Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 86

 

Д.Цогтбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор А.Оюунгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодол, Д.Даваа,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар магадлалтай 201612000089 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Цогтбаяр, түүний өмгөөлөгч Д.Цоодол, Д.Даваа нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Цэмбэл тайж овогт Дамиранзавын Цогтбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Цогтбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цогтбаяраас 2.291.794 төгрөг гаргуулж, хохирогч Д.Амартүвшинд олгож, нэхэмжлэлээс 1.000.000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, Д.Цогтбаярын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Цогтбаяр, түүний өмгөөлөгч Д.Цоодол нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Д.Цоодол, Д.Даваа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Цогтбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Д.Амартүвшинг зүүн, баруун шанаа хэсэгт нь нэг, нэг удаа цохисноо хүлээн зөвшөөрч байгаа. Үүндээ би гэмшиж байдаг. Д.Амартүвшин урьд нь хүнд зодуулаад нүдний ухархайн яс цөмөрсөн, хамрын самсааны яс хугарсан байдаг юм билээ. Надаас хойш цагдаад зодуулсан, цээж хөндүүр, ууц нуруу хөхрөлттэй байсан тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтэй байна. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр сумын эмнэлэгт хэвтэхдээ бусдад зодуулж, ууц нуруу, цээжиндээ хөхрөлттэй байсныг сумын эмнэлгийн сувилагч Базарсад харсан гэдэг бөгөөд түүнээс гэрчээр мэдүүлэг авахуулах шаардлагатай байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Өмгөөлөгчийн хувьд шинжээчийн дүгнэлтийн талаар маргаж байгаа. Д.Цогтбаяр хохирогч Д.Амартүвшингийн зүүн, баруун шанаанд 2 удаа цохисон гэдэг. 2016 оны 05 дугаар сарын 13-ны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, 6227 дугаар шинжээчийн дүгнэлтэд: ГССҮТөвийн 2 удаагийн, “Мөнгөн гүүр” эмнэлгийн 1 удаагийн үзлэг байх ба “Мөнгөн гүүр” эмнэлгийн КТГ-д “хохирогч Д.Амартүвшингийн хамрын баруун хажуугийн хана зөрүүтэй, зүүн хажуу хана цөмөрсөн хугаралтай” гэсэн боловч шинжээчийн дүгнэлтэд дээрх гэмтэл огт бичигдээгүй, энэ нь хэзээ, хэний үйлдлээс болсон болохыг шалгаж тогтоогоогүй нь анхаарал татаж байгаа бөгөөд үүнийг шалгуулах хүсэлтийг өмнө нь гаргаж байгаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь хүсэлтийг байцаан шийтгэх ажиллагааны аль ч шатанд гаргах эрхийг хязгаарлахгүй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.4 дэх хэсгийг зөрчиж байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг бүрэн гүйцэд, зөв гаргасан эсэхийг хяналтын шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна.

Учир нь хохирогч Д.Амартүвшин 2016 оны 04 дүгээр сарын 27-нд сумын эмнэлэгт хэвтэхдээ хохирогчийн өгүүлснээр бичигдсэн өвчтөний түүхэд “7 хоногийн өмнө цагдаад бороохойдуулсан, 2 хоногийг өмнө архи уусан” гэдэг. Түүнчлэн тухайн үед Д.Амартүвшингийн биед хөхрөлт, толгойд нь эмзэглэл байсан талаар эмчилгээ хийсэн сувилагч Базарсад харсан байхад түүнийг гэрчээр асуугаагүй талаар Д.Цогтбаяр ярьдаг. Дээрх байдал нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэг зөвхөн нэг талыг барьж, гүйцэд биш явуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1 дэх заалтыг зөрчсөн болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох өвчтөний түүхийг нотлох баримтаар үнэлээгүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй байдлаар дахин гаргуулаагүй, гэрчийг байцаагаагүй зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зөрчил мөн болно.  

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодол хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, Эрдэнэдалай сумын эмнэлгийн өвчтөний түүх зэрэг нь эргэлзээтэй. Д.Цогтбаярын үйлдлээс шалтгаалан хохирогчид хүнд гэмтэл учирсан гэж үзэх нотлох баримт нь ойлгомжгүй байна. Шинжээчийн гаргасан 6227 тоот дүгнэлтээр гэмтэл үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй гэсэн. Гэтэл шинжээч эмч Г.Энхбаатарын “гэмтлийг хугацааны хувьд нарийвчлан тогтоох боломжгүй, нэг сарын өмнө үүссэн байж болно” гэх мэдүүлэгтэй холбогдуулж мөрдөн байцаалтын ажиллагаа яллах талыг барьж материалууд бүрдүүлсэн гэж үзэхээр байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Д.Цогтбаяр хохирогчийг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан болохыг шууд нотлохгүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн болон эргэлзээтэй баримтууд байхад шүүх хэрэг нотлогдсон гэж үзсэн нь үндэслэл муутай бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр “Шүүхийн тогтоол” гаргасан боловч улсын яллагчийн эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх “Шүүхийн тогтоол”-ыг хүчингүй болгосон. Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр “Шүүхийн тогтоол” гаргасан шүүх бүрэлдэхүүн шинэ нотлох баримтгүйгээр хэргийг дахин шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хохирогчийн авсан гэмтэл өөр хэн нэгний үйлдлээр үүссэн байж болохыг үгүйсгэхгүй. Д.Цогтбаяр нь хувийн таарамжгүй харьцаанаас болж хохирогчийг 2 удаа цохисон үйлдэлдээ гэмшиж хохирлоо сайн дураар нөхөн төлж барагдуулсан. Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд тухайлбал, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоох, гэмт хэргийн зүйлчлэл, түүнд нөлөөлж болзошгүй нөхцөл байдлуудын талаар тогтоовол зохих асуудлыг тал бүрээс нь бүрэн шалгах, үйлдэл, холбогдлыг нарийвчлан шалгаж тогтоох талаар мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн байна.

Шүүхээс хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гарахад чухал ач холбогдолтой байж болох дараах нөхцөл байдлыг мөрдөн байцаалтаар тодруулах шаардлагатай гэж дүгнэлээ.

Хохирогч Д.Амартүвшин нь Д.Цогтбаярт зодуулсан гэх 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойш нэг сарын дараа эмнэлэгт хандсан байх бөгөөд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6227 тоот шинжээчийн дүгнэлтэд заасан “...тархины зүүн чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн тархины няцрал, зөөлөн бүрхүүл дор цус харвалт...” гэх гэмтлийн үндсэн шинж чанар, үүсэх хүндрэлийн магадлалт цаг хугацааг сайтар тогтоох, ийм гэмтэл авсан тохиолдолд олон хоногоор эмнэлгийн тусламж авахгүй байх боломжтой эсэхийг анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд нарийвчлан тогтоож, тодруулах ажиллагаа дутуу хийгдсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтэд компьютер томографийн оношлогооны үзлэгт дурдагдсан зарим хугарал, гэмтэл хэрхэн хэдийд үүссэн, энэ нь хохирогчид учирсан тархины хүнд гэмтэлд хамааралтай байж болох эсэх талаар огт дурдаагүй байх тул дахин шинжилгээ хийлгэх нь зүйтэй.

Мөн хохирогч, шүүгдэгч нар маргалдаж зодолдсон өдрөөс хойш буюу эмнэлэгт хандахаас хэд хоногийн өмнө Д.Амартүвшин архи уусан, бусадтай зодолдсон, зодуулсан байж болох тухай тайлбарыг түүний эхнэр Д.Оюундэлгэр 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд “Өвчний түүх”-д тэмдэглүүлсэн, энэ талаар хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хөндлөнгийн гэрч байгаа талаарх мэдээлэл хэрэгт авагдсан бөгөөд хохирогчид учирсан хүнд гэмтэл, шүүгдэгчийн үйлдлийн хооронд шалтгаант холбоо бий эсэх нь хангалттай нотлогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Цогтбаяр, түүний өмгөөлөгч Д.Цоодол, Д.Даваа нарын “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх гомдлуудыг хүлээн авч Д.Цогтбаярт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Дундговь аймгийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Д.Цогтбаяр, түүний өмгөөлөгч Д.Цоодол, Д.Даваа нарын гаргасан гомдлуудыг хангасугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                         ШҮҮГЧ                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН