар ирүүлээгүй. Т ХХК-иас ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд зөрүү гарч байна. Хэрэгт авагдсан Т ХХК-иас манай талд ирүүлсэн санхүүгийн нэхэмжлэлүүдээс нэг бүрчлэн тулгахад энэ хугацаанд тэдний талаас үзүүлсэн гэж үзэж байгаа үйлчилгээний нийт 7 543 887,40 төгрөг /Т ХХК-иас гаргасан баримтад 7 543 888 төгрөг/ болж байгаа буюу үүнээс 1 859 937,50 төгрөгийг /Т ХХК-иас гаргасан баримтад 1 860 088 төгрөг/ тэдний тал төлөгдсөн гэж үзэх юм. Үзүүлсэн гэж үзэж байгаа 7 543 877,40-1 859 937,50=5 683 949,9 төгрөг үлдэж байна. Уг хугацаанд хамаарах нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 5 695 325+5 683 949,9= 11 375.10 төгрөг ямар ч үйлчилгээний харьяалалгүй, утгагүй шүүхээр нэхэмжлэх үндэслэлгүй. 

     Т ХХК-ийн нэхэмжлэл 5 683 949,9 төгрөг дараах бүрдэлтэй. 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарыг дуустал гараашийн дулаан 3 256 409,9 төгрөг, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сарыг дуустал орцны дулаан болох 1 989 190 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын төлбөрт үйлчилгээ 40 200 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын төлбөрт үйлчилгээ 133 800 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын төлбөрт үйлчилгээ 258 600 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын ЦТП зардал 5500 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын баримтын үнэ 250 төгрөг, үүнээс 2015 оны 09 дүгээр сарын баримтын үнэ 250 төгрөгийг манай талаас төлөх нь зүйтэй гэж 5 683 699,90 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Учир нь: Гараашийн дулаан 3 256 409,9 төгрөг болон орцны дулаан 1 989 190 төгрөг буюу нийт 5 245 599,9 төгрөгийг Т ХХК-иас дулааны эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлгүй тул төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

       Т ХХК 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Эрчим хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу дулааны эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл аваагүй тул мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д заасан шаардлагыг хангахгүй байна. Иймд, контор нь хуульд зааснаар эрчим хүчээр хангагч биш тул дулааны төлбөр төлөх үндэслэлгүй. “Х СӨХ удаа дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл, Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаж, тус конторын үйл ажиллагаа хуульд нийцээгүй, батлагдсан тарифаас илүү төлбөр авдаг, үйлчилгээг доголдолтой үзүүлдэг, хэвийн үйл ажиллагааг хангадаггүй, СӨХ, оршин суугчдаас үндэслэлгүй төлбөр нэмж авдаг гомдол гаргаж, контороо солих өргөдлийг гаргаж байсан.

      Эрчим хүчээр хангах гэрээний хугацаа дуусгавар болсон, сунгаагүй. Манай СӨХ нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд контортай хамтран ажиллах гэрээ байгуулж, эрчим хүчээр хангуулж, тооцоог дуусгасан. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй, хамтран ажиллахгүй тухайгаа удаа дараа мэдэгдэж байсан. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар бидний хооронд гэрээ байхгүй учир тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д заасны дагуу СӨХ хэрэглэгч болохгүй юм. Түүнчлэн мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар контор нь үзүүлээгүй үйлчилгээний төлбөрийг давхардуулан нэхэмжилсэн. 2014-2015 оны халаалтын улиралд гараашийн дулааныг 2014 оны 12 дугаар сарын 19-нөөс эхэлж, 2015 оны 02 дугаар сарын 28-ныг дуустал дулаан олгосон байгаа. Ингэхдээ нийт гараашид байрлах 18 регистрээс /паар/ 8 регистр халаалтаар хангаж байгаа /Т ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 19 тоот/. 2014 оны 12 дугаар сард гараашид дулаанаар хангасан 13 хоног, 2014 он 12, 2015 оны 01, 02 саруудад дулааны хангамж 8/18 регистр буюу 44 хувь байсан байна. Гарааш эзэмшигчид 1 шоо метрээс тарифын дагуу бүтэн сард 400 (НӨАТ-гүй) төгрөг төлөх ёстой байдаг, нэг гарааш эзэмшигч 18 шоо метр талбай эзэмшдэг. 2014 оны 12 дугаар сард нийт 114 гарааш эзэмшигчдээс нэг гараашийн дулааны төлбөрт 7754 төгрөг хурааж авсан байна. Холбогдох хууль, тарифын дагуу 13 хоног дулааны түгээлт 400/31*13=167,74 төгрөгөөс халаалт 44% буюу 167,74*44%=73,81 төгрөг болно. Нэг эзэмшигч 73,81*18=1328,58 төгрөг болж, НӨАТ нэмэхэд 1461,44 төгрөг хураах эрхтэй байсан. Бодит байдал дээр 114 гарааш*7754 төгрөг=883 956 төгрөг хурааж авснаас 114 гарааш* 1461,44 төгрөг=166,604.16 төгрөг хурааж авах үндэслэлтэй бөгөөд 883,956-166 604,16= 717 351,84 төгрөгийг үзүүлээгүй үйлчилгээний төлбөрт хурааж авсан байна.

        2015 оны 01 дүгээр сард нийт 114 гарааш эзэмшигчдээс нэг гараашийн дулааны төлбөр гэж 4599 төгрөг хурааж авсан. Холбогдох хууль, тарифын дагуу халаалт 44% буюу 400*44%= 176 төгрөг болно. Нэг эзэмшигч 176*18=3168 төгрөг болж, НӨАТ нэмэхэд 3484.8 төгрөг хурааж авах эрхтэй байсан. Бодит байдал дээр 114 гарааш*4599 төгрөг = 524,286 төгрөг авснаас 114 гарааш*3484.8 төгрөг= 397 267,20 төгрөг хурааж авах нь үндэслэлтэй бөгөөд 524 286-397 267,20 = 127 018,80 төгрөгийг үзүүлээгүй үйлчилгээний төлбөрт хурааж авсан байна. 2015 оны 02 дугаар сард нийт 114 гарааш эзэмшигчдээс нэг гараашийн дулааны төлбөрт 7920 төгрөг хурааж авсан. Холбогдох хууль, тарифын дагуу халаалт 44% буюу 400*44%= 176 төгрөг болно. Нэг эзэмшигч 176*18=3168 төгрөг болж, НӨАТ нэмэхэд 3484,8 төгрөг хурааж авах эрхтэй байна. Бодит байдал дээр 114 гарааш*7 920 төгрөг = 902 880 төгрөг авснаас 114 гараж*3 484,8 төгрөг=397 267,20 төгрөг хурааж авах үндэслэлтэй бөгөөд 902 880-397 267,20= 505 612,80 төгрөгийг үзүүлээгүй үйлчилгээний төлбөрт хурааж авсан байна. 2015 оны 03 дугаар сарын 21-нд 18.40 минут орчимд гараашийн ус алдаж 18 регистрээс 8 регистр ажиллагаатай үлдэж 10 регистрийг хаасан байна. 2016 оны 03 дугаар сард нийт 114 гарааш эзэмшигчдээс нэг гараашийн дулааны төлбөр гэж 8280 төгрөг хурааж авсан байгаа юм. Холбогдох хууль, тарифын дагуу халаалт 2016 оны 03 дугаар сарын 21-нийг дуустал 460/30*21=322 төгрөг, 322 төгрөг*18 м.кв=5796 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 22-ноос 03 дугаарсарын 30-ныг дуустал 9 хоног буюу 460 тариф/30 хоног*9 хоног=138 төгрөгөөс 18 регистрээс 8 регистр халсан нь халаалтын 44% буюу 138 төгрөг*44%=60,72 төгрөг болж байна. Нэг эзэмшигч 5796 төгрөг + 60,72 = 5856,72 төгрөг болж, НӨАТ нэмэхэд 6442,39 төгрөг хурааж авах эрхтэй байсан байна. Бодит байдал дээр 114 гарааш*8280 төгрөг=943 920 төгрөг авснаас 114 гарааш*5 856,72 төгрөг=667 666,08 төгрөг авах үндэслэлтэй бөгөөд 943 920-667 666,08= 276 253,92 төгрөгийг үзүүлээгүй үйлчилгээний төлбөрт хурааж авсан нь дээрх хуулийг зөрчиж байна. 

      2016 оны 04 дүгээр сард нийт 114 гарааш эзэмшигчдээс нэг гараашийн дулааны төлбөр гэж 8 280 төгрөг хурааж авсан байгаа юм. 2016 оны 3 дугаар сарын 21-нээс эхлэн дулааны шугамд гэмтэл гарч 18 регистрээс 8 регистр халсан байна, холбогдох хууль, тарифын дагуу халаалт 44% буюу 460*44%=202,4 төгрөг болж байна. Нэг эзэмшигч 202,4*18=3643.2 төгрөг болж, НӨАТ нэмэхэд 4007.52 төгрөг хурааж авах эрхтэй байсан байна. Бодит байдал дээр 114 гарааш*8280 төгрөг=943920 төгрөг авснаас 114 гарааш*4007,52 төгрөг =456 857,28 төгрөг хурааж авах нь үндэслэлтэй бөгөөд 943 920-456 857,28= 487 062,72 төгрөгийг үзүүлээгүй үйлчилгээний төлбөрт хурааж авсан байна. 2014 оны 12 дугаар сар, 2015 оны 01, 02 дүгээр сарууд, 2016 оны 03, 04 дүгээр саруудад контор нь үзүүлээгүй үйлчилгээнд, эрчим хүчний хуулийн дагуу бус 717 351,84+127 018,80+505 612,80+276 253,92+487 062,72=2 113 300,08 төгрөгийг хууль бусаар тооцож авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Хэрэглэгчдэд худалдах эрчим хүчний үнийг Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос баталдаг. Эрчим хүчний тухай хуульд тарифаас илүү үнээр төлбөр хураан авахыг хориглосон атал контор тус хугацаанд оршин суугчдаас, гарааш эзэмшигчдээс сар бүр 2000, 2200, 3000, 5000, 5500, 7700 төгрөг, нийт 23 133 600 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Ингээд нийт 23 133 600+2 113 300,08=25 246 900,08 төгрөгөөр оршин суугчид гарааш эзэмшигчдийг хохироосон байна. Контор Улаанбаатар дулааны сүлжээтэй байгуулсан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүд, бусад нотлох баримтуудаас харахад 103/1, 103/2, 103/3 дугаар байруудад хамааралтай эсэх нь тодорхой бус байна. Айл өрхийн тоо, подвалын талбайн хэмжээ болон бусад үзүүлэлт манай байруудтай нийцэхгүй. Түүнчлэн 2015 оны 09 дүгээр сарын 15-наас 2016 оны 05 дугаар сарын 15-ныг хамарсан дулааны эрчим хүчээр хангах гэрээ авагдаагүй. Иймд СӨХ хуульд зааснаар хэрэглэгч биш, үндэслэлгүй төлбөр нэхэмжилсэн, дулааны төлбөрийг давхардуулан авсан, давхардуулан авахаар нэхэмжилж байгаа тул 5 245 599,90 төгрөг төлөх үүрэг хүлээхгүй байна.

     2016 оны 10, 11, 12 дугаар сарын үйлчилгээний төлбөрт 432 600 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Учир нь: 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад дундын өмчлөлд хамааралгүй, өөрийн эзэмшил /ашиглалт/ өмчлөлд байдаг шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийчихээд 432 600 төгрөг нэхэмжилсэн нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасны дагуу Ус сувгийн удирдах газар болон Т ХХК-ийн гэрээгээр контор үүрэг хүлээсэн байдаг, мөн хуулийн 14.2.4-т заасны дагуу контор уг засварыг өөрөө хийх байсан ба СӨХ-оос 432 600 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилсэн байна. 2015 оны 09 дүгээр сарын ЦТП зардал болох 5500 төгрөг нь Эрчим хүчний тухай хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон тарифт байхгүй бөгөөд энэ нь эрчим хүчний төлбөрийг давхардуулан авах оролдлого юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 5 683 699,90 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

       Нэхэмжлэгч нь хариуцагч “Х СӨХ-оос 2017 оны 10,11,12 дугаар сарын ашиглалтын төлбөр 746 261 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 122 167,38 төгрөгийг нэхэмжилсэн байна. Манай талаас 2017 оны 10, 11, 12 дугаар сарын орцны халаалт болох нийт 757 786 төгрөг төлөгдөөгүй байгаа хэдий ч нэхэмжлэгч тал 746 261 төгрөг нэхэмжилсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх нэхэмжилсэн үнийн дүнг хэлэлцдэг, нэхэмжлэгч 11 525 төгрөгийг нэхэмжлээгүй байна. 

      Хариуцагч тал 2017 оны 10,11,12 дугаар сарын орцны халаалт болох нийт 757 786 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Эрчим хүчээр хангах гэрээний хугацаа дуусгавар болсон, цаашид сунгаагүй. Манай СӨХ нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд контортой хамтран ажиллах гэрээ байгуулж, эрчим хүчээр хангуулсан. Уг хугацааны төлбөр тооцоог бүрэн дуусгасан. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй, хамтран ажиллахгүй тухайгаа мэдэгдэж байсан. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу бидний хооронд гэрээ байхгүй тул мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д заасны дагуу СӨХ нь хэрэглэгч болохгүй юм. Түүнчлэн мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан байна. Одоо болтол нэг сарын орцны халаалтын төлбөр 75 900 төгрөгөөс 284 170 төгрөг болж 3,7 дахин ихэссэн талаар албан бичиг ирүүлээгүй нэхэмжлэгч 11 525 төгрөг нэхэмжлээгүй тул 757 786 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

     Нэхэмжлэгч 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ: 2018 оны 01, 02 дугаар саруудын дундын эзэмшлийн хэрэгцээний халуун, цэвэр, бохир ус, халаалтын төлбөрт 779 692 төгрөгийг нэмж нэхэмжилсэнээс цэвэр, бохир ус, усны суурь хураамж, төлбөрт үйлчилгээ 211 353 төгрөгийг шүүхээр нэхэмжлэх шаардлагагүй ба зохих хугацаандаа Т ХХК нь манай талд санхүүгийн нэхэмжлэлээ ирүүлсэн бол төлбөрийг шилжүүлэх байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 27-нд нэхэмжлэлээ цахим хэлбэрээр ирүүлснээр 211 353 төгрөгийн төлбөр төлөгдсөн бөгөөд 779 692-211 353=568 340 төгрөг нь 01,02 дугаар сарын орцны дулаантай холбоотой ба хүлээн зөвшөөрөхгүй. Эрчим хүчээр хангах гэрээний хугацаа дуусгавар болсон, цаашид сунгаагүй. Манай СӨХ 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд контортой хамтран ажиллах гэрээ байгуулж, эрчим хүчээр хангуулж, төлбөр тооцоо дуусгасан. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй, хамтран ажиллахгүй тухай мэдэгдлээ удаа дараа мэдэгдэж байсан. Иймд нэхэмжлэх шаардлагагүй 211 353 төгрөгийг төлсөн тул хэрэгсэхгүй болгож, 568 340 төгрөгийг төлөх хуулийн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

        Нэхэмжлэгч тал 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт тайлбарын 3-т "... Х хотхон СӨХ-ны гүйцэтгэх захирал Н.М нь анх манай контортой гэрээ хийж шилжүүлэхдээ усны төлбөр 799 000 төгрөгийн өр төлбөртэй байсан бөгөөд энэ төлбөрийг хүлээлгэж өгч байгаа тал буюу Х СӨХ нь төлж барагдуулах ёстой байсан. Ус Сувгийн удирдах газар болон “М” ХХК-ийн өмнөөс би хариуцана гэж протокол үйлдэж энэ 799 000 төгрөгийг танай контор төлчих манай СӨХ хариуд нь Ялтсан бойлерийг нэг удаа мэргэжлийн байгууллагаар угаалгуулах, бохирын хоолойг хэсэгчилэн зориулалтын хоолойгоор сольж шинэчлэх, УДЦТ-н дотор өнгө үзэмжийг сайжруулж өгье гэж харилцан тохиролцсон учраас УСУГ төлсөн усны төлбөрийг манай байгууллага дурдаагүй болно” гэж тайлбар гаргаж, дараа нь шаардлагаа уг дүнгээр нэмэгдүүлсэн байна. Энэхүү тайлбар бодит үнэнтэй нийцэхгүй. Учир нь: Х СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу хариуцаж буй байруудын дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг бөгөөд дундын өмчлөлийн бус шугам хоолой, тоног төхөөрөмж, ус дулаан дамжуулах төвийг эзэмшиж эсхүл өмчилж байгаагүй. Х СӨХ нь Т ХХК-тай ямар нэгэн эд хөрөнгө, эд зүйл, эрх шилжүүлсэн гэрээ байгуулаагүй болно. Х СӨХ нь Т ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот хамтран ажиллахыг харилцан тохиролцож цаашид хамтын ажиллагааны гэрээ байгуулах болсон тухай протокол үйлдэж, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Уг протокол болон гэрээ нь ямар нэгэн эд хөрөнгө, эд зүйл, эрх шилжүүлсэн зүйл тусгагдаагүй бөгөөд Эрчим хүчний тухай, Хот суурины усан хангаж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хүрээнд хангагч, хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулсан эрх зүйн актууд юм. Ус сувгийн удирдах газар, Т ХХК, “М“ ХХК-ийг төлөөлж Х СӨХ гурвалсан протоколыг 2014 оны 08 дугаар сарын 01-нд байгуулсан юм. Уг протоколд “Х СӨХ нь “М” ХХК-ийг төлөөлж гэрээг цуцалсан болохоос “Х СӨХ нь “М” ХХК-ийн өмнөөс ямар нэгэн өр төлбөр барагдуулна гэсэн зүйл байхгүй болно.

          Т ХХК нь 103/1, 103/2, 103/3 байруудыг дулаанаар хангах, хэрэглээний халуун, хүйтэн ус, ариутгах татуургын үйлчилгээг 2014 оны 06 дугаар сарын 01-нээс эхлэн эрхэлж байгаа нь 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хамтран ажиллахыг харилцан тохиролцож цаашид хамтын ажиллагааны гэрээ байгуулах болсон тухай протоколын 3-т "... А тал нь 2014 оны 6 дугаар сарын 01-нээс тус байруудын оршин суугчдын халуун ус, хүйтэн ус, бохир ус, дулаан ашигласны төлбөрийг хураах ажлыг, холбогдох байгууллагад төлбөрийг шилжүүлэх ажлыг бүрэн хариуцаж үйл ажиллагаагаа явуулж байгаа болно”... гэхээр, уг хэрэгт Төрийн банкны Бөхийн өргөө тооцооны төвөөс гаргуулсан төлбөрийн баримтуудаас харахад 2014 оны 06 дугаар сарын төлбөрийг нийт 216 айл өрх /06.01-06.30/ нь буюу цэвэр усны төлбөр, ус халаасны төлбөр, бохир ус, усны суурь үнэ, халаалтын суурь үнэ, дис/үйлчилгээ, цтп-цах/дул, баримт гэж төлбөр авсан нь нотлогдож байна. Уг 799 000 төгрөгийг Т ХХК удаа дараа нэхэмжилж төлөхийг шаардаж байсан буюу 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугааргүй санхүүгийн нэхэмжлэлдээ 2014 оны 06 дугаар сарын 15-наас 2014 оны 07 дугаар сарын 15-ны хоорондын цэвэр, бохир усны төлбөр гэсэн байдаг. Ингэснээр, Т ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 01-нээс оршин суугчдаас үйлчилгээ үзүүлж төлбөрийг нь авчаад Ус сувгийн удирдах газарт уг төлбөрийг шилжүүлэх үүрэгтэй байхад “Х СӨХ төлөх үүрэгтэй гэх тайлбар хуульд нийцэхгүй. Иймд цэвэр, бохир усны төлбөр болох 799 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. Контор хуульд заасны дагуу үйлчилгээг хэвийн хангаагүй бөгөөд оршин суугчдаас ирсэн гомдлын дагуу СӨХ зохих мэргэжлийн байгууллагад гомдол гаргаж байсан. Энэхүү үйл ажиллагааны доголдлууд нь Хот суурин ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02/529 дүгээр, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/85 дугаар албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 65-7-001/07 дугаар улсын байцаагчийн албан шаардлага, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02/591 дүгээр, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2015 оны 12 дугаарсарын 31-ний өдрийн 3/1861 дүгээр, Хот суурин ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/416 дүгээр, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01/424 дүгээр албан бичгүүд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02-07-095/291 тоот улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна. Дээрх үйл ажиллагааны доголдолтой үйлчилгээний төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй. 

     Дээрхээс дүгнэвэл манай тус конторын дулааны эрчим хүч хангахтай холбоотой үйл ажиллагааг хүлээн зөвшөөрдөггүй, тусгай зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа нь доголдолтой, нэхэмжилж буй дүнгээр дундын өмчлөлийн хөрөнгөд үйлчилгээ үзүүлээгүй, Эрчим хүчээр хангах гэрээ байхгүй, тус үйлчилгээг авах, авахгүй нь биднээс үл хамаардаг СӨХ-ноос үйлчилгээ авахгүй гэхэд хаадаггүй, оршин суугчдын зөвшөөрлөөр үйлчилгээг зогсооно гэж байгаа нь биднээс үл хамаарсан үйлчилгээ ба түүнийг төлөхийг шаардаж байна. Иймд Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 8 401 695,38 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 250 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

          Хариуцагч Х СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд  гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай СӨХ нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103/1, 103/2, 103/3 байруудыг Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. 2014 оны 07 дугаар сард Т ХХК нь өөрийн эзэмшлийн буюу хариуцаж буй ус дулаан дамжуулах төвд байрлах ялтсан бойлерийн засвар үйлчилгээг 400 000 төгрөгөөр Х СӨХ-оор хийлгэсэн. Уг засварыг Т ХХК хариуцах ёстой юм. Т ХХК нь уг байрнуудад цэвэр, бохир ус, хэрэгцээний халуун ус дулаанаар хангах, шугам сүлжээ тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг 2014 оны 06 дугаар сараас үзүүлж эхэлсэн гэдэг. 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл уг компани гараашид байрлах СӨХ-ны эзэмшлийн бохирын шугам сүлжээнд бохирын хоолойн бөглөрлийг гаргаж, бохир алдаж байсныг засварлаж төлбөрийг танайхаас авах ёстой гэж тайлбарлаж нийт 1 048 500 төгрөгийг нэхэмжилж төлүүлсэн байдаг. Гэтэл эдгээр засвар үйлчилгээ хийсэн бохирын шугам хоолой нь СӨХ-ны дундын эзэмшлийн шугам хоолой биш, харин Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасны дагуу Т ХХК-ийн өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, түүнд өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийх үүрэгтэйг зөрчиж, СӨХ-оос төлбөрийг гаргасан нь хууль бус байна. 2016 оны 11 дүгээр сард Т ХХК өөрийн эзэмшлийн хүйтэн усны төв шугаманд бөмбөлгөн хаалт “Х СӨХ-оор 470 000 төгрөгийн зардлаар хийлгэсэн ба уг зардлыг Т ХХК хариуцах ёстой юм. 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 09 дүгээр сарыг дуустал ЦТП зардал гэж дулааны эрчим хүчний тарифт тусгагдаагүй 74 000 төгрөгийг “Х СӨХ-оос хураасан байдаг. Т ХХК-иас ялтсан бойлерийн засвар үйлчилгээний төлбөр 400 000 төгрөг, бохирын шугам сүлжээний засварын төлбөр 1 048 500 төгрөг, бөмбөлгөн хаалт суурилуулалтын төлбөр 470 000 төгрөг, ЦТП зардал 74 000 төгрөг, нийт 1 992 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

    Нэхэмжлэгч Т ХХК-ийн төлөөлөгч Т.О сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Х СӨХ болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн байцаагч н.Дамдин нар анх 2014 оны 5 дугаар сард эзэнгүй хэцүү байна гэж ашиглалтыг хариуцах хүсэлт тавихад манайх УДДТ-д үзлэг хийж ялтсан бойлер бөглөрөлтэй угаалгах шаардлагатай, тийм учраас эхний удаа танайх мэргэжлийн хүмүүсээр угаалгаж өг, цаашдаа бид өөрсдөө угаалгаж авч явна гэхэд зөвшөөрч өөрсдөө мэргэжлийн хүмүүсээр угаалгаж тэр хүмүүст төлсөн 400 000 төгрөг манайд хамааралгүй. Тухайн үед дулааны узель хэвийн бус найдвартай үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй сэлгэн насос байхгүй, нэмэлт усны датчикнууд байхгүй эвдэрсэн, цахилгааны тоноглол шатсан ажиллагаагүй, цэвэр усны насос байхгүй, галын насосонд холбогдсон, УДДТ-н тааз нурсан, ус алдаж буудуулсан байдалтай байсан. Мөн бохирын шугам зориулалтын бус агааржуулалтын цагаан хоолойгоор хийгдсэнийг хэсэгчилэн сольж өгнө гэж тохирсон ёсоор солиогүй тул бохирын шугаманд бөглөрөл гарч зөвхөн засварын хөлс төлсөн 1 48 500 төгрөгийг төлөх үндэслэлгүй. 2015 онд бохирын зориулалтын бус шугам хоолой задарч “Х СӨХ мөнгө байхгүй нэрийдлээр өр үүсгэж бид шугам хоолойг хэсэгчлэн сольж нийт 22 000 000 төгрөгийн шугам хоолойг солиод байна. Цаашид үлдэж байгаа бохирын шугам хоолойг солих шаардлагатай байна. 

      Манай хувийн орон сууцны хөгжлийн төвд Эрчим хүчний зохицуулах хорооны 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4/727 дугаар албан бичигт Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах эрчим хүчний үнийг тогтоох үүрэгтэй тул танай гишүүн компаниудын эзэмшлийн ус дулаан дамжуулах төвүүдийн халаалт, ХХУ-ны насосуудын цахилгааны зардлын асуудлаар хангагч байгууллага УБДС ТӨХК-тай харилцан тохиролцохыг зөвлөж байна. Танай хөгжлийн төвийн гишүүн компаниуд нь эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тул Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-т заасныг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2013 оны 70 дугаар тогтоолоор баталсан тарифын шимтгэлийн асуудлыг хангагч байгууллага болох “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай байгуулсан эрчим хүч худалдах, худалдан авах аж ахуйн гэрээндээ тусган шийдвэрлэх нь зүйтэй юм.

       Цаашид Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй орон сууц, нийтийн аж ахуйн компаниудын дулаан түгээх, хангахтай холбогдон гарч буй зардал, түүнчлэн үйлчилгээний төлбөр, хураамжтай холбоотой асуудлыг Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хүрээнд шийдвэрлэж болохыг уламжилъя. Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээний 3.2.11-д “Худалдан авагч талын дулааны шугам, дулаан дамжуулах төвийн үйлчилгээтэй холбогдон гарах ашиглалтын зардлыг тухайн шугам тоноглолоор дамжуулан дулааны эрчим хүчээр хангагдаж байгаа орон сууцны оршин суугч, аж ахуйн нэгжийн эзэмшигчид харилцан тохиролцож гаргана. Энэ тухайгаа өөрийн хариуцсан хэрэглэгчтэй байгуулах дулааны эрчим хүчээр хангах, хангагдах гэрээнд тусгасан байна” гэж заасан. Харин гишүүн бус конторууд гэрээгүйгээр айл өрхөөс авч асуудал үүсгэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Эрчим хүчний зохицуулах хороо, УБДС ТӨХК, ХОСНАА-н Хөгжлийн Төвд албан бичиг 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс насосны цахилгааны зардлыг авахыг зогсоосон тул 74 000 төгрөгийг УБЦТС ТӨХК-д тушааж байсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу Х хотхоны 3 байр тус бүртээ таслах хаалт байхгүйн улмаас ажил үйлчилгээ явуулахад маш их ус буудаг, нэг айл өрхөд гэмтэл гарч засварлах үед 3 байр бүгд усгүй болдог байсан нь оршин суугчдыг бухимдуулж санал гомдол ихээр ирүүлдэг байсан. Мөн манайд усны алдагдалтай байсан учраас Х СӨХ-д өөрийн эзэмшлийн шугам хоолой дээрээ таслах бөмбөлгөн хаалт хий гэсэн шаардлага тавьсны үндсэн дээр тус СӨХ нь 470 000 төгрөгийн хөрөнгө мөнгө гаргаж энэ асуудлыг шийдвэрлэсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        Шүүх: Иргэний хуулийн 476 дүгээр зүйлийн 476.1, 147 дугаар зүйлийн 147.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х хотхон сууц өмчлөгчдийн холбооноос 7 230 778 /долоон сая хоёр зуун гучин мянга долоон зуун далан найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 1 049 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Хом ланд хотхон сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэгч Т ХХК-д холбогдуулан гаргасан 1 992 500 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 896,33 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х хотхон сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид 130 642,45 /нэг зуун гучин мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож  шийдвэрлэжээ.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: 1. Нотлох баримтыг бүх талаас нь бүрэн дүүрэн судлаагүй: Маргаантай байх хугацааны буюу халаалтын улирал болох 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарын хугацаанд хамааралтай Т ХХК болон "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-тай "Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээг" байгуулсан эсэх нь тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан гэрээний он засагдсан байсан. Уг гэрээнүүд манай 103/1, 103/2, 103/3 байруудад хамааралтай эсэх, Т ХХК нь "Улаанбаатар дулааны сүлжээ" ХК-д дулааны эрчим хүчний төлбөр төлсөн хуулга  тухайн байруудад хэрхэн хэр хэм хэмжээтэйгээр хамааралтай нь тогтоодоогүй. Ингэснээр СӨХ-д ямар үйлчилгээ үзүүлсэн, ямар төлбөрийг яаж шилжүүлсэн талаар тодорхойгүй байна. Мөн 2016 оны 10 дугаар сараас 2016 оны 12 дугаар сард төлбөрт үйлчилгээ 432 600 төгрөгийг Х СӨХ-өөс нэхэмжилсэн нь үзүүлээгүй үйлчилгээний төлбөр нэхэмжилж байна. Т ХХК 2014 оноос 2016 оны хооронд дулааны төлбөрийг давхардуулж, үндэслэлгүй нийт 25 246 900,08 төгрөгийн оршин суугчид гарааш эзэмшигчдээс хурааж авсан нь Төрийн банкны дансны дэлгэрэнгүй хуулга, төлбөрийн задаргааны баримтуудаар нотлогдож байхад нотлох үүргээ хэрэгжүүлэгүй гэж үзсэн. 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуустал гараажид байрлах 18 регистрээс 8 регистр нь ажиллаж байсан хэдий ч төлбөрийг оршин суугчдаас бүтнээр авсан Х СӨХ-оос уг хугацааны төлбөрийг бүтнээр нь нэхэмжилсэн.

  2. Х СӨХ-ны хувьд Т ХХК-д гэрээ байгуулахгүй болохоо удаа дараа мэдэгдэж, зохих байгууллагуудад уг компанийг солих хүсэлтийг удаа дараа тавьж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Эрчим хүчний тухай хуулийн 3.1.19-т "хэрэглэгч" гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг" гэж зааснаар үзэхэд хэрэглэпн нь эрчим хүчээр хангагчтай Эрчим хүчээр хангах гэрээг байгуулахаар зохицуулсан байна. Энэ нь үйлчилгээг худалдан авах гэрээ байх бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулах хуулийн зохицуулалттай байна. Гэтэл шүүх уг гэрээг хамтран ажиллах гэрээ гэж үзэн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.7-д заасныг үндэслэн Х СӨХ болон Т ХХК-ийн хооронд хамтран аман гэрээ байгуулагдсан гэж үзэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

  Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Т ХХК-ийг уг төлбөрийг төлөх үүрэг хүлээгээгүй, Х СӨХ-г дундын өмчлөлийн эд хөрөнгөд холбогдуулан гаргасан зардлыг хариуцана гэж үзсэн. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт "Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээшх бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана" гэж заасан байтал ялтсан бойлер, бохирын шугам сүлжээ, бөмбөлгөн хаалтыг дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

    “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай байгуулсан Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ болон 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 263 тоот Засгийн газрын тогтоолын 2 дугаар хавсралт "Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийн 5-т "Дамжуулагч, түгээгч, хангагч, хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хариуцаж, үзлэг үйлчилгээ, засвар, шинэчлэлийг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллага, ажилтнаар хийлгэнэ" гэж заасны дагуу контор өөрийн өмчлөлийн эд хөрөнгөд өөрөө засвар үйлчилгээг хийх үүрэгтэй байна. Иймд хуульд заагаагүй үндэслэлгүй ЦТП зардал гэж хурааж авсан 2014 оны 08 дугаар сараас 2015 оны 09 дүгээр сарын хооронд хураасан нийт 74 000 төгрөг, Т ХХК-ийн эзэмшлийн ялтсан бойлуурын засварт 400 000 төгрөг болон бохирын шугам сүлжээнд засвар хийлгэсэн 1 048 500 төгрөг, бөмбөлгөн хаалт 470 000 төгрөгийг буюу нийт 1 992 500 төгрөгийг “Т” ХХК хариуцах нь үндэслэлтэй байна.

        3. Шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй: “Х СӨХ-ны анхнаасаа цэвэр, бохир усны төлбөр дээр маргаагүй. Т ХХК-д маргаангүй 2014, 2015, 2016, 2017, 2018 оны төлбөрийг төлсөн. Гэтэл уг төлбөрийг төлөөгүй гэж 7 221 278 төгрөгт хамааруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Уг нэхэмжилж буй 7 221 278 төгрөгөөс 2018 оны 01, 02 саруудын цэвэр бохир ус, дундын өмчлөлийн эд хөрөнгийн төлбөрт үйлчилгээний төлбөрт нийт 211 353 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 27-нд төлсөн. Гэтэл цэвэр бохир ус, төлбөрт үйлчилгээний төлбөр болох 211 353 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоогүй. Х СӨХ-ны хувьд “Т” ХХК-д цэвэр бохир ус, дундын өмчлөлийн эд хөрөнгийн төлбөрт үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл байхгүй. Мөн 7 221 278 төгрөгт дундын өмчлөлийн эд хөрөнгийн бус үйлчилгээний 432 600 төгрөгийг оруулж Т ХХК нь нэхэмжилснийг шүүх харгалзан үзэлгүй халуун хүйтэн бохир ус халаалтын төлбөр гэж хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Х СӨХ-ны зүгээс зөвхөн 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр cap хүртэлх гараашийн халаалтын төлбөр гэх 3 256 409,90 төгрөг, 2016 оны 10 сараас 2018 оны 02 cap хүртэлх орцны халаалтын төлбөр 3 315 316 төгрөг, 2015 оны 09 сарын ЦТП зардал 5 500 төгрөг нийт 7 009 925 /7 221 278-211353/ төлөхөөс татгалзсан болно. Шүүх уг мөнгөн дүнг Т ХХК-ийг зохих байгуулагдсан төлсөн учраас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байгаа ч нэхэмжлэгч гараашийн дундын өмчлөлийн талбай 1116 м.кв-н төлбөрийг болон орциы талбай 120 м.кв талбайн халаалтын төлбөрийг тус тус төлсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

     Нэхэмжлэгч орцны талбайн хэмжээ 120 м.кв байхад 561,6 тооцож 2016 оны 10 сараас 2018 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 3 315 316 төгрөгийг үндэслэлгүйгээр нэмж нэхэмжилж байхад шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл мөн Т ХХК нь орцны халаалтад 561,6 мкв тооцож 3 315 316 төгрөгийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ХХК-д төлсөн эсэх нь тогтоогдохгүй байна. Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 189 дүгээр тогтоолын хавсралт Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журэмд заасны дагуу орон сууцны зоорийн давхарыг гараашийн зориулалтаар ашиглаж байгаа тохиолдолд төлбөр авахаар зохицуулсан. СӨХ-ны хувьд зоорийн давхарыг гараашийн зориулалтаар ашиглаагүй. Зоорин давхарын дундын өмчлөлийн хэсэгт ногдох дулааны төлбөр гэж контор нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ХХК-д төлсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

        Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7 221 278 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн 1 992 500 төгрөгийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын үнэн зөвийг эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөнтэй холбоотой шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд маргааны үйл баримттай хамааралтай нотлох баримтуудыг гарган зохих ёсоор мэтгэлцсэн байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үнэлэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

    Нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Х СӨХ-д холбогдуулан дундын эзэмшлийн хэрэглээний халуун, цэвэр, бохир ус, халаалтын төлбөрт 7 221 278 төгрөг, өмгөөллийн зардалд 250 000 төгрөг, нотариатын зардал 9 500 төгрөг, М ХХК-ийг төлөөлж Ус сувгийн удирдах газартай хийсэн гэрээний дагуу төлөх ёстой цэвэр, бохир, усны төлбөрт нийт 8 279 778 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ялтсан бойлерийн засвар үйлчилгээний төлбөр 400 000 төгрөг, бохирын шугам сүлжээний засварын төлбөр 1 048 500 төгрөг, хууль бус хураасан ЦТП зардал 74 000 төгрөг нийт 1 992 500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Талуудын хооронд нийтийн эзэмшлийн талбайтай холбоотой буюу 2015 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын байдлаар Х СӨХ-ны 103/1, 103/2, 103/3 дугаар байрны цэвэр, бохир ус, халаалт, нийтийн эзэмшлийн талбайд хамааралтай төлбөртэй үйлчилгээ зэрэг асуудлаар маргаан үүсчээ.

Т ХХК нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Хомланд хотхоны 130/1, 103/2, 103/3 дугаар орон сууцны байрнуудад /6 орц, 216 өрх, зоорийн давхрын 114 зогсоол/ халуун, хүйтэн ус, дулааныг тасралтгүй түгээж, бохир усыг татан зайлуулах, дундын өмчлөлийн шугам сүлжээ, тоноглолд засвар үйлчилгээ хийлгэх, мэргэжлийн байгууллагаас тавигдсан төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулахаар Х СӨХ-той 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ХА12 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г 5 сарын хугацаатай байгуулснаас хойш гэрээний хугацаа дууссан боловч цааш үргэлжлүүлэн ажилласан болох нь тогтоогдсон байна.

Хэрэгт 2015-2016 онд цэвэр, бохир ус хэрэглэсэн талаарх нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алины эрх бүхий этгээдүүд өөрөө өөрсдийнхөө тооцоог гаргасан баримтууд авагджээ.

Нэхэмжлэгч нь цэвэр, бохир, халуун ус, төлбөрт үйлчилгээний төлбөр үүссэн талаарх баримтад заасан төлбөрөөс хариуцагч нь төлбөрт үйлчилгээний төлбөрийн зарим хэсэг, ЦТП-ын төлбөр, орц, гараашийн халаалтын зарим хэсгийг эс зөвшөөрч, няцаасан тайлбар гаргасан. Нэхэмжлэгч нь ямар төлбөрт үйлчилгээ үзүүлсний болон ЦТП-ын төлбөр авах эрхтэй гэдгээ баримтаар нотолж чадаагүй тул хариуцагчийн зөвшөөрсөн агуулгаар тайлбарласан хэмжээнд үнэлэх боломжтой.

Харин цэвэр, бохир ус, халуун усны төлбөрийн хэмжээний талаар няцаасан баримт гаргаагүй байх тул 2015 оны 09 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын дуустал цэвэр ус 257 695 төгрөг, бохир усны 171 721 төгрөг, халуун усны 187 487 төгрөг, усны суурь хураамж 145 200 төгрөг, баримтын үнэ 7 500 төгрөг, төлбөрт үйлчилгээний зардал 1 370 450 төгрөгийн зарим хэсгийг зөвшөөрсөн агуулгатай тайлбарласан тул уг тооцооны баримтад үндэслэн нийт 1 642 305 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэхээр байна. /хэргийн 5 дугаар хавтасны 61 дүгээр тал/

Талууд орцны халаалалтын үнийн талаар маргасан байна. Гэрээнд зааснаар орон сууцны байруудын дундын өмчлөлийн 6 орцны нийт дулаан хангамжийн талбайг 120 м.кв-аар тооцсон ба халаалтыг 75 900 төгрөгөөр тооцсон нь халаалтын тариф тогтоосон эрх бүхий байгууллагын үнийн талаарх баримтад заасантай нийцэж байна. Нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 2016 оны 03 дугаар сарын дуустал 75 900 төгрөгөөр орцны халаалтыг тооцсон ба 75 900 төгрөгийг 5 сараар тооцож, 379 500 төгрөг /75 900х5 сар/ дээр 2015 оны 10 дугаар сарын 58 189 төгрөгийг нэмж тооцоход 437 689 төгрөг болно. /хэргийн 5 дугаар хавтасны 61 дүгээр тал/

Харин хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч орцны халаалтын үнийг 2016 оны 10 дугаар сараас эхлээд 284 170 төгрөг болгосон үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч орцны халаалтыг 400 төгрөгөөр тооцсон бол хэрэгт авагдсан дулааны тариф өөрчлөгдсөн, нэмэгдсэн талаарх эрх бүхий байгууллагын үнэлсэн баримтаар 2015 онд тариф нэмэгдэж, 430 төгрөгөөр тооцсон баримт байх бөгөөд халаалтын тариф 4 дахин нэмэгдээгүй байхад дулааны халаалтын төлбөр 4 дахин нэмэгдэх боломжгүй юм. Иймд орцны халаалтын үнийг 81 700 төгрөг гэж үзэн 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сарыг дуустал 7 сараар тооцоход 571 900 төгрөг /81 700х7 сар/ болно. Мөн 2017 оны 10 дугаар сарын 2018 оны 02 дугаар сарыг дуустал 408 500 төгрөг /81 700*5 сар/ орцны халаалтад нийт 1 418 089 төгрөгийг /437 689+571 900+408 500/ нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Талууд гараашийн халаалтын төлбөрийг төлөх эсэх талаар маргасан бөгөөд хамтран ажиллах гэрээнд “Зоорийн давхрын бусад хувьчлагдсан 2052 м.кв талбайг буюу 114 зогсоолын дулаан хангамжийн төлбөрийг эзэмшигчээс нь мэргэжлийн байгууллага тооцож авах”, харин зоорийн давхарын дундын өмчлөлийн талбайг 1116 м.кв-аар тооцохоор гэрээнд заасан байх тул гараашийн дундын өмчлөлийн буюу нийтийн талбайтай холбоотой зардлыг гарааш эзэмшигчдээс давхар авсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Нэхэмжлэгчийн гаргасан тайланд бүх сарын төлбөрийг нэхэмжлээгүй зөвхөн 6 сарын халаалтын тооцоо нэхэмжилсэн талуудын тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны хэрэгсэл болох учраас 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд  2 678 400 төгрөг /446 400 төгрөг х 6 сар/-ийг гаргуулах үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгч талын нягтлан бодогч Б.Г-ын гаргасан санхүүгийн тамга тэмдэг дарагдсан тооцоолол бүхий нийтийн эзэмшилтэй холбоотой цэвэр ус, бохир ус, орц, гараашийн халаалтын төлбөр, усны суурь баримт, төлбөрт үйлчилгээний төлбөрийн баримтад бичигдсэн /хэргийн 1 хавтасны 11, 5 дугаар хавтасны 53-55 дугаар тал/ хариуцагч Х СӨХ-оос төлсөн 1 848 563 төгрөг дээр 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01, 02 дугаарын төлбөр төлөгдсөн 211 353 төгрөгийн баримтыг нэмж тооцоход нийт 2 059 916 төгрөгийг хариуцагч байгууллага төлсөн байна.

Иймд дээрх талуудаас тооцоог нэгтгэн дүгнэвэл цэвэр, бохир, халуун ус, төлбөрт үйлчилгээ, усны суурь хураамж, баримтын үнэ нийт 1 642 305 төгрөг, орцны халаалт 1 418 089 төгрөг, гараашийн төлбөрт 2 678 400 төгрөг нийт 5 738 794 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2 059 916 төгрөгийг хасч нийт 3 678 878 төгрөгийг нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч “Х СӨХ-оос шаардах эрхтэй гэж үзлээ.

Хариуцагч Х СӨХ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ялтсан бойлерийн засвар үйлчилгээний төлбөр 400 000 төгрөг, бохирын шугам сүлжээний засварын төлбөр 1 048 500 төгрөг, бөмбөлгөн хаалт суурилуулалтын төлбөр 470 000 төгрөг, хууль бус хураасан ЦТП зардал 74 000 төгрөг нийт 1 992 500 төгрөгийг нэхэмжлэгч Т ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

ЦТП нь нэхэмжлэгч байгууллагын өмчлөлийн зүйл байгаа учраас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч өөрийнхөө эд зүйлтэй холбоотой зүйлээ өөрөө хариуцах ёстой. Иймд төлбөрийг хариуцагч төлөх үндэслэлгүй байх тул хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бохирын шугаманд засвар хийсэн төлбөр 1 048 500 төгрөг, ЦТП-ийн зардал 74 000 төгрөгийн зардлыг үндэслэлгүй авсан гэж үзэх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 122 500 төгрөгийг хангах нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт нийцнэ.

Харин бөмбөлгөн хаалт суурилуулалтын төлбөрийг хураасан баримт болох 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Хамтын ажиллагааны харилцан тохиролцож цаашид хамтын ажиллагааны гэрээ байгуулах болсны тухай протокол”-оор хэлэлцэх асуудалд хугацааг “2014 оны 08 дугаар сарын 01” гэж бичсэн. Мөн түүний өмчлөлд ирсэн гэх баримт байхгүй учраас 2014 оны 08 дугаар сарын 01-нээс өмнө гарсан бөмбөлгөн хаалт суурилуулсан төлбөрийг хариуцагч Х СӨХ нэхэмжлэх эрхгүй. /хэргийн 5 хавтасны 34 дүгээр тал/

Талууд ялтсан бойлерийн засвар үйлчилгээний төлбөртэй холбоотой асуудлын талаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан хүрээнд талууд гэрээгээ чөлөөтэй байгуулж, төлбөр төлөхөө зөвшөөрсөн байна. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр үүрэг хүлээн ялтсан бойлерийн үйлчилгээний төлбөрийг төлсөн байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Бөмбөлгөн хаалт суурилуулалт +0.00 тэмдэгтээс дээш байгаа тохиолдолд түүний хуримтлуулсан хөлсийг хариуцагч Х СӨХ өөрөө төлөх үүрэгтэй тул уг мөнгийг үндэслэлгүй авсан гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3 678 878 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 122 500 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01508 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1, 147 дугаар зүйлийн 147.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х СӨХ-оос 3 678 878 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 600 900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т ХХК-иас 1 122 500 төгрөгийг гаргуулж хариуцагч Х СӨХ-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 870 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

     2 дахь заалтад “130 642,45 /нэг зуун гучин мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг дөчин таван мөнгө/” гэснийг  “73  812” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 31 490 төгрөгийг гаргуулж, хариуцагч Х ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 370,45 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                                             Ч.ЦЭНД

                                                                                                             Д.БАЙГАЛМАА