Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 77

 

  

Х.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, хохирогч Э, хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар магадлалтай, Х.Ат холбогдох 2118000000019 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйн багш мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 330 дугаар ангид жолооч ажилтай, ам бүл 1, ял шийтгэлгүй, Х.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Х.А-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн   2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Аыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ат оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон

битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Хохирогч Э нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар магадлалаар: “Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч Цахиур овогтой Хүрэлчулууны Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгож хөнгөрүүлэн өөрчилж,

“Шүүгдэгч Х.Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

“Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ат оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж .., тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар гаргасан гомдолдоо... Өмгөөлөгчийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Болсон үйл явдлын тухайд шүүгдэгч Х.А нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Алтангадасын 1-5 тоотод байрлах халуун усны газарт хамтран амьдрагч Эг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Хавтаст хэргийн материалтай танилцаж үзэхэд Э нь шинэ жилийн баяр тэмдэглэж шампанск, пиво, архи зэргийг их хэмжээгээр хэрэглэж согтсон үедээ Х.Ат агсан тавьж улмаар түүнийг хэл амаар доромжилж эрх чөлөөнд нь халдаж эхэлсэн байдаг. Х.А түүнд “ганцаараа пиво битгий их уу” гэж хэлсний төлөө Э нь “чи надаас пиво харамлаад байгаа юм уу?” гээд аягатай пиво нүүр лүү нь цацсан, мөн цаад талын өрөө рүү орж ирээд хувинтай угаадас авчирч бие рүү цацсаны улмаас хувцсаа аваад гарч явах гэхэд нь гаргахгүй ноцолдож, улмаар хаалгаа дотроос нь түгжээд шампансканы шилээр толгойн тус газар нь цохиж хагалсан, архины шилийг хананд цохиж хагалан бариад дайрахаар нь хаахад баруун гарын шууг нь зүссэн бөгөөд шалны мод, шүүр зэргийг барьж түүний баруун мөрний тус газар нь цохих үед гараараа цээж рүү нь түлхэхэд Э толгойгоороо шал руу савж унасан байна. Энэ талаар ч насанд хүрээгүй гэрч Э.Дөлгөөний “Э эгч А ахыг цохиж зодоод байгаа нь сонсогдож байсан ... Би гадаа нь бараг цаг гаран хүлээж зогссон. А ах “чи яагаад намайг цохиод зодоод байгаа юм бэ” гэхэд нь Э эгч “чамд ямар хамаатай юм” гэж байсан. А ах цонхоор надад машины түлхүүрээ өгөөд “машинд халуун усны түлхүүр байгаа, гаднаас онгойлгоод ороод ир” гэсний дагуу би түлхүүрийг нь олоод гаднаас нь онгойлгоод ороход А ахын гар, хүзүү нь цус болсон байдалтай, сандал, шил зэрэг эд зүйлс хагарсан эмх замбараагүй байсан. Э эгч шалны мод, шүүр зэргийг бариад А ахыг цохиод байсан, тэгэхэд нь А ах, Э эгчийн цээж рүү нь хоёр гараараа түлхэж унагасан” гэсэн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №39 шинжээчийн дүгнэлтэд Х.Аын биед баруун гарын шуун дахь зулгаралт, зулайн хуйхны хавдар тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэсэн нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд Х.А нь өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалсан аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн байна. Аргагүй хамгаалалт хийх эрхийг иргэдэд хуулиар олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлд заасан амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх эрхээ гэмт халдлагаас хамгаалах хууль зүйн чухал баталгаа болсон байдаг. Өөрийн болон бусдын эрх, ашиг сонирхлын эсрэг чиглэсэн халдлага эхэлсэн, үргэлжилж байгаа, дуусаагүй буюу эхлээгүй ч аюултай заналхийлэл тулгарсан үед хийсэн хамгаалалтыг цаг үеэ олсон, хууль ёсны гэж үздэг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байх тул шүүгдэгч Х.Аын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд довтолгооны эсрэг хийсэн хамгаалалтын шинжтэй үйлдэл байх тул Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоол, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ДШТ/05 дугаартай магадлалуудыг хүчингүй болгож Х.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоол гаргаж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Хохирогчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй. Шүүгдэгч болон хохирогчийн хооронд маргаан үүссэн буюу Х.А нь хохирогчийг “чи ийм болохоор хүнтэй суудаггүй” гэх зэрэг үгээр идсэний улмаас хохирогч түүн рүү пиво цацсан, зөрүүлээд түүнийг алгадсан зэрэг байдлаар харилцсан зодолдсон бөгөөд маргааны төгсгөлд Х.А хохирогчийг түлхсэний улмаас хохирогч савж унаад тархиндаа хүнд гэмтэл авсан үйл баримт тогтоогдсон. Үргэлжилсэн маргаан, зодооны төгсгөлд хохирогч гэмтэл авсан үйл явдлаас зөвхөн сүүл хэсгийг нь тасалж аваад аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Х.Ат холбогдох хэргийг Дархан-уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг Дархан-уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Х.А хохирогч Э нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд харилцан довтолж санаатай гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн   4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд  Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Х.Ат холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, прокурор, дээд шатны прокурорын  гомдол, эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцдэг билээ.

 

Шүүгдэгч Х.Аын хувьд “... анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн ...” байх бөгөөд үүнд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн нэг зүйл, заалтыг; эсвэл эрүүгийн эрх зүйн онол, шүүхийн практикт тогтсон ойлголт, тодорхойлолт, нэр томьёог өөр өөрөөр тайлбарласан; эсвэл хууль хэрэглээний талаар хоёр шатны шүүх зөрүүтэй байдлаар шийдвэрлэснийг ойлгодог болно.

 

2. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах боломжгүй байх бөгөөд гомдлын үндэслэл хэрхэн үгүйсгэгдэж байгааг дараах байдлаар тодотгон тайлбарлаж байна.

 

2.1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... шүүгдэгч Х.Аын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд довтолгооны эсрэг хийсэн хамгаалалтын шинжтэй үйлдэл байх тул ... Х.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоол гаргаж өгнө үү” гэжээ.  

 

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, өөрийн дотоод итгэлээр шүүгдэгч Х.Аын үйлдлийг “Аргагүй хамгаалалт” гэж дүгнээгүйг буруутгах, үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Аргагүй хамгаалалт нь эрүүгийн эрх зүйн онолын хувьд аюул заналхийлсэн довтолгоон бодитой хийгдэж эхэлсэн бөгөөд дуусаагүй байх үндсэн шинжийг агуулдаг. Энэ тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, гэмт халдлага, хүч хэрэглэсэн довтолгоон бодитой нэгэнт эхэлсэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд илэрхий, тодорхой, ойлгомжтой болсон, аюул занал бодитой оршиж, халдлага үргэлжилж буй, довтолгоо дуусаагүй үед хамгаалалт хийх эрх үүснэ. Энэ үед өрсөж хамгаалах нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн хууль ёсны үйлдэлд тооцогддог ба харин дээрх бодит аюул тулгараагүй тохиолдолд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал үүсэхгүй юм.

 

Тодруулбал, халдагчийн эхлүүлсэн довтолгооныг няцаах, таслан зогсоох явцад түүнд гэм хор учруулдаг бөгөөд энэхүү шинж тогтоогдоогүй тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй.

 

Гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөлд хэдийгээр хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн хэдий ч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч болон шүүгдэгч нар нь удаан хугацааны турш маргалдан муудалцсаны улмаас шүүгдэгч Х.Аын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол буюу шүүгдэгчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нь илэрхий, тодорхой, ойлгомжтой болсон нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна Эг “түлхэн” унагасан үйлдлийг аргагүй хамгаалалт хийж, бусдад гэм хор учруулсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хохирогчийн довтолгоон нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй болох нь, шүүгдэгч Х.Аын санаа сэдэл, учруулсан хохирол нь бодит агуулгаараа нийгэмд ашигтай буюу гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэх шинжтэй болох нь тогтоогдоогүй ба хоёр шатны шүүхийн хохирогч Э нь шүүгдэгчийн амь насанд аюултай нөхцөл байдал үүсгэсэн, түүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар довтолсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Х.Аыг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

3. Шүүгдэгч Х.А нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Алтангадасын 1-5 тоотод байрлах халуун усны газарт хамтран амьдрагч Эг түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт  үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүхээс Х.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилснийг давж заалдах шатны шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг зөвтгөж шийдвэрлэсэн боловч хамтран амьдрагч Эг түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Х.Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргээс гэм буруугийн хэлбэрээр ялгаатай ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний субъектив санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа зэргийг харгалзан үздэг билээ.

 

Шүүгдэгч Х.А өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол, хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн гэх гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрийн шинж, гэм буруугийн шууд санаатай хэлбэр болох өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлаж, нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн шинжийн аль алийг хангасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Х.А нь хохирогчийг “түлхэх” үйлдэл хийхдээ түүнийг хүнд гэмтээх зорилго агуулж хохирол, хор уршгийг урьдчилан тооцож, зориуд хүсээгүй, харин маргаан, тэмцлээс зайлсхийх, хохирогчийг холдуулах санаатай байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, хохирогчид учирсан гэмтэл нь Х.Аын нэг удаагийн түлхсэн үйлдэлтэй шалтгаант холбоотой боловч энэхүү түлхэлтийн улмаас хохирогч газарт унаж, гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн              дагз-чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт бүхий хүнд гэмтэл авахыг урьдчилан баттай мэдэж тооцсон гэж дүгнэх боломжгүй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчлан тогтоожээ.

 

Шүүгдэгч Х.Аын маргалдагчийг өөрөөсөө холдуулахаар түлхсэн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн байх  шинжийг хангасан тул хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг 1 жил 6 сар хорих ялаар шийтгэх нь хувийн болон гэм буруугийн байдалд нь тохирно гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

4. “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд тусгагдсан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэн үндэслэлд хамаарах тул тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ат оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын “Х.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоол гаргаж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн  2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч Х.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Х.Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, түүнийг нэн даруй суллаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

 

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                        С.БАТДЭЛГЭР

                                               

                                                                         Ч.ХОСБАЯР

 

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН