Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0376

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч С.Ганбат, Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор *******,

Хариуцагч: ,, уул уурхайн хяналтын газрын, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч ******* /хуучнаар/ нарын хооронд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагчийн төлөөлөгч *******[1], хариуцагч *******[2], шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Дүгнэлтийн шаардлага:

1.1. Дүгнэлт гаргагч *******аас “...Улсын ахлах байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0052104 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. ,, уул уурхайн хяналтын газрын, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч ******* 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0052104 дугаартай шийтгэлийн хуудсаар “*******” ХХК-д MV-******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайн хил тогтоосон актыг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасны дагуу 10,000 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ. 

2.2.Дээрх шийтгэл оногдуулсан шийдвэрийг Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч бүртгэсэн байна[3].

2.3.2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх ******* “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч зарим эрх бүхий албан тушаалтнуудын шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгах шалгалтын удирдамж”-ийг баталжээ.

2.4. Үүний дагуу тус газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор *******т 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “...улсын ахлах байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0052104 дугаартай шийтгэлийн хуудас” хуваарилагджээ.

2.5. Прокуророос дээрх материалыг хянан үзээд  “... “*******” ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан “...тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ...” гэх заалтыг хэрэгжүүлээгүй үйлдлийг мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ, тайланг ирүүлээгүй үйлдэлтэй адилтган үзэж шийтгэл оногдуулсан нь хууль төсөөтэй хэрэглэсэн.

2.6. Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан уурхайн талбайн хилийн хэмжилтийг хийлгэж, шав тэмдэг тавих хугацааг тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор гэж заасан байх боловч дээрх хугацааны дотор хил тогтоосон актыг мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлнэ гэж заагаагүй” тул хууль зүйн үндэслэлгүй...” хэмээн дүгнэн, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0052104 дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчимд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 26 дугаар прокурорын дүгнэлт бичиж, шүүхэд ирүүлжээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл: 

3.1. Дүгнэлт гаргагч ******* шүүхэд гаргасан дүгнэлтийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйл “Мэдээ, тайлан гаргах”-д тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргах мэдээ, тайлан хүргүүлэх эрх бүхий байгууллагыг тусгайлан буюу 48.1 дэх хэсэгт “...“Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлнэ” гэж, 48.1.1-д “хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн, дараагийн жилүүдэд тухайн оны төлөвлөгөөг 04 дүгээр сарын 15-ны дотор”, 48.1.2-т ”хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор”, 48.6-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж, 48.6.-д “тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг эрх бүхий байгууллагаар хийлгэж ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилийн дотор; 48.6.2-т ”дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор...” зэргээр тусгайлан хуульчилсан байна.

Дээрх Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ, тайланг тусгай зөвшөөрөл эзэмшигч хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулахаар Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заажээ.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан “*******” ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан “...тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ...” гэх заалтыг хэрэгжүүлээгүй үйлдлийг мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ, тайланг ирүүлээгүй үйлдэлтэй адилтган үзэж шийтгэл оногдуулсан нь хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

Мөн нөгөө талаас Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд уурхайн талбайн хилийн хэмжилтийг хийлгэж, шав тэмдэг тавих хугацааг тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор гэж заасан байх боловч дээрх хугацааны дотор хил тогтоосон актыг мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлнэ гэж заагаагүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд зөрчлийн шинжийг Зөрчлийн тухай хуульд заасан эсхүл бусад хуульд заасан эсхүл хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан шинжүүдээр тус тус тодорхойлж болохоор байх боловч зөвхөн Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүй байхаар заасан байна.

 Зөрчлийн тухай хуульд заасан “Ашигт малтмалын тухай хууль зөрчих” зөрчлийн шинж нь 7.11 дүгээр зүйлийн 1-ээс 7 дугаар болон тэдгээрийн доторх заалтад заасан шинжүүдээр тодорхойлогдохоор Зөрчлийн тухай хуульд тодорхой зааж өгсөн байх тул Ашигт малтмалын тухай хуульд заасан бүхий л үйлдлийг хамааруулан өргөн утгаар ойлгож, хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй тул “*******” ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлээгүй үйлдэлд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтын шийдвэр үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч ******* 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх хууль ёсны зарчимд нийцэхгүй үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив...,[4] бичгээр гаргасан дүгнэлтээ дэмжиж байгаа...” гэв.

3.2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 26.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ” гэж заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Техникийн шаардлага батлах тухай” А/68 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан ажлын тайлангийн загварын дагуу хүлээн авч шийдвэрлэдэг.

...миний холбогдогчоос авсан мэдүүлэгт “...холбогдогч М.Э******* “Ашигт малтмалын тухай хуульд заасан 3 сарын хугацаанд ирүүлээгүй зөрчлөө бол хүлээн зөвшөөрч байна” гэж хариулсан нь тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, хил тогтоосон тухай актаар баталгаажуулсан тайланг тус албанд ирүүлнэ гэсэн ойлголт нийтлэг байгааг нотолж байгаа болно.

Иймд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх *******ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож “*******” ХХК-д оногдуулсан торгуулийн шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү...”,[5]

... Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд мэргэжлийн хяналтын байгууллагаас баталсан техникийн шаардлагын дагуу тус албанд ирүүлнэ гэж заасныг прокурор ойлгоогүй. Прокуророос шав тэмдэгтэй холбоогүй асуудал буюу тайлан, мэдээллийн талаар ярьж байгаа. Энэ нь тусгай зөвшөөрлийн талбай нь шав тэмдгийг ярьж байгаа юм. Үүнийг прокурор ялгаж, салгаагүй байна...” гэв.

3.3.Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 26 тоот ... прокурорын дүгнэлт гарсан. Энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...”[6].

... ******* төлөөлөгчийн хэлж байгаагаар 90 хоногт тайлангаа өгөх байтал 91 дахь хоногт тайлангаа өгсөн. Учир нь орон нутгаас ирэхдээ цаг их алдсан бөгөөд эрх бүхий байгууллага буюу “Б*******” ХХК-иар шавын тайлангаа хийлгэж,  тайлангаа авахдаа мөн хугацаа алдаж нэг хоногоор хугацаа хэтрүүлж өгсөн...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв: Тус шүүхээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2023/0011 дүгээр магадлалын 2.4, 2.5, 2.6-д заасны дагуу “*******” ХХК-г  тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулан, холбогдох ажиллагааг хийж, прокурорын дүгнэлт, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн, шүүхийн шийдвэрүүдэд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах[7], тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор *******ийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар дүгнэлтийг хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин,, уул уурхайн хяналтын газрын, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч *******гийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0052104 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

4.1. Тодруулбал, хариуцагч ,, уул уурхайн хяналтын газрын, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч *******гийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0052104 дугаартай шийтгэлийн хуудсаар[8] *******” ХХК-д “...MV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайн хил тогтоосон актыг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

4.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь “*******” ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан уурхайн талбайн хилийн хэмжилт хийлгэж шав тэмдэг тавих, ирүүлэх хугацааг хоцроосон зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан шийтгэх хуудас оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.3. Учир нь Ашигт малтмалын тухай хуульд энэ талаар 36 дугаар зүйлийн 36.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 26.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор мэргэжлийн хяналтын албаны тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ” гэж заасан хэдий ч энэ үүргээ хэрэгжүүлээгүйг Зөрчлийн тухай хуульд зөрчил гэж үзэж, шийтгэл оногдуулахаар хуульчлаагүй.

4.4. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно” гээд мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тус тус зааснаар гагцхүү зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг л зөрчил гэж үзэхээр хуульчилсан тохиолдолд шийтгэх ногдуулахаар байна.

4.5. Нөгөөтээгүүр прокурор Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ тайланг тусгай зөвшөөрөл эзэмшигч хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол торгох шийтгэл оногдуулахаар заасан Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг эрх бүхий албан тушаалтан төсөөтэй хэрэглэж, Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан “уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавьсан актыг ирүүлэх" хугацаа хоцроосон үйлдлийг мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ тайланг ирүүлээгүй үйлдэлтэй адилтган үзэж шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэх хууль ёсны зарчимд нийцээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

4.6. Иймд “*******” ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлээгүй үйлдэлд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтын шийдвэр үндэслэлгүй” гэх прокурорын дүгнэлт үндэслэлтэй байх тул Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх" хууль ёсны зарчим, 13 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэх шударга ёсны зарчим, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” зэргийг баримтлан прокурорын дүгнэлтийг хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Тав: Бусад

5.1.Эцэст нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор *******ийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар дүгнэлтийг хангаж, /хуучнаар/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин,, уул уурхайн хяналтын газрын, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч *******гийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0052104 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  113 дугаар зүйлийн 113.2 дахь заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Л.БАТБААТАР

                 ШҮҮГЧ                                        С.ГАНБАТ

                               ШҮҮГЧ                                        Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

 

 

 

[1] Хавтас хэргийн 183 хуудас

[2] Хавтас хэргийн 161, 194-169 хуудас

[3] Хавтас хэргийн 38 хуудас

[4] Хавтас хэргийн 1-3 хуудас

[5] Хавтас хэргийн 47-48 хуудас

[6] Хавтас хэргийн 165 хуудас

[7] Хавтас хэргийн 127-128 хуудас

[8] Хавтас хэргийн 38 хуудас