Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2023/0011

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Прокурорын газрын

Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих

хэлтсийн хяналтын прокурор М.Э-н дүгнэлттэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.С

Гомдлын шаардлага: Улсын ахлах байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0052104 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0864 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Д.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0792/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э нь “Улсын ахлах байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0052104 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.    

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0864 дүгээр шийдвэрээр Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э-н 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар дүгнэлтийг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.С-н 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0052104 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.1 дэх заалтад  Ашигт малтмалын тухай хуульд 36 дугаар зүйлийн 36.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 26.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ” гэж заасан бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилт хийлгэж шав тэмдэг тавих хугацааг хуульд ийнхүү тодорхойлсон ч энэ үүргээ хэрэгжүүлээгүйг зөрчил гэж үзэхээр Зөрчлийн тухай хуульд заагаагүй байна...” гэжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан үндэслэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны “Техникийн шаардлага батлах тухай” А/68 тоот тушаалаар баталсан “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан ажлын тайлангийн загвар”-ын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг”-ийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг хуульчилсан байхад шүүхээс Зөрчлийн тухай хуульд заагаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.2. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд “Зөрчлийн шинжийг энэ хууль бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан бөгөөд “уурхайн талбайн хэмжилт хийлгэх шав тэмдэг тавих, ирүүлэх хугацааг хоцроосон” үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг”-д хамаарах бөгөөд эрх бүхий албан тушаалтны 52104 дугаартай шийтгэлийн хуудсаар Ө ХХК-д оногдуулсан шийтгэл нь хуулийн үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна.

3.3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.2“зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож

холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” гэж заасан бөгөөд “Ө” ХХК-ий захирал тухайн шийтгэлд маргадаггүй бөгөөд хэргийн үйл баримтад хамааралгүй гэж үзэж байна.

3.4. Иймд “Өнгөт маргад” ХХК-д оногдуулсан шийтгэл хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0864 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э нь “...Эрх бүхий албан тушаалтан “Ө” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан” гэж зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Эрх бүхий албан тушаалтан “Өнгөтмаргад” ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд “...тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ...” гэж заасныг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ, тайланг ирүүлээгүй үйлдэлтэй адилтган үзэж шийтгэл оногдуулсан нь хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд уурхайн талбайн хилийн хэмжилтийг хийлгэж, шав тэмдэг тавих хугацааг тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор гэж заасан байх боловч дээрх хугацааны дотор хил тогтоосон актыг мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлнэ гэж заагаагүй байна. ...зөрчлийн шинжийг Зөрчлийн тухай хууль, бусад хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан шинжүүдээр тус тус тодорхойлж болохоор байх боловч зөвхөн Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүй байхаар заасан байна. ...Зөрчлийн шинжүүдийг Зөрчлийн тухай хуульд тодорхой зааж өгсөн байх тул Ашигт малтмалын тухай хуульд заасан бүхий л үйлдлийг хамааруулан өргөн утгаар ойлгож, хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй тул “Өнгөтмаргад” ХХК-нд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр үндэслэлгүй тул хүчингүй болгож өгнө үү... гэх дүгнэлтийг гаргаж,

2.2. Хариуцагчаас ...Холбогдогчоос авсан мэдүүлэгт “Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасны дагуу танай байгууллагаас тусгай зөвшөөрлийн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ гэж заасан байна. Харин танай байгууллагаас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор буюу хуульд заасан 3 сарын хугацаанд ирүүлээгүй хэтэрсэн байна. Энэ талаар танд хэлэх зүйл байна уу” гэхэд М.Э “Ашигт малтмалын тухай хуульд заасан 3 сарын хугацаанд ирүүлээгүй зөрчлөө бол хүлээн зөвшөөрч байна” гэж хариулсан нь тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, хил тогтоосон тухай актаар баталгаажуулсан тайланг тус албанд ирүүлнэ гэсэн ойлголт нийтлэг байгааг нотолж байгаа болно. Иймд прокурор М.Энхтунгалагийн гаргасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгож “Өнгөтмаргад” ХХК-д оногдуулсан торгуулийн шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү... гэж маргажээ.

2.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, маргаан бүхий Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.С-н 2022 02 дугаар сарын 28-ны өдрийн 0052104 дугаартай шийтгэлийн хуудсаар Ө ХХК-нд Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасны дагуу 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж тус тус заасны дагуу “Ө ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай байжээ.

2.5. Тодруулбал, хариуцагчаас “Ө ХХК нь зөрчил үйлдсэн гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрч маргадаггүй” гэх боловч шүүхээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Д.С-н 2022 02 дугаар сарын 28-ны өдрийн 0052104 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх эсэхээс үл хамаарч “Ө ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байхад тус захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдийн эрхийг хязгаарласан, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т Холбогдогч дараахь эрхтэй”, 2.6-д “...прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

2.6. Иймд анхан шатны шүүхээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй байгаа энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 864 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    

           

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ