Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 462

 

 

 

 

 

 

                                                                                                

                                              

                                                                                                                                                                                                                                                                                                        

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Д.А, Г.Б, Ц.Т нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Байгалмаа,

хохирогч Г.Д-ий өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

цагаатгагдсан этгээд Д.А, түүний өмгөөлөгч К.Султанбек,

цагаатгагдсан этгээд Г.Б, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа,

цагаатгагдсан этгээд Ц.Т, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 108 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Байгалмаагийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаар прокурорын эсэргүүцэл, хохирогч Г.Д-ий өмгөөлөгч Б.Оюунгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Д.А, Г.Б, Ц.Т нарт холбогдох 201625032378 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Д.А, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл хх, хх дүүргийн хх дугаар хороо хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  

 

2. Г.Б, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл хх хх дүүргийн хх дугаар хороо, хх дугаар хороолол, хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

3. Ц.Т, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл хх, хх дүүргийн хх дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  

 

Улаанбаатар цахилгаан түгээх станц төрийн өмчит хувьцаат компанийн Зүүн түгээх төвийн Сэлбэ ээлжийн ахлах инженер Ц.Т, агаарын сүлжээний засвар үйлчилгээний хэсгийн ахлагч Г.Б, монтёр Д.А нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйл, Эрчим хүчний сайдын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 78, 175 дугаар заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс тус газарт монтёр ажилтай хохирогч Г.Д- нь 2016 оны 12 дугаар сарын 6-нд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 37 дугаар гудамжинд байрлах өндөр хүчдэлийн шугамд гэмтэл гарсан гэх дуудлагын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байх явцад шонд байрлуулсан трансформаторын тавцан дээрээс нь гулсан дарагдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Д.А, Г.Б, Ц.Т нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А, Г.Б, Ц.Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.А, Г.Б, Ц.Т нарыг цагаатгаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн 201625032378 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, цагаатгагдсан этгээд нар нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн Тухайлсан зааварчилгааны бүртгэлийн журналыг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Байгалмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Д.А, Г.Б, Ц.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд Д.А, Г.Б, Ц.Т нарын үйлдэл Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулаагүй.

Учир нь Д.А, Г.Б, Ц.Т нарыг ямар үндэслэлээр дээрх гэмт хэрэгт холбогдуулан яллаж байгаа нь ойлгомжгүй, прокурорын яллаж буй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйл, Эрчим хүчний сайдын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 78, 175 дугаар заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй гэх гэм буруугийн хэлбэр тодорхойгүй бөгөөд эдгээр хууль дүрмийг биелүүлэх эрх бүхий албан тушаалтанд дээрх шүүгдэгч нарыг хамаарах этгээдүүд гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн яллах талын нотлох баримт болох “Үйлдвэрлэлийн осолд дөхсөн тохиолдлыг судлан бүртгэсэн акт 2”-ийг Мэргэжлийн хяналтын шинжээчийн дүгнэлт гэх боловч энэ нь хэний хүсэлтээр, ямар үндэслэлээр гарсан нь тодорхойгүй, мөн акт гаргасан этгээдэд хууль сануулаагүй зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1, 9.2 дугаар зүйлд заасныг тус тус зөрчиж цуглуулсан баримт гэж үзэхээр байна. Иймд уг баримтыг нотлох баримтаар тооцох боломжгүй байна гэж дүгнээд... хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэлгүйгээр цагаатгасан гэж үзэж дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

1. Прокуророос “Улаанбаатар цахилгаан түгээх станцын Зүүн түгээх төвийн агаарын сүлжээ засвар үйлчилгээний монтёр Г.Д- нь 2016 оны 12 дугаар сарын 6-ны өглөө 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 37 дугаар гудамжинд байрлах өндөр хүчдэлийн шугамд гэмтэл гарсан гэх дуудлагын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байх явцад шонд байрлуулсан трансформаторын тавцан дээрээс нь гулсан дарагдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан” гэх үйл баримтанд үндэслэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулан шалгасан.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зураг, хохирогч Г.Д-, гэрч Б.Очирхүрээт, Э.Ишва, Д.Бямбажав нарын мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 781, 16554 тоот дүгнэлтүүд, 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Үйлдвэрлэлийн осолд дөхсөн тохиолдлыг судлан бүртгэсэн акт, ажлын байрны тодорхойлолт, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05/078/17 дугаартай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

Д.А, Г.Б, Ц.Т нарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйл, Эрчим хүчний сайдын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 78, 175 дугаар заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй гэх хангалттай үндэслэл тогтоогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.

Мөн Д.А, Г.Б, Ц.Т нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь өөрсдийн хариуцсан ажил үүргийг зохих ёсоор биелүүлж ажиллаагүй эс үйлдэхүйн улмаас эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршгийг болгоомжгүйгээр учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээх этгээд болох нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05/078/17 дугаартай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад шүүх Д.А, Г.Б, Ц.Т нарыг ямар хэрэгт яллаж байгаа нь ойлгомжгүй, ...гэм буруугийн хэлбэр тодорхойгүй бөгөөд эдгээр хууль дүрмыг биелүүлэх эрх бүхий албан тушаалтанд дээрх шүүгдэгч нарыг хамаарах этгээдүүд гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчиж гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завших нөхцөлийг бүрдүүлсэн байна.

2. Яллах талын нотлох баримт болох “Үйлдвэрлэлийн осолд дөхсөн тохиолдлыг судлан бүртгэсэн акт 2”-ийг Мэргэжлийн хяналтын шинжээчийн дүгнэлт гэх боловч энэ нь хэний хүсэлтээр, ямар үндэслэлээр гарсан нь тодорхойгүй, мөн акт гаргасан этгээдэд хууль сануулаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1, 9.2 дугаар зүйлд заасныг тус тус зөрчиж цуглуулсан баримт гэж үзэхээр байна гэжээ.

Хавтаст хэрэгт 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05/078/17 дугаартай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын шинжээч Д.Бямбасүрэн, С.Баяраа, Б.Батцэнгэл нар нь тусгай мэргэжлийн хүрээнд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр мөрдөгчийн томилсон тогтоолын дагуу Д.А, Г.Б, Ц.Т нарыг ямар хууль, дүрэм зөрчсөнөөс уг осол гарсан шалтгааны талаар дүгнэлт гаргаж хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад шүүх “Үйлдвэрлэлийн осолд дөхсөн тохиолдлыг судлан бүртгэсэн акт”-ыг Мэргэжлийн хяналтын шинжээчийн дүгнэлт гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр гарсан ослын улмаас 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс хуралдаж хохирогч Г.Д-ий биед учирсан гэмтлийг үйлдвэрлэлийн  осолд  тооцож  2  дугаартай Үйлдвэрлэлийн осолд дөхсөн тохиолдлыг судлан бүртгэсэн акт гаргаж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Бекболатын баталсан байдаг.

Энэ ажиллагаа нь мөрдөн байцаалтын шатанд хэн нэгэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хийгддэг ажил биш бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-д зааснаар “...Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад гарсан үйлдвэрлэлийн осол ...түүний шалтгаан, хүчин зүйлийг судлаж үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтан, иргэнд анхан шатны тусламж үзүүлэх, эмнэлэгт хүргэх, эрүүл мэндийн яаралтай шинжилгээ хийлгэх болон ослын улмаас бий болсон аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгахад шаардагдах зардалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажил олгогчийн зүгээс нэн тэргүүнд авах хуульд заасан арга хэмжээ бөгөөд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниас Г.Д- нь ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа учирсан гэмтлийг “Үйлдвэрийн осолд тооцсон” тухай Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн баримт юм. Өөрөөр хэлбэл Үйлдвэрлэлийн осолд дөхсөн тохиолдлыг судлан бүртгэсэн акт бол Мэргэжлийн хяналтын шинжээчийн дүгнэлт биш.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байна гэж заажээ. Гэтэл тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 108 дугаартай цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 буюу шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох буюу тогтоох хэсгийг заасан зүйлийг удирдлага болгосон нь ойлгомжгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт яллаж буй нотлох баримт нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдсан талаарх нотлох баримтын агуулга үндэслэлээ тодорхой бичээгүй байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 108 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.            

 

Хохирогч Г.Д-ий өмгөөлөгч Б.Оюунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хохирогч Г.Д- нь Улаанбаатар цахилгаан түгээх станц төрийн өмчит хувьцаат компанид монтёр ажилтай бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 6-нд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 37 дугаар гудамжинд байрлах өндөр хүчдэлийн шугамд гэмтэл гарсан гэх дуудлагын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байх явцад шонд байрлуулсан трансформаторын тавцан дээрээс нь гулсан дарагдсан. Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 781 дүгээр дүгнэлтээр Г.Д-ий биед сээрний 11, 12 дугаар нугалмын их биеийн бяцарсан хугарал, хугарлын харалдаах зөөлөн эдийн няцрал, нугасны няцрал, доод мөчдийн саажил, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал бүхий хүнд гэмтэл тогтоогдсон бөгөөд цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги 90 хувь алдагдуулах хор уршиг учирсан.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Улаанбаатар цахилгаан түгээх станц төрийн өмчит хувьцаат компанийн Зүүн түгээх төвийн Сэлбэ ээлжийн ахлах инженер Ц.Т, агаарын сүлжээний засвар үйлчилгээний хэсгийн ахлагч Г.Б, ахлах монтёр Д.А нарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 27, 28 дугаар зүйл, Эрчим хүчний сайдын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалаар баталсан Цахилгаан байгууламж ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 78, 175 дугаар заалтуудыг хэрэгжүүлэн ажиллуулаагүйгээс хохирогч Г.Д- нь ажил үүргээ гүйцэтгэж байх явцад шонд байрлуулсан трансформаторын тавцан Г.Д-ий дээрээс нь гулсан дарагдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэж  Д.А, Г.Б, Ц.Т нарыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хянан хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь, 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Үйлдвэрлэлийн осолд дөхсөн тохиолдлыг судлан бүртгэсэн 2 тоот актаар

  1. АСЗҮХ-ийн ахлагч Г.Б

1.1 Гүйцэтгэх захирлын 2015 онд батлагдсан А/50 тоот тушаалын хавсралт “Шуурхай ажиллагааны журам”-ын 14.3 дугаар заалт “Түгээх төвийн менежер хэсгийн ахлагч нар нь ноцтой аваарийн тасралт гарсан нөхцөлд ээлжийн даргын шийдвэрийг биелүүлж байнгын холбоотой ба түүний зөвшөөрөлгүй өөрсдөө болон бригадыг буулгахыг хориглоно”-ыг мөрдөөгүй.

1.2 Мөн дээрх заалтын 14.2 дугаар заалт “Тасралт саалтал гарсан нөхцөлд түгээх төвийн менежер хэсгийн ахлагч нар нь гэмтлийг яаралтай сэргээн засварлах ажлыг цаг алдалгүй зохион байгуулах ба хүн хүч машин механизм, сэлбэг, материалын нэр, тоо хэмжээг тогтоон ээлжийн инженер мэдэгдэнэ”-ыг биелүүлээгүй.

2. ДА-ны сэлбэ ээлжийн ахлах инженер Ц.Т

2.1 Мөн “Шуурхай ажиллагааны журам”-ын 6.5.2 дугаар заалт “Шуурхай ажиллагаатай холбоотой бусад нэгж, байгууллагатай ажлаа уядуулан зохион байгуулна”-ыг хангалтгүй гүйцэтгэсэн.

2.2 Мөн “Шуурхай ажиллагааны журам”-ын 14.3 дугаар заалт “агаарын шугамын тулгуур хугарах, дэд стандад ноцтой гэмтэл, аваар гарснаас хэрэглэгчдийн цахилгаан хангамж удаан хугацаагаар тасалдах нөхцөл үүссэн үед түгээх төвийн менежер, хэсгийн ахлагч нар нь диспетчер инженерийн шийдвэрээр засварын бригадыг яаралтай /1 цагийн дотор/ байранд цуглуулах үүрэг хүлээнэ”-ыг шаардаагүй.

3. ЗТТ-ийн АСЗҮХ-ийн ажил гүйцэтгэгч Д.Авидхаш

3.1 Гүйцэтгэх захирлын 2015 онд батлагдсан “Тухайлсан зааварчилгаа”-г цахимаар өгөх тухай А/124 тоот тушаалын хоёрдугаар хавсралтад заагдсан “Тухайлсан зааварчилгааны сан”-ийн /ХАБ-ЦЗ-5-8/ индекс бүхий кран ашиглан хүчний трансформатор шилжүүлэн зөөх үед өгөх зааварчилгаа”-г мөрдөөгүй.

3.2 Трансформаторын ачаа өргөх машин механизмд бэхлэлгүйгээр суурийн болон дээд их биеийн бэхэлгээг тайлснаас тостой трансформатор нь тос тургисан ажлын тавцан дээр гулгаж, зүүн тийш 15 градус хазайж 0,4 кв-ын ерөнхий щит болон ажлын тавцан дунд ажиллаж байсан бригадын гишүүдийг дарж гэмтээсэн нь 2012 онд батлагдсан “Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын ажлын аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 3.3.3 заалтыг зөрчиж байна.

3.3 “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ын 175 дугаар заалт “Зөвхөн зөвшөөрөл олгогчоос зөвшөөрөл авсны дараа ажлын байр бэлтгэх, ажилд оруулах арга хэмжээг зохион байгуулна. Аваар, ослын үед болон хойшлуулшгүй ажлыг шийдвэрээр гүйцэтгэх үед ч ажлын байр бэлтгэх ба ажилд оруулах зөвшөөрлийг заавал авна”-ыг биелүүлээгүй.

3.4 Гүйцэтгэх захирлын 2016 онд баталсан А/39 тушаалын хавсралт “Эрсдэлийн удирдлагын тухай журам”-ын 2.4 дүгээр заалт “Ажилтнууд нь өдөр тутам өгөгдсөн даалгаврын дагуу ажлын байранд очиж, ажил эхлэхээс өмнө ажлын байран дахь аюулыг таньж илрүүлэх замаар аюулын эрсдэлийн үнэлгээг хийж хэвшинэ”-ыг биелүүлээгүй байна гэх дүгнэлтийг гаргасан. Үүнийг 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 05/078/17 дугаартай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын шинжээчийн дүгнэлтээр баталгаажуулсан.

Д.А, Г.Б, Ц.Т нарын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр Д.А, Г.Б, Ц.Т нар гэм буруутай болох нь хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх огт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 108 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Д.Ан өмгөөлөгч К.Султанбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Д- нь Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэмд заасан ажлыг аюулгүй ажиллах чадвартай гэсэн үйлдлээс болж осолд орсон. Хохирогчийн мэдүүлэг хавтас хэргийн 49 дүгээр тал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан. Г.Д- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх үүрэгтэй” гэж заасан. Хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, хуульд нийцсэн зөв шийдвэр гэж үзэж байна...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Г.Бгийн өмгөөлөгч Г.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйл, Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 78, 175 дугаар заалтын талаар ярьж байна. Энэ зүйл, заалтыг Г.Б хэрхэн зөрчсөн нь тогтоогдоогүй. Улсын яллагч хавтгайруулж ял сонсгож байгаа нь учир дутагдалтай гэж үздэг. Үйлдвэрлэлийн осолд дөхсөн тохиолдлыг судлан бүртгэсэн актыг үндэслэсэн гэдэг боловч энэ актыг ажил олгогч 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр комисс гаргаад энэ ослыг үйлдвэрлэлийн осол мөн байна гэж бүртгэсэн. Ослын актад компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар 2015 онд батлагдсан Шуурхай ажиллагааны журмын 14.2, 14.3-т заасныг биелүүлээгүй гэж Г.Бг буруутгасан. Энэ заалтыг Г.Б зөрчсөн гэдэг нь ойлгомжгүй байна. Тухайн нөхцөл байдалд бригад буулгасан асуудал болоогүй. Гэмтэл гарсан газар очиж гэмтлийг засах ажил эхлээгүй байхад 3 хүнд ял сонсгож байгаа нь учир дутагдалтай. 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан. Гэтэл Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 7.2-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн” тохиолдолд акт, дүгнэлтийг нөхөн гаргахгүй гэж заасан. Г.Б хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөний улмаас хохирогчид гэмтэл учруулсан нь тодорхой байх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагаатгасан шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ц.Тийн өмгөөлөгч Ц.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 78 дугаар зүйлд “цахилгаан байгууламжид гүйцэтгэх ажлын аюулгүй байдлыг хариуцах ажилтнуудын нэрсийн жагсаалт” байгаа. Энэ заалтыг зөрчсөн гэж үзээд байгаа нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл ажил олгогч нийт 9 ажлын байрны нэр бичсэн. Энэ заалтыг зөрчсөн гэж шүүгдэгч нарыг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нэр бүхий 9 ажлын байрнаас хэн ямар ажил хариуцахын тодорхой заасан байгаа. Гэтэл прокуророос энэ үүргийг хэн, энэ үүргийг хэрхэн гүйцэтгээгүй гэдгийг тодорхой нарийвчилсан үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр ялласан. Энэ талаар шүүх зөв дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн. Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 175 дугаар зүйлд “ажлын байрыг бэлтгэх, ажилд оруулах зөвшөөрөл өгөх” гэж заасан. Хэн заалтыг зөрчсөн талаар тодорхой тогтоогдоогүй. Шүүх Хөдөлмөр тухай хуулийн зарчим буюу ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэхын ажилтнаас шаардаж болохгүй гэсэн заалтын баримталж хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгч нарыг цагаатгасан үндэслэлээ тодорхой заасан. Аюулгүй ажиллагааны дүрмийн 78, 175 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй буюу шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийг тогтоогоогүй үндэслэлээр цагаатгасан. Ц.Тийн буруутгах үндэслэл тогтоогоогүй...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Д.А, Г.Б, Ц.Т нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн:

1.1-т “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”,

1.2-д “гэмт хэргийг хэн үйлдсэн”,

1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлуудыг мөрдөн байцаалтын явцад бүрэн шалгаж тодруулаагүй байхад шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмын 1 дэх хэсэгт заасан “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж заасныг зөрчсөн байна.

 

Үүнд:

1. 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 37 дугаар гудамжинд байрлах өндөр хүчдэлийн шугамд гэмтэл гарсан гэх дуудлагын дагуу очиж ажил үүргээ гүйцэтгэж байсан Г.Д-ий бие махбодид хүнд гэмтэл учирсан үйл явдалд хэний буруутай үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэл/ нөлөөлсөн, Г.Д- ямар байдалтай байхдаа юунд, яагаад дарагдсан, дарсан зүйл нь тавцан эсвэл трансформатор байсан уу, дарагдах болсон шалтгаан зэргийг бүрэн тогтоогдоогүй байна. Тухайлбал, Үйлдвэрлэлийн осолд дөхсөн тохиолдлыг судлан бүртгэсэн актад “...трансформаторыг ачаа өргөх машин механизмд бэхлэлгүйгээр суурийн болон дээд их биеийн бэхэлгээг тайлснаас тостой трансформатор нь тос тургисан ажлын тавцан дээр гулгаж ...ерөнхий щит болон ажлын тавцан дунд ажиллаж байсан бригадын гишүүнийг дарж гэмтээсэн...” /1-р хх-ийн 45 тал/ гэсэн байхад прокурор “...шонд байрлуулсан трансформаторын тавцан дээрээс нь гулсан дарагдаж...” гэж яллах дүгнэлт үйлджээ. Хэний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ийм үйл явдал болсныг, мөн ослын шалтгааныг зөв тогтоох нь үндэслэл бүхий шийдвэрийг мөрдөгч, прокурор, шүүх гаргахад ач холбогдолтой.

 

2. Д.А, Г.Б, Ц.Т нарын хэн нь холбогдох хууль, дүрэм, журмын ямар заалтыг биелүүлээгүй буруутай талаар зааглан ялгах мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна. Тухайлбал, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтэд “...ажлыг гүйцэтгэж байх үед аюулгүй ажиллагааг ажил удирдагч хариуцна...” гэсэн байх ба ажил удирдагч нь тухайн ажлын үед хэн байсан нь тодорхойгүй байна. Мөн шинжээч нар “...ажил удирдагч, ажил хариуцагч, ажил гүйцэтгэгч...” гэсэн нэр томьёог ашиглан шинжээчийн дүгнэлт гаргасан байх бөгөөд Д.А, Г.Б, Ц.Т, Г.Д-, Б.Очирхүрээт, Э.Ишва  нарын хэнийг нь ямар үндэслэлээр  ажил удирдагч, ажил хариуцагч, ажил гүйцэтгэгч гэж үзэх нь ойлгомжгүй /хариулт 2, 3, 4/ байна.

 

3. Д.А, Г.Б, Ц.Т нар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлийн аль аль заалтыг зөрчсөн болохыг ямар нотлох баримтыг үндэслэн яллаж байгаа нь /яллагдагчаар татах тогтоол 2-р хх-ийн 40-48 тал, яллах дүгнэлт 2-р хх-ийн 122, 124 тал зэргээс/ тодорхой бус /гурвууланг нэг адил хэм хэмжээг зөрчсөн гэж  яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдсэн/ байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “...Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх...” яллагдагчийн эрхийг зөрчиж байгаагаас гадна яллагдагчаар татах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...Прокурорын тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана...” гэсэн шаардлагыг хангахгүй байна.

 

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хэрэгт хийлгэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнээд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 108 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.А, Г.Б, Ц.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэгт хийгдэх мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан хэргийг буцааж байгаа тул цагаатгах тогтоолд “...Д.А, Г.Б, Ц.Т нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь өөрсдийн хариуцсан ажил үүргийг зохих ёсоор биелүүлж ажиллаагүй эс үйлдэхүйн улмаас эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршгийг болгоомжгүйгээр учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон...” үндэслэлээр гаргасан улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 108 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.А, Г.Б, Ц.Т нарт холбогдох эрүүгийн хэрэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулуулахаар буцаасугай.

 

2. Прокурор Б.Байгалмаагийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Д.А, Г.Б, Ц.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                   Д.ОЧМАНДАХ