Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 8

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч:Н.М-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч:  А аймгийн Улсын  бүртгэлийн хэлтэст холбогдох 

Н.М-г Ч.Ш, Б.Р нарт үрчлүүлсэн 2005 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Н овогтой М нь 2000 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн. М-ийн аав Н, ээж С нар нь хоёулаа оюутан, сурч байсан учир өөрсдөө хүүхдээ өсгөх боломжгүй байсны улмаас охин М-ээ С-ийн аав ээж болох Ш, Р нарт үлдээгээд явсан. С-ийн аав ээж болох Ш, Р нар нь Н.М-г өсгөж байхдаа хүүхдийг өөрсдийн нэр дээр үрчилж авсан байсан. Үрчлэлт нь зөвхөн нэг талын хүсэлт сонирхлын дагуу явагдсан байгаа тул энэ нь хууль бус үйлдэл байна. Үрчлэлт бодитой хийгдээгүй бөгөөд зөвхөн бүртгэл төдий үйл явц байгаа нь М нь аав Н-р овоглодог байдлаас харагдаж байна.

Иймд Н-ийн М-г Ч.Ш, Б.Р нарт үрчлүүлсэн 2005 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн үрчилсний бүртгэлийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 

Н-н М нь 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үрчлэгдсэн бүртгэлүүд иргэний бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй байна. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2 дахь хэсэгт заасны дагуу үрчлэлтийг шүүхээр хүчингүй болгохоор заасан байх тул иргэд өөрсдөө өргөдлөө шүүхэд гарган шүүхээр шийдвэрлэх боломжтой болно. М-ийн тухайд 2000 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, төрсний бүртгэл нь 2000 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжаар үрчлэлт хийгдээд Ч.Ш-ийн гэсэн бүртгэлтэй байгаа. Нэхэмжлэгчээс энэхүү үрчлэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан бөгөөд хэрэв шүүхээс үрчлэлтийг хүчингүй болгож шийдвэрлэвэл манай байгууллага шүүхийн шийдвэрийг үндэслэн Н.М-д холбогдох үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгох боломжтой гэв.

Гуравдагч этгээд Ч.Ш, Б.Р нар шүүхэд гаргасан тайлбартаа “ ... бидний төрсөн охин Ш-ийн С нь С-н Н гэх залуутай оюутан байхдаа  танилцаад 2000 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр охин М-г төрүүлсэн. Хүүхдээ төрүүлээд бидэнд орхиод  явсныг нь бид 3 нас хүртэл нь өсгөөд сургуулиа төгсөөд ирэхээр нь аав, ээжид нь буцааж өгсөн. Н.М 3 настайгаасаа хойш л аав, ээжтэйгээ амьдарсан, бидэнтэй хамт амьдараагүй. Тухайн үед учир мэдэхгүй үрчлэлт бүртгүүлснээс болж одоо М ааваараа овоглодог байтал давхар үрчлэлтийн бүртгэл гарч ирээд байна. Иймээс Н.М-ийн үрчлэлтийг хүчингүй болгуулах гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрнө. 

Бид хоёр 6 хүүхэд төрүүлсэн, бүгд Н.М-ээс ах настай хүүхдүүд байдаг.  Тухайн үед ээж аавынх нь зөвшөөрлийг ч авалгүй эмнэлэгээс төрсөн баримт аваад л бүртгүүлж байсан. Энэ нь хууль бус байснаас болж одоо ийм асуудал болж байгаа юм. Иймээс Н.М-ийн бусдад үрчлэсэн гэх бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. Үрчлэлтийг хүчингүй болгосноор бид хоёрт ямарч хохирол байхгүй, бидний эрх ашиг зөрчигдөхгүй болно гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.М-ээс Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан  “Н-ийн М-г Ч.Ш, Б.Р нарт үрчлүүлсэн 2005 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гаргахыг даалгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзлээ. 

Уг хэргийн маргааны үйл баримтаас үзэхэд: Нэхэмжлэгчээс “ ... Н овогтой М нь 2000 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн. М-ийн аав Н, ээж Сг нар нь хоёулаа оюутан, сурч байсан учир өөрсдөө хүүхдээ өсгөх боломжгүй байсны улмаас охин Н.М-ээ С-ийн аав ээж болох Ш, Р нарт үлдээгээд явсан. С-ийн аав ээж болох Ш, Р нар нь Н.М-г өсгөж байхдаа хүүхдийг өөрсдийн нэр дээр үрчилж авсан байсан. Үрчлэлт нь зөвхөн нэг талын хүсэлт сонирхлын дагуу явагдсан, бодитой хийгдээгүй байгаа тул энэ нь хууль бус ...” гэж 

Хариуцагчаас “ ... Н-н М нь 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үрчлэгдсэн бүртгэлүүд иргэний бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй байна. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2 дахь хэсэгт заасны дагуу үрчлэлтийг шүүхээр хүчингүй болгохоор заасан ... хэрэв шүүх үрчлэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд манай байгууллага шүүхийн шийдвэрийг үндэслэн Н.М-д холбогдох үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгох боломжтой ...” гэж тус тус тайлбарлажээ.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулсан. Тухайлбал, 

А аймгийн Ө сумын 2001-2007 оны гэрлэсний бүртгэлийн 29 дугаарт С-н Н, Ш-н С нарыг гэр бүл болсон талаар бүртгэжээ. /х.хн- 56/

А аймгийн Э сумын 1999 оны Хүүхэд төрснийг бүртгэх дэвтрийн 43 дугаарт С-н Н, Ш-ийн С нарын гэр бүлд Н-ийн М, эм, 2000 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн талаар бүртгэсэн байна. /х.х-н 28-29/

2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №151/002607 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаанд Б овогт С-н Н, Ц овогт Ш-ийн С нарын гэр бүлд 2000 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрөхөд төрүүлсэн хүү /охин/ Н-н М-г 2000 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр А аймгийн Э сумын 43-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэж тэмдэглэжээ. /х.х-н 2/

А аймгийн Ө сумын Хүүхэд үрчилснийг бүртгэх журналын 2 дугаарт Төрүүлсэн эцэг, эх С-н Н, Ш-ийн С, Үрчлэн авсан эцэг эх Ч-ийн Ш, Б-ийн Р, Хүүхдийн тодорхойлолт Ш-ийн М-г 2005 оны 2 дугаар сарын 26-ны өдөр үрчилсэн тухай бүртгэсэн байна. /х.х-н 30-31/

2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №151/002607 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаанд Монгол улсын иргэн Н-н М-г үрчлэгч эцэг Ц овгийн Ч-ийн Ш/, үрчлэгч эх Б овгийн Б-ийн Р нарт үрчлүүлж 2005 оны 02 дугаар сарын 26-ны өдөр А аймгийн Өгийнуур сумын үрчлэлтийн 2 дугаарт Ц овгийн Ш-ийн М болгон бүртгэсэн үрчлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэжээ. /х.х-н 3/

Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 626 дугаар албан бичигт “ ... Н-ийн М нь 2007 ны 01 дүгээр сарын 10-ны өдөр үрчлэгдсэн бүртгэлүүд иргэний бүртгэлийн мэдээллийн  санд бүртгэлтэй байна. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2-т заасны дагуу үрчлэлтийг шүүхээс хүчингүй болгохоор заасан байх тул иргэд өөрсдөө өргөдлөө гарган шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой болно ...” гэх;

Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 849 дугаартай албан бичигт “ ... Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2-т заасны дагуу үрчлэлтийг шүүхээр хүчингүй болгохоор заасан байх тул иргэд өөрсдөө өргөдлөө гарган шүүхээр шийдвэрлэх боломжтой болно ...” гэх тайлбарыг тус тус ирүүлсэн байна. /х.х-н 4, 23/

Уг хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулсан иргэн Ч.Ш, иргэн Б.Р нар шүүхэд гаргасан тайлбартаа “ ...  Н.М-ийн үрчлэлтийг хүчингүй болгуулах гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрнө ...  үрчлэлтийг хүчингүй болгосноор бид хоёрт ямарч хохирол байхгүй, бидний эрх ашиг зөрчигдөхгүй болно  ...” гэжээ. /х.х-н 21/

2005 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0002 дугаартай Хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудсанд “ ... А аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын 2005 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай зөвшөөрлийг үндэслэж бүртгэв ...” гэж тэмдэглэсэн байна. /х.х-н 32/

Нэхэмжлэгч С.М-ээс А аймгийн Ө сумын Улсын бүртгэгчид “ ... М миний бие 2000 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн. Намайг төрөхөд миний эцэг, эх хоёр гэр бүлээ батлуулаагүй байсан учраас намайг эхээр маань овоглож, гэрчилгээ олгосон гэсэн. Одоо би өөрийн төрсөн эцэг болох С овогтой Н-р овоглуулах хүсэлтэй байгаа учир улсын бүртгэлд намайг төрсөн эцгээр маань овоглож, гэрчилгээ олгож өгнө үү ...” гэх өргөдөл гаргажээ.. /х.х-н 55/

 

Нэхэмжлэгч Н.М-ийн цахим үнэмлэх авсан Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд регистрийн дугаар, овог Б, эцгийн нэр Н, эхийн нэр М гэж тэмдэглэсэн байна. /х.х-н 57/

 

Гэрч Ж.Н шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “ ... Манай хүү Н, бэр С нар 2005 оны үед гэр бүл болсон, оюутан байхдаа 2000 онд Н.М-г гаргасан. Тэгээд манай бэр С-н эцэг, эх болох Ч.Ш, Б.Р нар өсгөж манай хүүхдүүдийг их сургуулиа төгсөх хүртэл буюу Н.М-г 3 нас хүртэл нь өсгөсөн. Тэрнээс хойш хүүхдүүд маань сургуулиа төгсөж ирээд Н.М-г өөрсдөө өсгөж, бэр С-н эцэг, эхтэй хамт А аймгийн Ө суманд амьдарч байсан ... Н.М бол миний хүү Н-н анхны охин нь юм ...” гэж тайлбар гаргасан болно. /х.х-н 39-40/

Дээрх баримтуудыг нэгтгэн дүгнэхэд: Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 11 дүгээр зүйлийн 11.2.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.11, 121 дугаар зүйл, 22 дугаар зүйл,  Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахь хэсгүүдэд зааснаар эцэг С-н Н, эх Ш-н С нарын гэр бүлд охин буюу нэхэмжлэгч  Н.М нь 2000 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төржээ. Улмаар иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэгдэж, эцэг Н-р овоглож, төрснийг бүртгэх, төрснийг цахим бүртгэлд бүртгүүлсэн, иргэний цахим үнэмлэхээ эцэг Н-р авсан нь дээрхи хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. 

Харин Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эх болох Ш.С-н эцэг /гуравдагч этгээд/ Ч.Ш, эх Б.Р нар нь 2005 оны 2 дугаар сарын 26-ны өдөр үрчлэн авсан, ийнхүү үрчлэхдээ хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг С.Н, эх Ш.С нараас үрчлүүлэх тухай зөвшөөрөл аваагүй, үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлээгүй, бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 55 дугаар зүйлүүдийг зөрчжээ. 

Улмаар тус сумын Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг гаргах эрхтэй боловч тухайн сумын иргэний гэр бүлийн бүртгэлд давхардуулан бүртгэл хийгдсэн нь нэхэмжлэгч Н.М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хавтаст авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбар мэдүүлэгүүдээр нотлогдсон болно.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйл. 1.Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж тодорхойлсоны дагуу Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 16 дүгээр зүйлийн 16.9, 35 дугаар зүйлийн 35.1, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу үрчлүүлэгч /нэхэмжлэгч/ Н.М-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул үрчлэн авагч /гуравдагч этгээд/ Ч.Ш, Б.Р нарт үрчлэгдэгсэн үрчлэлтийг хүчингүй болгож, уг шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулах  хууль зүйн үндэслэлтэй байна. 

Мөн үрчлэн авагч болох гуравдагч этгээд нар нь үрчлэн авсан охин болох Н.М-г өөрсдийн нэр дээр үлдээх асуудлаар шүүхэд маргаагүй болохыг тэмдэглэв. 

Иймд нэхэмжлэгч Н-ийн М-г иргэн Ч.Ш, Б.Р нарт үрчлүүлсэн 2005 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                

ТОГТООХ нь:

 

  1.   Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 16 дүгээр зүйлийн 16.9, 35 дугаар зүйлийн 35.1, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н-н М-г иргэн Ч.Ш, Б.Р нарт үрчлүүлсэн 2005 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.ОДОНТУЯА