Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0074

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:166/2021/0066/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Н.Идэр, Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Иргэдийн төлөөлөгч Н.Ц-,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Хохирогч Э.Э-,

Хохирогчийн өмгөөлөгч П.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э-,

Шүүгдэгч Х.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А-т холбогдох эрүүгийн 2118000000019 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой. сэтгэл зүйн багш мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 330 дугаар ангид жолооч ажилтай, ам бүл-1, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 189 дүгээр зарлигаар “Энхийн төлөө” медалиар шагнагдаж байсан, Х.А-

,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Х.А-нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Алтангадасын 1-5 тоотод буюу халуун усны газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Э.Э-г түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Х.А-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 12 сарын 31-нээс 2021 оны 01 сарын 01-нд шилжих шөнө 12:30 үед бид гэрээс гарсан. Ороход Б.С-, Э.Д- хоёр ирсэн байсан. Тэндээ пиво архи гээд ширээ зассан байсан. Бид шинэ он гарлаа гээд яриад сууж байсан. Б.С- нэлээд уусан. Би пиво уугаагүй архинаас 3 хундага уусан байсан. Цаг гаран юм яриад суусан. Тэгээд Б.С- машин асаана гээд гараад явсан. Б.С-ыг гараад 10 минут болоод согтуу машин бариад явчих вий гээд Э.Д-ийг гаргасан. Тэгээд би гараад явахгүй шүү гэхэд Б.С- явахгүй гэсэн. Би орж ирээд ширээн дээр байсан пивыг Э.Э.Э- ууя гэхээр нь уу уу гэсэн. Тэгээд пивоны үлдэгдэл цацахаар нь архичин юм уу гэхэд босож яваад хувинд байсан угаадас цацсан. Тэгээд тэнд байсан салат авч шидээд би аль болох тэгүүлэхгүй гээд гарыг нь бариад байсан. Гарыг нь тавихаар л гарт нь таарсан зүйлийг авч шидээд байсан. Шампаскны тал шилтэй байсан зүйлийг толгой дээр хагалсан. Би хэрэлдээд байхаар нь коридор руу яваад өгтөл архины шил араас барьж ирэхээр нь хананд саваад би хагалсан. Бид хэрэлдээд шалны модоор миний бэртэлтэй гар руу цохисон. Тэр хугацаанд ээж рүү нь 2 удаа залгатал утсаа аваагүй. Б.С-од ээж рүү нь залга гэсэн боловч залгаагүй. Тэгээд машинд илүү түлхүүр байгаа гэдгийг санаад Э.Д-д хэлтэл байхгүй байна гээд байсан. Гэтэл гэнэт Э.Д- түлхүүр аваад ороод иртэл Э.Э- эгч авсан гээд байсан. Би Э.Э-г нэгжиж үзтэл байхгүй байсан. Э.Д-тэй юм яриад зогсож байтал Э.Э- шалны мод барьж ирээд цохисон. Дахин цохих гэхээр нь би хаагаад түлхтэл халтирч унаад толгойгоороо унасан.” гэв.

Хохирогч Э.Э.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 12 сарын 31-ний өдөр 00:20 цагийн үед халуун усны түрхүүр байсан. Очтол Э.Д- Б.С- нар байсан. Бид шинэ жилээ тэмдэглэсэн. Нэг шил архи 3, 4 пиво байсан. Би архи уугаагүй пивоноос нь уусан. Тэнд 2,5 литрийн том пиво байсан. Бид 3 бүгд л тэрийг уусан. 2 пивыг нь уусан. Сүүлийнхийг нь уугаагүй. Тэгээд бид хэд юм яриад орж гараад сууж байсан. Б.С-, Э.Д- хоёр орж гараад байсан. Тэгтэл Х.А-миний өнгөрсөн амьдралыг яриад байхаар нь тэрнээс болж маргаан үүссэн. Тэгээд би орилж хашхирсан. Тэр хооронд тэр хоёр орж гараад байсан. Э.Д- намайг чимээгүй бай гээд узелийн өрөөнд цоожилсон. Би тайвширсан гээд хэлтэл Э.Д- намайг гаргасан. Х.А-намайг алгадаад байсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас Эрүүгийн  2118000000019 дугаартай хэргээс танилцуулсан нотлох баримтууд:

Гэрч Б.Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Э.Э- эгчийн халуун усны газар Э.Д-, Х.А-бид 4 уулзаж пиво уусан. Би ууж байгаад машинаа халаах гэж гараад машинаа асаагаад буцаад халуун усны газар руу орох гэхэд хаалгаа онгойлгоогүй. Миний араас бас Э.Д- удалгүй гарч ирсэн байсан. Э.Д- бид хоёр хаалгаа онгойлгооч гэж зөндөө хаалгыг нүдээд онгойлгоогүй бөгөөд дотроо Э.Э-, Х.А-хоёр хэрэлдээд байсан юм. Тэгэхээр нь би Э.Д-ийг гадаа үлдээгээд толгойт руу гэртээ хариад унтсан. Гэртээ унтаж байхад Х.А-над руу залгаад ирж эгчийгээ ав, эгч чинь агсам согтуу тавиад байна гэж хэлсэн юм. Ингээд буцаад халуун усны газар ирэхэд Э.Э- шалан дээр хэвтээд Х.А-хойноос нь бариад сууж байсан бөгөөд Х.А-ын гарнаас цус гарсан, Э.Э- бөөлжсөн байдалтай байсан.

Х.А-надад хэлэхдээ би Э.Э-г түлхээд унагаасан гэж хэлсэн. Э.Д- надад хэлэхдээ намайг харж байхад Х.Х.А-ах Э.Э.Э- эгчийг  түлхээд унагасан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 15/,

Насанд хүрээгүй гэрч Э.Э.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад халуун усны газрын түлхүүр байсан болохоор би шууд онгойлгож ороод хүлээж байхад Э.Э.Э- эгч, Х.Х.А-ах, Б.Б.С- нар ирсэн. Бид нар ширээ засаад пиво уусан. Би пиво уугаагүй зүгээр амссан юм. Тэгээд сууж байхад Б.Б.С- машинаа халаана гээд гараад орж ирэхгүй удаад байсан чинь Э.Э.Э- эгч Б.С- гадаа байна уу үзээд ир гэж хэлсэн. Намайг гарахад Б.С- машин дотроо сууж байсан. Би буцаад халуун ус руу орох гэхэд  хаалгаа түгжсэн байсан бөгөөд халуун усны түлхүүрийг Э.Э.Э- эгч надаас авсан байсан учир би хаалга онгойлгож чадаагүй. Гаднаас нь сонсоход Э.Э.Э-, Х.Х.А-нар хоорондоо маргалдаад байх шиг байсан. Намайг хаалга тогшиход онгойлгохгүй байсан. Дотор Х.Х.А-ах “чи яагаад намайг цохиод байгаа юм бэ болиоч” гэхэд Э.Э.Э- эгч “чамд ямар хамаатай юм” гээд хоорондоо маргалдаад Э.Э- эгч Х.А-ахыг цохиод зодоод байгаа чимээ сонсогдож байсан. Тэгэхэд Х.А-ах цонхоор машины түлхүүр өгөөд “машинд халуун усны түлхүүр байгаа аваад хаалгаа онгойлгоод ороод ир гэсэн. Би түлхүүр хайж машины голын хайрцагнаас түлхүүр олоод  халуун усны хаалга онгойлгоод Э.Э- эгчээс түлхүүр булааж аваад хаалгаа түгжсэн. Намайг ороход Х.А-ахын гар, хүзүү цус болсон байсан. Мөн Э.Э- эгчийн дух цус болсон байсан.

...Тэгээд би Э.Э.Э- эгчийг тайвшруулах гээд узелийн өрөө рүү оруулахад гараараа хаалга цохиод орилж хашхираад байхаар нь гаднаас нь түгжээд үүдэнд нь зогсож байхад “хаалгаа онгойлго Э.Д-өө” гээд орилоод байсан. Би хаалгыг нь онгойлгоход хогийн шүүр, шалны мод зэрэг зүйл бариад Х.А-ахыг цохиод байсан. Тэгэхэд Х.А-ах Э.Э- эгчийн цээж рүү нь хоёр гараараа түлхээд унагаасан. Э.Э- эгч халуун усны усанд ордог өрөөний хана эхлээд мөргөөд дараа нь шал мөргөөд ар дагзаараа газар унасан.” гэх мэдүүлэг /хх 19-20/,

Гэрч Ц.Ц- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...халуун усны газар очиход хүлээлгийн өрөөний хэсэг нэлэнхүйдээ эмх замбараагүй болсон миний охин Э.Э- 2, 4 дүгээр усанд ордог өрөөний дунд коридор буюу зааланд дээшээ хараад хэвтэж байсан. Тэнд Б.С-, Э.Д- нар байсан. Юу болсон талаар асуухад Э.Э-, Х.А-нар хаалгаа дотроосоо түгжээд  1 цаг гаран зодолдсон гэсэн. Ингээд Э.Э-гийн хажууд очиход Э.Э- бөөлжөөд дээшээ хараад хэвтэж байсан. Би Э.Э-гээс юу болсон талаар асуухад “миний толгой их өвдөж байна” гэж хэлснээс өөр юм хэлээгүй. Тэгээд Э.Э-д толгойны эм өгөөд унтуулсан. Э.Э- унтаж байгаад сэрээд босох гээд босож чадахгүй байсан бөгөөд яаж байна гэж асуухад зүүн талын гар, хөл хөдлөхгүй байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 23/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Х.Х.А-ын биед баруун гарын шуун дахь зулгаралт, зулайн хуйхны хавдар тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Х.Х.А-ын биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх 29/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Э.Э.Э-гийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дагз-чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, гавал тархинд мэс ажилбар хийж хурсан цусыг авсан хагалгааны дараах байдал, зүүн нүдний зовхи, 2 гар, 2 өвдгөнд цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Э.Э.Э-гийн биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

4.Э.Э.Э-гийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй. /хх 34-35/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/,

 

Шүүгдэгч Х.Х.А-ын тээврийн хэрэгсэл эзэмшдэг талаарх лавлагаа /хх 49/, эзэмшил, өмчлөлийн газартай эсэх лавлагаа /хх 51/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх 53/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56/, харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолтууд /хх 61-71/, бакалаврын дипломын хуулбар /хх 72-73/, шагнал урамшуулал, медаль тэмдгээр шагнагдаж байсан талаарх үнэмлэхийн хуулбарууд /хх 74-85/,

 

Хохирогч Э.Э.Э-гийн өвчний түүх /хх 88-126/, хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх 142-161/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан Х.Х.А-т яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд  явагдах хэмжээ хязгаарын хүрээнд Улсын яллагч шүүгдэгч Х.Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан, Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал...”хохирол нөхөн төлүүлэх” дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар... ”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг үгүйсгэх нөхцөл байдал болох “аргагүй хамгаалалт” тогтоогдож байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэж тус тус мэтгэлцэж оролцлоо.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Алтангадасын 1-5 тоотод буюу халуун усны газарт 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 цагийн үед шүүгдэгч Х.Х.А-, хохирогч Э.Э.Э-, гэрч Б.Б.С-, насанд хүрээгүй гэрч Э.Э.Д- нар нь шинэ жилээ тэмдэглэх зорилгоор цугларцгаажээ.

Тухайн үед ширээ засан согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан байх ба гэрч Б.Б.С- машинаа халаахаар гадагш гарах ба түүний араас насанд хүрээгүй гэрч Э.Э.Д- халуун усны газраас гаржээ.

Энэ цаг үед хохирогч Э.Э.Э- Х.Х.А-т хандан ”пиво хийгээд өг” гэхэд Х.Х.А-Э.Э.Э-д хандан “Б.Б.С-, Э.Э.Д- нарыг орж ирэхийг хүлээх”-ийг хэлснээс үүдэн хоорондоо маргалдан хэрэлдэх, улмаар Э.Э.Э- шүүгдэгч Х.Х.А-ын толгойн тус газарт шилээр цохих, гарын шууг шилээр зүссэн нөхцөл байдал үүсэх бөгөөд хэсэг хугацаанд тэдний хэрүүл маргаан үргэлжилснийг нэр бүхий гэрч нар мэдүүлсэн байна. Хохирогч Э.Э.Э-гийн зүй бус үйлдлийг насанд хүрээгүй гэрч Э.Э.Д- таслан зогсоох, тайвшруулах зорилгоор узелийн өрөөнд хохирогчийг оруулж түгжих боловч “хаалгаа онгойлго Э.Д-өө” гэснээр хаалгыг онгойлгоход гартаа хогийн шүүр, шалны мод зэрэг зүйл бариад Х.Х.А-ыг цохисон, үүнээс үүдэн шүүгдэгч Х.Х.А-Э.Э.Э-г өөрөөс холдуулахаар цээж рүү нь хоёр гараараа түлхэх үйлдэл хийсэн ба энэ үед хохирогч Э.Э- халуун усны өрөөний хана мөргөж унахдаа плитан шалан дээр ар дагзаараа унасан үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн нөхцөл байдлыг хэрэгт авагдсан яллагдагч Х.Х.А-, гэрч Б.Б.С-, насанд хүрээгүй гэрч Э.Э.Д-, гэрч Ц.Ц-, хэргийн газрын нөхөн үзлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх үндэслэл журмын дагуу нотлох баримтын нотолгооны чадвар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх шаардлагад нийцүүлэн тал бүрээс нь харьцуулан шинжлэн судлах, эх сурвалжийг магадлах аргаар шалгасны үндсэн дээр шүүх бүрэлдэхүүн дараах дүгнэлтийг хийлээ.

 

Шүүгдэгч Х.Х.А-нь хохирогч Э.Э.Э-гийн цохих үйлдлийг өөрөөс холдуулах зорилгоор түүнийг түлхсэн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй үйлдлээр үйлдэгдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.А-өөрийн үйлдлийн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдчилан мэдэх боломжтой боловч хайхрамжгүй хандсан байх тул гэм буруугийн болгоомжгүй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Х.Х.А-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.Х.А-2021 оны 01 дүгээр сарын 01-ний 01-01.30 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 багт Алтангадасын 1-5 тоот байрлах халуун усны газарт хохирогч Э.Э.Э-гийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь

Насанд хүрээгүй гэрч Э.Э.Д-ий...” би Э.Э.Э- эгчийг тайвшруулах гээд узелийн өрөө рүү оруулахад гараараа хана цохиод орилж хашхираад байхаар нь би гаднаас түгжээд узелийн өрөөний үүдэн дээр зогсож байхад хаалгаа онгойлго Э.Д-өө гээд Э.Э- эгч орилоод байсан, бүр сүүлдээ боож байгаа юм шиг хоолойгоо чангалаад орилоод байхаар нь би хаалгыг нь онгойлгоход хогийн шүүр, шалны мод зэрэг бариад Х.А-ахыг цохиод байсан, тэгэхэд Х.Х.А-ах Э.Э.Э- эгчийн цээж рүү нь хоёр гараараа түлхэж унагаасан, тэгэхэд Э.Э- эгч халуун усны усанд ордог өрөөний хана эхлээд мөргөөд, дараа нь шал мөргөөд ар дагзаараа газар унасан” гэх мэдүүлэг, /хх-19-20/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

1.Э.Э.Э-гийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дагз-чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, гавал тархинд мэс ажилбар хийж хурсан цусыг авсан хагалгааны дараах байдал, зүүн нүдний зовхи, 2 гар, 2 өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Э.Э.Э-гийн биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно./хх-3-6/

Шүүгдэгч Х.Х.А-2021 оны 01 сарын 02-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ... “Э.Э- намайг явуулахгүй гээд гүйж очоод хаалгаа түгжээд түлхүүрээ энгэр лүүгээ хийх шиг болон тэгээд би түлхүүр авах гэж Э.Э-тэй ноцолдож байхад Э.Э.Э- ширээн дээр байсан шампанскины шилийг аваад миний тогой дээр хагалсан, дараа нь ширээн дээр байсан архины шилийг аваад хананд цохиж хагалаад хагархай бариад над руу дайрахаар нь гараараа хаасан чинь миний баруун шууг шилээр зүссэн” гэх мэдүүлэг/хх-13-14/ нь Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 39 дүгнэлтэд заагдсан шинжилгээнд ирүүлсэн яаралтай түргэн тусламжийн хуудсанд...хэсэг газрын үзлэгт...”баруун шуунд зурагдсан шархнууд, эдгэж тав тогтсон, Хуйх зулай хэсэгт бага зэрэг хавдартай. Онош нь: баруун шууны эдгэрч буй шарх” гэх үзлэгийн тэмдэглэлээр /хх-29/ нотлогдож байх тул үнэн зөвд тооцох үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар ...”хохирогч Э.Э.Э- шүүгдэгч Х.Х.А-ыг шалны модоор цохих гэхэд өөрийгөө хамгаалж хаасан үйлдэл нь довтолгооноос өөрийгөө хамгаалсан үйлдэл. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах саналтай” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй  гэж үзлээ.

 

Учир нь: Шүүгдэгч Х.Х.А-хохирогч Э.Э.Э- нар нь хэргийн нөхцөлд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж харилцан бие биеийнхээ эсрэг чиглэсэн үйлдэл хийж байсан тул шүүгдэгчийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэхгүй.

 

Хохирогч Э.Э.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Х.Х.А-миний өнгөрсөн амьдралыг яриад байхаар нь тэрнээс болж маргаан үүссэн. Тэгээд би орилж хашхирсан. Тэр хооронд тэр хоёр орж гараад байсан. Э.Д- намайг чимээгүй бай гээд узелийн өрөөнд цоожилсон” гэж мэдүүлж байх боловч хохирогч Э.Э.Э-гийн мэдүүлэг нь хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байгаа нь түүний эрүүл мэндэд учирсан хохирол, гэмтлийн дараах хор уршигтай холбоотой гэж үзэн дээрх мэдүүлгийг  үнэн зөвд тооцох боломжгүй гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгч Х.Х.А-ын ...” Э.Э.Д-, Б.Б.С- хоёр хаалгаа онгойлгооч ээ гэж зөндөө орилсон, бөгөөд Э.Э.Э- түлхүүрээ өгөхгүй байсан. Тэр үед би машиныхаа түлхүүрийг цонхоор Э.Э.Д-д өгөөд машины голын хайрцганд нэг түлхүүр байгаа тэр түлхүүрээр онгойлгоод ороод ир гэж хэлсэн юм. Ингээд Э.Д- орж ирсэн бөгөөд Б.С-ыг орох гэхэд Э.Э- дахиад хаалгаа түгжээд түлхүүрээ өгөхгүй байсан” гэх мэдүүлгээр,

 Гэрч Б.Б.С- мэдүүлэхдээ...”би пиво ууж байгаад машинаа халаах гэж гараад машинаа асаагаад буцаад халуун усны газар луу орох гэхэд хаалгаа онгойлгоогүй, ... Э.Д- бид хоёр хаалгаа онгойлгооч гэж зөндөө хаалгыг нь нүдээд онгойлгоогүй бөгөөд дотроо Э.Э.Э-, Х.Х.А-хоёр хэрэлдээд байсан юм” /хх-15/,

Насанд хүрээгүй гэрч Э.Э.Д- мэдүүлэхдээ...”би халуун усны гадаа гараад Б.С-ыг байна уу харахад Б.Б.С- машин дотроо сууж байсан ба буцаад халуун ус руу орох гэхэд хаалгаа түгжсэн байсан бөгөөд хаалганы түлхүүрийг надаас Э.Э- эгч авсан байсан болохоор би хаалга онгойлгож чадахгүй байсан тэгээд ...би бараг нэг цаг гаруй зогсож хүлээсэн. ...Дотор Х.Х.А-ах “чи яагаад намайг цохиод байгаа юм бэ болиоч” гэхэд Э.Э.Э- эгч “чамд ямар хамаатай юм” гээд хоорондоо маргалдаад Э.Э- эгч Х.А-ахыг цохиод зодоод байгаа чимээ сонсогдож байсан. Тэгэхэд Х.А-ах цонхоор машины түлхүүр өгөөд “машинд халуун усны түлхүүр байгаа аваад хаалгаа онгойлгоод ороод ир гэсэн. Би түлхүүр хайж машины голын хайрцагнаас түлхүүр олоод  халуун усны хаалга онгойлгоод Э.Э- эгчээс түлхүүр булааж аваад хаалгаа түгжсэн” гэх /хх-20/ мэдүүлгээр тэдний хооронд хохирогч Э.Э.Э-гийн өнгөрсөн амьдралаас шалтгаалан хэрэлдэж байсан гэх нөхцөл байдал, мөн түүнчлэн хэрүүл маргааны үед Э.Э.Д-, Б.Б.С- нарыг орж гарч байсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа болно. 

 

Иймээс шүүгдэгч Х.Х.А-ын болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Э.Э.Э-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Х.Х.А-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Иргэдийн төлөөлөгч Н.Цэцэгмаа нь шүүгдэгч Х.Х.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

 

Хохирогч Э.Э.Э- хохирол төлбөрт эм, эмчилгээний зардал 2 677 925 төгрөг, шатахууны зардал 389 350 төгрөг, хоол, хүнсний зардал 305 697 төгрөг, утасны төлбөр 107 346 төгрөг, орон сууцны зээлийн хүү 53 793 төгрөг, гэм хор учруулах үед цалин хөлс, орлогогүй байсан тул үүний  нөхөн төлбөр болох 14 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу 5 880 000 төгрөг нийт 9 414 111 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Х.Х.А-2.465.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, үлдэх 6.949.111 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирол төлбөртэй холбоотой асуудлаар маргах зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс 6.949.111 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Х.А-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч П.Б-...”хохирогчийн биед хүнд хохирол учирсан, хохирол, хор уршиг арилаагүй учир улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар...”сонгох санкцтай гэмт хэрэг учир заавал хорих ял оноохгүйгээр торгох шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Х.Х.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Х.А-нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2” гэмт хэргийн үйлдсэний дараа эмчилгээний зардлын хохирлын төлж барагдуулсан”, мөн хэсгийн 1.4-д заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д  зааснаар хохирол төлбөр болох 6 949 111 төгрөгийг 6 сарын хугацаанд нөхөн төлж барагдуулах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.А-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Х.А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 9, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хохирол 6.949.111 төгрөгийг 6 сарын хугацаанд хохирогч Э.Э.Э-д төлж барагдуулах,  мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.А-т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Х.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ТӨМӨРХҮҮ

 

                       ШҮҮГЧ                             Н.ИДЭР

 

                       ШҮҮГЧ                             Б.ИХТАМИР