Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01931

 

С.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01058 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1725 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч С.Ч-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ЦЕГ-т холбогдох,

Цагдаагийн газрын эрэн сурвалжилж байгаа иргэний мэдээллийн сангаас нэр хасуулах, нэр хүнд гутаасан болон эрүүл мэндэд учирсан хохирол 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Намайг шүүхийн шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжилж, мэдээллийн санд оруулжээ. Тухайн үед намайг эрэн сурвалжлах шаардлагагүй болох нь 1986 оноос хойш 30 жил тогтвортой оршин сууж байгаа талаар засаг захиргааны албан тодорхойлолт, зээлийн өр төлбөрөө төлсөн тухай 1999 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны 4888 дугаар шийдвэрээр нотлогдоно.

Энэ тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах ахлагч Ж.Болорчулуунд танилцуулсан боловч үл хайхарч эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгөөгүйн улмаас нэр хүндэд халдаж, удаа дараа хууль бусаар саатуулан баривчлагдаж, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол учруулсаар байна. Ийнхүү намайг эрэн сурвалжилж байгаа гэж зарласнаас хойш удаа дараа баривчилж, саатуулсны улмаас зүрхний хэвийн ажиллагаа алдагдан, цусны даралт ихдэж, 2 удаа эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн. Тухайлбал, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаад журамлагдсаны улмаас миний сахар ихсэж, “Бумаа санаа” эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн, эмчилгээний зардал 495 000 төгрөг болсон. 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн тойрог орчим Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн ахлах ахлагч н.Ганболд машины бичиг баримт шалгахдаа та улс орон даяар эрэн сурвалжлагдаж байгаа хүн байна гээд саатуулсан. Тухайн үед миний даралт 200 хүрч, биеийн байдал эрс муудсан учраас “Манба Дацан” эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн.

Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрүүдэд ЦЕГ- болон Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хэв журмын хэлтэст 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга тэргүүн комиссар Р.Чингис нарт өргөдөл гаргаж байсан боловч хариу өгөөгүй. Цагдаагийн байгууллага хууль тогтоомжийг хангаж ажиллана гэсэн хуулийн заалт байдаг. Намайг 4 жил 1 сарын хугацаанд гэм буруутан хэмээн зарлаж, миний хувийн болон ажил хэргийн нэр хүндийг гутааж, хууль бусаар баривчлагдсаны улмаас хоёр удаа эмнэлэгт хэвтэхдээ эмнэлгийн төлбөр болон эмийн зардалд 2 000 000 төгрөг зарцуулсан. 

Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжилж байгаа иргэний мэдээллийн сангаас нэр хасуулах, эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 2 000 000 төгрөг, нэр төрийг гутаагдсан, сэтгэл санааны хохиролд 13 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар цагдаагийн байгууллага эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг явуулах зохицуулалттай. Цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа АSAP мэдээллийн сан ашиглагдаг. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байгаа болон эрх бүхий албан тушаалтнаас эрэн сурвалжлахыг даалгасан этгээдийн талаарх нэгдсэн мэдээллийн санг өөрийн үйл ажиллагаанд ашиглаж, албан хаагчдыг мэдээллээр хангах, эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулдаг.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2812-б дугаар шийдвэрээр С.Ч-ыг эрэн сурвалжилж, уг ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалгасан. С.Ч-ыг эрэн сурвалжлах тухай мэдээллийг АSAP санд бүртгэгдсэн байсан бөгөөд цаашид эрэн сурвалжлах шаардлагагүй нөхцөл байдал бий болсон үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эрэн сурвалжлалтыг зогсоосон байна. С.Ч-ын эрэн сурвалжлалт зогсоогүй нь цагдаагийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа байгаа. Нэхэмжлэгч энэ тухай цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байсан байдаг. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс уучлал хүсч байсан баримт байдаг. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу С.Ч-ыг эрэн сурвалжилж байсан ажиллагаатай холбоотой баримтууд олдохгүй байна. Эрэн сурвалжлах үндэслэл арилсан ч мэдээллийн санд хадгалагдаж байдаг юм. Энэ нь С.Ч-т эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.

Сэтгэл санааны хохирол гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь цагдаагийн эрх бүхий ажилтан түүнийг шалгасны улмаас түүний алдар нэр, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол учирсан нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01058 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 1 043 000 /нэг сая дөчин гурван мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ч-т олгож, нэхэмжлэлээс Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжилж байгаа иргэний мэдээллийн сангаас нэр хасуулах, эдийн болон эдийн бус гэм хорын хохиролд 13 957 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ч-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 150 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас 29 582 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ч-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1725 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01058 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Баривчилгааны улмаас эмнэлэгт хэвтэтлээ эрүүл мэнд нь доройтсон хүний сэтгэл санаа ямар их хямарч гүнзгий өөрчлөлт орсон нь хэнд ч ойлгомжтой зөвхөн ганц удаагийн жишээ хэлэхэд 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дөлгөөн нуурын авто пост дээр цагдаагийн ахлах ахлагч Ганболд намайг шавь нартайгаа хамт явж байхад журамлаж үүний улмаас эмнэлэгт хэвтсэний зэрэгцээ багш хүн шавь нарынхаа дэргэд улс орон даяар эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн гэгдэж саатуулагдах нь хувийн болон ажил хэргийн нэр хүндийн хувьд ямар их хохирол учирч буйг шүүх анхаарч үзээгүй нь гайхаш төрүүлж байна. Анхан шатны шүүх миний биеийг хохирох нэр хүндтэй ажил хийдэг хүн гэдгээ тодорхойлон ир гээд миний ажил байдлын тодорхойлолт, шагнал урамшууллын бүх үнэмлэх баримтыг гаргуулж нотариатаар батлуулж авсан нь иргэн надаар тохуурхсан хэрэг үү эсвэл намайг хохирох нэр төргүй хүн гэж үзсэн үү гэдэг нь ойлгомжгүй байна. Миний бие ардчилсан Монгол улсын бүрэн эрхт иргэн. Гэтэл миний биеийг ямар ч буруугүй байхад улс даяар зарлаж 4 жил гаран хугацаанд удаа дараа хилсээр баривчилж саатуулж хэл амаар доромжилж байгаа нь миний нэр хүндэд хохирол учраагүй гэж үзэх нь Монгол улсын Үндсэн хууль, Олон Улсын хүний эрхийн тунхагийг ноцтой зөрчиж иргэний нэр хүнд, эрх эрх чөлөөг үл хүндэтгэсэн гажуудал гэж үзэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээс нэр хүнд, сэтгэл санааны хохирол тогтоогдохгүй байна гэсэн хэсгийг хүчингүй болгож, миний сэтгэл санаа, нэр хүндийн хохирлыг хуулийн дагуу барагдуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх заалтыг үндэслэн миний анхан шатны шүүх дээр төлсөн тэмдэгтийн хураамж 303 150 төгрөгийг буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Анхан болон давж заалдах шатны шүүхээс С.Ч- цагдаагийн алба хаагчийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас зүрхний хэмнэл алдагдсан гэх боловч 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Бумаа санаа”, 2015 оны 03 дугаар сарын 30-ний өдөр “Манба дацан” эмнэлэгт хэвтсэн цагдаагийн албан хаагч саатуулсан гэх үйлдэл хоорондоо ямар шалтгаант холбоотой байгаа нь тодорхойгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.Ч- нь ЦЕГ-т холбогдуулан эрэн сурвалжилж байгаа иргэний мэдээллийн сангаас өөрийн нэрээ хасуулах, эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 2 000 000 төгрөг, нэр төр гутаагдсан, сэтгэл санааны хохиролд 13 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ЦЕГ- шаардлагыг эс зөвшөөрч, С.Ч-ыг эрэн сурвалжлах шаардлагагүй болсон тул 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эрэн сурвалжлалтыг зогсоосон, цагдаагийн эрх бүхий ажилтан түүнийг шалгасны улмаас түүний алдар нэр, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол учирсан нь тодорхойгүй, гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлдөг гэж нэхэмжлэлийг татгалзжээ.  

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч С.Ч- нь “Мөнх” ХЭАА-г ажиллуулж байхдаа 1997 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 3 сая төгрөгийн зээл авч, уг зээлийг төлсөн болох нь С.Ч-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 40 400 000 төгрөг гаргуулах тухай  Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4888 дугаар шийдвэрээр тогтоогджээ.

С.Ч-ыг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох үндэслэл 2014 оны 09 дүгээр сард бий болсон байхад хариуцагч байгууллага нь энэ талаар мэдээллийн санд мэдээлэл оруулаагүй, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоогоогүйгээс нэхэмжлэгч 2014, 2015, 2018 онд албадан саатуулагдаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Дээрх байдлаар хариуцагчийн буруутай ажиллагаанаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзсэн хоёр шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлээс 1 043 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 13 957 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, сэтгэл санааны буюу эдийн бус хохирлыг мөнгөөр арилгуулах шаардлагыг хангах боломжгүй гэж үзжээ. Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд энэ төрлийн гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой юм. Эдийн бус гэм хорыг арилгах Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн зохицуулалт нь зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит байдалд нийцээгүй мэдээ тараасан этгээдэд хамааралтай байх ба зөвхөн энэ тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүрэг хүлээдэг байна.

Шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна. Харин анхан шатны шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9., 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг буцаан гаргуулаагүй нь алдаатай болсон ба энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хууль бусаар түр саатуулах арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх учиртай ба хуульд чөлөөлөхөөр заасан үйлчилгээнээс хураасан тэмдэгтийн хураамжийг буцаан олгох ёстой.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1725 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01058 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.” гэсний дараа “41 дүгээр зүйлийн 41.1.9., 44 дүгээр зүйлийн 44.1.2.” гэж нэмэн, “улсын төсвийн дансанд хэвээр үлдээж” гэснийг “улсын төсвийн данснаас буцаан олгож” гэж, “нэхэмжлэгч С.Ч-т олгосугай” гэснийг “улсын төсвийн дансанд оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргахдаа төлсөн 227 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

                        ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН