Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0775

 

 

 

 

 

 

 

 

 

Япон Улсын иргэн Н.Р-ийн

 гомдолтой захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,

Гомдол гаргагч: Япон Улсын иргэн Н.Р-,

Хариуцагч: Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Н.О-,

Гомдлын шаардлага: “Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Н.О-ын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0012646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0030 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх, хариуцагч Н.О-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,

Хэргийн индекс: 123/2022/0041/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч Япон Улсын иргэн Н.Р- нь Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Н.О-т холбогдуулан “Чингис хаан Олон Улсын нисэх буудлын Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Н.О-ын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0012646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0030 дугаар шийдвэрээр:

“Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.14 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 6, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Н.О-ын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0012646 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

3.Гомдлын агуулга:

3.1.Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Н.О- 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0012646 тоот Шийтгэх хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дахь хэсэгт заасныг үндэслэн Япон улсын иргэн Н.Р- миний хувийн эд зүйл болох 7 ширхэг 999.9 сорьц бүхий алт болон 19,326,483 төгрөгийг хурааж, 23,520,355.07 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулахдаа Зөрчлийн хэрэг шалгах шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн болохыг тогтоосон атлаа Шийтгэх  хуудсыг хүчингүй болгохгүйгээр хариуцагчид дахин акт гаргах 2 сарын хугацаа олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь эрх бүхий этгээдэд давуу байдал бий болгож, гаргасан алдаагаа засах, зөрчлийн хэрэгт холбогдогчийн эрх зүйн байдлыг улам дордуулж шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн байна.

3.2.Анхан шатны шүүх шийдвэртээ: ... хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна, 4.14 дүгээр зүйлийн 2-т Зөрчлийн нотлох баримт нь ... баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, бусад баримтаар тодорхойлогдоно, 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, 3-т Прокурор, эрх бүхий албан тушаалтанд оролцогчоос гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг заагаагүй бол дангаараа нотлох баримт болохгүй, 6-д Хүн, хуулийн этгээд, албан тушаалтны гаргаж өгсөн эх бичмэл нотлох баримтыг тухайн зөрчлийн талаар гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа буцаан өгч хуулбарыг хэрэгт хавсаргаж болно гэж тус тус заасныг зөрчсөн гэж... мөн хариуцагч нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0012646 дугаартай шийтгэлийн хуудсанд зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, нотлох баримтууд, оногдуулсан шийтгэлийн торгуулийг төлөх дансны дугаар зэргийг бичээгүй, хуудасны 2, 3, 5, 6, 7, 11 дэх хэсгүүдэд бичилт хийгээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж заасныг зөрчжээ гэж тус тус тогтоосон.

3.3.Нэгэнт хариуцагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль бус байсан, шийтгэлийн хуудас хуульд заасан шаардлага хангаагүй болохыг тогтоосон бол түүнийг хүчингүй болгох бүрэн боломжтой байтал хариуцагчид давуу байдал олгож дахин акт гаргах, зөрчлийн хэргийг дахин шалгах даалгавар өгч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2022/0030 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Н.О-ын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0012646 тоот шийтгэх хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу захиргааны хэргийг гомдол гаргагч Япон Улсын иргэн Н.Р-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

1.Гомдол гаргагч Япон Улсын иргэн Н.Р-гаас Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Н.О-ын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0012646 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Н.О-т холбогдуулан гаргажээ.

2.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна,

Мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”, 1.6-д “шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийх”,

Дээрх хуулийн 4.11 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтанд шинжилгээ хийлгэнэ, 4.14 дүгээр зүйлийн 2-т Зөрчлийн нотлох баримт нь гэрч, хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, бичмэл болон эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, хэв загвар, дээж, зөрчил шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжийн мэдээлэл, бусад баримтаар тодорхойлогдоно,

Уг хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, 3-т Прокурор, эрх бүхий албан тушаалтанд оролцогчоос гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг заагаагүй бол дангаараа нотлох баримт болохгүй, 6-д Хүн, хуулийн этгээд, албан тушаалтны гаргаж өгсөн эх бичмэл нотлох баримтыг тухайн зөрчлийн талаар гаргасан шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа буцаан өгч хуулбарыг хэрэгт хавсаргаж болно,

Тус хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж тус тус заажээ.

3.Япон улсын иргэн Н.Р-д холбогдуулан 7 ширхэг алтан гулдмай 999.9 сорьц бүхий 712.2 грамм болон бусад Монгол банкны ханшаар /2022.06.10 өдрийн/ хөрвүүлэхэд 19,326,469.48 төгрөгийн үнэ бүхий гадаад валютыг гаалийн байгууллагад мэдүүлээгүй, хууль бусаар нэвтрүүлсэн гэх үндэслэлээр хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2203000092 дугаартай зөрчлийн хэрэг[1] нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

4.Маргаан бүхий 0012646 дугаартай шийтгэлийн хуудсаар[2] Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг үндэслэн холбогдогч Н.Р-гийн 7 ширхэг 999.9 сорьц бүхий алт болон 19,326,483 төгрөгтэй тэнцэх валют, төгрөгийг хурааж, 23520,355.07 торгох шийтгэл оногдуулжээ.

5.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагчаас зөрчлийн хэрэгт хавсаргасан зөрчилд холбогдогчоос хураагдсан эд зүйлийн гарал үүслийн гэрчилгээг[3] нотлох баримтын шаардлага ханган хуулбарлаагүй, тус холбогдох баримт бичгийг дээрх хуульд зааснаар зөрчлийн хэрэгт монгол хэлээр орчуулж хавсаргаагүй болох нь тогтоогдож байна.

6.Анхан шатны шүүхээс тус 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 123/ШЗ2022/0415 дугаар Орчуулагч томилох тухай захирамжаар[4] Мон Тай Сино Групп ХХК-ийг орчуулагчаар томилж, тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 244 дугаар албан бичгээр[5] холбогдох баримтуудыг хүргүүлсэн боловч Мон Тай Сино Групп ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20221003А01 дугаар албан бичгээр[6] ... орчуулуулах материалууд нь бүдэг, зах хэсэг нь дарагдсан, бүрэлзсэн, харласан, цайрсан зэрэг шалтгаануудын улмаас орчуулгын шаардлага хангахгүй, орчуулга хийх боломжгүй байна гэх хариуг ирүүлжээ.

7.Мөн эрх бүхий албан тушаалтны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Хураан авсан эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай тогтоолоор[7] битүүмжилсэн 7 ширхэг алтан гулдмайд барааны ангиллын код тодорхойлох, барааны гаалийн үнэлгээ хийлгэхээр Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Бүрдүүлэлтийн албаны гаалийн улсын байцаагч Ц.Э-г томилсон.

Улмаар 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө эд зүйлд хийсэн үнэлгээнд[8]...битүүмжилсэн 7 ширхэг албан гулдмай-д барааны ангиллын код тодорхойлох, барааны гаалийн үнэлгээ хийлээ... Хариулт 2. Тухайн барааны оноосон нэр алтан гулдмай, БТКУС код 7106.92.00 хамаарч байна гэж бичсэн бөгөөд үнэлгээг гаргахад ашигласан аргачлалаа тодорхойлон бичээгүй байна.

8.Дээрх маргаан бүхий 0012646 дугаартай шийтгэлийн хуудсыг бичихдээ хариуцагч нь зөрчлийн талаар тогтоосон нөхцөл байдал, нотлох баримтууд, оногдуулсан шийтгэлийн торгуулийг төлөх дансны дугаар, 2, 3, 5, 6, 7, 11 дэх хэсгүүдэд бичилт хийгээгүй болох нь тус тус тогтоогдож байна.

9.Үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн шинжээч томилж, хураагдсан 7 ширхэг алтан гулдмай гэх бараанд шинжилгээ хийлгээгүй, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байх тул тухайн бараа нь “алтан гулдмай” гэх нэртэй “БТУС код 7109.90.00” гэсэн кодод хамаарах бараа эсэх нь тодорхойгүй, холбогдогчоос хураан авсан эд зүйлийн үнэлгээнд үндэслэсэн шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй эсэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан эсэх зэрэгт шүүх дүгнэлт өгөх боломжгүй, зөрчилтэй нөхцөл байдлуудыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд ийнхүү нэмж тодруулах боломж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар эрх бүхий албан тушаалтанд байх тул шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

9.Хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүйгээс шалтгаалж гомдлын хүрээнд шүүхээс маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй үндэслэлээр шийтгэлийн хуудсыг дахин гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн бөгөөд шүүхээс гомдол гаргагчийг зөрчил гаргаагүй, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хууль бус гэдгийг тогтоож, дүгнээгүй байна.

Иймээс гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэгэнт хариуцагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль бус байсан, шийтгэлийн хуудас хуульд заасан шаардлага хангаагүй болохыг тогтоосон бол түүнийг хүчингүй болгох бүрэн боломжтой байтал хариуцагчид давуу байдал олгож дахин акт гаргах, зөрчлийн хэргийг дахин шалгах даалгавар өгч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0030 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Япон Улсын иргэн Н.Р-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ндавж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

 

[1] Хэргийн 26 дахь тал

[2] Хэргийн 9 дэх тал

[3] Хэргийн 106-110 дахь тал

[4] Хэргийн 128-129 дэх тал

[5] Хэргийн 133 дахь тал

[6] Хэргийн 134 дэх тал

[7] Хэргийн 36-37 дахь тал

[8] Хэргийн 38 дахь тал