Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 461

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

М.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 791 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэнийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 56 дугаар прокурорын эсэргүүцлээр М.Н-д холбогдох 201725012154 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М.Н, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

М.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.У-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: М.Н-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг баримтлан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч хохирол төлөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “...утасны төлбөрт 800,000 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлж байгаа болон хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд хохирогч “...гомдолгүй, Нэргүй бид 2 учраа олсон”, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд шүүгдэгч “хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу прокурор 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар гаргасан саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэх баримт хэрэгт тус тус авагдсан хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “...Би утсыг нь эвдээгүй тул төлөхгүй. 500,000 төгрөгийг төлж болно” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “...Шүүгдэгч надаа 800,000 төгрөг өгнө гээд эвлэрсэн. Би 800,000 төгрөгөө авна” гэх мэдүүлгүүдийг тус тус мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болон нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”, 4.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж заасны дагуу хавтаст хэргийн танилцуулсан тухай тэмдэглэлд шүүгдэгч “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн байгаа хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “...Би утсыг нь аваагүй. Намайг төлөх гэсэн чинь хамт явсан манай найз Лхагважав би утсыг нь төлнө гээд байсан. Тэр утсыг нь Лхагважав авсан байсан болохоор би төлөхгүй”, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “...утасны мөнгийг шүүгдэгчээс авна. Энэ хэргийн улмаас 800,000 төгрөгийн хохирол гарсан. Нүдний хагалгаанд орсон. Надад үнэлгээг танилцуулаагүй. Үнэлгээтэй санал нийлэхгүй байна” гэх мэдүүлгүүдийг тус тус мэдүүлж байх бөгөөд хохирогч хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан гэх талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэгт тус тус заасны дагуу шийдвэрлэхээр заасан хэдий ч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж заасны дагуу энэ хуульд заасан тусгай журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирсэн хэргийг энэ хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянана гэсэн хуульд заасан ердийн журмыг баримтлан шийдвэр гаргана.

Иймд шүүхийн хэлэлцүүлгийн явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх”, 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх” гэж тус тус заасан нөхцөл байдал хангагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт шилжтэл М.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 791 дүгээр шүүгчийн захирамж гаргасныг эс зөвшөөрч доорх хоёр үндэслэлээр эсэргүүцэл бичлээ.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн”, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байх” зэрэг нөхцөл байдлууд хангагдаагүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-г тусгайлан журамлаж, нарийвчлан зохицуулж өгсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ зүйлд заасан гэмт хэргийн сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлнэ” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичнэ” мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийн хянаж шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана”, мөн зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна” гэж заасны дагуу М.Н-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан дээрх үндэслэл журмын дагуу явуулж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн.

Энэ нь тодорхой төрлийн гэмт хэргүүдийг шийдвэрлэхэд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн хэрэгт дээрх шүүгчийн захирамжид дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 4.5-д заасан шаардлагыг хангах шаардлагагүй, заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тусгагдсан гэж ойлгогдохоор байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд буюу 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан байна.

Харин “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгагдсан тодорхой төрлийн гэмт хэргүүдийг шийдвэрлэхэд шүүхээс мөн зүйлийн 8, 9 дэх хэсэгт заасан “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл шийтгэх тогтоол, гэм буруугүй гэж үзвэл цагаатгах тогтоол”-ын аль нэгийг гаргахаар зааж өгсөн боловч шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг удирдлага болгосон нь хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

2. Шүүгчийн захирамжид “...шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ...би утсыг нь аваагүй намайг төлөх гэсэн чинь хамт явсан манай найз Лхагважав би утсыг нь төлнө гээд байсан. Тэр утсыг нь Лхагважав авсан байсан болохоор би төлөхгүй..., шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ...утасны мөнгийг шүүгдэгчээс авна... энэ хэргийн улмаас 800,000 төгрөгийн хохирол гарсан. Нүдний хагалгаанд орсон. Надад үнэлгээг танилцуулаагүй. Үнэлгээтэй санал нийлэхгүй байна... гэх мэдүүлгүүдийг тус тус мэдүүлж байх бөгөөд хохирогч хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан гэх талаар баримт хэрэгт авагдаагүй шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв...” гэжээ.

Хохирогчийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад эмчилгээ хийлгэсэн ямар нэгэн баримт байхгүй. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, би одоо зүгээр утсаа л нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн байдаг.

Харин тухайн хэрэг болоход хохирогч Э.У-ын гар утас эвдэрсэн нөхцөл байдал тогтоогдсон, хохирогч эвдэрсэн гар утсаа нэхэмжилнэ гэсэн тул эд хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар гаргуулж хэрэгт хавсаргасан, хэргийн материалтай хохирогч Э.У- танилцсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт М.Н- нь уг гар утасны хохирлыг “намайг төлөх гэсэн чинь хамт явсан манай найз Лхагважав би утсыг нь төлнө гээд байсан. Тэр утсыг Лхагважав авсан байсан болохоор би төлөхгүй” гэж мэдүүлж байгаа болов М.Н- нь хохирогч Э.У-ын биед халдаж зодох явцад гар утас нь эвдэрсэн байна.

М.Н- нь хохирогч Э.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, гэм буруугаа аль ч шатанд хүлээн зөвшөөрдөг, харин хохирогчийн гар утас эвдэрсэн үйл баримтад өөр гэмт хэргийн шинж байхгүй учир Эрүүгийн хуульд заасны дагуу хууль зүйн ямар нэгэн үр дагавар үүсэхээргүй байхад шүүх гэмт хэргийн улмаас хохирогч Э.У-т учирсан хохирол, хор уршгийн талаарх дээрх үйл баримтад дүгнэлт хийхдээ М.Н-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 791 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална...” гэж зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

М.Н-, хохирогч Э.У- нар нь мөрдөн байцаалтын шатанд “...хохирол төлбөрийг нөхөн төлнө...” гэж эвлэрч, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргаж /хх-ийн 71, 72 тал/, прокурор хүсэлтийг хүлээн авч /хх-ийн 74 тал/ М.Н-д холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйл, 17.3 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Гэтэл шүүх хуралдаанд шүүгдэгч М.Н- “...эмчилгээний зардлыг нөхөн төлнө, гар утсыг би төлөхгүй. 500,000 төгрөг төлнө...”, хохирогч Э.У- нь “...800,000 төгрөг төлүүлнэ...” гэж хохирол, хор уршгийн талаар маргалдаж эвлэрээгүй /хх-ийн 98 тал/  байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх...” гэсэн нөхцөл хангагдаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэл байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана...” гэж зааснаар М.Н-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар…” бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 791 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Эрдэнийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 56 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.МЯГМАРЖАВ

 

 ШҮҮГЧИД                                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                               Д.ОЧМАНДАХ