Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 87

 

Ц.Баяржаргал, Ц.Дорждэрэм нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

шүүгдэгч Ц.Баяржаргалын өмгөөлөгч М.Алтанчимэг,

шүүгдэгч Ц.Дорждэрэмийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, М.Түмэннаст,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоол,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр магадлалтай, 201603000314 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн эсэргүүцлээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Цэвэлдоржийн Баяржаргал нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах”, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, эрэгтэй, 1992 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Цэрэндоржийн Дорждэрэм нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Дорждэрэмийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, Ц.Баяржаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дорждэрэмийг 3 жил 6 сар хорих, шүүгдэгч Ц.Баяржаргалыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах, Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баяржаргалд оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, Ц.Дорждэрэм, Ц.Баяржаргал нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баяржаргалд оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгаж, шүүгдэгч Ц.Дорждэрэм, Ц.Баяржаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Ц.Баяржаргал нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дорждэрэмийг 3 жил 06 сар хорих ялаар” гэснийг “Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Дорждэрэмд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгасугай” гэж өөрчлөн, “шүүгдэгч Ц.Баяржаргалыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах” гэснийг “Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж нэмэн,

1 дэх заалтын “Шүүгдэгч Ц.Дорждэрэмийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, шүүгдэгч Ц.Баяржаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах…” гэснийг,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баяржаргалд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд багтааж, нийт 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож” гэснийг,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дорждэрэмд оногдуулсан 3 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх” гэснийг,

6 дахь заалтын “Шүүгдэгч Ц.Дорждэрэм нь цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Ц.Баяржаргал нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирлыг жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Ц.Дорждэрэм нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж” гэснийг,

8 дахь заалтын “Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дорждэрэмд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч” гэснийг тус тус хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Ц.Дорждэрэмийг шүүх хуралдааны танхимаас суллаж шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэг, өмгөөлөгч М.Алтанчимэг, Ц.Бат-Эрдэнэ, М.Түмэннаст нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Ц.Баяржаргал нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Ц.Дорждэрэмийг хувийн сэдэлтээр зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан хөнгөн гэмт хэрэг үйлдсэний дараа буюу 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр худал мэдүүлэг өгсөн хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн” бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй бөгөөд Ц.Баяржаргал нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 2 сар гаруй хугацааны дараа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасарсанд тооцогдох бөгөөд шинээр үйлдсэн гэмт хэргээс хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Ц.Баяржаргалыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн, гэм буруутай этгээдэд ял завшуулсан хууль бус шийдвэр болжээ. Иймд Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 09 дүгээр магадлалд зохих өөрчлөлтийг оруулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын Ц.Баяржаргалд холбогдох хэсэг буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулж эсэргүүцэл бичсэн. Харин давж заалдах шатны шүүх аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж Ц.Дорждэрэмд холбогдох хэргийг шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Баяржаргал нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үүний дараа 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дахин худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сард үйлдэгдсэн хэргээс хойш хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэдийгээр өнөөдөр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч давж заалдах шатны шүүхийн магадлал гарах үед болон Улсын ерөнхий прокурорын эсэргүүцэл бичих үед хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг хяналтын шатны шүүхийн тогтоолд тусгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ц.Баяржаргалын өмгөөлөгч М.Алтанчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Магадлал гарах үед хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа буюу 6 сар өнгөрөөгүй байсан. Өнөөдрийн тухайд гэмт хэрэг гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Шүүгдэгч Ц.Дорждэрэмийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Ц.Баяржаргал, Ц.Дорждэрэм нар хэн аль нь хохирогч, шүүгдэгчээр хэрэгт татагдаж шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүх хуралдааны үед хэн хэндээ гомдол, саналгүй тул сайн дураараа эвлэрсэн гэдгийг хэлсэн боловч шүүх энэ талаар шийтгэх тогтоолдоо дурдаж өгөөгүй бөгөөд дээрх нөхцөл байдлаас үүдэн хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ц.Дорждэрэмийн өмгөөлөгч М.Түмэннаст хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Уг хэрэгт давж заалдах шатны шүүх хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй. Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлийн тухайд бусад өмгөөлөгч нартай санал нэг байна” гэв.

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ц.Баяржаргал, Ц.Дорждэрэм нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Баяржаргал нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 22-23 цагийн үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн Бор шанд гэх газар П.Нэргүйн гэрт хохирогч Ц.Дорждэрэмийг зүй ёсны шаардлага тавьсны төлөө түүнтэй маргалдаж, улмаар сууж байхад нь өшиглөн бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн мөрдөн байцаалтын шатанд буюу 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “Ц.Дорждэрэм хонь авч явсан гэж нарийн цагаан төмрөөр толгой руу цохисон, түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Аргагүй хамгаалалт хэрэглэх эрх нь аливаа аюултай, хууль бус довтолгоо халдлага бодитойгоор хийгдсэн, хийгдэх нь тодорхой байгаа тохиолдолд хэрэгжих боломжтой бөгөөд халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно.

Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалах явцдаа довтолж байгаа этгээдийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан Ц.Дорждэрэмийн санаатай, идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт хэмээн үзэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуулийн 72.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно” гэжээ.

Шүүгдэгч Ц.Баяржаргал нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Ц.Дорждэрэмийг хувийн сэдэлтээр зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэний дараа буюу 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэнээр өмнөх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасарч шинээр тоологдох байтал давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Баяржаргалд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн байх бөгөөд энэ талаар бичсэн Улсын ерөнхий прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Гэвч хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад Ц.Баяржаргалын үйлдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад заасан 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Ц.Баяржаргалд холбогдох уг хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх Ц.Баяржаргалын үйлдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон заалтыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 21 дэх заалтын шүүгдэгч Ц.Баяржаргалд холбогдох хэрэгт өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгосугай.

2. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар Ц.Баяржаргалд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                           ШҮҮГЧ                                                      Б.БАТЦЭРЭН