Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2018/ДШМ/41

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 02 өдөр                        

       2018/ДШМ/41                                                       Зуунмод

М.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Нарийн бичгийн дарга Э.Уртнасан нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч М.М-д холбогдох 1734003610226 дугаартай 1 хавтас, 182 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М.М , 1986 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөргөлт тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, Тэс петролиум шатахуун түгээх станц 41-р салбарт түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамтаар Улаанбаатар хот .........  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /Регистрийн дугаар: НЩ.... 3/,

 

М.М нь согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Долоон гэх газар иргэн Иан Макнейлийг машины араас мөргөлөө гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор: 

            Шүүгдэгч М.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч М.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.М ыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М-с 1.342.800 төгрөгийг гаргуулж хохирогч Иан Макнейлд олгож, 1.180.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.М давж заалдах гомдолдоо: “М.М миний бие 17340036226 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд гаргасан Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 сарын 2-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Дээрх шийтгэх тогтоолоор намайг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэж хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан Харин уг хэрэгтэй огт хамааралгүй болох хохирогч Иан Макнейлийн 40-93 улсын дугаартай автомашинд учирсан хохирол болох 1.334.800 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Тухайн үед болсон зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг миний бие төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь зам тээврийн осол нь хохирогч Иан Макнейлийн буруутай үйлдлээс гарсан. Эс бөгөөс тухайн үед автомашин жолоодож байсан жолооч нарын аль нэг нь төлөх нь хууль зүйн үндэслэлтэй юм. Харин миний бие анхнаасаа авто ослын улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлээгүй, харин хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэх хэргийн хохирлыг нөхөн төлөхөө зөвшөөрч байсан ба энэ талаар шүүх хуралдааны явцад шүүхэд мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно" гэж заасан байдаг. Гэтэл шүүхээс авто замын ослоос учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэртээ тусгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг өөрчилж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтэндээ: Уг гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Үйлдэл, үр дагавар шалтгаант холбоотой учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр гаргасан тайлбар, саналдаа: Манай үйлчлүүлэгчээс зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. Уг нь зам тээврийн ослын асуудал нь тусдаа зөрчлийн хэрэг үүсгэгдээд шийдвэрлэгдэх ёстой. Гэтэл зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгтэй хамт шийдвэрлээд байгааг ойлгохгүй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.М-г  согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Долоон гэх газар иргэн Иан Макнейлийг машины араас мөргөлөө гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Иан Макнейл, гэрч Ж.Оюун-Эрдэнэ, С.Наранзул нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч М.Даваасамбуу, Ж.Жаргалсайхан нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1090 тоот дүгнэлт болон шүүгдэгч М.М-н мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин Тоёота Ланд Криузер-70 маркийн 40-93 УБС улсын дугаартай автомашины хохирол болох 1.334.800 төгрөгийг шүүгдэгч М.М-с гаргуулж хохирогч Иан Макнейлд олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан. Шүүхээс шүүгдэгч М.М-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлыг хохирогч Иан Макнейлд гаргуулж олгох нь хуульд нийцнэ.

 

Иймд шүүгдэгч М.М-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолын 5 дугаар заалтад өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М-с 1.342.800 төгрөгийг гаргуулж хохирогч Иан Макнейлд олгож, 1.180.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэснийг  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М-с 8.000 төгрөгийг гаргуулж хохирогч Иан Макнейлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.514.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэж өөрчлөлт оруулсугай.

 

  1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Шүүгдэгч М.М-н гаргасан “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлыг хүлээн авсан болохыг дурдсугай.

 

  1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

 

                     

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА

 

                                ШҮҮГЧИД                               О.ОДНЯМАА

 

                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ