Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2019/01025

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2019/01025

Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батчимэг, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Ц” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Д-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 2,975,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, О.М, хариуцагч Н.Д, гэрч Я.А, Д.Э, П.Э, Ш.Г, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК болон түүний өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэн Н.Днь “Ц” ХХК-д 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сар хүртэл эмч төлөөлөгчийн албан тушаалд ажилласан бөгөөд ийнхүү ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хотын зүүн бүсэд байрлах компанийн харилцагч эмийн сангуудтай компанийг төлөөлөн харилцдаг байсан болно. Эмч төлөөлөгч нар нь эмийн сангуудаас захиалга хүлээн авч, захиалга өгсөн бараа бүтээгдэхүүнийг агуулахаас хүлээн авч, өөрийн хариуцсан тойргийн эмийн сангуудад хүргэн өгч, борлуулалтын дараах тооцоог хийн санхүүд тусалдаг. Тэрээр компанид ажиллаж байх хугацаандаа Баянзүрх дүүрэгт байрладаг эмийн сангуудад “Ц” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг байршуулж байснаас өөрийн хариуцсан 9 нэр бүхий эмийн сангуудтай тооцоо нийлж, төлбөрийг авсан боловч компанийн санхүүд тушаагаагүй, хувьдаа авсан байдаг.

Дэлгэрмөрөн нь эмч төлөөлөгчийн хувьд компанийн агуулахаас захиалгын дагуу бараа авахдаа борлуулалтын зарлагын хуудас үйлдэж авдаг бөгөөд уг борлуулалтын зарлагын хуудсыг эмийн сан тус бүрээр тусад нь гарган борлуулалтын дараа тооцоо нийлж, борлуулсан бараа, бүтээгдэхүүний үнийг орлогын баримт үйлдэн хүлээн авч, буцаалт хийсэн тохиолдолд буцаалт хийсэн тухай баримт үйлддэг байсан. Хариуцагч нь нэр бүхий эмийн сангаас хүлээн авсан орлогыг компанид тушаалгүй зарим эмийн сангуудын захиалсан эмийг өөрийн биеэр хариуцаж компаниас авсан хэдий ч эмийн сангуудад хүлээлгэн өгөлгүйгээр ажлын байраа орхин явсан ба үүнээс үүдэн компанид нийт 2,705,750 төгрөгийн хохирол учирсан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1636 дугаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд “Яллагдагч Н.Днь “Ц” ХХК-д эмч төлөөлөгчөөр ажиллаж байгаад чөлөөтэй байх хугацаандаа буюу 2015 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” эмийн санд борлуулсан үлдэгдэл барааны мөнгө болох 270,000 төгрөгийг хувьдаа завшсан гэх хэргийг хянахад хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон боловч Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн буюу хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1, 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдсан Н.Д-д холбогдох эрүүгийн 201625020405 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. Н.Днь уг мөнгийг ажлаа орхиж явсныхаа дараа буюу 2015 оны 9 дүгээр сард авч найздаа өгсөн болох нь тогтоогдсон байдаг бөгөөд уг мөнгийг мөн компанид өнөөдрийг хүртэл эргүүлж төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасны дагуу 270,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Иймд Н.Дэлгэрмөрөнгөөс нийт 2,975,750 төгрөгийг гаргуулж “Ц” ХХК-д учирсан хохирлыг барагдуулж өгнө үү.

Хариуцагч нь бараа бүтээгдэхүүнийг агуулахаас хүлээн авч яваад нэр бүхий эмийн сангуудад байршуулсантай маргадаггүй. Эмийн сангуудын хүмүүс нь мөнгөө төлсөн, Дэлгэрмөрөнд өгсөн гэдгээ мэдүүлдэг, гэрчээр асуугдсан. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй гэх татгалзал үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч Н.Дшүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...”Ц” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэм хорын хохирол 3,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан. Яагаад удаа дараагийн нэхэмжлэлийн үнийн дүн багасаад байдаг нь ойлгомжгүй байдаг. Миний бие тухайн байгууллагад ажиллаж байх хугацаанд ямар нэгэн өр дутагдал гаргаж байгаагүй ба ажлаас гарах өргөдлөө байгууллагын удирдлагуудад өгсөн. Гэтэл байгууллагын зүгээс ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрээ гаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Н.Дэлгэрмөрөнгөөс байршуулалтын төлбөрийг 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 4,600,000 төгрөг кассын орлогод хийснээс 3,104,700 төгрөгийг суутгаж аваад 1,495,300 төгрөгийг машины зээлийн үлдэгдэлд суутгаж авсан” гэж тайлбарласан. Түүнчлэн намайг 2016 оны 2 сард Сүхбаатар дүүргийн цагдаад Дэлгэрмөрөн нь компанид ажиллаж байгаад чөлөөтэй байх хугацаандаа “М” эмийн сангийн борлуулалтын үлдэгдэл төлбөр 270,000 төгрөгийг хувьдаа завшсан гэж өргөдөл гаргаж шалгуулсан боловч тогтоогдоогүй. “Ц” ХХК-ийн зүгээс өдийг хүртэл ямар шалтгаанаар намайг шүүх цагдаад өгч сэтгэл санааны дарамтад оруулж байгааг ойлгохгүй байна.

Нийт 23 эмийн сангийн 6,918,260 төгрөгийн жагсаалт байгаа. Энэ нь тухайн үед миний хариуцаж байсан бүх өр авлагатай эмийн сангуудын өрийн жагсаалт бөгөөд 2015 оны 6 сарын 23-нд ерөнхий санхүүч н.Өлзийбаяр дуудаад 7 сарын 01-нээс өмнө өртэй байгаа эмийн сангуудын өр төлбөрийг барагдуулахгүй бол машинд өгсөн мөнгийг суутгаж авна гээд хэрэгт авагдсан баталгаа гэх бичгийг хийлгүүлж авсан. Миний цалинг хаагаад 6 сарын 20-ноос 7 сарын 07-ны хоорондох цалин ороогүй. Тэр үед ажиллаж байсан эмч төлөөлөгч нараас мөн адил ингэж баталгаа хийлгүүлж авсан. Ганц намайг ч бус. Миний цалингаас өр авлагатай гэх эмийн сангуудын өрийг суутгаж авсан. н.Чундар гэх хүн нь зарим эмийн сангуудаар байршуулалт хийсэн. Үүнийг нотлох зарлагын падаан байгаа. Ярих болгондоо 9-н эмийн сангийн тухай ярьдаг. Сая  нэрлэж байгаа нь 9-н эмийн сангийн тоонд хүрэхгүй байна. Хулан, Баянбүрэн эмийн сангуудын байршуулалтыг өөр хүн байршуулалт хийсэн. “К”, Бумбат, “Ж”, “Д”, Аюур 2 эмийн сангуудын өр авлагыг нэмээд үзэхээр 2,705,750 төгрөг хүрэхгүй байна. Ямар эмийн сангийн хэдий хэмжээнийн өр авлага байгаа, одоо нэхэмжилж байгаа үнийн дүн нь бодитой эсэх дээр эргэлзэж байна. 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр “Ц” ХХК-аас дахин Сүхбаатар дүүргийн Цагдаагийн байгууллагад мөнгө авч идсэн гэж хандсан. Би өвчтэй байсан учраас найзаараа 2 эмийн сангийн мөнгийг буцаалтын хамт өгч явуулсан. Баянзүрх дүүрэг дэх эмийн сангийн талаар ярьдаггүй хэрнээ Сүхбаатар дүүргийн эмийн сангийн талаар ярьдаг. Ерөнхийн нягтлан н.Ө, н.Ч хоёр нь 10 дугаар сард өр авлагатай гэх эмийн сангуудаар явсан гэдэг. Энэ талаараа гэрчийн мэдүүлэг дээр хэлсэн байдаг. Би үнэхээр энэ мөнгийг аваад хувьдаа завшсан байсан бол яагаад бусад эмийн сангуудыг Мөнх харганы үндэс эмийн сангийн хамт шалгуулаагүй юм бэ. Бүхэл бүтэн 8 сарын хугацаанд шалгагдсан хэрэг. Энэ нь ямар ч баримтаар нотлогдоогүй.

2016 оны 5 дугаар сарын шүүх хуралдаан дээр 6,307,000 төгрөг нэхэмжилж байсан. 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 3,400,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 19-ний шүүхийн нэхэмжлэл дээр Мөнх харганы үндэсийг хасаад 2,705,750 төгрөг нэхэмжилж байна. Энэ хугацаанд би “Ц” ХХК-д нэг ч төлбөр барагдуулаагүй байхад эмийн сангуудын нэршил, үнийн дүн өөрчлөгдөхгүй хэрнээ нэхэмжилж буй үнийн дүн нь өөрчлөгдөж, буураад байдаг. Энэ байдал нь ойлгомжгүй байна. Зарлагын 2 падаан байдаг. Нэг нь тухайн эмийн сандаа үлдээд, нөгөө нь “Ц” ХХК-д үлддэг. Тухайн эмийн санд үлддэг падаан дээр тооцоо дууссан талаар өр авлагагүй талаар бичиж үлдээдэг байсан. Түүнчлэн нэхэмжлэгч тал шинэ тамга тэмдэгээр дарсан, нөхөж үйлдсэн баримтуудыг нотлох баримт гэж ярьдаг, шүүхэд гаргаж өгсөн байдаг. Иймд “Ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, миний бие ямар нэг өр төлбөр энэ компанид байхгүй гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч Н.Дэлгэрмөрөнд холбогдуулан гэм хорын хохиролд 2,975,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардах үндэслэлээ “...Хөдөлмөрийн харилцаа үүссэн хэдий ч энэ талаар нотлох боломжгүй байсан тул гэм хорын хохирол учруулсан, мөн эрүүгийн журмаар шалгагдаж байгаад прокуророос хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон учир Иргэний хуулийн 228, 497 дугаар зүйлд заасны дагуу хохирлоо шаардана” гэж, хариуцагч тал нь “...Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, эрүүгийн журмаар шалгаад нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж тус тус тайлбарладаг ба нэхэмжлэгчийн байгууллагын эд хөрөнгөнд гэм хор учруулсан тул Н.Днь уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэх шаардах эрх хуулийн үндэслэлгүй байна.

 

Учир нь гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцах тухай асуудал гэрээний бус үүрэг, зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд талуудын тайлбар болон ...Импортын нэгжид Эмч төлөөлөгчөөр орон тооны ажилтнаар авч ажиллуулсугай, сарын цалинг 900.000 төгрөгөөр тооцсугай гэсэн “Ц” ХХК-ийн захирлын тушаал зэргээр хариуцагч Н.Днь 2013 оны 9 сарын 15-ны өдрөөс ажлаас гарах хүртэлх хугацаанд Ц ХХК-д эмч төлөөлөгчөөр ажиллаж байсан, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээний үүрэг буюу хөдөлмөрийн харилцаа үүсчээ.

 

Нэхэмжлэгч талаас компанийн эд хөрөнгийг буюу бараа бүтээгдэхүүнийг “М” эмийн санд борлуулсан үлдэгдэл мөнгө 270,000 төгрөгийг хувьдаа завшсан гэх хэрэг эрүүгийн журмаар шалгагдан гэм буруу нь тогтоогдсон гэдэг ч тухайн хүнийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх үндэслэл болохгүй.

 

Талуудын хооронд ...хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, байгуулсан гэж маргадаг ч тэдний хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулсан болох нь баримтаар нотлогдоогүй тул дээр дурдсанчлан хөдөлмөрийн харилцаа үүссэн, уг харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд 4.1-д зааснаар зохицуулагдана.

 

Улмаар хөдөлмөрийн харилцаа үүссэнээр талуудын хооронд ажил олгогч, ажилтан нарын эрх, үүрэг, хариуцлага бий болох ба нэхэмжлэлийн шаардлага агуулгаас үзэхэд байгууллагын өмч хөрөнгө болох бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй үндэслэлээр, компанид учруулсан уг хохирлыг барагдуулахаар шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлд заасантай нийцэх бөгөөд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн дагуу ажил олгогч буюу нэхэмжлэгч шаардах эрхтэй болно.

 

Шүүхээс ажил олгогч “Ц” ХХК, ажилтан Н.Днарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, ажилтан Н.Днь хөдөлмөрлөх явцдаа өөрийн буруугаас байгууллагад зохих хэмжээгээр хохирол учруулсан болох нь доорх баримтуудаар нотлогдож байна гэж дүгнээд Иргэний хуулийн 132, 133 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч талаас хариуцагч Н.Д-г байгууллагад 2,705,750 төгрөгийн хохирол учруулсан гээд энэ нь бараа бүтээгдэхүүн эмийн сангуудад байршуулсан “Байршуулалтын тооцоо”, боруулалтын зарлагын болон буцаалтын баримтууд, банкны хуулга, шуурхай хуралдааны тэмдэглэл, “А”, “Б”, “Д”, “Ж”, “К”, “Т” эмийн сангуудын тодорхойлолт, эмийн сангийн эрхлэгч болон Ж.Н, Ш.Д нарын гэрчүүдийн мэдүүлэг, 2015 оны 6 сарын 23-ны өдрийн авлага барагдуулах тухай баталгаа зэрэг баримтуудаар нотлогдоно гэдэг.

 

Хариуцагч Н.Днь тухайн үед байгууллагаас итгэмжлэн олгосон бараа бүтээгдэхүүнийг байршуулдаг байсан, төлбөр мөнгийг төлж байсан үйл баримт нь дээр дурдсан Ж.Н, Ш.Д нарын мэдүүлэг, бараа бүтээгдэхүүн эмийн сангуудад байршуулсан “Байршуулалтын тооцоо”, нэхэмжлэгч болон хариуцагч нарын банкны дансны хуулга, тайлбар мэдүүлэг зэргээр  нотлогдож байгаа хэдий ч харилцан тооцоо нийлсэн болох нь тодорхой бус “...52 нэр бүхий эмний сан, гүйлгээний нийт дүн 20,488,000, төлөгдсөн мөнгө 16,439,450 төгрөг, бараа буцаалт 1,077,100 төгрөг, үлдэгдэл мөнгө 2,705,750” төгрөг” гэх байршуулалтын тооцоо, Н.Дэлгэрмөрөнд хүлээлгэн өгсөн гэх хүлээн авсан хүний гарын үсэггүй боруулалтын зарлагын баримтууд, авлага барагдуулах утга агуулга бүхий “...23 нэр бүхий эмийн сан, нийт дүн 6,918,260, 2015 оны 6 сарын 23, 6 сард дуусах байршуулалтаас бусад авлагыг 2015.6.30-ны дотор багтаан барагдуулна” гэх баталгаа баримт, “...мөнгийг төлсөн, Н.Д авсан” гэх гэрчээр нотлогдоогүй зарим эмийн сангийн тодорхойлолт зэрэг нь хариуцагч Н.Д эмийн сангуудад байршуулсан бараа бүтээгдэхүүний үнээс 2,975,750 төгрөгийг байгууллагад төлөөгүй гэх шаардлагыг хангалттай нотлоогүй, нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй болно.

 

Тодруулбал, шүүхэд тодорхойлолт гаргасан Аюур 2 эмийн сангаас гэрчээр асуугдсан Я.А “...Н.Днь 394,000 төгрөгийн эмийн бараа байршуулсан, өөрөө ирээд мөнгийг бэлнээр аваад явсан” гэж, “Ж” эмийн сангаас гэрчээр асуугдсан Ш.Г “...Н.Д-г таньж байна, эм байршуулсан хүн мөн байна, эхлээд 100 хэдэн мянга, дараа нь үлдсэнийг нь бэлнээр 2 хувааж өгсөн” гэж тус тус шүүх хуралдаанд мэдүүлдэг, тухайн мөнгийг байгууллагадаа буцаан өгсөн үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хариуцагч Н.Д дээрх мэдүүлгийг баримтаар нотлоогүй тул тухайн 2 эмийн санд холбогдох бараа бүтээгдэхүүний үнэ 788,000 төгрөгийг Н.Д хариуцах үүрэгтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 133.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиодолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлсөөс хэтэрч болохгүй” гэж тус тус зааснаар хариуцагч Н.Дсарын 900,000 төгрөгийн цалинтай эмч төлөөлөгчийн ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа байгууллагадаа 788,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн түүнд нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэж, гэрчийн мэдүүлгээр нотлогдож буй 788,000 төгрөгийг Н.Д-өөс гаргуулан нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг баримтаар нотолж чадаагүй, зарлагын баримтууд санхүүгийн анхан шатны бүртгэлийн журмын дагуу бус, эд хөрөнгийг хүлээн авсан хүн тодорхойгүй, мөнгө авсан гэх бусад эмийн сангуудын тодорхойлолт нь гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдоогүй, эргэлзээ бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг буюу 2,187,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 788,000 төгрөгийг хангаж, 2,187,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 73,376 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж 23,462 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.8-д заасныг баримтлан зохигчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар хариуцагч Н.Д-с 788,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,187,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,376 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23,462 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.АМИН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                 Н.БАТЧИМЭГ

 

                                                                         Ч.НЯМСҮРЭН