Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1671

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

“У-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01178 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “У-” /Улаанбаатар такси транспорт сервис/ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Х, З.Г нарт холбогдох

 

Түрээсийн төлбөр 570 000 төгрөг, засварын зардал 2 162 610 төгрөг, торгууль 10 000 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ 30 000 төгрөг, нийт 2 372 610  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

            Нэхэмжлэгч “У-” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “У-” ХХК, иргэн Б.Х нарын хооронд байгуулагдсан автомашины санхүүгийн түрээсийн ТТ-14-375 тоот гэрээгээр түрээслэгч нь 14-52 УНС улсын дугаартай автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх, түрээслүүлэгч нь тодорхой хугацаагаар түрээсийн зүйлийг түрээслүүлэн, түрээслэгч нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлснөөр гэрээний зүйлийг түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, автомашиныг бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгч талууд 2014 оны 9 дүгээр сарын 15- ны өдөр акт үйлдсэн. Гэтэл хариуцагч Б.Х нь түрээсийн гэрээнд заасан төлбөр төлөх нэмэлт хугацаа тогтоосон боловч төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй нийт 19 хоногийн буюу 570 000 төгрөгийн түрээсийн өртэй болсон. Нэхэмжлэгчийн зүгээс автомашины санхүүгийн түрээсийн гэрээний 14 дугаар зүйлийн 14.2.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчийн ахыг байлцуулан хүлээлцэх акт үйлдэн автомашиныг түр саатуулж, үзлэг оношилгоонд оруулсан. Автомашиныг үйлчилгээнд гаргалгүйгээр 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Хьюндай Автомотив ХХК-иар 2 069 110 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Мөн Б.Х нь 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 93 500 төгрөгийн засварын болон 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ зөрчил гаргасан торгуулийн 10 000 төгрөгийн өртэй ба тээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ 30 000 төгрөгийн зардал гарсан.

Иймд хариуцагч Б.Хгаас түрээсийн төлбөр 570 000 төгрөг, засварын зардал 2 162 610 төгрөг, торгууль 10 000 төгрөг, бусад авлага 30 000 төгрөг нийт 2 772 610 төгрөгөөс барьцаа төлбөр 400 000 төгрөгийг хасч, нийт 2 372 610 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хамтран хариуцагч З.Гд холбогдох шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би автомашин авах гэхээр мөнгө хүрэхгүй байсан учраас байсан 400 000 төгрөгөө урьдчилгаанд нь өгөөд 2 жил 9 сарын хугацаанд өдрийн 30 000 төгрөг төлөөд автомашинтай болох боломжтой байсан учраас “У-” ХХК-тай такси түрээсийн гэрээ байгуулсан. Нэг жил шахуу өдөрт 30 000 төгрөг төлж явсан бөгөөд өдөрт 30 000 төгрөгийн орлого хийнэ гэдэг үнэхээр хэцүү, өдөр шөнөгүй явж байж арай гэж хийдэг байсан. Анх 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ хийгээд автомашиныг хүлээж авахад гүпр нь халцарсан, хормойгоороо замасктай, ар тал нь алцайсан, руль ээ булаасан машин байсан бөгөөд би хэлж байгаад 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тэнхлэг тохиргоо хийлгэж, 25-ны өдөр нь хойд татуурга, хойд цап хоёрыг солиулсан. Энэ мөнгөө надаас авах ёсгүй байтал миний 400 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрөөс суутгасан.

2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр би өөрөө автомашиныг тус компанид хүлээлгэж өгч акт үйлдээгүй, түүнчлэн уг тээврийн хэрэгсэл нь тухайн үедээ хэвийн ажиллагаатай үйлчилгээнд явж байсан. Автомашин хүлээн авсан актад надад хүлээлгэж өгөхдөө халцархай замасктай байсан гүпр, крало, хормой зэргээ солих будах гэж, байхгүй байсан шил арчигчийн мотор, усны сав зэргийг солихоор үндэслэлгүйгээр их төлбөр гаргасан. Засвар хийсэн баримтаас үзвэл уг автомашинаа надад хүлээлгэж өгснөөс илүү засан сайжруулалт хийсэн гэж үзэхээр байна. 2 162 610 төгрөгийн засвар үйлчилгээ хийх эвдрэл, гэмтэл байгаагүй тул зөвшөөрөхгүй. Харин торгуулийн 10 000 төгрөг, гэрчилгээ солиулсан 30 000 төгрөг зардлыг хүлээн зөвшөөрнө. Машин хүлээлгэж өгөхөөс өмнө 15 хоногийн түрээсийн төлбөр төлөөгүй тул эдгээрийг урьдчилгаа төлбөр 400 000 төгрөгөөс хасуулж болно гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ”У-” ХХК-ийн Б.Хгаас нийт 2 372 610 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “У-” ХХК-иас 493 515 төгрөгийг гаргуулж Б.Хд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “У-” ХХК нь хариуцагч З.Гд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “У-” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 920 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүх хуулийг буруу тайлбарласан мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхой байхад түүнийг   буруугаар тайлбарлаж хэрэгсэхгүй болгосон. Зохигчдын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын   15-ны өдөр байгуулсан гэрээний агуулгаас үзвэл нэг тал үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгө буюу автомашиныг шилжуүлэн, нөгөө тал гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны туршид үнийг хэсэгчлэн төлөх тогтоосон хугацааны дараа өөрийн өмчлөлд автомашиныг авах зорилго бүхий байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна гэж хуулийг буруу тайлбарласан. Зохигчдын хооронд автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан ба түрээслүүлэгч нь   түрээслэгчийн эд хөрөнгийг шилжүүлж түрээслэгч нь тогтмол хугацаанд төлбөр төлөх үүргийг, Б.Х нь хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байтал түрээсийн гэрээний гол нөхцөл болох эд хөрөнгийг түрээсээр ашиглах хүсэл зоригийг илэрхийлээгүй, өдөрт 30 000 төгрөгийн төлбөр төлөөд эд хөрөнгө ашигласны үр шимийг төлөхгүй гэж буруу тайлбарлаж дүгнэсэн. Түрээслэгч нь өдөрт 30 000 төгрөгийн орлогоос мөнгө олж автомашин ашигласны үр шимийг хангалттай хүртдэг байсан.

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч Б.Хгийн шүүхэд гаргасан тайлбаруудыг үндэслэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “У-” ХХК нь хариуцагч Б.Хд холбогдуулан түрээсийн төлбөр 570 000 төгрөг, засварын зардал 2 162 610 төгрөг, торгууль 10 000 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ 30 000 төгрөг, нийт 2 372 610 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-138 дахь тал/

Талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь таксины үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй, смарт систем, нэмэлт тоноглол бүхий Элентра маркийн 14-52 УНС улсын дугаартай автомашиныг хариуцагчид тодорхой хугацаагаар түрээслүүлж, улмаар гэрээний хугацаа дуусах үед үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь түрээсийн төлбөрт сар бүр 660 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

            Хариуцагч Б.Х түрээсийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүйн улмаас гэрээ цуцлагдсан үйл баримт хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгоход түрээслүүлэгч талын шаардлагыг тодорхойлохдоо түрээслэсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр, хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ. 

            Хариуцагч нь нэхэмжлэгчид урьдчилгаа 400 000 төгрөг, түрээсийн төлбөрт 1 620 000 төгрөгийг тус тус төлсөн, түрээслүүлэгч “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-ийн санаачилгаар 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон гэрээг цуцалж, тухайн өдрөө автомашин хүлээлцэх акт үйлдэн хариуцагчийн ах С.Баттүшигээс автомашиныг буцаан авсан нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт, түрээсийн төлбөрийн хуулга, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн автомашин хүлээлцсэн акт зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх-20, 22, 23-24 дэх тал/

            Зохигчдын 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу автомашин хүлээлцэх актаар түрээсийн зүйл буюу автомашиныг хариуцагч Б.Хд хүлээлгэн өгсөн байх боловч түрээсийн гэрээг цуцалж автомашиныг буцаан авахдаа ах С.Баттүшигээс авсан байна. Энэ тохиолдолд түрээсийн гэрээний тал бус этгээдээр гарын үсэг зуруулж үйлдсэн актыг үндэслэн хариуцагч Б.Хг автомашинд эвдрэл, гэмтэл учруулсан гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй. Түүнчлэн, нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн автомашины засвар үйлчилгээний баримтууд нь /хх-25-34 дэх тал/ автомашиныг хариуцагч Б.Хн эзэмшиж байх хугацаанд буюу хариуцагчийн буруугаас учирсан гэмтэл, элэгдэл хорогдлыг засварлуулсныг нотлохгүй, мөн тус баримтад бичигдсэн автомашины эд ангиудыг зайлшгүй солих шаардлага үүссэн эсэх нь эргэлзээтэй байгаа бөгөөд хариуцагч буюу түрээслэгч Б.Хг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т заасан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгасан гэх үндэслэл буюу үүргээ зөрчсөн гэх нотлох баримтгүй байна.

Харин хариуцагч нь 15 хоногийн түрээсийн төлбөрийг төлөөгүй гэдгээ болон торгуулийн 10 000 төгрөг, гэрчилгээ дахин авсан зардал 30 000 төгрөг зэрэгт нийт 610 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байх тул уг хэмжээгээр хариуцагч нарын үүргийг тодорхойлж, дээрх төлбөрөөс хариуцагчийн гэрээний урьдчилгаанд төлсөн 400 000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 210 000 төгрөгийг хариуцагч Б.Хгаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. /хх-133 дахь тал/

Хариуцагч нь автомашиныг 1 сар гаруйн хугацаанд ашигласан байх бөгөөд түрээсийн төлбөр болон гэрээний урьдчилгаанд нийт 1 036 500  төгрөг нэхэмжлэгчид төлсөн байгаа нь эд хөрөнгийг ашиглах хугацаанд төлбөл зохих хөлсний хэмжээнээс илүү байх тул нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийг шаардах эрхгүй. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01178 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Хгаас 210 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “У-” ХХК-д олгосугай” гэж, 3 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, Б.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид 6950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “У-” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52 290 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                Ч.ЦЭНД