Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01306

 

 Д.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00285 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 849 дүгээр магадлалтай,

Д.Н-ийн нэхэмжлэлтэй,

Ц.З-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 46.440.413 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал,  нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.З- нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 22.100 ам.долларыг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 6 сарын хугацаагаар  cap бүр 3.8 хувийн хүүтэй зээлэх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн  алданги  төлөхөөр тохирсон.  Ц.З-  зээлийн хүүд нийт 19.000.000 төгрөг өгснийг тухайн үеийн ам.долларын ханш 2.475 төгрөг орчим байсныг 2.000 төгрөгөөр бодож 9.500 ам.доллар буцаан авсанд тооцсон. Ингээд  тооцоо нийлэхэд үндсэн зээл 22.100 ам.доллар, 6 сарын хүү 5034 ам.доллар, нийт 27.134 ам.доллараас хүүд өгсөн 9500 ам.долларыг хасч 17.634 ам.долларын үлдэгдэлтэй болсон . Үүн дээр алданги болох 8.817 ам.долларыг нэмж тооцвол нийт 26.451 ам.доллар төлөх байснаас алдангийг хасч 17.634 ам.доллар авахаар болж 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр "Тооцоо нийлэх, мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ" байгуулсан. Энэхүү гэрээгээр уг мөнгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгах, зээлийн хүүд cap бүр 200.000 төгрөг, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон юм. Гэтэл Ц.З- үүнээс хойш зөвхөн хүүд 200.000 төгрөг төлөөд бусад мөнгийг өгөөгүй хугацаа хэтрүүлсэн. 2017 оны 06 дугаар сарын 13-нд 12.000.000 төгрөг өгснийг тухайн үеийн Монгол банкны ханш 1 ам.долларыг 2.375 төгрөгөөр тооцоход 5.052 ам.доллар болсон. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 12.582 ам.доллар, 2017 оны 05 дугаар capын 30-ны өдрөөс хойших хугацааны алданги болох 6.291 ам.доллар, нийт 18.873 ам.долларыг Монгол банкны 2017 оны 10 дугаар capын 10-ны өдрийн ханшаар 1 ам.долларыг 2.460 төгрөгөөр тооцож нийт 46.440.413 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                          

Хариуцагч Ц.З- шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.Н-ээс 7.000 ам.долларыг 1 сарын хугацаатай зээлж авсан, 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 7.000 ам.долларын хүү болох 352 ам.долларыг төлж, 7.000 ам.доллар дээр нэмж 10.000 ам.долларыг зээлж авсан бөгөөд нийт 17.000 ам.долларыг 1 сарын хугацаатай, 3.8 хувийн хүүтэй зээлж авсан болно.  Д.Н-тэй уулзахад  2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр уулзаад  2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлтөд нэг ч төгрөг төлөөгүй, өмнөх зээлийн төлбөр тооцоог нэмж гэрээ хийе гэж хэлсэн. Үүний дагуу   2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Харин  энэхүү гэрээний дагуу  22.100 ам.доллар  аваагүй болно.

2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 5.100 ам.доллар төлснөөс 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний 1 сарын зээлийн хүү болох 646 ам.доллар, үлдэгдэл 4.454 ам.доллар нь үндсэн төлбөрөөс хасагдаж, зээлийн үндсэн төлбөр /17.000-4454=12.456/ 12.546 ам.доллар, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 600 ам.доллар, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 250 ам.доллар тус тус төлсөн нь 12.546 ам.доллараас хасагдаж /12546-850=11.696/ зээлийн үндсэн төлбөр 11.696 ам.доллар, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр бэлэн 10.000.000 төгрөг төлсөн нь тухайн өдрийн ам.долларын ханш 1.989 төгрөгөөр тооцож 5.027 ам.доллар болох бөгөөд /11.696-5027=6.669/ үлдэгдэл 6.669 ам.доллар, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 4.900.000 төгрөг төлсөн нь тухайн өдрийн Монгол банкны ханш 1992 ам.доллараар тооцоход 2.459 ам.доллар төлөхөд үлдэгдэл /6669-2479=4210/ үлдэгдэл 4.210 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1.100.000 төгрөг төлсөн нь тухайн өдрийн ам.долларын ханш 1.995 ам.доллараар тооцоход 551 ам.доллар /4210-551=3659/ үлдэгдэл 3659 ам.доллар, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2.800.000 төгрөг төлсөн нь тухайн өдрийн Монгол банкны ханшаар 2.026 ам.доллараар тооцоход 1.382 ам.доллар /3659-1382=2277/ зээлийн үлдэгдэл 2.277 ам.доллар, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 12.000.000 төгрөг төлсөн, Монгол банкны ханшаар 2.372 ам.доллар байснаар тооцож үзэхэд 5.059 ам.доллар болсныг зээлийн үлдэгдэл төлбөр 2.372 ам.доллараас хасч тооцсон. Иймд нэхэмжлэгч Д.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дуудан уулзаж 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлтөд нэг ч төгрөг төлөөгүй, зээлийн төлбөр тооцог нэмж, гэрээ хийе гэж хэлсний дагуу Д.Н-тэй 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ хийсэн. Энэхүү гэрээ нь бодитой биш бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй. Ц.З- нь Д.Н-ээс 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 21.000 ам.доллар  аваагүй. Иймд зээлдэгч Ц.З-, зээлдүүлэгч Д.Н- нарын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн  хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож 22.100 ам.долларын зээлийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаатайгаар сарын 3.8 хувийн хүүтэй, хоног тутамд төлөгдөөгүй дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр биеэр байлцаж нотариатаар баталгаажуулан хуулийн шаардлага хангасан хэлцлийг хийж гарын үсэг зурсан болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00285 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.З-гаас үндсэн зээлийн үлдэгдэл 12.582 ам.доллар, алданги 6.291 ам.доллар, нийт 18.873 ам.доллар буюу 46.440.413.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Д.Н- болон Ц.З- нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч Д.Н-ээс 366.400 төгрөг гаргуулж хариуцагч Ц.З-д олгож, нэхэмжлэгч Д.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 390.153 төгрөг, хариуцагч Ц.З-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 366.400 төгрөгийг тус тус улсын орлогод оруулж  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 849 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00285 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.З-гаас 38.683.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.756.913 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай”, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Д.Н-, Ц.З- нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 10 өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Н-ийн төлсөн 390 153 төгрөг, хариуцагч Ц.З-гийн төлсөн 366.400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ц.З-гаас 351.367 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 04-р сарын 04-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаар 849 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч. дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Харамсалтай нь хавтаст хэргийн 37-40 хуудсанд хариуцагчаас төлсөн 2015 оны 08-р сарын 11-ний өдрөөс 2017 оны 06-р сарын 14-ний өдөр хүртэл төлсөн нийт төлбөр нь 112.000.000 сая биш, 31.000.000 сая төгрөг байгаа, үйл баримтыг давж заалдах шатны шүүх үнэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчид бичиж өгсөн гар бичмэл баримтаар 2014 оны 03-р сарын 26-ны өдөр 6.500 ам. доллар авсан, 2015 оны 08-р сарын 11-нд 10.000.000 сая төгрөгийг хүүнд тооцож авсан, 6 сар 15 хоногийн хүү, харин уг зээл нь 2017 оны 06-р сарын 16-ны өдрийн байдлаар нийт 22 сар юу ч төлөгдөөгүй гэх баримт нь зохиогчдын хооронд байгуулсан 2015 оны 04-р сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр 22.100 ам.доллар аваагүй байна гэх үйл баримтыг бүрэн нотлох юм. хх-ийн 88-89 хуудас. Нөгөө талаараа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нотлох үүрэг хүлээх этгээдийн хувьд, нэхэмжлэгч гэрээний дагуу 22.100 ам.доллар шилжүүлсэн үйл баримтыг нотолж чадахгүй байхад, шүүх энэхүү хариуцагчийг буруутгах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан зохиогчдын хооронд байгуулагдсан 2015 оны 04-р сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнд, гэрээний зүйл болох 22.100 ам.долларыг зээлдүүлэгч, зээлдэгчийн өмчлөл шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй, энэ тухай зохиогчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд ч тусгаагүй, хариуцагч гэрээний зүйлийг хүлээн аваагүй гэж маргадаг бөгөөд нэхэмжлэгч шилжүүлсэн гэсэн тайлбар хэлсэн боловч үүнийг нотолж чадаагүй байхад шүү* гэрээний үүргийн биелэлт шаардах эрхтэй гэрээ хуульд нийцсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор хуульчилсан бөгөөд талууд энэхүү мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлсэн үйл баримт нь тогтоогдохгүй, зээлдүүлэгч мөнгө шилжүүлсэн үйл баримтаа нотолж чадаагүй, энэхүү хууль бус гэрээгээр хариуцагчаас үүрэг шаардаж байгааг, хариуцагч хүчин төгөлдөр бус гэрээ гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль ёсны гэж үзнэ.

Иймд 2018оны 04-р сарын 04-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 849 тоот магадлалын нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 38.683.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч Ц.З-гаас 46.440.413 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд зээлийн болон тооцоо нийлэх гэрээг дурджээ.  Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа  “...гэрээнд заасан мөнгийг аваагүй, өмнөх зээл, хүүг тооцож  гэрээ байгуулсан” гэсэн тайлбар гаргаж, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчийн хооронд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч 22.100 ам долларыг 6 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй зээлдүүлэх,  хариуцагч мөнгийг хугацаанд нь төлөх,  төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангахдаа нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг хариуцагчид шилжүүлж өгснөө нотлоогүй,  гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус гэж дүгнэжээ. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлээс 38.683.500 төгрөгийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагч тооцоо нийлэх гэрээгээр хүлээсэн биелүүлээгүй гэж үзсэн ба шийдвэр, магадлалд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх зохицуулалтыг тус тус баримталжээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д  заасан ба мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар зээлдэгч гэрээний зүйл болох мөнгийг хүлээн авсан тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх ба энэ тохиолдолд зээлдэгч зээлийн төлбөрийг гэрээнд заасан нөхцлөөр барагдуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч 22.100 ам долларыг хариуцагчид шилжүүлэн өгсөн эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх нь маргааны  зүйл болжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан зээлийн болон тооцоо нийлэх гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан боловч тэрээр гэрээнд заасан мөнгийг аваагүй гэж маргасан, нэхэмжлэгч мөнгийг шилжүүлэн өгсөн нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн эсэх талаар талууд зөрүүтэй тайлбар гаргаж байгаа нөхцөлд дээрх бичмэл нотлох баримт нь бусад баримтаар нотлогдсон тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсан талаар дүгнэлт хийх хууль зүйн үндэслэл бүрдэхийг шүүх анхаараагүй байна.

Түүнчлэн хариуцагч “...2014 оны 3 дугаар сарын 26-ний өдөр 7000 ам доллар зээлсэн, 2014 оны 4 сарын 26-ний өдөр хүү 352 ам доллар төлж,  нэмж 10.000 ам доллар нийт 17.000 ам долларыг 1 сарын хугацаатай 3.8 хувийн хүүтэй зээлсэн боловч төлж чадаагүй, Д.Н- өмнөх зээлийн төлбөр тооцоог нэмж гэрээ хийе гэсний дагуу 2015 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр гэрээ байгуулсан...” гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй, шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй гэж үзнэ.

Зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй, энэ нөхцөлд шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00285 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 849 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 351.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ