Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01935

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00843 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1719 дүгээр магадлалтай

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нт холбогдох

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №16/01 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ын дагуу эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “В” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “В” ХХК-ийн өмгөөлөгч Б.Батбаяр, Ц.Цэрэнжээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Э" ХХК-ийн эзэмшин ашиглаж буй Төв аймгийн Заамар сумын Баянголын эх гэдэг газарт 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ннаас албаны хүмүүс ирж компанийн эрх, ашгийг ноцтой зөрчин хэвийн үйл ажиллагааг тасалдуулан, 8 нэр төрлийн машин механизмыг эд хөрөнгө битүүмжлэх 16/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн. Н эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулахгүй байхыг үүрэг болгож, тухайн хөрөнгийг үрэгдүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх, эд зүйлсийн хэвийн байдлыг алдагдуулж дур мэдэн захиран зарцуулсан тохиолдолд Эрүүгийн хууль болон Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх, нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг бүрэн хориглож, хадгалалт хамгаалалтыг “Сонор харуул” ХХК-д хариуцуулсан нь “Э” ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн. Тус компанийн хувь эд хөрөнгөө битүүмжлүүлэх, үйл ажиллагаа зогсоох хүртэл бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээх нөхцөл байдалд ороогүй. Гэтэл хариуцагч нь төлбөр төлөгч “Алтайн хүдэр” ХХК болон төлбөр авагч “Вагнер Ази Групп” ХХК-д холбогдох Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 00009 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахын тулд бидэнд урьдчилан мэдэгдэж анхааруулахгүй, хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх арга хэмжээ авах боломж олголгүй хүчээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг зөрчсөн.

Эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаатай холбоотой хууль зүйн үр дагавар бүхий үүргийг “Э” ХХК-д хүлээлгэн, мэдэгдэж байгаа нь Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан эрх ашигт ноцтойгоор нөлөөлж, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан. Тухайн өдөр компанийн байнгын харилцагч Худалдаа хөгжлийн банкны хүмүүс хөрөнгө оруулалтын ажлаар гэрээ хэлцэл хийхээр ирсэн байсан боловч уг үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдож, цаашдын үйл ажиллагаа, бизнесийн түншлэлд сөргөөр нөлөөлсөн. Түүнчлэн өндөр хүчин чадлаар ажиллах машин механизмд тогтмол засвар үйлчилгээ хийгдэх, техникийн болон аюулгүй байдлын хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж чадахгүй нөхцөл байдал үүсч, ажилчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учрах, түрээсийн гэрээний зүйлийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг үргэлжлүүлэх, уг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хохирол төлбөрийн эрсдэл үүсэх учраас гомдол гаргаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадоржийн явуулсан ажиллагааг хүчингүй болгуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хүлээн авах боломжгүй талаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд шүүхийн шийдвэрээр бусад төлбөргүй “Э” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан машин механизмыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх 16/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгоно уу.

Н 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 0102 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоол гаргасан нь хэрэгт авагдсан учраас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явуулсан битүүмжлэн хураах ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна. Мөн хамтран хариуцагч "Алтай ложистик" ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай захирамжаар “Алтайн хүдэр” ХХК-иас 8 756 277 768 төгрөгийг гаргуулж “В” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн захирамж болон гүйцэтгэх хуудсыг тус алба хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж,төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч биелүүлээгүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл худалдан борлуулах, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор эд хөрөнгийг битүүмжлэхээр заасан тул төлбөр авагчаас “Алтайн хүдэр” ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлсэн “В” ХХК-д бүртгэлтэй 8 нэр төрлийн машин механизм “Э” ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа мэдээллийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулсан. Дээрх эд хөрөнгө нь төлбөр авагч “В” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдох бөгөөд “Э” ХХК-ийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлэх болон үйл ажиллагааг зогсоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа огт явуулаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "В" ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс "В" ХХК-ийн нэхэмжлэлтэй "Алтайн хүдэр" ХХК-д холбогдох хэрэгт талуудын эвлэрлийг баталж, 8,4 тэрбум төгрөгийг "Алтайн хүдэр" ХХК-аас гаргуулж "В" ХХК-д олгохоор шүүгчийн захирамж гарсан. Улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удаашрах буюу техникүүдийг хаана байгааг хэлэхгүй, олдохгүй, нэг хэсэг нь Таян нуурт, нэг хэсэг нь Төв аймгийн Заамар сумын боловч битүүмжилж чадаагүй. Дараа нь дахин бүрэлдэхүүнтэй эрэн сурвалжлах тасгийн ажилчидтай хамтраад битүүмжлэх хураах ажиллагааг явуулсан. Ингэхдээ "Э" ХХК-ийн үйл ажиллагааг таслан зогсоох буюу данс, үл хөдлөх, хөдлөх хөрөнгөнд халдаагүй. 8 ширхэг тоног төхөөрөмж нь "В" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, санхүүгийн түрээсийн гэрээний дагуу "Алтайн хүдэр" ХХК-д ашиглуулж байсан. Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 8,4 тэрбум төгрөгийг төлснөөр энэ хөрөнгийг нэр дээрээ шилжүүлж авахыг шаардах эрх нь "Алтайн хүдэр" ХХК-д үүснэ. Тиймээс "Э" ХХК-ийн өөрийнх нь өмч биш. "Алтай ложистик" ХХК-ийн өмч биш. Цааш нь түрээслүүлэх ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй. Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу ашиглуулсан. Хэрэгт авагдсан санхүүгийн түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлд "Алтайн хүдэр" ХХК техник, тоног төхөөрөмжүүдийг барьцаалуулсан, ямар нэгэн төлбөрийн үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд энэхүү барьцааг бүхэлд нь хамаарч хэрэгжих ба тээврийн хэрэгслийг барьцаалах, түрээслэх, худалдах, үнэ төлбөргүйгээр шилжүүлэх бүх эрхийг хязгаарласан. 8 техник шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлэх ямар ч үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь "В" ХХК нь "Э" ХХК, "Алтай ложистик" ХХК-тай иргэний эрх зүйн харилцаанд огт ороогүй. Мөн иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл "Э" ХХК, Нны хооронд болоогүй тул ямар эрх зөрчигдсөн нь ойлгомжгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00843 дугаар шийдвэрээр: 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.4., 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ий Ннд холбогдуулан 2016 оны 2016 оны 12 сарын 06-ны өдрийн Нны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Эд хөрөнгө битүүмжлэх” 16/01 дугаар тогтоолоор эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах, Нрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн битүүмжлэх, хураах ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1719 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00843 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.4, 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар Нны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “эд хөрөнгө битүүмжлэх” тухай 16/01 дугаар тогтоолоор эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулсугай” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “В” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ннд холбогдох иргэний хэргийг Нийслэлийн Давж Заалдах шатны шүүх хянан шийдвэрлээд 2018 оны 07-р сарын 23-ны өдөр 1719 дугаартай шүүхийн магадлал гаргажээ.

Тус хэргийн гуравдагч этгээд “В” ХХК давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрөн хяналтын журмаар дараах гомдлыг гаргалаа. Үүнд:

“В” ХХК нь “Алтайн хүдэр” ХХК-аас нийт 8 ширхэг санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06-р сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00009 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн юм. Эвлэрлийн гэрээ болон шүүгчийн захирамжаар “В” ХХК нь хариуцагч “Алтайн хүдэр” ХХК-ийн удаа дараагийн хүсэлтийг харгалзан үзэж талууд харилцан тохиролцож “Алтайн хүдэр” ХХК нь нийт 8 734 362 886 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хуваарийн дагуу төлж барагдуулах уүрэг хүлээсэн боловч дахин гэрээний үүргээ зөрчин, шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй хуваарьт төлбөрөөс төлөхгүй байсан тул “В” ХХК Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06-р сарын 07-ны өдрийн 181/ШШ2016/00009 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 2016 оны 08-р сарын 19-ний өдөр 181/Ш32016/02970 тоот шүүгчийн захирамж, 324 дугаартай гүйцэтгэх хуудас гаргуулан 2016 оны 08-р сарын 29-ний өдөр Ннд шилжүүлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан.

Гэтэл “Алтайн хүдэр” ХХК-ийн Санхүүгийн түрээсийн гэрээнүүдээр авсан техникүүд нь Төв аймгийн Заамар сумын нутагт Баянголын аманд уурхайд ашиглагдаж байгаа бөгөөд “Э” ХХК нь “В” ХХК-ийн барьцаанд байгаа техникүүдийг битүүмжлэх, хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд санаатайгаар саад учруулж, хуулийн дагуу явагдаж байсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаад нилээдгүй хугацаа өнгөрлөө.

“Э” ХХК нь өөрийнх нь эд зүйлийг битүүмжилсэн мэт шүүхэд нэхэмжлэл гарган, хавсралтаар Уул уурхайн тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээг өгсөн боловч энэ нь “Алтай ложистик” ХХК болон нэхэмжлэгчийн хооронд байгуулагдсан байна. “В” ХХК нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд орж байгаагүй учир дээрх компаниуд 8 нэр төрлийн машин механизмыг өмчлөгч болох “В” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэх ашиглах үндэслэлгүй билээ.

Дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан боловч Давж заалдах шатны шүүхээс хуулийн болон бодит үндэслэлгүйгээр шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангажээ.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа: “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар битүүмжлэгдсэн эд хөрөнгө нь төлбөр төлөгч “Алтайн хүдэр” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ.

“В” ХХК-ийн барьцаанд байгаа техникүүдийг Төв аймгийн Заамар сумын нутагт “Э” ХХК-ийн Баянголын аманд уурхайд ашиглагдаж байхад нь Ннаас очин битүүмжилсэн бөгөөд тэрхүү техникүүд нь “В” ХХК болон “Аптайн Хүдэр” ХХК-ийн хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээгээр авсан техникүүд болох нь холбогдох бичиг баримтуудаар нотлогдсон. Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу 8.4 тэрбум төгрөгийг төлснөөр энэ хөрөнгийг нэр дээрээ шилжүүлж авахыг шаардах эрх нь “Алтайн хүдэр” ХХК-д үүснэ. Тиймээс “Э” ХХК-ийн өмч биш. Мөн “Алтай ложистик” ХХК-ийн ч өмч биш юм. Мөн тухайн техникүүдийг дамжуулан түрээслүүлэх эрхгүй бөгөөд эрх зүйн үндэслэлгүй. Тухайн техникүүд нь барьцааны зүйл учраас шүүхийн шийдвэрийн дагуу битүүмжлэгдсэн.

“Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т “төлбөр төлөгчийн бусдад байгаа өмч хөрөнгөөс хуульд заасан журмын дагуу төлбөр гаргуулах” ажиллагаа явуулахаар, мөн хуулийн 57 дугаар зүйлд төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааны дарааллыг зохицуулж өгсөн.

Мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан ажиллагаа явуулахад тухайн эд хөрөнгө нь төлбөр төлөгчийнх гэдэг нь тогтоогдсон байх учиртай. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь уг хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгч “Алтайн хүдэр” ХХК-ийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан гэдгийг, тухайн битүүмжилсэн эд хөрөнгө нь төлбөр төлөгчийнх болохыг баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолын дагуу эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй” гэжээ.

“Э” ХХК-ийн хууль ёсны дагуу явагдаж байсан уйл ажиллагааг таслан зогсоогоогүй бөгөөд “Э" ХХК-ийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, данс, ямар нэгэн хөрөнгөнд халдаагүй  байна. Харин төлбөр авагчийн төлбөр төлөгчид Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн 8 ширхэг төхник тоног төхөөрөмж нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, санхүүгийн түрээсийн гэрээ эдгээрийг бүрэн бүтэн техникийн бүх шаардлагыг хангаж хүлээлгэж өгсөн шалгах хуудас, техникийн тодорхойлолт зэрэг баримт, талуудын тайлбараар “Вагнөр Ази лизинг” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, санхүүгийн түрээсийн гэрээний дагуу "Алтайн хүдэр” ХХК авсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа 2002 оны Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д “эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл худалдан борлуулах, эд хөрөнгийг хамгаалах”, 58 дугаар зүйлийн 58.1-д "Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс хассан буюу гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад эд хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулна. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгө хаана, юунд ашиглагдаж байгаа нь үл хамаарна” гэж тус тус заасан зохицуулалтад нийцэж байна.

Хэрэгт авагдсан санхүүгийн түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлд “Алтайн хүдэр” ХХК техник, тоног төхөөрөмжүүдийг барьцаалуулсан, ямар нэгэн төлбөрийн үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд энэхүү барьцааг бүхэлд нь хамаарч хэрэгжих ба тээврийн хэрэгслийг барьцаалах, түрээслэх, худалдах, үнэ төлбөргүйгээр шилжүүлэх бүх эрхийг хязгаарласан байна.

Иймд “Алтайн хүдэр” ХХК-иас 8 756 277 768 төгрөгийг гаргуулж “В” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх зорилгоор дээрх тоног төхөөрөмжүүдийг битүүмжилснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Шүүх, нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэг нь хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлага хангагдана. Үүний дагуу анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэг, маргаанд нийцүүлэн зөв хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэдэг нь хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн, судлахад нэхэмжлэгч тал яаж хохирсон нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд харин Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байна.

“В” ХХК болон “Алтайн хүдэр” ХХК-иудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Санхүүгийн түрээсийн тухай хуульд гэрээний зүйлийн өмчлөгч хэн байх, хэрхэн өмчлөх эрх шилжүүлэх талаар тодорхой заасан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхдээ Санхүүгийн түрээсийн тухай хуулийг хэрэглэхгүйгээр, нэхэмжлэгч гэх “Э” ХХК нь Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас ямар эрх ашиг нь хөндөгдсөн эсэх талаар огт дүгнэлт хийсэнгүй.

Эцэст нь тэмдэглэхэд Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчихийн хамт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

Иймээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 181/ШШ2018/00843 дугаартай шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаа тул Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлын 1719 дугаартай магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хяналтын журмаар гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

“Э” ХХК нь Нт холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №16/01 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ын дагуу эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийг хангасан байна.

“Э” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр оноосон нэрээ өөрчилж “Э” ХХК болсон байна.

Шийдвэр гүйцэтгэх алба “Э” ХХК-ийн “Алтай ложистик” ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан №106/15 дугаартай “Уул уурхайн тоног төхөөрөмж түрээслэх гэрээ”-ээр түрээслэн ашиглаж байсан 20ш уул уурхайн тоног төхөөрөмжийн наймыг нь битүүмжилжээ.

“Алтайн хүдэр” ХХК нь “В” ХХК-иас 2011 оноос 2012 оны хооронд 20ш техник тоног төхөөрөмжийг “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ээр хүлээн авсан, уг эд хөрөнгийг “Алтай ложистик” ХХК-д 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 237/15 тоот “Техникийн түрээсийн гэрээ”-ээр бусдад түрээслүүлэх эрхтэйгээр түрээслүүлсэн байна.

Улмаар “В” ХХК нэхэмжлэл гаргаснаар дээрх гэрээтэй холбоотой маргааныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №181/ШШ2016/00009 дугаар захирамжаар “түрээсийн төлбөрт 8 734 362 886 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд төлж барагдуулахаар” зохигч эвлэрснийг баталж шийдвэрлэжээ.

“Алтайн хүдэр” ХХК төлбөрийг төлж барагдуулсны дараа тоног төхөөрөмжийн өмчлөлийг шилжүүлэх гэрээний заалтад үндэслэн тоног төхөөрөмж “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэмшилд байгаа үйл баримтын талаар маргаангүй байгаа бөгөөд энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний дагуу ашиглаж байсан хөрөнгийг  хариуцагч битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль/2002он/-ийн 36 дугаар зүйлийн 36.1.3. дахь заалтыг зөрчөөгүй гэж анхан шатны шүүх үзсэнийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Энэ талаар гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1719 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00843 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “В” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “В” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар “В” ХХК-д буцаан олгосугай.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.УНДРАХ

                           ШҮҮГЧ                                            Х.ЭРДЭНЭСУВД