Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01308

 

Л.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/00334 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 882 дугаар магадлалтай,

Л.Д-ийн нэхэмжлэлтэй,

Б.Д, Э.Цнарт холбогдох,

2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Л.Д- болон Э.Цнарын хооронд байгуулагдсан Автозогсоол худалдах-худалдан авах гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Э.Цолмонбаяр, Б.Д нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Дгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болормаа, өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагч Б.Дгийн өмгөөлөгч Б.Батмөнх,  нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э.Цолмонбаяртай автозогсоол худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, 105 дугаар байрны 18 тоот автозогсоолыг 10.000.000 төгрөгөөр худалдсан ба Э.Цхудалдах, худалдан авах гэрээ байгуулах үед мөнгө төлөөгүй бөгөөд надад банкнаас зээл аваад мөнгөө төлнө гэсэн. Э.Цнь банкнаас зээл авах гээд хөөцөлдөж байна гэсэн боловч бүтээгүй тул автозогсоолынхоо үл хөдлөхийн гэрчилгээг авъя гэтэл Э.Цнь Б.Дд 2016 оны 08 дугаар сарын 26-ны үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг шилжүүлсэн байсан. Гэтэл Э.Цминий 25.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг 3.000.000 төгрөгөөр худалдсан байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар Э.Цолмонбаяртай 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаан авах хүсэлтэй байна. Иймд гэрээнээс татгалзаж байх тул тус гэрээг цуцалсанд тооцож, автозогсоолыг Л.Д-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Э.Цнь автозогсоолын төлбөрийг төлөөгүй атлаа Л.Дэлгэрдалайд уг автомашины зогсоолыг 20.000.000 төгрөгөөр барьцаалан, зээлийн гэрээ байгуулсан. Иймд Л.Д- болон Э.Цнарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, 105 дугаар байрын 18 тоот автозогсоолыг нэхэмжлэгчид буцаан шилжүүлж, Э.ЦБ.Д нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.                      Хариуцагч Э.Цшүүхэд гаргасан тайлбартаа: Л.Д-тай автозогсоолыг 10.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үнийг банкнаас зээл авч төлөхөөр тохиролцсон. Гэвч банкны зээл бүтэхгүй байсан тул Л.Д- уг автозогсоолыг ашиглаж байсан. Б.Дтай уг автозогсоолыг барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг зээлийн талаар Л.Д-д хэлэлгүй, автозогсоолыг 20.000.000 төгрөгөөр барьцаалж зээл авсан. Уг 20.000.000 төгрөгөөс Л.Д-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнэ болох 10.000.000 төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй нь үнэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч уг гэрээний зүйл болох автозогсоолыг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Анх 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Э.Цолмонбаярт маргаан бүхий автозогсоолыг барьцаалан 20.000.000 төгрөг зээлүүлсэн. Уг барьцаалан зээлэх гэрээний 20.000.000 төгрөгийг Э.Цтөлөөгүй. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 26-нд уг барьцаат зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох тухай хэлцэл хийж гэрээний үүргийг дуусгавар болгосон. Учир нь Э.Цнь уг автозогсоолыг худалдаж авах саналыг Б.Дд гаргасан. Уг саналын дагуу Автозогсоолыг худалдаж авсан. Ингэхдээ гэрээний үнийн дүнг 3.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Б.Д, Э.Цнарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуульд заасан гэрээ байгуулах болон гэрээнд тавигдах хуулийн шаардлагыг хангасан. Хариуцагч Э.Цнь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа тал дээр эргэлзээ төрж байна. Учир нь эдгээр хүмүүс нь төрөл садангийн холбоотой. Б.Д гэрээний үнийн дүн 3.000.000 төгрөгийг одоогоор төлөөгүй байгаа нь үнэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/00334 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Л.Д- болон Э.Цнарын хооронд байгуулагдсан “Авто зогсоол худалдах-худалдан авах гэрээ”, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Э.Цболон Б.Д нарын хооронд байгуулагдсан “үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай Л.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 238,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 882 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/00334 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Болормаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны Шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 822 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай.

Л.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаан дээр Хариуцагч иргэн иргэн Э.Цолмонбаяр, Б.Д нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлээ ИХ-ийн 56.1.1 болон 58.1.8 гэж тодорхойлсон бөгөөд ийнхүү тодорхойлсонтой холбогдоод шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх эсэхийг шүүгч асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж хариулсан нь тэмдэглэлд тусгагдсан. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэмж тодруулсан нь нэхэмжлэлийн анхны болон ихэсгэсэн, өөрчлөгдсөн шаардлагад нэхэмжлэгчийн хувьд нөлөөгүй бөгөөд эсрэгээрээ энэ нь хариуцагчид сөрөг үр дагавар үүсгэж болзошгүй тул түүний шаардлагаар шүүх хуралдааныг хойшлуулах нь илүү зохистой байсан боловч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хэлэлцэхийг хариуцагч нар зөвшөөрсөн тул Баянгол дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2018/00334 дугаартай шийдвэр гарсан нь хууль зөрчөөгүй.

Гэтэл шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон нь нэхэмжлэгч Л.Д- болон хариуцагч Э.Цнарын хооронд хамтран хариуцагч иргэн Э.Цолмонбаяр, байгуулсан гэрээнд байгуулсан гэрээнд холбогдолтой байтал шүүх хуралдааныг Б.Д нарын хооронд хойшлуулах ёстой гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 822 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Л.Д- нь хариуцагч Э.Цолмонбаяр, Б.Д нарт холбогдуулан “Автозогсоол худалдах-худалдан авах” болон “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10, 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг дурджээ.   

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Э.Цнь нэхэмжлэгч Л.Д-тай 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 105 дугаар байрны 18 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий автозогсоолыг 10.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, улмаар өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 2016 оны 8 дугаар сарын 26-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Б.Дд худалджээ.

Хариуцагч Э.Цнэхэмжлэлийг зөвшөөрсөн бол хариуцагч Б.Д эс зөвшөөрөхдөө “...гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан, ...төлбөрийг төлж, өмчлөгч болсон...” гэсэн тайлбар гаргаж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “нэхэмжлэгч Л.Д-,  хариуцагч Э.Цнарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан...” гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн Тогтоох хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10 дах заалтыг баримталсан нь хоорондоо зөрчилтэй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4., 118.5.-т нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, эсхүл гэрээнээс татгалзаж буй нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх  нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг тодруулаагүй, эрх зүйн хоёр өөр ойлголтыг зааглан ялгаагүйгээс хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, мөн Э.Цолмонбаяр, Б.Д нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй байна.

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бусаас гадна анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн энэ тохиолдолд  давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3.-г зөрчөөгүй гэж үзнэ. 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх талаар гаргасан хариуцагч Б.Дгийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 882 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Дгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 238.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ