Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 1052

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/01052

 

 

Х.Хурметхан, Д.Талгат нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/00335 дугаар шийдвэртэй

 

            Нэхэмжлэгч Х.Хурметхан, Д.Талгат нарын нэхэмжлэлтэй

            Хариуцагч Б.Гантулгад холбогдох

 

            Гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

            Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Нэхэмжлэгч Д.Талгатын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  Иргэн Д.Талгат болон миний бие Х.Хурметхан нь 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар чиглэлд ачаа ачуулахаар иргэн Б.Гантулгатай тохиролцсон ба Д.Талгат 2 674 864 төгрөг, Х.Хурметхан 1 674 864 төгрөг өгсөн боловч Улаанбаатар чиглэлд ачаа хүргүүлээгүй залилан мэхэлж биднийг хохироосон. Улмаар энэ тухай гомдлоо цагдаагийн газарт шалгуулсан ба Улаанбаатар хотын цагдаагийн газрын хулгайлах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Т.Буянтогтох 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж, биднийг залилан мэхэлсэн гэдгийг тогтоосон боловч Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулсан яллагдагч Б.Гантулгад холбогдох эрүүгийн 201526011228 дугаартай хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Гэхдээ мөрдөн байцаалтын явцад Б.Гантулга нь хоёр казак үндэстэн хүний надад өгсөн 2 000 000 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрч, хуулийн дагуу төлөхөө илэрхийлсэн байсан ч одоо хүртэл элдэв шалтаг зааж, бидний хохирлыг барагдуулаагүй болно. Түүнчлэн Д.Талгат 2 674 864 төгрөг, Х.Хурметхан 1 674 864 төгрөгийг өгсөн боловч бүхэлд нь нэхэмжлэхгүй, зөвхөн тогтоолд заасан 2 000 000 төгрөгийг ойрын хугацаанд төлж бидний хохирлыг барагдуулахыг хүсч байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Хурметхан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тасхыны нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Иргэн Хурметхан, Талгат нар нь ачаа ачуулахаар Б.Гантулгад 4 349 725 төгрөгийг өгсөн боловч Б.Гантулга нь үүргээ биелүүлээгүй, ачааг ачиж хүргүүлээгүй, тул цагдаагийн байгууллагад энэ талаар гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн боловч Б.Гантулга нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулна гэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд бид иргэний журмаар нэхэмжилж байгаа юм. Хэдийгээр 4 349 728 төгрөгийг өгсөн боловч бид гэм хорын хохирол нэхэмжилж байгаа учраас эрүүгийн хэргийн тогтоолд дурдагдсан хариуцагчийн төлнө гэдгээ зөвшөөрсөн 2 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Гантулга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт: Миний бие 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ Эрээн хотод 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Карго тээвэр зуучлал ажиллуулж байсан билээ. Эрээнээс Улаанбаатарын хооронд нийтдээ 28 машин ачааг зохих эзэд байгууллагад хүргэж өгсөн. 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн иргэд Х.Хурметхан, Д.Талгат нартай Улаанбаатар орох барилгын материал 48 тонн ачааг /8860 ГСА/ дугаартай хүнд даацын машинд ачуулж тээврийн зардалд 8 000 юань, БНМАУ-ын гаалийн татварт 2 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Ачааг БНХАУ-ын Эрээн хотын Луньшинь барилгын захын хашаанд 4 хонож ачаад хөдөлсөн, төлбөр тооцоо 8 000 юаныг жолоочид тээврийн зардал болгож өгч 1 000 000 төгрөгийг Монголын гааль дээр байхад надад шилжүүлж өгсөн. Эрээний гаальд 2 800 юань өгч, 2 000 юаныг агуулахын ачигчид өгсөн. Монгол улсын гаалийн татвар 3 800 000 төгрөг болсон. Уг ачааг ачсан жолооч нь Улаанбаатар хотод ачааг хүлээлгэж өгөхдөө Х.Хурметхан, Д.Талгат нараас Монголын гаалийн татварт 6 200 000 төгрөгийг авсан байсан.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь нэхэмжлэгч нарын ачааг ачихаар тохиролцож 2 000 000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй. Гэвч уг ачааг ачаад 4 хоноод хөдөлсөн. Нэхэмжлэгч нар ачааг Улаанбаатарт хүргүүлнэ гэж тохирсон мөртлөө Баян-Өлгий аймагт хүргээд өг гэж марган, цагдаад хандсан байдаг.

Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүхээр буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн яллагдагчаар татагдсан мэдүүлэгт үндэслээд 2 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар яллагдагч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй байдаг. Гэм хорын хохирол гэж үзэхгүй бөгөөд хариуцагч нь хэлэлцэн тохирсон үүргээ гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Гантулгаас гэм хорын хохиролд 2 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Хурметхан, Д.Талгат нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гантулгаас 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Хурметхан, Д.Талгат нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Гантулга давж заалдах гомдолдоо: Миний бие 2014 оны 10-р сарын 20-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод 2015 оны 06-р сарын 25-ны өдөр хүртэл Карго тээвэр зууч ажиллуулж байсан. 2015 оны 06-р сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн иргэд болох Х.Хурметхан, Д.Талгат нартай Улаанбаатар орох барилгын материал болох 48 тонн ачааг 8860 ГСА улсын дугаартай хүнд даацын авто машинд ачуулж, тээврийн зардалд 8 000 юань өгч, Монгол улсын гаалийн татварт 2 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Ачааг БНХАУ-ын Эрээн хотын Луньшинь барилгын захын хашаанд 4 хоног ачаад хөдөлсөн. Ингээд тохирсон ёсоор тээврийн зардалд 8 000 юаныг жолоочид, 1 сая төгрөгийг Монголын гааль дээр байхад надад өгсөн. Гэтэл Х.Хурметхан, Д.Талгат нар нь тус ачааг нэг мөсөн Баян-Өлгий аймаг хүргүүлэх саналыг жолоочид тавьсан байдаг. Тээврийн жолооч нь анх Улаанбаатар орох л хэлцэл хийсэн гээд татгалзсанд Х.Хурметхан, Д.Талгат уурлаж, тэгвэл бүх зардлаа нэхэмжилж авах болно гээд Б.Гантулга намайг Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл гаргасан. Миний бие хотод ирж байнга байцаалт өгөөд байж чадахгүй, карго зуучлалын ажил маань зогсонги байдалд орж, дарамттай байсан учир аргагүй эрхэнд орж, 2 сая төгрөгийг Казак иргэдэд удахгүй өгнө гэсэн мэдүүлэг өгсөн. Гэтэл анхан шатны шүүх Х.Хурметхан, Д.Талгат нараас ямар учир 2 сая төгрөг нэхэмжилж байгаа талаар асууж, тодруулалгүйгээр Прокурорын тогтоолыг үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

              Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Х.Хурметхан, Д.Талгат нар хариуцагч Б.Гантулгад холбогдуулж гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байх ба нэхэмжлэгч “ачаа ачих тээврийн зардалд 4 349 728 төгрөг шилжүүлсэн, хариуцагч ачааг хүргэх үүргээ бүрэн биелүүлээгүй тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ болох 2 000 000 төгрөг гаргуулна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Нэхэмжлэгч Х.Хурметхан,  Д.Талгат нар нь 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар чиглэлд ачаа ачуулахаар хариуцагч Б.Гантулгатай харилцан тохиролцож, нэхэмжлэгч Х.Хурметхан,  Д.Талгат нарын шилжүүлсэн мөнгийг хариуцагч хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан прокурорын тогтоол, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Хариуцагч Б.Гантулгад Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас  бусдыг залилан мэхэлсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад Б.Гантулга нь 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 о ны 06 дугаар сарын 13-ны хооронд БНХАУ-ын Эрээн хотод ачаа ачна гэж нийт 8 иргэнд 16 764 824 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон боловч мөрдөн байцаалтын явцад 3 хохирогчийн 2 040 000 төгрөгийн хохирлыг барагдуулж, 14 397 666 төгрөгийн хохирлыг барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 974 тоот прокурорын тогтоолоор түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2016 оны 5337 дугаар захирамжаар шаардсан прокурорын тогтоолыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 5/2713 дугаар албан бичгээр  ирүүлсэн нь хэрэгт авагдсан бөгөөд уг тогтоолд дурдсан үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

Дээрх гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Х.Хурметхан, Д.Талгат нар хохирсон, хариуцагч нэхэмжлэгч талын барааг ачихаар авсан 10 800 юань, 2 000 000 төгрөгийг даруй төлж барагдуулна гэж мэдүүлснийг үндэслэн шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Гантулгаас гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Хурметхан, Д.Талгат нарт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримт гаргаагүй, өөрийн гэм буруугүй гэдгээ баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж зааснаар түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/00335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                    ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                  А.МӨНХЗУЛ