Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01912

 

Д.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/02011 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1775 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ГТЗ-ид холбогдох,

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэг гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 4 062 861 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болортуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Болортуяа, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ2017/01226 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1518 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2017/01358 дугаар тогтоолоор Д.Н миний биеийг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны 1 дүгээр хэсгийн ахлагчаар ажиллуулахыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн билээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх цалинг нөхөн олгосон. Д.Н миний бие 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4 062 861 төгрөгийг нөхөн гаргуулахыг хүсэж байна. Цалингийн тооцоо 1 өдрийн цалин 360 000 төгрөгийг 21 хоногт хувааж 17 143 төгрөг. 2017 оны 04 дүгээр сарын 15 хоног 257 145 төгрөг, 2017 оны 05 сараас 2018 оны 03 сар хүртэл 10 сар 3 600 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 12 хоног 205 716 төгрөг, нийт ажилгүй байсан хугацааны цалин 4 062 861 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.Н-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ГТЗ-ид холбогдох иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ2017/01226 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1518 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 001/ХТ2017/01358 дугаар тогтоолоор эцэслэн хянан шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу нэхэмжлэгч Д.Н-ийг Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны 1 дүгээр хэсгийн ахлагчаар ажиллуулах үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг Баянзүрх дүүргийн ГТЗ-ид даалгаж, Баянзүрх дүүргийн ГТЗ-ийн албанаас 733 092 төгрөг нөхөн олгохыг хариуцагчид даалгасан байдаг. Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үндэслээд Баянзүрх дүүргийн ГТЗ-ийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар Д.Н-ийг Гачуурт тосгоны Засаг даргын тамгын газрын Улиастайн 1 дүгээр хэсгийн ахлагчаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 733 092 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон.

Нэхэмжлэгч нь яг ямар үндэслэлээр цалин мөнгө нэхээд байгаа нь тодорхойгүй. Энэ хүнтэй манайх хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллуулж байсан. Өмнөх шүүхийн шийдвэрээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллаж байсан ажилд нь эргүүлэн тогтоогоод ажилгүй байсан хугацааны мөнгийг хохирол гэдэг утгаар 730 000 төгрөг буцаан олгосон. Тэрнээс биш нөхөн олговор гэдэг утгаар энэ хүнд мөнгө өгөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Энэ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээнээс үүдэлтэй нөхөн олговрын асуудлын талаар Иргэний хуулийн зохицуулалт байхгүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох нөхцөл боломж бүрдэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/02011 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн ГТЗ-ийн албанаас 3 325 094 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 737 767 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн  60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 956 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн ГТЗ-ийн албанаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 68 151.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-ид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1775 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/02011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ГТЗ- нь давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 68 151.5 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Иргэний хуулийн холбогдох хэм хэмжээг хэргийн нөхцөл байдалтай холбож, тайлбар дүгнэлт гаргаагүй ба давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн. Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна гэж дүгнэсэн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох цалингийн тооцооны талаарх нотлох баримтыг шүүхэд нотлоогүй байхад шүүх өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх тус шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар хэргийг бүхэлд нь хяналгүйгээр 2017 оны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийг шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 101/ШШ2017/01226 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1518 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2017/01358 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.Н-ийг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны 1 дүгээр хэсгийн ахлагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг  Баянзүрх дүүргийн ГТЗ-ид даалгаж, хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүй цуцалсан тул үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд нэхэмжлэгчийн авах байсан хөлс 733 092 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Шүүхийн дээрх шийдвэрийг хариуцагч 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр биелүүлж, нэхэмжлэгч Д.Н-ийг хуучин ажилд нь томилсон байна.

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хугацааны хөлс гаргуулахаар шаарджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Д.Н-ийг хөлсөөр ажиллаж байсан ажлын байрнаас үндэслэлгүй чөлөөлөгдөж, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас хохирсон гэж үзэн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хангасан нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг цалингийн тооцооны талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй гэж хяналтын журмаар гаргасан гомдолдоо заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримт, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх үйл баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн хөлсийн талаарх баримтыг хариуцагч гаргаагүй байна.

Нөгөө талаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг  хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул шүүх Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 101/ШШ2017/01226 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1518 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2017/01358 дугаар тогтоолоор тогтоогдсон нэхэмжлэгчийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг хэрэг хянан шийдвэрлэхэд баримталсан нь буруу биш болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/02011 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1775 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА

         ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН