| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 183/2016/01912/И |
| Дугаар | 1225 |
| Огноо | 2017-05-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 1225
| 2017 05 26 | 1225 |
Ө.Элбэгжаргалын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00536 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Ө.Элбэгжаргалын нэхэмжлэлтэй
Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазарт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 220 000 төгрөг гаруулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай хэргийг
Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ө.Элбэгжаргал
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюундэлгэр
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Ө.Элбэгжаргалын нэхэмжлэлийн шаардлага болон түүний өмгөөлөгчийн тайлбарт: Би 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар томилогдон ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Би 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс ээлжийн амралтаа авч, 11 дүгээр сарын 07-ны өдөр амралтын хугацаа дуусч ажилдаа орсон. Тухайн өдөр хүний нөөцийн даргатай уулзахад чамайг ажлаас чөлөөлнө, өргөдлөө өг гэсэн. Маргааш нь байгууллагын дарга дуудаад би өөрийн багаа бүрдүүлнэ, хэвлэлийн ажилтнаар өөрийн хүнийг томилох тул өргөдлөө өг гэсэн. Би өргөдөл өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл 11 дүгээр сарын 11-ний өдөр тушаал гарсан, ажлаа хүлээлц гээд комисс орж ирэхээр нь тушаалтай танилцана гэсэн. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 14-нд тушаалтай танилцахад намайг албан тушаал бууруулж, нэгдүгээр баазад шалгагчаар шилжүүлэн томилсон байсан.
Уг Б/1153 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй, ажилтныг шилжүүлэх болсон шалтгаан үндэслэл нь тодорхойгүй, зөвхөн Хөдөлмөрийн дотоод журмын 7.5.1-д заасныг баримталсан байна. Хэрэгт авагдсан тус байгууллагын дотоод журмаас үзвэл бүтэц орон тооны өөрчлөлтөөр, ажлын нөхцөл байдлын шаардлагаар ажилтныг өөр ажилд шилжүүлж болохоор заасан ч нэхэмжлэгч Ө.Элбэгжаргалыг шилжүүлсэн дээрх тохиолдолд аль нь ч нийцэхгүй байна. Тус байгууллагад бүтэц орон тооны өөрчлөлт хийгдээгүй, ажлын зайлшгүй шаардлага гарсан болохоо хариуцагч баримтаар нотлоогүй. Мөн ажилтныг шилжүүлэн ажиллуулах талаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 32-34 дүгээр зүйлд заасан үндэслэл бий болоогүй байхад үндэслэлгүйгээр шилжүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.3-т заасан ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглосон заалтыг байгууллага зөрчсөн. Иймд тус байгууллагын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/1153 дугаар тушаал үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар эгүүлэн тогтоож өгнө үү. Дээрх тушаал гарснаас хойш цалин хөлс олгоогүй тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан хүртэл ажилгүй байсан 92 хоног, нэг өдрийн цалинг 35 000 төгрөгөөр тооцож нийт 3 220 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын шүүхэд гаргасан тайлбарт: Ө.Элбэгжаргал нь манай байгууллагад 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр А/291 дүгээр тушаалаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар ажилд орсон. Нэхэмжлэгч улс төрч мэргэжилтэй бөгөөд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангахгүй байсан. Мөн тус байгууллага ажилтныг захиргааны санаачилгаар өөр ажилд шилжүүлэх эрх Хөдөлмөрийн дотоод журмын 7.5.1-д заасан бөгөөд ажлын зайлшгүй шаардлага байсан тул түүнийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/1153 дугаар тушаалаар өөр ажилд шилжүүлсэн. Ингэснээр түүнийг ажлын байраар хангасан хэвээр байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ө.Элбэгжаргалыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтны ажилд эгүүлэн тогтоож, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 2 835 000 /хоёр сая найман зуун гучин таван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Элбэгжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 385 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Элбэгжаргалын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих журмын дагуу баталгаажилт хийхийг хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 60 310 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ө.Элбэгжаргал давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдаж байна. Нэхэмжлэгч би ажлын нэг өдрийн цалингийн тооцооллоо буруу бодсоныг шүүх шийдвэр гаргахдаа "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ыг баримтлан 1 өдрийн цалинг 56 694 төгрөгөөр бодсон атлаа нэхмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тооцон бодож Ө.Элбэгжаргал миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.
ИХШХШТХуулийн 40-р зүйлийн 40.1-д "...нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцүүлан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэсний дагуу үнэлж шийдвэрийг нэхэмжлэгч миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр гаргах боломжтой байсан гэж үзэж байна.
Иймд Ө.Элбэгжаргал би ажилгүй байсан хугацааны цалин болох 4 592 214 төгрөгөөс шүүхийн шийдвэрт тусгагдаагүй үлдсэн 1 757 214 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байгаа түл анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үлдсэн 1 757 214 төгрөгийг нэмж нийт 4 592 214 төгрөгийг олгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээнэ үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй байна.
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ -ын даргын 2016 оны 11 сарын 11-ний өдрийн Б/1153 дугаар тушаалын 1 дэх заалтаар Ө.Элбэгжаргалыг Олон нийттэй харилцах ажилтны албан тушаалаас 2016 оны 11 сарын 11-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс шалгагчийн албан тушаалд томилсон. 2 дахь заалтаар Элбэгжаргалын сарын цалинг 437 500 төгрөгөөр тогтоосон.
Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч уг тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дээрх Б/1153 дугаар тушаалыг хүчингүй болгоогүй. Өөрөөр хэлбэл 2016 оны 11 сарын 11-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Ө.Элбэгжаргалыг шалгагчаар ажиллуулах тухай тушаалын заалт болон сарын цалингийн хэмжээг тогтоосон заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шалгагчийн ажлын байрыг орхих эрх үүсэхгүй. Ажлын байрыг орхих тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 119 дүгээр зүйлд зохицуулсан байна. Сүүлийнх нь ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах байгууллагын гишүүдийн буюу нийт ажилчдын хурлаас гарсан шийдвэр байх ёстой. Ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халсан өдрөөс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан өдөр хүртэл хугацаанд тооцох ёстой. Ингэхдээ нэхэмжлэгч нь шалгагчийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан байх тул уг албан тушаалын цалин 437 500 төгрөгийг нэхэмжилсэн цалингаас хасч тооцох нь зүйтэй.
Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ажлаас халсан хугацаанаас өмнөх 8, 9, 10 дугаар сарын цалинг үндэслэлгүйгээр их хэмжээгээр тооцож гаргасан нь буруу байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Ө.Элбэгжаргал хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3 220 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-тай 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/1291 тоот тушаалаар хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнаар ажиллаж байхад нь ажил олгогч тал 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/1153 дугаар тушаалаар дээрх ажлаас нь чөлөөлж, 1 дүгээр баазад шалгагчаар шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.
Хариуцагчийн “нэхэмжлэгч нь улс төрч мэргэжилтэй, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй учраас өөр ажилд шилжүүлсэн” гэх тайлбар үндэслэл муутай байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Хариуцагчийн “анхан шатны шүүх Б/1153 дугаар тушаалыг хүчингүй болгоогүй тул нэхэмжлэгчийг шалгагчаар ажиллуулах тушаал хүчин төгөлдөр үйлчилж байхад тэрээр ажил тасалсан, мөн 8, 9, 10 дугаар сарын цалинг үндэслэлгүйгээр их хэмжээгээр тооцсон” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 220 000 төгрөг гаруулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан Б/1153 дугаар тушаал хүчингүй болгох хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул дээрх тушаалыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох шаардлагагүй.
Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтны ажлын байранд сард 770 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан, хариуцагч ажилтантай харилцан тохиролцолгүй цалинг бууруулж, өөр ажилд шилжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байх тул нэхэмжлэгчийг шалгагчийн ажлыг тасалсан гэж үзэхгүй.
Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан "дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сар болох 8, 9, 10 дугаар сарын цалин, 6, 7, 8 дугаар сарын цалин хөлсний дундажтай ойролцоо байх бөгөөд ажилтны дундаж цалин хөлсийг үндэслэлгүйгээр их хэмжээгээр тооцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь шүүхийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тооцож ажилгүй байсан хугацааны олговроос 1 757 214 төгрөгийн олговор дутуу гаргасан гэж гомдол гаргажээ. Шүүх ажилтны нэг өдрийн дундаж цалин хөлсийг 56 694 төгрөг гэж тогтоосон боловч нэхэмжлэгч нэг өдрийн ажлын хөлсийг 35 000 төгрөг гэж тодорхойлсныг түүний ажилгүй байсан 81 хоногоор тооцож 2 835 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэлгүй тул дээрх гомдлыг хангахгүй орхив.
Иймд дээр дурдсан үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00536 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 310 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
А.МӨНХЗУЛ