Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01763

 

Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00892 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1399 дүгээр магадлалтай,

            Б гийн нэхэмжлэлтэй,

            “Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал” ТӨААТҮГ-т  холбогдох

       Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, Зорчигч үйлчилгэний албаны хүндэт зочины танхимын буфетын худалдагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь 2015 оны 09 сарын 24-ний А/595 тушаалаар Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын Захиргаа удирдлагын газарт өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр орж 2016 оны 09 сарын 01-нээс Чингис хаан олон улсын нисэх буудлын Зорчигч үйлчилгээний албаны хүндэт зочны танхимын буфетийн худалдагчийн ажлыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэдэг байсан. Гэтэл хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42 дугаар  зүйлийн 42.1, 43 дугаар зүйл, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны А/811 дүгээр тушаалыг үндэслэн намайг ажлаас халах тухай хууль бус шийдвэр гаргасан тул Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлын Б/525 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг зөрчиж гаргасан. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 сарын 28-ны өдрийн “Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" А/811 тоот тушаалаар Зорчигч үйлчилгээний албаны Хүндэт зочны танхимын буфетийн худалдагчийн орон тоог цөөрүүлсэн тул байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай мэдэгдлийг 2016 оны 12 сарын 28-нд надад мэдэгдсэн. Уг мэдэгдэх хуудсанд хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 сарын 30-ны өдрөөр цуцлах болсныг мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр намайг ажлаас халсан гэх бөгөөд энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан байдаг. Гэтэл Чингис хаан олон улсын нисэх буудлын захирлын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/525 тоот тушаал нь 2016 оны 12 сарын 28-нд буюу надад мэдэгдлийг танилцуулсан өдрөө гарсан байдаг. Нөгөөтээгүүр, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны 11 сарын 28-ны өдрийн “Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/811 тоот тушаалаар Зорчигч үйлчилгээний албаны Хүндэт зочны танхимын буфетийн худалдагчийн орон тоог цөөрүүлсэн гэх боловч өнөөдрийн намайг үндэслэлгүйгээр халснаас хойш одоог хүртэл тухайн орон тоо цөөрөөгүй байдаг болно. Ажил хүлээлгэн өгөх өдөр болон ажлаас халагдах өдрийг шийдвэрээр тогтоож өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэжээ. Гэтэл надад энэхүү өдрийг тодорхойлж өгөөгүй. Ажлаас халах болсон тухай мэдэгдэлдээ хөдөлмөрийн гэрээг 2016 онь 12 сарын 31-ний өдрөөр цуцлах болсныг тусгасан бөгөөд энэхүү мэдэгдлийг хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр гэж үзэх үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаалыг гардуулж өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т зааснаар Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон хуульд заасан тэтгэмж өгөөгүйгээс гадна албан ёсоор ажил хүлээлцэж акт үйлдээгүй бөгөөд бодит байдал дээр ажлын байрнаас хууль бусаар гаргаж, ажил эрхлэх боломжгүй болгосон. Энэ нь тус хуулийн 43.2-т ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж зааснаар өнөөдрийг хүртэл хууль ёсны дагуу халагдсан гэж үзэхгүй юм. Хөөн хэлэлцэх хугацаа тоолох боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн хүчин төгөлдөр шийдвэрийг гардан авснаар хуульд заасан гомдол гаргах нэг сарын хугацаа тоологдох учиртай. Гэтэл надад хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай захирлын тушаалыг өгөх үүргээ биелүүлэлгүй өдийг хүрсэн тул хөөн хэлэлцэх хугацааг тоолох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймээс иргэн миний Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хуульд заасан эрхийг минь хангаж ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоож, Зорчигч үйлчилгээний албаны хүндэт зочны танхимын буфетийн худалдагчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагайгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус нисэх буудлын Зорчигч үйлчилгээний албаны ээлжийн зохион байгуулагчаар ажиллаж байсан Б той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ИНЕГ-ын даргын 2016 оны Зохион байгуулалтын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/811 тоот тушаалаар хүндэт зочны танхимын ээлжийн орон нутгийн худалдагчийн орон тоог 3 байсныг 2 болгон цөөрүүлжээ. Учир нь 2016 оны хувьд тус бизнес танхим нь нийт 14,074,580, сард дунджаар 1,172,881 төгрөгийн орлоготой ажилласан бөгөөд ажилтнуудын цалин нэг сард дунджаар 7,054,801 төгрөгийн зарлага гаргасан. Иймд тус заалны зохион байгуулагч болон худалдагчийн орон тоог тус бүр нэгээр цөөрүүлэх арга хэмжээг авсан. Ийнхүү орон тоо цөөрүүлэх арга хэмжээг авахдаа тус зааланд худалдагчаар ажилласан жил, туршлагыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтын дагуу Б той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсгийг баримтлан Б д нэг сарын өмнө мэдэгдсэн бөгөөд Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Батжаргал, захиргаа хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Б.Пүрэвсүрэн нар нь өөрийн биеэр мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгөхийг оролдсон боловч Б  нь мэдэгдэх хуудсыг авалгүйгээр гэнэтийн ажил явдал гарсны улмаас 14 хоногийн чөлөө хүссэн бөгөөд 2016 оны 12 сарын 20-ны өдөр чөлөөний хугацаа дууссан. Уг хугацаанд хүний нөөцийн мэргэжилтэн Б.Пүрэвсүрэн нь Б гийн цахим хаяг руу явуулсан байдаг. Б  нь чөлөөний хугацаа дууссанаас хойш 4 удаа ээлжид гарах байсан боловч ажилдаа ирээгүй бөгөөд мэдэгдэх хуудсыг мөн адил тухайн хугацаанд аваагүй болно. Ийнхүү  мэдэгдэх хуудсанд заасан хугацаа дуусч 2016 оны 12 сарын 28-ны хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирлын Б/525 тоот тушаал гарсан бөгөөд тухайн ээлжийн зохион байгуулагч, худалдагчийн орон тоо цөөрсөн тул захирлын А/146 тоот тушаалаар ажил хүлээлцүүлэхээр комисс томилсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан ажилласан жилээс хамаарч 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн боловч Б  тус нисэх буудалд Иргэний нисэхийн ерөнхий газраас шилжиж ирэхдээ цалингийн урьдчилгаа авсан байсан бөгөөд түүний үлдэгдэл 2,800,000 төгрөг үлдсэн байсан. Мөн тус нисэх буудалд ажиллаж байхдаа 475,732 төгрөгийн өр үүсгэсэн бөгөөд нийт 3,275,732 төгрөг болсноос 512,818 төгрөгийг барагдуулаад байсан. Иймд өр авлагыг барагдуулах үүднээс 1 сарын дундаж цалин болох 622,235 төгрөгийг өрөнд суутгасан. Мөн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг Б  нь өөрийн биеэр 2016 оны 12 сарын 28, 2017 оны 01 сарын 25-нд тус тус Б/525 дугаар тушаалыг авсан байх бөгөөд уг баримт нь тус нисэх буудлын бичиг хэргийн дэвтэрт өөрийн гарын үсэг зурж он сарыг тавьсан байдлаар нотлогдоно. Б  нь мөн өөрийн нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдсан байх бөгөөд дээрх баримтын дагуу тушаал гарсан өдөр болох 2016 оны 12 сарын 28, 2017 оны 01 сарын 25-нд тушаал авсан байх бөгөөд тухайн хугацаанаас хойш хуульд заасан нэг сарын хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.          Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00892 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б гийн нэхэмжлэлтэй ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, Зорчигч үйлчилгээний албаны хүндэт зочны танхимын буфетийн худалдагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.              Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1399 дүгээр магадлалаар: Хан-Уул Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй тул дараах байдлаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шат шатны шүүх нотлох баримтыг маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Б г ажлаас буруу халагдсан талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж үзэн үндэслэлээ хүндэтгэн үзэх шалтгаанд тооцоогүй тухай дурдсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсныг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох тухай шүүх дурдсан хэдий ч нэхэмжлэгчийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй хэмээн дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс өөрийн бодит байдлыг тодорхойлж буюу эмээгээ зуурдаар алдан, 89 настай өвөө, хөхний хорт хавдартай ээж, 10 настай хүүгээ асардаг тухай тодорхойлолтыг өгсөөр атал шүүх “... өвөө, ээж, хүүгээ бусдын асаргаанд байх шаардлагатай талаарх эмнэлгийн байгууллагын дүгнэлт, нийгмийн халамж үйлчилгээнээс асаргааны тэтгэмж авдаг талаарх баримтыг тус тус шүүхэд ирүүлээгүй” хэмээн дүгнэсэн. Гэтэл хэргийн 86 дах талд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт, 88 дах талд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, 90 дэх талд Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн эмчлэгч эмч Л.Алтантөгсийн тодорхойлолт, 97 дах талд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багийн Засаг даргын Б д өгсөн тодорхойлолт зэрэг нотлох баримтууд авагдсан байхад уг нотлох баримтуудыг байхгүй мэтээр дүгнэн шийдвэр гаргасан нь ИХШХШТХ-ийн 40.1, 40.2-т заасантай нийцэхгүй. Ийнхүү анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж шийдвэр гаргахдаа Б гийн нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан биш хэмээн үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэх нөхцөл бүрдүүлсэн. Дээрх нөхцөл байдлыг Давж заалдах шатны шүүхэд мэдүүлсэн боловч давж заалдах шатны шүүх хүндэтгэн үзэх шалтгааныг хязгаарлагдмал утгаар тайлбарлан хэрэглэсэн байна. Магадлалын хянавал хэсгийн төгсгөлд “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон нөхцөл байдал нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна” гэж хуулийн хэм хэмжээг явцууруулж тайлбарласан. Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор уг 129.3-р зүйлийг тайлбарлахдаа дээрх шалтгаануудыг тоочоод түүнийг дэлгэрүүлэн “.... зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно". Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д өвчтөн асарсан нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулдаг ба энэ нь Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлтэй бүрэн нийцэх юм. Шүүхийн үндсэн үүрэг бол иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч Б гийн хувьд эрхийг нь зөрчсөн тушаал гарсан нь хуульд нийцээгүй хэмээн шүүх дүгнэсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаануудыг харгалзалгүй хүнлэг бус шийдвэрийг шат шатандаа гаргасныг зүй ёсонд нийцэхгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн 892 шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1399 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б  нь хариуцагч “Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудал" Төрийн өмчит ААТҮГазарт холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, Зорчигч үйлчилгээний албаны хүндэт зочны танхимын буфетийн худалдагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь тус байгууллагын Зорчигч үйлчилгээний албаны хүндэт зочны танхимын буфетийн худалдагчаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/525 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба тушаал нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43, Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.7 дахь заалт, хамтын гэрээний 4.1, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны А/811 дугаартай тушаалыг үндэслэл болгосон байна.

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр Б г  2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдээгүй, өөрийн эрхэлж байсан ажлын байр нь цөөрөөгүй гэж маргадаг боловч тэрээр ажил олгогчийн хууль бус шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах хуулиар тогтоосон хугацааг  хэтрүүлсэн гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т нийцсэн байна. 

Хэргийн 21-22 дугаар талд авагдсан баримтад “2016 оны 12 дугаар сарын 28-ны  өдөр Б/525 дугаар тушаалын хувийг Б д олгов” гэснээс үзэхэд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын хувийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажилтанд гардуулан өгсөн гэх үйл баримт тогтоогдсон тухай анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цуцалсан тухай тушаалын хувийг нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 11 сар 8 хоногийн дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байх тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй шалтгаанаа 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эмээ Т.Дуламсүрэн нас барсан, ээж Р.Оюунцэцэг хөхний хорт хавдраар өвчилсөн, 89 настай өвөө И.Равдан, хүү н.Тэргэл нарыг асарсан гэж тайлбарласан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дах хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан боловч тухайн нөхцөл байдлыг гомдол гаргах хугацааг сэргээх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн ганцаарчилсан маргаанд хуулийг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлжээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс тогтоов.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00892 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1399 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН