Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 182/2017/00390/И |
Дугаар | 1105 |
Огноо | 2017-05-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 1105
2017 05 10 | 1105 |
С.Энхболдын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00491 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч С.Энхболдын нэхэмжлэлтэй
Хариуцагч Ч.Баяртөрд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 11 759 695 төгрөг гаргуулах тухай хэргийг
Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр
Хариуцагч Ч.Баяртөр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч С.Энхболдын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ч.Баяртөр 2014 оны 12 сарын 25-нд “Ашигт малтмалын газарт лицензийн төлбөр төлөхгүй бол миний лиценз цуцлагдах гээд байна. Лицензийн төлбөр төлөх мөнгө зээлээч” гэж над дээр ирсэн. Би 7 586 900 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн. Бид тухайн өдрөө нотариат орж гэрчлүүлж чадаагүй тул шинэ жил өнгөрсний дараа буюу 2015 оны 01 сарын 15-ны өдөр гэрээгээ нөхөн хийж баталгаажуулсан. Зээлийн гэрээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2015 оны 01 сарын 15-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 700 хоногоор хугацаа хэтэрч алдангийн хэмжээ 16 614 800 төгрөг болсон боловч алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 3 793 450 төгрөгийн алданги, 1 сарын хүү 379 345 төгрөг, үндсэн зээл 7 586 900 төгрөг болж байна. Иймд хариуцагч Ч.Баяртөрөөс нийт 11 759 695 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ер нь компанидаа 50 хувийн хувьцаа эзэмшигчээр оруулъя, хамтарч ажиллая гэж ярьсан боловч оруулаагүй. Энэ талаар 2014 оны 12 сарын 20-ны өдрийн үед ярьсан, 24-нд лицензийн төлбөрөө төлсөн. Ямар ч зөвшөөрөлгүй, баримтгүй байсан учраас хамтарч ажиллахаас татгалзаад авах мөнгөө зээл болгосон. Компанид 50 хувийн хувь нийлүүлэгчээр орох дүрмийг нотариатч гэрчлэхдээ өөр нэр оруулсан байсан, түүнээс биш биднээс өөр хүн яригдаагүй юм. Үүнийгээ засаад бүртгүүлэх боломж байсан ч Баяртөр бүртгүүлээгүй. Болих шалтгаан үүнээс ч болоогүй, дахин дахин мөнгө нэхэх гээд байсан. Ашигт малтмалын лицензийн төлбөр нь 6 586 900 төгрөг болсон гэжээ.
Хариуцагч Ч.Баяртөрийн шүүхэд гаргасан тайлбарт: Би “Говийн ертөнц” компанийн хайгуулын ашигт малтмалын лиценз эзэмшдэг. С.Энхболд болон түүний багын найз Н.Батбаатар нар намайг 2014 оны 10 сард хөрөнгө оруулалт хийе, хамтарч ажиллая гэсэн юм. Компанийн гишүүнчлэлээр орж хувь эзэмшинэ гэж С.Энхболдын гэрт 12 сард уулзаж Н.Батбаатар протокол хөтөлснөөр компанийн ашгийн 40 хувийг С.Энхболд, 40 хувийг Н.Батбаатар, үлдсэн 20 хувийг Ч.Баяртөр миний бие эзэмшихээр тохирч гарын үсэг зурцгаасан. Протоколыг үндэслэн С.Энхболдын ойр дотны найз гэх нотариатч Б.Энхээ дээр очиж эрх шилжүүлэх гэрээ болон, хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. Би С.Энхболд, Н.Батбаатар нарт бүрэн итгэж, компанийн дүрэм, бусад материалыг Улсын бүртгэлийн газарт өгтөл огт таньж мэдэхгүй Мягмаржав, Нямсүрэн гэх хүмүүсийн нэрсийг дүрмэнд бичиж компанийн бүрэн эрхийг хариуцна гэсэн байсан. Хамтарч ажиллах тохиролцооны үндсэн дээр лицензийн ээлжит жилийн төлбөр 6 586 900 төгрөгийг С.Энхболд төлсөн юм. Энэ мөнгөө зээл болгоно гэж 2015 оны 01 дүгээр сарын 15-нд зээлийн гэрээ хийсэн. Би 1 сая төгрөгийг гар дээр аваагүй. Анхнаасаа зээл гэж хэлээгүй, бусад зардал мөнгийг төлөх боломжгүй. С.Энхболд, Н.Батбаатар нараас болж өөрийн хамтрахаар ярилцаж байсан түншүүдээ алдаж, цаг хугацаа болон сэтгэл санааны хүнд байдалд орсон гэжээ.
Шүүх: Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг баримтлан Ч.Баяртөрөөс 10 374 367 төгрөгийг гаргуулж С.Энхболдод олгож, нэхэмжлэгчийн 1 385 328 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 180 940 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 203 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ч.Баяртөр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч С.Энхболд бид хоёр багын найзууд байгаагүй, би лицензийн төлбөр төлөхгүй бол лиценз цуцлагдах гээд байна, мөнгө зээлээч гэж түүн дээр очсон зүйл огт байхгүй.
Би өөрийн эзэмшдэг ашигт малтмалын хайгуулын лиценз, тусгай зөвшөөрлөө эдийн засгийн эргэлтэд оруулахаар хамтран ажиллах иргэн, байгууллагыг хайж байсан ба С.Энхболдтой өөрийн танил Х.Дэлгэрцэцэгээр дамжуулан 2014 оны 10 сарын үед танилцан, бид миний нэр дээрх ашигт малтмалын хайгуулын лицензийг 50, 50 хувиар нь хамтран эзэмшиж, хөрөнгө оруулагч хайж олсноор ашигт малтмалын нөөцөө тогтоолгож, олборлолт хийхээр ярилцан тохиролцсон юм.
Ингээд миний бие өөрийн эзэмшлийн "Говийн Ертөнц" ХХК-ийн нэр дээрх компанийн хувьцаа, эд хөрөнгийн 50 хувийн эрхийг шилжүүлж, 2014 оны 12 сарын 24-ний өдөр эрх шилжүүлэх гэрээ, мөн өдөр хувьцаа худалдан авах гэрээ зэргийг тус тус байгуулж, С.Энхболдын танил Б.Энхээ гэх нотариатчаар гэрээгээ баталгаажуулсан. Энэ гэрээний төлбөрт С.Энхболд нь тохиролцооныхоо дагуу 6 586 900 төгрөгийг "Говийн Ертөнц" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын 13131 тоот хайгуулын лицензийн 2014 оны төлбөрт төлсөн. Миний бие энэхүү төлбөрийг өөртөө авч ашигласан зүйл байхгүй.
Гэрч Н.Батбаатар, Х.Дэлгэрцэцэг нар С.Энхболд, Ч.Баяртөр бидний хооронд анхнаасаа хамтран ажиллах харилцаа үүссэн байсныг шүүх хуралдаанд гэрчилсэн. 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээний нэмэлт нөхцөл хэсэгт "...Говийн Ертөнц" ХХК-ийн ашигт малтмалын 13131 тоот хайгуулын лицензийн 2014 оны төлбөр, үйлчилгээний хөлс..."-нд зориулагдсаныг бичсэн байдаг.
Би “Говийн Ертөнц" ХХК-ийн дүрэмдээ өөрчлөлт оруулаад их итгэж найдаж байсан тул С.Энхболдод өгөөд "чи бүртгэлийн газар аваачаад өгчих" гэж өгч явуулсан ба С.Энхболд нь надад мэдэгдэлгүй, нууцаар дээрх 2 хүний нэрийг дүрэмд оруулсан байсан.
Ер нь нэхэмжлэгч С.Энхболд нь эхэлж намайг хуурч мэхлэн "Мягмаржав, Нямсүрэн" гэх ямар ч тохиролцоонд байгаагүй хоёр хүний нэрийг компанийн дүрэмд оруулан Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхээр завдсан асуудлыг улсын бүртгэгч олж мэдсэнээр компанийн дүрмийг бүртгэхээс татгалзаж, энэ талаар надад мэдэгдсэн. Үүнээс болоод цаашид хамтарч ажиллах боломжгүй болсон. Үүний дараа С.Энхболд нь өгсөн мөнгөө зээл болгоё гэж зээлийн гэрээ байгуулсан.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан "Хамтран ажиллах гэрээ"-ний харилцаа үүсч, дуусгавар болоогүй байтал үүнийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа гэж үндэслэлгүй тодорхойлж, сүүлд нь нөхөж, халхавчилж хийснийг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Мөн би шүүхийн дуудсанаар очиж, нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа хариуцагчийн эрх, үүргийг уншиж, танилцалгүй гарын үсгээ зурсан ба өмгөөлөгч авч хууль зүйн туслалцаагаар хангагдах эрхээр хангагдаагүйгээс шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарсан гэж үзэж байна.
Иймд миний бие С.Энхболдын эсрэг сөрөг нэхэмжлэл гаргаж, энэхүү харилцааг хамтран ажиллах гэрээ байсныг тогтоолгож, дүр эсгэж, халхавчилж хийсэн зээлийн гэрээний хүү, алдангиас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул энэхүү боломжоор хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч С.Энхболд нь хариуцагч Ч.Баяртөрд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 759 695 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Ч.Баяртөрийн эрхлэн явуулдаг “Говийн Ертөнц” ХХК-ийн хувьцааны 50 хувийг нэхэмжлэгч С.Энхболд эзэмшиж, ашигт малтмалын хайгуулын болон гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нь үйл ажиллагааны зардалд 1 000 000 төгрөг, “Говийн Ертөнц” ХХК-ийн лицензийн төлбөрт 6 586 900 төгрөг төлсөн байх ба талууд дээрх тохиролцооноос татгалзсанаар 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд зарцуулахаар өгсөн 1 000 000 төгрөг, лицензийн төлбөрт шилжүүлсэн 6 586 900 төгрөг, нийт 7 586 900 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан нь гэрч Н.Батбаатар, Х.Дэлгэрцэцэг нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 6 586 900 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцжээ.
Хариуцагч нь “талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, хамтын үйл ажиллагаанд дээрх мөнгөн хөрөнгө зарцуулагдсан” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Зээлийн гэрээний 6-д “Говийн Ертөнц” ХХК-ийн ашигт малтмалын 13131 тоот хайгуулын лицензийн 2014 оны төлбөр үйлчилгээний хөлс” гэж бичигдсэн нь талуудыг хамтран ажиллахаар тохиролцон, дээрх мөнгөн дүнг хамтын үйл ажиллагааны зардалд зарцуулагдсаныг нотлохгүй.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3-т “хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцно” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул алданги төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн хамтын үйл ажиллагааны зардалд шилжүүлсэн 1 000 000 төгрөгийг хариуцагч Ч.Баяртөрд шилжүүлээгүй, уг мөнгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй гэх үндэслэлээр шүүх зээлийн үндсэн төлбөрт 6 586 900 төгрөг, гэрээний хугацааны хүүд 329 345 төгрөг, алдангид 3 458 122 төгрөг, нийт 10 374 367 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.
Шүүх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохигчдод эрх үүрэг танилцуулсан байх ба энэ өдрөөс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хугацаанд хариуцагч эрх зүйн туслалцаа авах боломжтой байсан, хариуцагч эрхээ хэрэгжүүлээгүй байдалд шүүхийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00491 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180 940 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
А.МӨНХЗУЛ