Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2011

 

 

 

 

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2018/02011

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Н -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ГТЗ холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин 4,062,861 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 1518 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 сарын 07-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Д.Н  миний биеийг ******* дүгээр хэсгийн ахлагчаар ажиллуулахыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн билээ. Анхан шатны шүүхийн шийдвэрээр 2017 оны 04 сарын 10-ны өдөр хүртэлх цалинг нөхөн олгосон. Д.Н  миний бие 2018 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4,062,861 төгрөгийг нөхөн гаргуулахыг хүсэж байна. Цалингийн тооцоо 1 өдрийн цалин 360,000 төгрөгийг 21 хоногт хувааж 17,143 төгрөг. 2017 оны 04 сарын 15 хоног 257,145 төгрөг, 2017 оны 05 сараас 2018 оны 03 сар хүртэл 10 сар 3,600,000 төгрөг, 2018 оны 03 сарын 20 хүртэл 12 хоног 205,716 төгрөг, нийт 4,062,861 төгрөг. Ажилгүй байсан хугацааны цалин 4,062,861 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн Д.Н ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны захирагчид холбогдох иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 10-ны ******* дугаар шийдвэр, Нийслэл дэх Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 сарын 03-ны 1518 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 сарын 07-ны өдрийн ******* дугаар тогтоолоор эцэслэн хянан шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу нэхэмжлэгч Д.Н ийг Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны 1 дүгээр хэсгийн ахлагчаар ажиллуулах үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг ГТЗ ид даалгаж, ГТЗ ийн албанаас 733,092 төгрөг нөхөн олгохыг хариуцагчид даалгасан байдаг. Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үндэслээд ГТЗ ийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар Д.Н ийг Гачуурт тосгоны ******* Улиастайн 1 дүгээр хэсгийн ахлагчаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 733,092 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон. Нэхэмжлэгч нь яг ямар үндэслэлээр цалин мөнгө нэхээд байгаа нь тодорхойгүй. Энэ хүнтэй манайх хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллуулж байсан. Өмнөх шүүхийн шийдвэрээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллаж байсан ажилд нь эргүүлэн тогтоогоод ажилгүй байсан хугацааны мөнгийг хохирол гэдэг утгаар 730,000 төгрөг буцаан олгосон. Тэрнээс биш нөхөн олговор гэдэг утгаар энэ хүнд мөнгө өгөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Энэ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээнээс үүдэлтэй нөхөн олговрын асуудлын талаар Иргэний хуулийн зохицуулалт байхгүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох нөхцөл боломж бүрдэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.  Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

   Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н  нь хариуцагч ГТЗ ид холбогдуулан  2017 оны 04 сарын 10-ны өдрөөс 2018 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4,062,861 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Д.Н  нь 2016 оны 03 сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хэсгийн ахлагчаар ажиллах хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан ажиллаж байгаад 2017 оны 01 сарын 20-ны өдрийн тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны 1 дүгээр хэсгийн ахлагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг ГТЗ ид даалгаж, ГТЗ ийн албанаас 733,092 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 1518 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 сарын 07-ны өдрийн ******* дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. /хх-5-8, 9-16, 17-22/

Д.Н ийн нэхэмжлэлтэй Гачуурт тосгоны захирагчид холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн дээр дурдсан шийдвэр, магадлал, тогтоолд зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан талаар дүгнэж, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилснийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн тул зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцаа, гэрээний үүрэгтэй холбоотой хохирол гаргуулах үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзэн, зохигчдын хооронд үүссэн харилцааг шүүх дахин нотлохгүй.

 

            ГТЗ ийн 2018 оны 03 сарын 20-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Д.Н ийг Гачуурт тосгоны ******* Улиастай 1 дүгээр хэсгийн ахлагчаар 2018 оны 03 сарын 20-ны өдрөөс томилсон байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Д.Н ийг Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны 1 дүгээр хэсгийн ахлагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг ГТЗ ид даалгаж шийдвэрлэсэн бөгөөд ГТЗ ийн 2018 оны 03 сарын 20-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Д.Н ийг Гачуурт тосгоны ******* Улиастай 1 дүгээр хэсгийн ахлагчаар томилох хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсэн хэвээр байсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Д.Н  нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөний улмаас авах ёстой байсан цалин хөлсөөр хохирч, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас учирсан хохирлоо арилгуулахаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хариуцагчаас гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилсон шийдвэр гарсан өдрийг хүртэл хугацааны буюу 2017 оны 04 сарын 10-ны өдрөөс 2018 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэлх цалин 4,062,861 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэрт заасан 2017 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны цалин 733,092 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нь хүлээн авсан байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.

 

2017 оны 04 сарын 10-ны өдрөөс 2018 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын өдрийг тооцоход 11 сар 12 хоног болж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн ******* дугаар шийдвэрт Д.Н  нь сард 288,000 төгрөгийн цалин авдаг байсан талаар тогтоож, уг дүнгээс 1 өдрийн цалинг 13,091 төгрөг гэж тооцож шийдвэрлэснийг үндэслэн шийдвэрт заасан сарын цалин, нэг өдрийн цалингийн хэмжээгээр тооцож 3,325,094 төгрөгийг хариуцагч ГТЗ ийн албанаас гаргуулж нэхэмжлэгч Д.Н ид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь өөрийн 1 сарын цалин хөлсний хэмжээг 360,000 төгрөгөөр тооцон ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн байх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ГТЗ ийн албанаас 3,325,094 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 737,767 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                          ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч ГТЗ ийн албанаас 3,325,094 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 737,767 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,956 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГТЗ ийн албанаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 68,151.50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н ид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР