Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2015/0729/З |
Дугаар | 364 |
Огноо | 2016-11-07 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 364
С.Чинбатын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул, өмгөөлөгч Ц.Нямцоож нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 427 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0552 дугаар магадлалтай, С.Чинбатын нэхэмжлэлтэй, Монгол Улсын ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 427 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Монгол Улсын ерөнхий аудиторын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тушаалыг хүчингүй болгуулан, Дундговь аймгийн Аудитын газрын аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэгч С.Чинбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0552 дугаар магадалалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 427 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.Чинбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Анхан болон давж заалдах шатны шүүхээс согтууруулах ундаа хэрэглэсэн нь гэрч н.Гантуяа, н.Долгорсүрэн, н.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл дээрх гэрчүүд нь надтай нэг машинд яваагүй, албаны машинд явсан хүмүүс. Харин надтай явсан хүмүүс авч явсан архийг уусан гэдгийг гэрчилдэггүй, мөн ямар нэг багажаар архи уусныг тогтоогоогүй хамт явсан гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээгүй атлаа хамт яваагүй хүмүүсийн таамагласан мэдүүлгийг үнэлсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл н.Гантуяа, н.Долгорсүрэн, н.Оюун-Эрдэнэ нар нь ямар учраас намайг архи уусан гэж мэдүүлсэн нь тодорхойгүй бөгөөд шүүх энэ талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй.
2. Хөндлөнгийн аудитын байгууллага үүссэний 20 жилийн ойн арга хэмжээ 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл удирдамжтай байсан бөгөөд уг удирдамжийн дагуу арга хэмжээ зохион байгуулагдаж дууссан. Хамт олон нэгэнт хангай нутагт ирсэн учир байгалийн үзэсгэлэнт газруудаар орж, 2015.07.23-ны өдөр Дундговь аймагт ирсний дараа 23 цаг орчимд болсон үйл явдал. Гэтэл ойн арга хэмжээ дуусаагүй байсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй юм. Тухайлбал, уг арга хэмжээ дуусаад Дундговь аймагт ирэх хүртэлх хугацааг албан үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ гэжээ. Харин уг үйл явдал нь Дундговь аймагт ирсний дараа болсон гэдгийг харгалзан үзээгүй, замд болсон мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Шүүхүүд намайг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ удирдах ажилтны биед гэмтэл учруулсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна гэж дүгнэлт хийсэн. Маргаан бүхий тушаалд захирах, захирагдах ёсны талаар болон гэмт хэрэгт холбогдсон талаар байхгүй бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэж ёс зүйн дүрмийг удирдлага болгосныг анхаарч үзнэ үү.
4. Намайг ээлжийн амралтаа эдлэх хугацаанд ажлаас чөлөөлсөн бөгөөд би 8 дугаар сарын 1-28-ны өдрийг хүртэл амрах хуваарьтай байсан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Энэ хуваарийн дагуу амарч байхад 2015 оны 08 сарын 06-ны өдөр дуудсны дагуу ажилд очиход ажлаас халсан тушаалыг танилцуулсан. Шүүхийн шийдвэрт надад 4 хоногийн цалин олгосон байх тул ээлжийн амралт эдлээд эзгүй байсан гэж үзэхгүй гэсэн нь үндэслэлгүй. 8 сарын сүүлээр гэнэт 4 хоногийн цалин орсон. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Монгол Улсын ерөнхий аудиторын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаар тушаалаар Дундговь аймгийн аудитын газрын аудитор С.Чинбатыг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасантай нийцжээ.
Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг байхаар, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч нь хуульд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй буюу энэ хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчсөн нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байхаар тус тус зохицуулсан байна.
Нэхэмжлэгч С.Чинбат нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны орой согтууруулах ундаа хэрэглэсэн, байгууллагын дарга Б.Долгорсүрэнтэй муудалцаж, түүнийг түлхэн унагаж, хөнгөн гэмтэл учруулсан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсныг шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой заажээ.
Нэхэмжлэгчээс “...өөрийгөө хамгаалах зорилгоор дарга Б.Долгорсүрэнг түлхсэн..., уг үйл явдал нь ойн арга хэмжээ өнгөрсөн хойно болсон..., ...22-23 цаг амралтын цагт хамаарна...” гэж маргаан бүхий тушаалыг зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлаж байгаа ч болсон үйл явдал нь ажлын бус цаг гэдгээс үл хамааран төрийн албан хаагчийн нэр хүндийг өргөж, зохисгүй үйлдэл гаргахгүй байх Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасныг зөрчсөн үйлдэл гэж үзнэ.
Иймээс шүүх “... нотлох баримтыг бүрэн гүйцэт цуглуулаагүй...нотлох баримтыг буруу үнэлсэн ...” гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, маргаанд хамаарал бүхий Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 427 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0552 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ