Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 12

 

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч “СУ ” ХХК-ийн гомдолтой,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ж  , Э.Б  нарт холбогдох,

“Татварын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1102201829 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “СУ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э , хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ж  , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын татварын улсын байцаагч, хуулийн мэргэжилтэн Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “СУ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бо шүүхэд гаргасан гомдол болон гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Э.Ж  , Э.Б  нар нь “СУ ” ХХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №1102201829 дугаартай шийтгэлийн хуудсаар 168 068 581 төгрөгийн зөрчилд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Татварын улсын байцаагч “СУ ” ХХК-ийн гаргасан зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.2, 74.3 дахь заалтуудын дагуу,

2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын, ногдуулалт, төлөлтийн тайланд 10 435 591 төгрөгийн орлогыг тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 1 043 559 төгрөгийн нөхөн татвар, 313 068 төгрөгийн торгууль, 242 627 төгрөгийн алданги ногдуулах шийтгэл,

2013 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын, ногдуулалт, төлөлтийн тайланд 6 978 991 төгрөгийн анхан шатны баримтгүй төлөлтгүй падаан тусгасан зөрчилд 697 899 төгрөгийн нөхөн татвар, 209 370 төгрөгийн торгууль, 348 950 төгрөгийн алданги ногдуулах шийтгэл,

2016 онд 357 440 төгрөг, 2017 онд 432 143 төгрөгийн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 60-420 хоног саатуулж хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 185 736 төгрөгийн торгууль, 92 868 төгрөгийн алданги ногдуулах шийтгэл, 2017 онд 4 266 234 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хоног саатуулж хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 426 623 төгрөгийн торгууль, 213 312 төгрөгийн алданги ногдуулах шийтгэл,

2015 оны 12 сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд 145 598 182 төгрөгийн хий бичилттэй Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 14 559 818 төгрөгийн нөхөн татвар, 4 367 945 төгрөгийн торгууль, 6 042 324 төгрөгийн алданги ногдуулах шийтгэлийг тус тус оногдуулсан байна.

“СУ ” ХХК-ийн зүгээс Татварын улсын байцаагч Э.Ж  , Э.Б  нар "СУ ” ХХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №1102201829 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын холбогдох хуулийг зөв хэрэглээгүй, үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.

2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөн байгуулагдаж хасагдсан Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэсэн заалтыг баримтлан мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4 дэх хэсэгт “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт “татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэсэн хуулийн заалтыг хэрэглэсэн.

Мөн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”, мөн хуулийн 1.5 дугаар зүйл “Хөөн хэлэлцэх хугацаа”, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөн найруулагдаж хасагдсан Татварын ерөнхий хуулийн зүйл заалт зэрэг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй.

Түүнчлэн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс дагаж мөрдсөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан заалт болон бусад заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна.

“СУ ” ХХК-нд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж тогтоогоогүй, өөр компанид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад Нийслэлийн прокурорын тогтоолыг үндэслэн компанийг хуурамч падаан ашигласан гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх “МГЭИ ” ХХК-иас мөнгөө төлж бараа авсан.

Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Э.Ж  , Э.Б  нарын “СУ ” ХХК-д холбогдуулан гаргасан 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1102201829 дугаартай “шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан, одоо энэ шаардлагаа Татварын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1102201829 дугаартай “шийтгэлийн хуудас”-нд бичигдсэн 5 дахь заалтыг хүчингүй болгуулмаар байна” гэжээ.

 

Хариуцагч Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ж  , Э.Б  нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч Э.Ж   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын Ерөнхий газрын даргын баталсан 2017 оны эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөө, Цагдаагийн Ерөнхий газрын  Эрүүгийн Цагдаагийн албаны  Эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10д30/827 тоот албан бичиг, Татварын Ерөнхий Газрын даргын 2017 оны 01 сарын 02-ний өдрийн А/03 дугаар тушаалаар «Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж», Татварын хяналт шалгалт хийх 11180300020 дугаар бүхий томилолтоор 2018 оны 05 сарын 07-ний өдөр татварын хяналт шалгалтыг Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Э.Ж  , Э.Б  нар 2799898 тоот регистрийн дугаартай “СУ ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу №1102201829 тоот дугаар бүхий хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудсыг үйлдсэн.

“СУ ” ХХК-ний зөрчил гаргасан хугацаа нь 2013, 2015, 2016 онуудад гаргасан зөрчил байх бөгөөд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэсэн заалтын дагуу дээрх онд дагаж мөрдөж байсан Татварын Ерөнхий хуулийн 74 дэх заалтын дагуу шийтгэлийн хуудсыг гарган татвар төлөгчид хариуцлага хүлээлгэсэн. 2015 оны 12 сарын 04-ний өдөр өөрчлөн найруулагдаж шинэчлэгдсэн хуулийн заалт нь “4 дүгээр зүйл. Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн байх тул 2013, 2015, 2016 онуудад дагаж мөрдөж байсан ТЕХ-ийн 74 дүгээр зүйлийн заалтуудыг хэрэглэсэн.

Зөрчлийн тухай хуулийн 1.5.8. Зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тогтоосон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө. Татварын Ерөнхий Хуулийн 11.1 Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй болно. 2017 онд гаргасан 4,266,234 төгрөгийн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19-д заасан заалтыг баримтлан шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэсэн.

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйл. Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна. 10 дугаар зүйлийн 10.1 дэх Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна. Мөн хуулийн 10.3.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна гэж заасны дагуу “СУ ” ХХК-ийн гаргасан захиргааны зөрчилд эрх бүхий албан тушаалтан нь өршөөлд хамруулах үндэслэлгүй.

Иймд 2018 оны 05 сарын 07-ны өдөр “СУ ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу 1102201829 тоот дугаар бүхий хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөр нь хууль зүйн үндэслэлтэй болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор “МГЭИ ” ХХК нь бусдад бараа материал худалдан борлуулдаггүй гэдэг нь тогтоогдсон. “Д ” ХХК болон “МГЭИ ” ХХК-иудын захирал нь нэг Батсуурь гээд эмэгтэй захирал байгаа. Энэ компаниуд нь бодитой үйл ажиллагаа явуулдаггүй, цаасан дээр үйл ажиллагаа явуулдаг компани. Анх Татварын албанаас эрсдэл тооцогдоод Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаад худалдан авагч компани өөрсдийн төсөвт төлөх худалдан авалтын борлуулалтын орлогоосоо хасаж тооцож, худалдан авалт хийсэн мэтээр бичилт хийж татвараа бууруулж байна гэсэн Эрүүгийн Цагдаагийн албанаас манай татвар дээр шалгалт хий гэж бичиг ирсэн. Үүний дагуу “МГЭИ ” ХХК-иас худалдан авалт хийсэн “СУ ” ХХК-ийг шалгасан. “МГЭИ ” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2017 онд шалгаад 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Татварын улсын байцаагчийн дүгнэлтээр энэ компани бусдад татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгож болзошгүй байна гэсэн дүгнэлт ирүүлээд Эрүүгийн журмаар шалгуулъя гээд өгч байсан. Энэ талаар Эрүүгийн цагдаагийн газар 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн бичгээр Татварын Ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газар эрүүгийн 201725020896 дугаартай хэрэгт авагдсан Татварын арга зүйн хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 340000494 дугаартай, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтүүд, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдсон. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс “Д ” ХХК-тай холбогдуулж дүгнэлт үйлдсэн. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс “МГЭИ ” ХХК-тай холбогдуулж дүгнэлт үйлдсэн. Татварын Ерөнхий газраас энэ компаниуд хий бичилт хийж өөрийнхөө төсөв төлөвлөгөөнөөс хасаж тооцсон байж болзошгүй байна гэсэн бичиг ирснийг үндэслээд Өмнөговь аймгийн Татварын хэлтэст 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаартай бичгийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу дээд газраас ирсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Татварын улсын байцаагч нар хялбаршуулсан журмаар зөрчил шалгах ажиллагааг эхлүүлээд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудас үйлдсэн шийдвэр гарсан. Гол зүйл нь “МГЭИ ” ХХК бараа ажил үйлчилгээ огт борлуулдаггүй, гаалийн мэдүүлгийг хуурамчаар үйлдэж гааль төлсөн гэдгийг 10 дахин өсгөж бусдад Нэмэгдсэн өртгийн албан татвартай бараа, ажил үйлчилгээ худалдан борлуулдаг мэтээр падааныг зарсан ийм асуудал байгаа. Энэ бол тогтоогдсон зүйл. НӨАТ төлөгч биш аж ахуй нэгжээс авсан нөхцөлд улсын төсөвт төлөх ёстой байсан борлуулалтын орлогоосоо хасаж тооцдоггүй. Тэгэхээр компанийн хувьд ямар нөхцөл байдал ашигтай вэ гэхээр бараа, ажил үйлчилгээг НӨАТ-гүй үнээр аваад падаан бичээд өөрийн тайландаа тусгахаар өөрийнх нь төсөвт төлөх борлуулалтын орлого нь буурч байгаа учраас аж ахуй нэгжээс падаан бичүүлж аваад өөрийн тайландаа тусгаад борлуулалтын орлогоо бууруулдаг. Ийм зүйлүүд маш их хавтгайрсан байсан учраас үүний Цагдаагийн газар, Татварын ерөнхий газар хамтран шалгаад худалдан авалт хасалт хийсэн компаниуд дээр хохирол нөхөн төлүүлэх арга хэмжээ хэрэгжүүлээд явж байгаа. Үүний дүнд шийтгэлийн хуудас үйлдэгдсэн байгаа. Татвар төлөгчийн зүгээс тайлбарлахдаа бид бараа, ажил үйлчилгээ авсан. Татварын улсын байцаагч нар худалдан авалт нь бодитой бус байна гэж ярьж байгааг ойлгохгүй байна гэдэг. Гэхдээ бодитоор худалдан авалт хийгдсэн авч байгаа цемент, тоосго, барилгын материал нь гаальд мэдүүлж НӨАТ төлөөгүй бараа бүтээгдэхүүн байдаг. Үүнийгээ НӨАТ шингэсэн мэтээр тайлагначихаар НӨАТ шингээгүй бараа бүтээгдэхүүнийг НӨАТ төлөөгүй байж хасах тухай ойлголт байхгүй. Тийм учраас бидний гол акт тогтоогоод байгаа зүйл нь НӨАТ шингэсэн бараа, ажил үйлчилгээ дээр хасалт хийх гэдэг зүйл нээлттэй байна. “СУ  ХХК-ийн хувьд борлуулалтын орлого гээд НӨАТ-ын борлуулалтын орлого байгаа нөгөө талд нь худалдан авалтын хасалт гээд мөнгөн дүн байж байгаа. Зах зээл дээрээс НӨАТ төлөгч аж ахуй нэгжийн хувьд худалдан авалтаа НӨАТ-тай үнээр хийдэг. Бид талх авлаа гэхэд НӨАТ-тай авч байгаа. НӨАТ-тай авч байгаа учраас худалдан авагч худалдан авалтад хийхдээ НӨАТ төлж байна гэсэн үг. Нөгөө талд нь бизнесийн үйл ажиллагаа явуулаад борлуулалтын орлого олж байгаа тэр НӨАТ-өөсөө худалдан авалт хийсэн НӨАТ-өө хасаж тайлангаараа тооцоо хийж явдаг. НӨАТ-ын бусад татвараас ялгагдах онцлог нь энэ юм. Тиймээс хасалт хийх үндэслэлгүй юм. Татварын улсын байцаагийн акт тогтоосон бас нэг үндэслэл нь сар бүрийн 10-ны дотор гаргаж байгаа тайлан дээр 51 дүгээр мөр дээр худалдан авалтын хасалт буюу улсын төсөвт хохирол учруулж байгаа мөнгөн дүн нь тавигдсан байгаа. Тэгэхээр үйл ажиллагаагаа яаж хэрэгжүүлсэн бэ гэхээр НӨАТ-ын тайлангаараа хассан. Мөн анхан шатны баримтууд болон Эрүүгийн цагдаагийн газар, Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн тогтоол дээр хий бичилттэй аж ахуй нэгжүүдэд бусдад падаан тараадаг юм байна гэдэг нь тогтоогдсон учраас манай шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагч “СУ ” ХХК нь Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Ж  , Э.Б  нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1102201829 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргасан боловч  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э  дээрх шийтгэлийн хуудсаар оногдуулсан /5 зөрчилд/ тав дахь заалтыг хүчингүй болгуулна гэж, бусад 4 зөрчилд оногдуулсан шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна гэж шүүх хуралдаан дээр тайлбарлан тодруулав.

Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ж  , Э.Б  нарын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1102201829 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “СУ ” ХХК-ийг

1. 2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын, ногдуулалт, төлөлтийн тайланд 10,435,591 төгрөгийн орлогыг тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 1,043,559 төгрөгийн нөхөн татвар, 313,068 төгрөгийн торгууль, 242,627 төгрөгийн алданги ногдуулах,

2. 2013 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд 6,978,991 төгрөгийн анхан шатны баримтгүй төлөлтгүй падаан тусгасан зөрчилд 697,899 төгрөгийн нөхөн татвар, 209,370 төгрөгийн торгууль, 348,950 төгрөгийн алданги ногдуулах, 

3. 2016 онд 357,440 төгрөгийн, 2017 онд 432,143 төгрөгийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг 60-420 хоног саатуулж хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 185,736 төгрөгийн торгууль, 92,868 төгрөгийн алданги ногдуулах,

4. 2017 онд 4,266,234 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хоног саатуулж хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 426,623 төгрөгийн торгууль, 213,312 төгрөгийн алданги ногдуулах,

5. 2015 оны 12 сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд 145,598,182 төгрөгийн хий бичилттэй Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 14,559,818 төгрөгийн нөхөн татвар, 4,367,945 төгрөгийн торгууль, 6,042,324 төгрөгийн алданги ногдуулах /нийт 168,068,581 төгрөгийн зөрчилд 16,301,276 төгрөгийн нөхөн татвар, түүнд 5.502.742 төгрөгийн торгууль, 6,940,081 төгрөгийн алданги ногдуулсан/ шийтгэлийг тус тус оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн байна.

Дээрх шийтгэлийн хуудсаар зөрчил /1-4/-д оногдуулсан нийт төлбөрөөс 1,741,458 төгрөгийн нөхөн татвар, 1,134,797 төгрөгийн торгууль, 897,757 төгрөгийн алданги нийт 3,774,012 төгрөгийн төлбөрийг төлөхөө зөвшөөрөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр илэрхийлсэн, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ талаар маргаагүй тул эдгээр асуудалд болон холбогдох баримтуудад дүгнэлт хийгээгүй болно.

Гомдол гаргагч талаас “...шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа хууль буруу хэрэглэсэн, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөгдөж хасагдсан Татварын ерөнхий хуулийн 74.1.4, 74.2, 74.3 гэсэн заалтуудыг хэрэглэсэн, худалдан авалт хийсэн падааныг хуурамч гэдгийг шалгаж тогтоож, тодруулаагүй, шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад Цагдаагийн ерөнхий газрын албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын тогтоолыг үндэслэн хий бичилттэй падааныг худалдан авалтад тусгаж татвар ногдох орлого бууруулсан гэж үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан” гэж,

Хариуцагч талаас “...хий бичилттэй падаан тараасан нэр бүхий 2 компанийн үйлдлийг холбогдох байгууллагууд шалгаж тогтоосон тул энэ компанийн гаргасан 145,598,182 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу нөхөн татвар, торгууль, алданги ногдуулах үндэслэлтэй...” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан.

Зөрчлийн тухай хуулийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл хуулийн этгээдийн гаргасан зөрчилд шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчил үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэхээр зохицуулсан байх бөгөөд маргаан бүхий шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсэгт “...гаргасан зөрчил нь ТЕХ 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.2, 74.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2-т заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж бичсэнээс үзвэл Татварын ерөнхий хууль /2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан/, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх болсон Зөрчлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль болон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг өөрчилсөн “Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай” 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан хуулиудын аль хуулийг хэрэглэж шийтгэл оногдуулах болсон үндэслэлээ шийтгэлийн хуудсанд заагаагүй байна.

Мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол,” 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол”, 2-т “Зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдэгдсэн тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж...” гэж заажээ.

Хуулийн заалтыг маргааны үйл баримттай холбон тайлбарлавал, татвар төлөгч татварын улсын байцаагч нарын хянан шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн, ногдуулж буй шийтгэлийг биелүүлэхээ илэрхийлсэн, зөрчлийн үйл баримттай маргаагүй тохиолдолд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр зохицуулжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар татварын улсын байцаагч нарын маргаан бүхий дээрх шийтгэлийн хуудсаар ногдуулж буй зөрчлүүдийг холбогдогч хүлээн зөвшөөрөөгүй, зөрчлийг гаргаагүй гэж маргаж байсан нь тогтоогдож байна. Энэхүү үйл баримт нь маргаан бүхий акт болох Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ж  , Э.Б  нарын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1102201829 дугаар шийтгэлийн хуудас, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээс[1] нотлогдож байх тул хариуцагч талаас шүүх хуралдаан дээр гаргасан дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Иймээс татварын улсын байцаагч нар “СУ ” ХХК-ийн татварын зөрчилтэй холбоотой асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 6.7 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ” гэж заасны дагуу зөрчлийн хэрэг нээж /шийтгэлийн хуудсанд бичигдсэн 5 дахь зөрчилд холбогдуулан/, хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Мөнхцэцэгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаар шинжээчийн дүгнэлт нь Р.Батсуурьд холбогдох эрүүгийн хэргийн санхүүгийн баримтад шинжилгээ хийсэн дүгнэлт байна.

Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 53 дугаар 53.2-т “Татварын бүртгэлд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, хураалт, өрийг анхан шатны баримтад үндэслэн бүрэн тусгана” гэж заасныг татварын улсын байцаагч нар зөрчин зөвхөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт, арга зүйн газрын дарга С.Б д явуулсан 2018 оны 02 дүгээр сарын 05-ны өдрийн 10и-3/827 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 тоот албан бичиг,  Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 дугаар дүгнэлт, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоол зэргийг[2] үндэслэн шийтгэл ногдуулсан нь хууль бус болно.

Өөрөөр хэлбэл, дээрх баримтууд нь зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй болсон гэсэн үндэслэлд хамаарахгүй гэж үзлээ.

Нэгэнт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй байхад гаргасан татварын улсын байцаагчийн маргаан бүхий “шийтгэлийн хуудас”-ыг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр “СУ ” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ж  , Э.Б  нарын тогтоосон 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1102201829 дугаар шийтгэлийн хуудасны 5 /тав/ дахь заалтыг хүчингүй болгож, “СУ ” ХХК-ийн төлөх нийт төлбөрөөс 14,559,818 төгрөгийн нөхөн татвар, 4,367,945 төгрөгийн торгууль, 6,042,324 төгрөгийн алданги зэргийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11:30 цагт хийхээр товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаатар, хариуцагч Э.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д  нарт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд оролцогчид хэргийг шийдвэрлүүлэх, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан/ 53 дугаар зүйлийн 53.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “СУ ” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ж  , Э.Б  нарын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1102201829 дугаар шийтгэлийн хуудасны 5 /тав/ дахь заалтыг хүчингүй болгож, “СУ ” ХХК-ийн төлөх нийт төлбөрөөс 14,559,818 төгрөгийн нөхөн татвар, 4,367,945 төгрөгийн торгууль, 6,042,324 төгрөгийн алданги зэргийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Ж  , Э.Б  нараас тус бүр 35100 төгрөгийг тус тус гаргуулж гомдол гаргагч “СУ ”ХХК-нд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           С.ОТГОНЦЭЦЭГ

 


[1] Хэргийн 5 дахь хуудас, хэрэгт авагдсан 1102201829 дугаартай зөрчлийн хэргийн 2-3, 85-88  дахь хуудас

[2] хэрэгт авагдсан 1102201829 дугаартай зөрчлийн хэргийн 73-76, 79-80, хэргийн 94-105  дахь хуудас