Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01930

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01178 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1671 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Х, З.Г  нарт холбогдох,

Түрээсийн төлбөр 570 000 төгрөг, засварын зардал 2 162 610 төгрөг, торгууль 10 000 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ 30 000 төгрөг, нийт 2 372 610 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганхуягийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “У” ХХК, иргэн Б.Х нарын хооронд байгуулагдсан автомашины санхүүгийн түрээсийн ТТ-14-375 тоот гэрээгээр түрээслэгч нь 14-52 УНС улсын дугаартай автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх, түрээслүүлэгч нь тодорхой хугацаагаар түрээсийн зүйлийг түрээслүүлэн, түрээслэгч нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлснөөр гэрээний зүйлийг түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, автомашиныг бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгч талууд 2014 оны 09 дүгээр сарын 15- ны өдөр акт үйлдсэн. Гэтэл хариуцагч Б.Х нь түрээсийн гэрээнд заасан төлбөр төлөх нэмэлт хугацаа тогтоосон боловч төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй нийт 19 хоногийн буюу 570 000 төгрөгийн түрээсийн өртэй болсон. Нэхэмжлэгчийн зүгээс автомашины санхүүгийн түрээсийн гэрээний 14 дүгээр зүйлийн 14.2.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн ахыг байлцуулан хүлээлцэх акт үйлдэн автомашиныг түр саатуулж, үзлэг оношилгоонд оруулсан. Автомашиныг үйлчилгээнд гаргалгүйгээр 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Монгол Хьюндай Автомотив” ХХК-иар 2 069 110 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Мөн Б.Х нь 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 93 500 төгрөгийн засварын болон 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ зөрчил гаргасан торгуулийн 10 000 төгрөгийн өртэй ба тээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ 30 000 төгрөгийн зардал гарсан.

Иймд хариуцагч Б.Х-гаас түрээсийн төлбөр 570 000 төгрөг, засварын зардал 2 162 610 төгрөг, торгууль 10 000 төгрөг, бусад авлага 30 000 төгрөг нийт 2 772 610 төгрөгөөс барьцаа төлбөр 400 000 төгрөгийг хасч, нийт 2 372 610 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хамтран хариуцагч З.Гончигсүрэнд холбогдох шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Би автомашин авах гэхээр мөнгө хүрэхгүй байсан учраас 400 000 төгрөгөө урьдчилгаанд нь өгөөд 2 жил 9 сарын хугацаанд өдрийн 30 000 төгрөг төлөөд автомашинтай болох боломжтой байсан тул “У” ХХК-тай такси түрээсийн гэрээ байгуулсан. Нэг жил шахуу өдөрт 30 000 төгрөг төлж явсан бөгөөд өдөрт 30 000 төгрөгийн орлого хийнэ гэдэг үнэхээр хэцүү, өдөр шөнөгүй явж байж арай гэж хийдэг байсан. Анх 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ хийгээд автомашиныг хүлээж авахад гүпр нь халцарсан, хормойгоороо замасктай, ар тал нь алцайсан, руль ээ булаасан машин байсан бөгөөд би хэлж байгаад 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тэнхлэг тохиргоо хийлгэж, 25-ны өдөр нь хойд татуурга, хойд цап хоёрыг солиулсан. Энэ мөнгөө надаас авах ёсгүй байтал миний 400 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрөөс суутгасан.

2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би өөрөө автомашиныг тус компанид хүлээлгэж өгч акт үйлдээгүй, түүнчлэн уг тээврийн хэрэгсэл нь тухайн үедээ хэвийн ажиллагаатай үйлчилгээнд явж байсан. Автомашин хүлээн авсан актад надад хүлээлгэж өгөхдөө халцархай замасктай байсан гүпр, крало, хормой зэргээ солих будах гэж, байхгүй байсан шил арчигчийн мотор, усны сав зэргийг солихоор үндэслэлгүйгээр их төлбөр гаргасан. Засвар хийсэн баримтаас үзвэл уг автомашинаа надад хүлээлгэж өгснөөс илүү засан сайжруулалт хийсэн гэж үзэхээр байна. 2 162 610 төгрөгийн засвар үйлчилгээ хийх эвдрэл, гэмтэл байгаагүй тул зөвшөөрөхгүй. Харин торгуулийн 10 000 төгрөг, гэрчилгээ солиулсан 30 000 төгрөг зардлыг хүлээн зөвшөөрнө. Машин хүлээлгэж өгөхөөс өмнө 15 хоногийн түрээсийн төлбөр төлөөгүй тул эдгээрийг урьдчилгаа төлбөр 400 000 төгрөгөөс хасуулж болно гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01178 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “У” ХХК-ийн Б.Хгаас нийт 2 372 610 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “У” ХХК-иас 493 515 төгрөгийг гаргуулж Б.Х-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч З.Гончигсүрэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “У” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 920 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1671 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01178 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Х-гаас 210 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “У” ХХК-д олгосугай” гэж, 3 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, Б.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид 6950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “У” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52 290 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн 181/ШШ2018/01178 дугаар шийдвэрт Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

...Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байдаг. Хариуцагч Б.Х уг автомашиныг түрээсийн гэрээгээр 11 cap эзэмшиж, ашиглах явцдаа учруулсан эвдрэл, гэмтлийг 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр буюу автомашин хүлээлгэн өгсөн өдөр үзлэг, оношлогоонд оруулан тодорхойлуулж, засвар үйлчилгээ хийсэн зардлын нэхэмжлэх үнийн дүн, гэрээний үүргийн төлөгдөөгүй орлого, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн торгууль, бусад зардлын баримтуудыг нотлох баримтын хүрээнд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэхгүй зөвхөн хариуцагчийн татгалзлаа үндэслэх нотлох баримтгүй тайлбар гаргаснаар хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлт үндэслэл бүхий болсон боловч шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй, нэхэмжлэлээс хангаагүй хэсгийг хэрэгсэхгүй болгоогүй нь алдаатай болжээ. Магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч Б.Х-гаас түрээсийн төлбөр 570 000 төгрөг, засварын зардал 2 162 610 төгрөг, торгууль 10 000 төгрөг, бусад авлага 30 000 төгрөг нийт 2 772 610 төгрөгөөс барьцаа төлбөр 400 000 төгрөгийг хасч, нийт 2 372 610 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хамтран хариуцагчаар иргэн З.Г татсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдох шаардлагаас татгалзжээ.

Хариуцагч Б.Х нь нэхэмжлэлийн шаардлагаас торгуулийн 10 000 төгрөг, түрээсийн төлбөрөөс 15 хоногийн дутуу 150 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн төлбөр, торгууль бусад авлагын шаардлагыг буюу 610 000 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрч, автомашины засварын зардлын талаарх шаардлагыг татгалзжээ.

Зохигч нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, нэхэмжлэгч “У” ХХК нь таксины үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй, смарт систем, нэмэлт тоноглол бүхий Элентра маркийн 14-52 УНС улсын дугаартай автомашиныг хариуцагчид тодорхой хугацаагаар түрээслүүлж, гэрээний хугацаа дуусах үед үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч Б.Х нь түрээсийн төлбөрт сар бүр 660 000 төгрөг төлөх үүрэг тус тус хүлээжээ.

Анхан шатны шүүх зохигчийн хоорондох харилцааг зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс үүдэлтэй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа гэж дүгнэсэн атлаа магадлалын тогтоох хэсэгт зээлээр худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1., 312.4.-т зааснаар санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээж, түрээслэгч гэрээний хугацаа дуусахад гэрээний зүйлийн элэгдэл, хорогдол болон нийт өртгийг барагдуулсан бол санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийг худалдан авах, эсхүл хөлслөх эрх, үүрэгтэй байж болдог.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.-д заасан санхүүгийн гэрээний шинжийг илүүтэй агуулсан байна.

Мөн хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.-д зааснаар түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үздэг байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийжээ. Тухайлбал, маргааны зүйл болж буй эд хөрөнгөд учирсан гэмтэл, улмаар эд хөрөнгийг засварласан зардал нь хариуцагчийн гэм буруутай холбоотой гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй гэж шүүх үзсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг анхаараагүйгээс гадна хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад нэхэмжлэгчээс төлбөр гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.  

Хариуцагч Б.Хн хүлээн зөвшөөрсөн 610 000 төгрөгөөс гэрээний урьдчилгаанд төлсөн 400 000 төгрөгийг хасч, нэхэмжлэлээс 210 000 төгрөгийн шаардлагыг хангасан  давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний болон найруулгын залруулга хийж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1671 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1., 264 дүгээр зүйлийн 264.1., 264.2., 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт” гэснийг “Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1., 315 дугаар зүйлийн 315.1.-д” гэж, “нэхэмжлэгч “У” ХХК-д олгосугай” гэснийг “нэхэмжлэгч “У” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 162 610 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 52 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

    

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

           ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН