Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01934

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/01201 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1654 дүгээр магадлалтай

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н.Дд холбогдох

2 975 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхмарал, О.Цолмон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхзул, хариуцагч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Д “Ц” ХХК-д 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 132 тоот захирлын тушаалаар эмч төлөөлөгчийн албан тушаалд, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 276 тоот тушаалаар орон тооны ажилтнаар ажиллуулсан. Н.Дтэй хөдөлмөрийн гэрээ хийсэн, мөн ажлын байрны тодорхойлолтыг байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг банкнаас зээл авахдаа байгууллагаас авсан боловч буцааж өгөөгүй. Байгууллагад гэрээний нэг хувь үлдээгүй. Иймд гэрээний зүйл заалтыг үндэслэн шаардлага гаргах боломжийг хязгаарласан. Ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хотын зүүн бүсд байрлах харилцагч эмийн сангуудтай компанийг төлөөлөн харилцдаг ба Импортын хэлтэст харьяалагддаг байсан. Тус хэлтсийн нэгжийн борлуулалтын албаны нийт ажилчдын шуурхай хуралдааны шийдвэрээр хариуцсан бүсийн эмийн сангуудад эмийн бүтээгдэхүүний байршуулалтыг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны дотор хийж борлуулалтын тооцоог 2014 оны 12 дугаар сарын 28-нд дуусгахаар үүрэг өгсөн. Гэтэл 2015 оны 07 дугаар сард ажлаа орхин явсан. Одоогоор 9 эмийн сангийн мөнгийг буцааж өгөөгүй. Тус компанийн бараа бүтээгдэхүүнийг байршуулж өөрийн хариуцсан 9 нэр бүхий эмийн сангаас тооцоо нийлж, төлбөрийг авсан боловч санхүүд тушаагаагүй, хувьдаа авсан. Зарим эмийн сангийн захиалсан эмийг хариуцаж авсан хэдий ч холбогдох эмийн санд хүлээлгэн өгөлгүй ажлын байраа орхин явсан учир компанид 2 705 750 төгрөгийн хохирол учирсан. Мөн Сүхбаатар дүүргийн прокурорын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1636 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор ажлаас чөлөөтэй байх хугацаандаа буюу 2015 оны 09 дүгээр сард Мөнх харгана үндэс нэртэй эмийн санд борлуулсан үлдэгдэл барааны мөнгө 270 000 төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул ажлаа орхиж явсны дараа байгууллагад хохирол учруулсан гэж үзэж байх тул нийт 2 975 750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би тус байгууллагад 2013 онд анх эмч төлөөлөгчийн ажилд түр орсон. Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, дотоод журам танилцуулж байгаагүй, би цалингийн зээл аваагүй. Гэтэл зээл авахын тулд хөдөлмөрийн гэрээг эх хувиар нь авч явсан гэж гүтгэж байна. Мөн “Ц” ХХК-ийн лого нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 276 дугаар ажилд орсон тушаал, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн өмгөөллийн “И Эл Би партнерс” ХХН-д олгосон итгэмжлэл лого хоёр өөр зөрүүтэй, тамга нь өөр өөр байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хэрэгт эмийн сангийн эрхлэгч нараас тодорхойлолт авсан боловч тэд нар хоёр өөр байдлаар тодорхойлсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн өр дутагдал гаргаж байгаагүй. 2014 оны 10 дугаар сараас давхар ажил хийлгэсэн, эмийн захиалга авдаг байсан. 2013 оны 05 дугаар сараас 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны баримт дээр н.Ундармаа гэх хүний гарын үсэг байдаг. Энэ хүн жирэмсний амралтаа авсан. Нэхэмжлэл нь хэдэн оны хэдэн сараас гарсан тооцоо болох нь тодорхой бус байгаа. Ажлаас гарах өргөдлөө өгсөн байхад чөлөөлөх тушаал гаргаж өгөөгүй. Урьд нь шүүхээр нэхэмжилж байхдаа байршуулалтын төлбөрийг 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 4 600 000 төгрөг кассын орлогод хийснээс 3 104 700 төгрөгийг суутгаж аваад, 1 495 300 төгрөгийг машины зээлийн үлдэгдэлд суутгаж авсан гэж тайлбарлаж байсан. Одоо өөр байдлаар тайлбарлаад төлбөр нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Би 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр халагдах өргөдлөө өгсөн одоог хүртэл халсан тухай тушаал гаргаагүй байгаа. Өвчтэй байх хугацаанд эмнэлэг дээр ирж аппарат нэхэж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/01201 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Дд холбогдох, байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохиролд 2 975 750 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 562 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, илүү төлсөн 10 814 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1654 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/01201 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 562 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Д.Энхцэцэг би Нийслэлийн давж заалдах шатны 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1654 тоот магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.1-д заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2018/01201 тоот шийдвэртэй иргэний хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахдаа хууль буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч “Ц” ХХК-ний хувьд анхнаасаа Н.Дтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Түүнчлэн давж заалдах шатны шүүх “хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т зааснаар хариуцагч Н.Дг дараа тайлагнах нөхцөлтэйгөөр хүлээн авсан албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй” гэсэн нь хэрэгт авагдсан ямар баримтыг үндэслэн Н.Дг эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх этгээд мөн болохыг тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж дүгнээгүй, маргаж байгаа үйл баримтын тодорхой нөхцөл байдлын талаар мэдэж байгаа хэн нэгэнд хуульд заасан журмын дагуу шүүхэд мэдүүлэг өгснөөр нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ гэж шүүхийн шийдвэрт нөлөөлхүйц дүгнэлт хийсэн нь буруу юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтаа өрөө бүрдүүлж цуглуулж өгөх үүрэгтэй болохыг хуульчилж өгсөн ба шаардлагатай ажиллагааг шүүхэд хүсэлт гаргаснаар хийлгэх эрхтэй.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс өөрсдийн гаргаж өгсөн нотлох баримтын талаар тодорхойлох гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргаагүй болох нь анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн болон нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн асуудал байхгүй байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж дүгнэлт гаргасан.

Иймд ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

“Ц” ХХК нь Н.Дд холбогдуулан 2 975 750 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Н.Д нь компанид ажиллаж байх хугацаандаа Баянзүрх дүүрэгт байрладаг өөрийн хариуцсан 9 нэр бүхий эмийн сангуудтай тооцоо нийлж, төлбөрийг авсан боловч компанийн санхүүд тушаагаагүй, хувьдаа авсан, мөн ажлаас гарсны дараа өмнө харилцаж байсан эмийн сангаас 270 000 төгрөгийг авч хувьдаа завшсан нь тогтоогдсон тул компанид учруулсан хохирол 2 975 750 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлажээ.

Хариуцагч Н.Д “Ц” ХХК-д 2013 оны 09 сараас 2015 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд эмч, төлөөлөгч албан тушаалд ажиллаж байсан, нэхэмжилж буй төлбөрт хамаарах бараа бүтээгдэхүүнийг өөрийн хариуцсан эмийн сангуудад нийлүүлсэн талаар маргаагүй, харин энэ хэргийг өмнө нь шалгасан, ажиллаж байхдаа өр, дутагдал гаргаж байгаагүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх талууд хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаатай байсан, хариуцагч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээсэн этгээд болохыг нэхэмжлэгч нотлоогүй, тэрээр нотлох баримт бүрдүүлэх, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх бөгөөд хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтад нийцээгүй байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байх боловч ажилтны ажлын байр, ажил үүргийн хуваарилалт тодорхойгүй байхад хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3.-т заасан албан тушаалтан гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул давж заалдах шатны шүүхийн  магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1654 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 242 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.УНДРАХ

         ШҮҮГЧ                                            Х.ЭРДЭНЭСУВД