Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 48

 

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэцэцэг

Иргэдийн төлөөлөгч Н.Мөнхжаргал

Улсын яллагч Д.Баянмөнх

Шүүгчийн туслах О.Янжиндулам

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цоодол

Хохирогч Д.Амартүвшин

Гэрч Д.Оюундэлгэр

Шүүгдэгч Д.Цогтбаяр нарыг оролцуулан, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Цэмбэл тайж овгийн Дамиранзавын Цогтбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тус шүүхийн 1392016/00042/Э/ индекстэй, эрүүгийн 20161000089 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

        

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1969 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Далайн 8 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Цэмбэл тайж овгийн Дамиранзавын Цогтбаяр /регистрийн дугаар ЗП69042018/  

            Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

             Яллагдагч Д.Цогтбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар багийн Далайн 6 дугаар гудамж 9 тоотод оршин суух Т.Шинэхүүгийн гэрт 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Д.Амартүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр дотор байхдаа түүний зүүн шанаа хэсэгт 1 удаа, хашааны үүдэнд зүүн, баруун шанаа хэсэгт 2 удаа цохиж, хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                                                                                      

                                               

                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд Үүнд:

 

Шүүгдэгч Д.Цогтбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг айлд ороход бууны нохой гэж хэлснээс болж би Д.Амартүвшинг гэрт нэг удаа, гадаа нэг удаа алгадсан. Надаас болж гэмтэл авсанд эргэлзэж байна. Надаас хойш удаа дараа хүнд зодуулсан байдаг юм байна лээ, иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэнэ үү гэв.

 

Хохирогч Д.Амартүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр би Эрдэнэдалай суманд сургуулийн хүүхэд буюу Т.Шинэхүү гэдэг хүний хүүхдийг хүргэж өгөх гэж очсон юм. Хүүхэд нь амралтаараа манайд долоо хоног байсан. Тэднийд очоод гэрт нь архи, пиво уугаад халамцсан байсан. Д.Цогтбаярыг гаднаас орж ирэхэд нь манай сумын Од гэх залуутай андуураад энэ хүнийг бууны нохой гэж хэлэнгүүтээ би Цогоо ахаа уучлаарай, би хүнтэй андуурчихлаа гэтэл чам шиг чацга миний өөдөөс ингэж хэлэх болоогүй гэж хэлээд миний толгойн зүүн хэсэгт цохьсон. Би зуухан дээгүүр тэгнэж ойчоод тогоотой хоолон дээр унасан. Айлд ингэж болохгүй, гаръя гэхээр нь гарсан. Гэрийн гадна нэг цохьсон. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй, толгой манараад явчихсан. Би энэ хүнээс хүн андуурсан байна гээд уучлал гуйхад цохиж зодсонд гомдолтой байна гэв.

 

            -Насанд хүрээгүй гэрч Ш.Мөнх-Оргилын “...2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр манай гэрт гаднаас Д.Амартүвшин, Баярмаа эгч, Сүхээ ах, Туяа эгч нар ирээд 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво 2 ширхэг, мөн “Арвай” нэртэй 0.5 литрийн архи нэгийг тэд нар хувааж уусан юм...гэрт байсан хүмүүс гэрээс гарах гэж байхад гаднаас Д.Цогтбаяр ах орж ирсэн. Д.Амартүвшин ах Д.Цогтбаяр ахыг хараад аан муу бууны нохой гэрт орж ирлээ гэсэн чинь Д.Цогтбаяр гэх хүн уурлаад Д.Амартүвшингийн зүүн талын шанааруу баруун гараа зангидаж байгаад нэг удаа цохиод авсан юм. Тэгээд манай гэрт Д.Амартүвшин ах газар ойчихдоо зуухны хажууд байсан тогоотой хоол газар асгаад байтал Д.Цогтбаяр ах айлд хэрэлдээд яахав гээд гадагшаа Д.Амартүвшин ахыг дагуулаад гарсан. Би гэрээ цэвэрлээд гэрээс гараад хашаанаас гартал Д.Цогтбаяр ахын хашааны үүдэнд Д.Цогтбаяр ах баруун гараа зангидаж байгаад Д.Амартүвшин ахын зүүн шанааруу нэг удаа цохиж зодсон. Д.Амартүвшин ах газар шороон дээр ойчсон юм. Би тэгээд гэррүүгээ орсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

 

            -Гэрч Б.Баярмаагийн “...2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ байхад манай гэрт гаднаас Туяа, Баярмаа, Амартүвшин Сүхээ нар ирээд … гарах гэж байхад гаднаас Д.Цогтбаяр орж ирсэн юм. Тэгтэл Д.Амартүвшин Д.Цогтбаярыг бууны нохой орж ирлээ гэж хэлсэн чинь... Д.Амартүвшинг гэрээс гарах гээд явахад нь Д.Цогтбаяр Д.Амартүвшингийн зүүн талын шанааруу нэг удаа цохиод автал Д.Амартүвшин газар ойчихдоо тогоотой хоол асгасан юм. Тэгээд бид нар гэр оронд хэрүүл хийлээ гэтэл Д.Цогтбаяр айлаас гаръя гээд Д.Амартүвшинг аваад гарсан. Би гэрт үлдсэн. Би гэрээс нэг гартал Д.Амартүвшингийн нүүр нь цус болчихсон зогсож байсан. Д.Цогтбаяр болохоор хашааны гадаа байсан. Би тэгээд л гэртээ орсон юм...тэр 2 хоорондоо бууны нохой гэж хэлснээс болоод маргалдсан. Тэгээд Д.Цогтбаяр цохиод авсан юм...Би гадаа юу болсныг хараагүй. Нэг гэрээс гарахад л Д.Амартүвшингийн хамраас цус гарсан байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

 

            - Гэрч Д.Оюундэлгэрийн “... Би 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хөдөөнөөс 15 цагийн үед найз...Шинэхүү гэх айлд хүүхдийг нь хүргэж өгөөд, гэрт нь очсон...Эхнэр Б.Баярмаа нь гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байсан. Бид нар авсан архи пиво гаргаад задлаад, хувааж уугаад тэр айлд хоол идсэн юм. Авсан зүйлээ ууж дуусгаад тэр айлаас гарах гэж байтал гаднаас Д.Цогтбаяр халамцуу гэрт орж ирсэн. Манай нөхөр хүнтэй андуураад бууны нохой гэж хэлсэн... Д.Цогтбаяр чам шиг чацга миний өмнөөс ингэж дуугарах болоогүй гээд гэрийн зүүн талаас нөхөр Д.Амартүвшинг босоод гарах гэж явахад нь  Д.Цогтбаяр барьж аваад шууд толгойн зүүн талд гараараа нэг удаа цохиод авсан чинь манай нөхөр халуун тогоо татаад хоол газар асгаад ойчсон юм. Шинэхүүгийн эхнэр нь айлд та нар хэрэлдлээ гар гээд хэлтэл Д.Цогтбаяр манай нөхрийг дагуулж гараад хашааны гадаа дахиад толгойруу нь гараараа цохиод газар унагаасан юм. Би гэрт хүүхдэд хоол өгөөд сууж байгаад араас нь гартал зодож байсан. Манай нөхрийг хэд хэдэн удаа цохиод авахаар нь би Д.Цогтбаяр ах боль гээд салгах гэхэд цаашаа бай гээд Д.Цогтбаяр гэрийнхээ үүдэнд гудамжинд барьж аваад гараараа цохиод байсан. Манай нөхөр зодуулаад л байсан...эхнэр нь Д.Цогтбаярыг чи хүн аллаа шүү дээ гэж хэлж байсан юм...тэрнээс хойш зодуулснаасаа болоод толгой нь өвдөөд бөөлжөөд унаж тусаад байсан. Сүүлдээ ухаан алдаад сумын эмнэлэгт ирсэн юм...манай нөхрийн тархи толгой өвддөггүй байсан, элэг нь хааяа нэг өвдөх гээд байдаг байсан. Тэр Д.Цогтбаярт зодуулснаасаа хойш толгойдоо гэмтэл авч толгой нь өвддөг болсон. Толгойдоо архаг хууч өвчин огт байхгүй...манай нөхрийг Д.Цогтбаяр баруун гараараа зангидаж байгаад дандаа л толгойд нь цохиод байсан юм. Гэрт нэг удаа толгойруу нь цохисон. Дараа нь гадаа гаргаж байгаад зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45-р хуудас/,

 

            -Гэрч С.Ундармаагийн “...2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Эрдэнэдалай сумын төврүү дуудлаганд явсан. Очоод үзлэг хийхэд Д.Амартүвшин нь 38 настай эрэгтэй хүн байсан. Үзлэг хийхэд ухаан санаа саруул, орчинтойгоо сайн харьцаатай байсан. Тэгээд би тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, тархины зөөлөн бүрхүүл доторх цус харвалт гэсэн онош тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

 

            - Гэрч Б.Ган-Эрдэнийн “...Би Д.Амартүвшин гэх хүнийг 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үзсэн. Ирэхдээ толгой хүчтэй өвдөнө, гуйвж дайвна, толгой эргэнэ гэсэн зовиуртай байсан. Д.Амартүвшингээс бэртэл гэмтэл авсан уу, зодоон цохион хийсэн үү гэхэд надад тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь ингэх учиргүй дээ гэж  бодчихоод, ямар ч байсан биеийн байдал их асуудалтай байгаа юм байна гээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх бичиг хийж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

 

            - Гэрч Л.Сүхээгийн “...Баз хүргэн Д.Амартүвшингийн хамт Эрдэнэдалай сумын төв дээр ирээд Шинэхүүгийн гэрт архи уугаад сууж байтал гаднаас Д.Цогтбаяр орж ирээд Д.Амартүвшинтэй маргалдсан...Д.Амартүвшин Д.Цогтбаярыг бууны нохой гэж хэлэхийг л сонссон. Тэд маргалдаж байснаа Д.Амартүвшинг Д.Цогтбаяр нэг удаа цохиод авсан. Би хаана цохисныг хараагүй...нөгөөдөр нь Д.Амартүвшингийн эхнэр нь Д.Амартүвшингийн толгой өвдөөд хэвтэж байна гэж хэлсэн...Д.Амартүвшин Д.Цогтбаяртай зодолдохоосоо өмнө миний хажууд л өөр хэн нэгэнтэй маргалдаж зодолдоогүй...Д.Амартүвшин Д.Цогтбаяртай маргалдахаас өмнө дундаа ганц 2 хоногийн зайтай 20-иод хоног архи уусан.  Би хамт сум орох бүртээ хамт архи ууж байсан. Миний мэдэхээр ямар нэгэн бэртэл аваагүй. Зүгээр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,

 

            - Гэрч Г.Отгонхүүгийн “ Д.Амартүвшин гэх хүн Эрдэнэдалай сумын 6 дугаар багийн “Ухаа худаг” гэх газар оршин суудаг. Д.Амартүвшин Эрдэнэдалай сумын Цагдаагийн хэсэгт бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн болон зодолдлоо, бусдад зодуулсан гэсэн дуудлага мэдээлэл огт ирээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,

 

            -Шинжээч эмч Г.Энхбаатарын “...Д.Амартүвшингийн биед үүссэн гэмтэл нь хуучин гэмтэл бөгөөд цаг хугацааны хувьд хэдий үед үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй, нэг сарын өмнө үүссэн байж болно. Уг гэмтэл нь гадны ямар нэгэн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гадны нөлөөгүйгээр үүсэх боломжгүй гэмтэл” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,

 

            - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6227 тоот дүгнэлт

1. Д.Амартүвшингийн биед тархины зүүн чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн тархины няцрал, зөөлөн бүрхүүл дор цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна

5. Дээрх гэмтэл нь хэдийд үүсгэгдсэнийг цаг хугацааны хувьд нарийвчлан тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 55-56-р хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1-р хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6,7-р хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-33-р хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт /хх-ийн 57-58-р хуудас/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83-р хуудас/ зэрэг болно.

 

             Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн    дүгнэлтийн талаар:         

      Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Д.Цогтбаяр нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар багийн Далайн 6 дугаар гудамжны 9 тоотод оршин суух Т.Шинэхүүгийн гэрт 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Д.Амартүвшинг “бууны нохой” гэж хэлснээс болж гэр дотор байхдаа түүний зүүн шанаа хэсэгт 1 удаа, хашааны үүдэнд зүүн, баруун шанаа хэсэгт 2 удаа цохиж, хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Цогтбаярын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “…Д.Цогтбаяр Д.Амартүвшинг хоёр удаа алгадснаас болж ийм гэмтэл авсан гэдэгт эргэлзэж байна, гэмтэл авснаас хойш олон хоног явах боломжтой эсэхийг тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” тухай тайлбар гаргаж байх ба Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд заасныг сануулан мэдүүлэг авсан гэрч, хохирогч нарын мэдүүлэгээр Д.Цогтбаяр Д.Амартүвшинг зодсон болохыг гэрчилсэнийг шүүх нотлох баримтаар үнэлж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

     Иймд шүүх тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтыг хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүгдэгч Д.Цогтбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

     Шүүгдэгч Д.Цогтбаярт хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин бусдын эрүүл мэндэд хүнд хор уршиг учирсныг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

            Шүүгдэгч нь  хүнд  гэмт  хэрэг  үйлдсэн тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар  түүнд  оногдуулсан  хорих  ялыг  чанга  дэглэмтэй  хорих  ангид  эдлүүлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг үнэлж, хохирогч Д.Амартүвшин нийт 3291794 төгрөгийг нэхэмжилсэн ба 2291794 төгрөгийн баримт /хх-ийн 152-159-р хуудас/ авагдсан байх тул  шүүгдэгч Д.Цогтбаяраас 2291794 /хоёр сая хоёр зуун ерэн нэгэн мянга долоон зуун ерэн дөрвөн/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Амартүвшинд олгож, 1000000 /нэг сая/ төгрөгтэй холбогдох баримт хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Д.Цогтбаяр нь энэ хэргийн улмаас эд хөрөнгө битүүмжлүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Д.Амартүвшинд төлбөр төлөөгүй болно.

         Шүүгдэгч Д.Цогтбаярын цагдан хоригдсон 1 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298, 299 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч Цэмбэл тайж овогт Дамиранзавын Цогтбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Д.Цогтбаярт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цогтбаярт оногдуулсан 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

 

           4. Шүүгдэгч Д.Цогтбаяр нь энэ хэргийн улмаас эд хөрөнгө битүүмжлүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цогтбаяраас 2291794 /хоёр сая хоёр зуун ерэн нэгэн мянган долоон зуун ерэн дөрвөн/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Амартүвшинд олгож нэхэмжлэлээс 1000000 /нэг сая/ төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

           6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2, 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Амартүвшин нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардалаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Цогтбаяраас нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

           7. Шүүгдэгч Д.Цогтбаярын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлэсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            8. Шүүгдэгч Д.Цогтбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

         10. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Цогтбаярт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                          

 

                                ДАРГАЛАГЧ                                       С.СЭРЖМЯДАГ

 

                               

                                  ШҮҮГЧИД                                       Г.МӨНХБАТ

       

                                                                    

                                                                                         Л.ОДОНЧИМЭГ