Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 335

 

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2017/00335

             Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч О.Одгэрэл, Дэ.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн  нээлттэй иргэний шүүх хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 8 дугаар багт оршин суух, Жанкетей-сары овогт Хатраны Хурметхан /РД:БЮ51051712/,  

            Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5 дугаар багт оршин суух, Шеруши-Ожых овогт Долбыбайн Талгат /РД:БЮ66121514/ нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хурд хорооллын 5а байр 55 тоотод оршин суух, Хойд овогт Боложийн Гантулгад /РД:ДЮ73191330/ холбогдох

Гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Хурметханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тасхын, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнтэвчимэг, иргэдийн төлөөлөгч Х.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.  

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Хурметхан, Д.Талгат нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Д.Талгат болон миний бие Х.Хурметхан нь 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар чиглэлд ачаа ачуулахаар иргэн Б.Гантулгатай тохиролцсон ба Д.Талгат би 2,674,864 төгрөг, Х.Хурметхан би 1,674,864 төгрөг өгсөн боловч Улаанбаатар чиглэлд ачаа хүргүүлээгүй залилан мэхэлж биднийг хохироосон билээ. Улмаар энэ тухай гомдлоо цагдаагийн газарт шалгуулсан ба Улаанбаатар хотын цагдаагийн газрын хулгайлах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Т.Буянтогтох 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж, биднийг залилан мэхэлсэн гэдгийг тогтоосон боловч Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулсан яллагдагч Б.Гантулгад холбогдох эрүүгийн 201526011228 дугаартай хэргийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Гэхдээ мөрдөн байцаалтын явцад Б.Гантулга нь хоёр казак үндэстэн хүний надад өгсөн 2,000,000 төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрч, хуулийн дагуу төлөхөө илэрхийлсэн байсан ч одоо хүртэл элдэв шалтаг зааж, бидний хохирлыг барагдуулаагүй болно. Бидний хувьд Б.Гантулгатай ямар нэгэн өш хонзон санахгүй, зөвхөн биднийг хохиролгүй болгож өгөхийг хүсч энэхүү нэхэмжлэлээ гаргасан байгаа гэдгээ илэрхийлье.

Түүнчлэн  Д.Талгат 2,674,864 төгрөг, Х.Хурметхан 1,674,864 төгрөгийг өгсөн боловч бүхэлд нь нэхэмжлэхгүй, зөвхөн тогтоолд заасан 2,000,000 төгрөгийг ойрын хугацаанд төлж бидний бидний хохирлыг барагдуулахыг хүсэж байна, учир нь бид ХААН банкнаас их хэмжээний зээлтэй ба уг зээлийн хүүг төлөхөд ихээхэн хүндрэлтэй болж байгаа тул биднийг хохиролгүй болгож хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Хурметханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тасхын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Иргэн Хурметхан, Талгат нар нь ачаа ачуулахаар Гантулгад 4 349 728 төгрөгийг өгсөн боловч Гантулга нь үүргээ биелүүлээгүй, ачааг ачиж хүргүүлээгүй тул Цагдаагийн байгууллагад энэ талаар гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн боловч Гантулга нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулна гэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд бид иргэний журмаар нэхэмжилж байгаа юм. Хэдийгээр 4 349 728 төгрөгийг өгсөн боловч бид гэм хорын хохирол нэхэмжилж байгаа учраас эрүүгийн хэргийн тогтоолд дурдагдсан хариуцагчийн төлнө гэдгээ зөвшөөрсөн 2 000 000 төгрөгийг л нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагч Б.Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Болоож овогтой Гантулга нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ Эрээн хотод 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Карго тээвэр зууч ажиллуулж байсан билээ. Эрээнээс Улаанбаатарын хооронд нийтдээ 28 машин ачааг зохих эзэд байгууллага ХХК-д хүргэж өгсөн. 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн иргэд Х.Хурметхан, Д.Талгат нартай Улаанбаатар орох барилгын материал 48 тонн ачааг /8860ГСА/ дугаартай хүнд даацын машинд ачуулж тээврийн зардалд 8,000 юань, БНМАУ-ын гаалийн татварт 2,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Ачааг БНХАУ-ын Эрээн хотын Луньшинь барилгын захын хашаанд 4 хонож ачаад хөдөлсөн уг төлбөр тооцоог 8,000 юанийг жолоочид тээврийн зардал болгож өгч 1,000,000 төгрөгийг Монголын гааль дээр байхад надад шилжүүлж өгсөн. Эрээний гаальд 2,800 юань өгч, 2,000 юанийг агуулахын ачигчид өгсөн. Монгол улсын гаалийн татварт 3,800,000 төгрөг болсон. Уг ачааг ачсан жолооч нь Улаанбаатар хотод ачааг хүлээлгэж өгөхдөө Х.Хурметхан, Д.Талгат нараас Монголын гаалийн татварт 6,200,000 төгрөгийг авсан байсан. Эрхэм шүүгч та үнэн зөвийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнтэвчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь нэхэмжлэгч нарын ачааг ачихаар тохиролцож 2 000 000 төгрөгийг авсан талаараа хүлээн зөвшөөрдөг маргадаггүй. Гэвч уг ачааг ачаад 4 хоноод хөдөлсөн. Нэхэмжлэгч нар ачааг Улаанбаатарт хүргүүлнэ гэж тохирсон мөртлөө Баян-Өлгий аймагт хүргээд өг гээд маргаад Цагдаад хандсан байдаг.

Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүхээр гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн яллагдагчаар татагдсан мэдүүлэгт үндэслээд 2 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар яллагдагч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй байдаг. Гэм хорын хохирол гэж үзэхгүй бөгөөд хариуцагч нь хэлэлцэн тохирсон үүргээ гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Хурметхан, Д.Талгат нар нь хариуцагч Б.Гантулгад холбогдуулан гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Х.Хурметхан, Д.Талгат нар нь БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатарын чиглэлд ачаа ачуулахаар Б.Гантулгатай харилцан тохиролцож, ачаа ачуулахаар Д.Талгатаас 2 674 864 төгрөг, Х.Хурметханаас 1 674 864 төгрөгийг шилжүүлэн өгсөн боловч үүргээ гүйцэтгээгүй залилан мэхлэсний улмаас хохирол учирсан гэж 2 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.     

Хариуцагч Б.Гантулга нь нэхэмжлэгч Х.Хурметхан, Д.Талгат нартай ачаа ачуулахаар харилцан тохиролцсон боловч уг үүргийг гүйцэтгэж, ачаа ачиж хүргэж өгсөн, ачааг ачсан жолооч нь гаалийн татварт 2 000 000 төгрөгийг нь авсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

 Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагчаас эд хөрөнгөд нь учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь гэм буруугүй болохоо нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг бөгөөд хариуцагчид энэ үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Хариуцагч Б.Гантулга нь 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 13-ны хооронд Бүгд Найрамдах Хятад улсын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд ачаа ачуулна гэж иргэн Д.Талгатаас 5400 юань буюу 1 674 864 төгрөг, бэлнээр 1 000 000 төгрөг, нийт 2 674 864 төгрөг, иргэн Х.Хурметханаас 5400 юань буюу 1 874 864 төгрөгийг залилан мэхэлж авч хохироосон болох нь Нийслэлийн Сонгинохайрханд дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №974 тоот прокурорын тогтоолоор тогтоогдож байна. /хэргийн 9-10-р хуудас/

 Зохигч талууд шүүхэ-д болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ачаа ачуулахаар тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №974 тоот прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллагдагчаар татсан яллагдагч Б.Гантулгад холбогдох эрүүгийн 201526011228 дугаартай хэргийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. /хэргийн 24-26-р   хуудас/

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч нар нь ачаа ачуулахаар өгсөн 2 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь уг ачааг ачиж үүргээ гүйцэтгэсэн, 2 000 000 төгрөгийг ачаа ачсан жолооч нь гаалийн татварт авсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэм буруутай эсэх нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, яллагдагчийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжилж байгаа гэж мэтгэлцсэн.

Хариуцагч Б.Гантулга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч нарын ачааг ачиж хүргүүлсэн, үүргээ гүйцэтгэсэн гэж тайлбарладаг боловч ачаа ачина гэж залилан мэхлэсэн болох нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолоор тогтоогдож байх бөгөөд ачааг хүргүүлж үүргээ гүйцэтгэсэн, уг ачааг ачсан жолооч нь гаалийн татварт 2 000 000 төгрөгийг авсан талаарх тайлбараа баримтаар нотлоогүй болно.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй гэж маргасан боловч Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №974 тоот прокурорын тогтоол нь хүчин төгөлдөр, уг тогтоолыг эс зөвшөөрч гомдлоо зохих байгууллага албан тушаалтанд гаргаагүй байх тул гэм буруугүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэгт авагдсан прокурорын тогтоолд дурдсанаар хариуцагч Б.Гантулга нь “хоёр казак үндэстэн хүний надад өгсөн 10 800 юань, 2 сая төгрөгийг ойрын хугацаанд төлж барагдуулна” гэсэн тул  учирсан хохирол 2 000 000 төгрөгийг нэхэмжилсэн гэж тайлбарласан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс яллагдагчийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжилсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй гэж маргасан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нараас 2 000 000 төгрөгийг ачаа ачуулна гэж хүлээн авсан талаараа хүлээн зөвшөөрсөн маргаагүй, уг нэхэмжлэгч нарын ачааг Эрээнээс Улаанбаатарт хүргэсэн талаараа нотлоогүй болно.

Иймд хариуцагч Б.Гантулгаас гэм хорын хохиролд 2 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Хурметхан, Д.Талгат нарт олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                     

                                                                                                             ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Гантулгаас гэм хорын хохиролд 2 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Хурметхан, Д.Талгат нарт олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гантулгаас 46 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Хурметхан, Д.Талгат нарт олгосугай.

  

 

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ХУЛАН

                                        

                                   ШҮҮГЧИД                                  О.ОДГЭРЭЛ

 

                                                                                       Дэ.ЭНХЦЭЦЭГ