Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 00016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн иргэн П Б /РМ/-ын нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Я.Т, хяналтын байцаагч П.Д нарт холбогдох “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03 тоот актын 2 дугаар хавсралтын 5 дугаарт заасан П.Б-д холбогдох хэсгийг хууль бус захиргааны актад тооцуулж хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б-д, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагч Я.Т, П.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч П.Б-д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Б.А нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “П.Б-д би 1961 онд төрсөн. Биеийн эрүүл мэндийн шалтгаанаар 2004 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тахир дутуугийн тэтгэвэр авч эхэлсэн бөгөөд Хөвсгөл аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №03 тоот актын 2 дугаар хавсралтын 5 дугаар хэсэгт П.Б-д намайг цэргийн алба хаасан жилийг давхардуулж тооцуулан хууль бусаар хуурамч баримт бичиг бүрдүүлэн тахир дутуугийн тэтгэвэр илүү тооцуулан авч байсан байна гэж буруутган надад 2892100 /хоёр сая найман зуун ерэн хоёр мянга нэг зуун/ төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг би 2018 оны 6 сард актын төлбөр төлөхийг шаардсан сумын нийгмийн даатгалын байцаагчийн амаар шаардсан шаардлагаар мэдсэн. Улмаар би тухайн 03 дугаартай актын эх хувийг, хавсралт хэсгийг гаргуулж танилцахаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргасан бөгөөд тус хэлтсээс актын эх хувийг өгөөгүй, хуулбар хувийг гаргаж өгсөн бөгөөд би уг актыг хүлээн зөвшөөрөхгүй тухайн байгууллагын гомдлын шаардлагын зөвлөлд гомдлоо гаргасан. Тус байгууллага миний гомдлын хариу /хуулбар хувийг/ 2019 оны 1 сарын орчимд манай эхнэр Т-рт Түнэл сумын нийгмийн даатгалын байцаагчаар дамжуулан өгсөн байсныг хүлээн авч танилцаад актыг хүлээн зөвшөөрөхгүй энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нийгмийн даатгалын улсын байцаагч уг актыг тогтоохдоо Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр санаатайгаар тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй илүү тогтоолгож авсан тэтгэврийн төлбөр болох 2892100 төгрөгийг нөхөн төлүүлэхээр болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би санаатайгаар хуурамч баримт бичиг бүрдүүлж улсын хохироогоогүй, би бичиг баримт хүсэлтээ холбогдох албан тушаалтанд өгсөн, миний бичиг баримтыг албан тушаалтан шалгаж хянаад группын тэтгэвэр авах эрх үүсгэж тэтгэвэр тогтоож олгосон болохоос би хууль бус зүйл хийгээгүй. Би захиргааны байгууллагын ажилтны хяналт тавих албан үүрэгт хууль бус байдлаар нөлөөлж, хохирол учруулсан зүйл байхгүй. Аль 2004 оноос хойш 2017 онуудыг хүртэл би тасралтгүй тахир дутуугийн тэтгэвэр авч байсан тухай бүрт мэргэжлийн байгууллага хяналтаа тавиад л иргэн надад тэтгэвэр авах эрхийг үүсгэн олгож байсанд би буруугүй.

Нийгмийн даатгалын байцаагч, эрх бүхий албан тушаалтнууд холбогдох хууль, батлан гаргасан дүрэм журмаа тогтоосон хэлбэр шаардлагаа өөрсдөө мөрдөж ажиллаад л надад тэтгэвэр олгох эрхийг олгож тэтгэвэр өгч байсан байх. Би хууль бусаар дүрэм журам, хууль зөрчөөд санаатайгаар улсын хохироосон гэж үзэхгүй байна. Тухайн байгууллагын хяналтын ажилтан, жил бүр л иргэдийн бичиг баримтад хяналт тавьдаг байх. Төрийн захиргааны албан тушаалтнуудын хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг иргэн надад нялзаан, хариуцлага арга хэмжээ авч их хэмжээний өр төлбөрт унагаж байгаад би гомдолтой байна.

Иймд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03 тоот актын 2 дугаар хавсралтын 5-д заасан П.Б-д надаар 2892100 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсэг нь маргаан бүхий захиргааны акт гэж үзэж байгаа тул холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргаж байна.

... Миний бие Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхэд ажилласан жилд тогтоолгохоор өргөдөл өгөхдөө Д.А шүүгчид цэргийн алба хаасан гэдгээ хэлж байсан. Түнэл сумын нийгмийн даатгалын байцаагч П гуай цэргийн батлахаа аваад ир гэхээр нь аваачиж өгсөн. Цэргийн батлахаа хайгаад олохгүй байж байгаад сүүлд гэрээсээ олсон юм. Би нийгмийн даатгалын байгууллага болон шүүхийг хуурч мэхэлж байгаагүй. П гуайг хэлсэн болохоор нь байгаа баримтаа үнэн зөвөөр нь гаргаж өгсөн.

... П.Б нь Нийгмийн даатгалын байгууллагыг хууран мэхлээгүй, зөвхөн өөрт байсан баримтаа үнэн зөвөөр гаргаж өгсөн. Хэрэв түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэртэй хугацаа, цэргийн алба хаасан хугацаа нь давхардаж байгаа юм бол үүнийг нийгмийн даатгалын байцаагч хянан шалгаад явах боломжтой байсан. Нийгмийн даатгалын байгууллага 2 жил тутамд тэтгэвэр тогтоолт, олголтод хяналт тавьдаг гэсэн. Бүрэн тэтгэвэр авах эрхгүй юм байна гэдгийг эрт илрүүлэх боломжтой байсан. Энэ хүн өөрөө өөртөө тэтгэвэр тогтоож аваагүй, нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоож олгохдоо хяналтаа тавиад явсан бол иргэнийг ийм их хэмжээний өр төлбөрт оруулахгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэжээ.

            Хариуцагч Я.Т, П.Д нар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Аян зохион байгуулах тухай” 2016 оны А/319 дүгээр тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын “Аян зохион байгуулах тухай” 2017 оны А/11 дүгээр тушаалын дагуу хэлтсийн дарга А/01 дүгээр тушаал гаргаж 2017 оны 01 дүгээр сарын 16-наас 03 дугаар сарын 15-ны хооронд манай хэлтэст “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ыг зохион байгуулсан.

Энэ шалгалтаар Түнэл сумын харьяат П.Б-ын тахир дутуугийн №573 дугаартай хувийн хэргийг хянахад 2004 оны 03 дугаар сарын 18-нд тэтгэвэр анх тогтоохдоо шүүхийн шийдвэрээр 1977-01-01-нээс 1994-12-30 хүртэл тогтоосон хугацаа, цэргийн албыг 1979-06-25-наас 1982-08-13 хүртэл хаасан хугацаа хоёрыг давхардуулан тооцож бүрэн тэтгэвэр тогтоосон зөрчил илэрч 2892,1 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхээр /2017 оны 04 дүгээр сарын 24-ний №03 тоот актын 2 дугаар хавсралтын 5 дугаар хэсэг/ улсын байцаагчийн акт тогтоогдсон. Түнэл сумаас П.Б-ын тахир дутуугийн №573 дугаарын хувийн хэргийг хэлтэст татаж, хувийн хэрэгт бүрдүүлсэн баримтыг судлахад:

Түнэл сумын 6 дугаар багт оршин суух П.Б-д нь 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 424 тоот шүүхийн шийдвэрээр ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Түнэл сумын Ялалт нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 30 хүртэл ногоочин, ачигчаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 30 хүртэл Ялалт компанид ногоочин, ачигч зэрэг ажлыг хийж байсан тул улсад ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэж нэхэмжилж, шүүх П.Б-ын хөдөлмөрийн дэвтэр, 1977-1992 онуудад авч байсан цалингийн тодорхойлолт, баярын бичиг, сайшаалын үнэмлэх, гэрч А.П, Ж.Ц, С.Д нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бүрдүүлсэн баримтыг үндэслэж түүний Түнэл сумын Ялалт нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 30 хүртэл Ялалт компанид 1993 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 30 хүртэл ногоочин, ачигчаар ажилласан гэж шийдвэрлэсэн байна.

2004 оны 05 дугаар сарын 21-ний №424 тоот шүүхийн шийдвэрээс харахад П.Б-д шүүхэд нэхэмжлэл гаргахдаа цэргийн алба хаасан хугацаагаа нэхэмжлэлдээ дурдалгүй, шүүхэд хуурамч материал бүрдүүлэн өгч хугацаат цэргийн албыг 1979 оны 06 дугаар сарын 25-наас 1982 оны 08 дугаар сарын 13 хүртэл хаасан хууль ёсны хүчин төгөлдөр баримт бичгээ үнэн зөв мэдүүлээгүй, шүүхэд бүрдүүлэх баримтаас нууж хоцроосон, ажилласан гэж худлаа мэдүүлсэн байна. Энэ нь шүүхийн байгууллага, шүүгчийн хуурсан. Үүний улмаас дээрх шүүхийн шийдвэр буруу гарч даатгалын санг хохироосон байна гэж үзэж акт тавигдсан.

... Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгохоор баримтаа бүрдүүлж өгөхдөө Шүүхийн шийдвэрээр Түнэл сумын Ялалт нэгдэлд 1977 оны 01 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 30 хүртэл, Ялалт компанид 1993 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 30 хүртэл ногоочин, ачигчаар ажиллаж байсныг тогтоолгосон баримттайгаа 1979 оны 06 дугаар сарын 25-наас 1982 оны 08 сарын 13 хүртэл хугацаанд хугацаат цэргийн алба хаасан хүчин төгөлдөр цэргийн батлах ирүүлж, нийгмийн даатгалын байцаагч, байгууллагыг хуурсан байна. Энэ хуурсан байдлыг дараах байдлаар үнэлж байна. Үүнд:

1.Иргэн өөрийн хийсэн ажил, он цагийн түүхээ үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. П.Б-д иргэний үүргээ биелүүлээгүй нь шүүх болон нийгмийн даатгалын байгууллагын байцаагч нарыг алдаа гаргах нөхцлийг бүрдүүлж, материалаа өгсөн. Учир нь 2004 оны 03 дугаар сарын 18-нд Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын актаар хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон.

2.2004 оны 05 дугаар сарын 21-ний №424 тоот шүүхийн шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа цэрэгт байсан хугацаагаа ажилласан байдлаар баримт бүрдүүлж шийдвэр гаргуулсан. Нэхэмжлэлээ худлаа гаргаж, хуурамч баримт бүрдүүлсэн нь дээрх шүүхийн шийдвэрээр бүрэн тогтоогдож байна.

3.Хэлтсийн архивт хадгалагдаж буй Түнэл сумын 2004 оны тэтгэвэр олголтын /бүртгэлд/ массивт 2004 оны 6 сард анх тэтгэвэр олгож эхэлсэн ба тэтгэвэр тогтоохдоо түүний тахир дутуугийн групп тогтоолгосон өдөр буюу 2004 оны 03 дугаар сарын 18-наас шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 18 жил 1 сараар хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоож нөхөн олгосон байна. 2004 оны 07, 08 сард хувь тэнцсэн тэтгэвэр олгосон байна.

4.Гэтэл хувийн хэрэгт аймгийн Цэрэг, иргэний хамгаалалтын штабын 2004 оны 06 дугаар сарын 08-ны 7/835 албан бичгээр “Түнэл сумын иргэн П.Б нь 1979 оны 06 дугаар сарын 20-нд цэрэгт татагдан 1982 оны 06 дугаар сарын 15-нд барилгын цэргийн 021 дүгээр ангид алба хаасан болохыг тодорхойлов” гэсэн утгатай албан бичиг ирүүлсэн байна. Үүнийг нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч энэ цэргийн лавлагаа албан ёсны биш гэж тэтгэврийг хувь тэнцсэнээр үргэлжлүүлж олгож байсан байна. Энэ албан бичгийн ард бичигдсэн бичээсээр нотлогдож байна. Үүгээр тэр цаг хугацаанд цэргийн батлах хувийн хэрэгт байгаагүй байсан байна гэж үзэж байна.

5.Тэтгэвэр олголтын бүртгэлээр 2004 оны 09 сараас тэтгэвэрт өөрчлөлт орсон, 10 сараас 32000 төгрөг олгож эхэлсэн байна. Энэ нь Засгийн газрын 2004 оны 3 дугаар тогтоолоор бүрэн тэтгэврийн доод хэмжээг 2004 оны 01 сарын 16-наас 32000, хувь тэнцсэн тэтгэврийн доод хэмжээг 20000 төгрөг болгосон юм. Үүнээс харахад П.Б-д тэтгэврээ нэмэгдүүлэхийн тулд удаа дараа баримт бүрдүүлж, нийгмийн даатгалын байцаагчид хандаж байсан байна. Тэр өөрийн хувийн хэрэгт 2004 оны 9 сард хүчин төгөлдөр цэргийн батлахыг ирүүлснээр нийгмийн даатгалын байцаагч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажилласан жил дээр цэргийн батлахыг үндэслэж цэргийн алба хаасан хугацааг нэмж, бүрэн тэтгэвэр тогтоож, нөхөн олгосон байна. П.Б-д улсад ажилласан хугацаагаа мэдсээр байж хуурамчаар тэтгэврээ нэмэгдүүлэх зорилгоор удаа дараа үйлдэл хийсэн, шүүхэд худлаа нэхэмжлэл гаргаж, ажилласан жил тогтоолгоход бүрдүүлэх баримт бичигт өөрт байгаа цэргийн батлахаа санаатайгаар нотлох баримтад өгөөгүй нь тэтгэврийн хувийн хэрэгт бүрдсэн баримт, тэтгэвэр олголтын бүртгэлээс харагдаж байна.

6.Тухайн үед тэтгэвэр тогтоолтын болон ажилласан жилийг тооцох программ байгаагүй, байцаагч гараар ажилласан жил тооцдог байсан нь байцаагч П.Б-ын ирүүлсэн хүчин төгөлдөр ажилласан жилүүдийн баримтын хугацааны давхардлыг харах боломжгүй, П.Б-д 2004 оны 03 сараас 09 сар хүртэл удаа дараа нийгмийн даатгалын байцаагчид тэтгэврээ нэмэгдүүлэхээр хандсан нь алдаа гаргах магадлалд хүргэсэн байна. Дахин хэлэхэд байцаагч анх хувь тэнцсэн тэтгэвэр тогтоосон, П.Б-д хуурамч баримт бүрдүүлж ирүүлсэн нь байцаагчийг алдаанд хүргэсэн байна гэж үзэж байна.

Түүнд Түнэл сумын байцаагч Д.Б нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно. 1/”тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол”,

29.1.3 дахь заалт “Нэг удаагийн суутгалын хэмжээ нь тэтгэмжийн болон сарын тэтгэврийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн заалтыг тайлбарлаж, өөртэй нь тохиролцсоны, тэтгэвэр авагчийн зөвшөөрснөөр бүрэн тэтгэвэр, хувь тэнцсэн тэтгэврийн зөрүүг 2017 оны 03 сараас 2019 оны 05 сар хүртэл нийт 799,0 мянган төгрөгийг суутган тооцсон байгаа. Одоо уг төлбөрөөс 2093,1 мянган төгрөг барагдаагүй үлдсэн байна. Суутгал үргэлжилж байгаа.

Ийм учраас манай байгууллага П.Б-ын шүүхэд гаргасан “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн 03 тоот актын 02 дугаар хавсралтын 5-д заасан П.Б надаар 2892100 төгрөгийг төлүүлэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь 2004 оны 03 дугаар сарын 18-ны өдөр анх удаа Эмнэлэг, хөдөлмөрийн магадлалын хурлаар орж хөдөлмөрийн чадвар алдалтаа 50 хувиар тогтоолгосон байсан. Шүүхийн шийдвэр нь 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гарсан байсан. Өмнө нь 3 дугаар сарын 18-ны өдөр манай байгууллагад хандахдаа материал нь шаардлага хангахааргүй байсан. Улмаар 2 сарын дараа шүүхийн шийдвэр авч ирсэн.

Гэтэл 2004 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөдөл өгсөн байдаг. Гэвч өргөдлийнхөө он сарыг зассан байдаг. Мөн 2004 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээж авав гээд мөн засвартай байдаг. Үүнээс үзэхэд 2004 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээж авсан өргөдлүүд биш гэж үзэж байгаа юм. Тухайн үед өргөдлийг хүлээж авах хяналт, механизм нь сул байсан нь харагдаж байна. Түүнийг ашиглаж 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэр гарсан байхад 2004 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөдлөө өгсөн гэх боловч 2004 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ч өгсөн байж болзошгүй харагдаж байна. Анх манай байгууллагад шүүхийн шийдвэр нь ирсэн. 17 жил улсад ажилласан, 2 сар сайн дурын даатгал төлсөн. Тэгээд нийгмийн даатгалын байцаагч 18 жил 1 сартай юм байна гээд нийгмийн даатгалын байцаагч тэтгэврийг нь хувь тэнцүүлж тогтоосон. Хувь тэнцүүлж тэтгэвэр тогтоосон гэдэг нь массиваас харагдаж байгаа. Хэзээ тэтгэвэр олгож эхэлсэн нь хүртэл массиваас харагдаж байгаа. Энэ хүний материал бүрэн байгаад 2004 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үнэхээр өргөдлөө өгсөн бол 14 хоногийн дотор шийдээд тэтгэвэр олгоод явах ёстой байсан. 2004 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөдлөө өгсөн байхад 2004 оны  06 дугаар сард тэтгэвэр тогтоогдсон нь харагдаж байна. Анх 06 дугаар сард тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын байцаагч 18 жил 1 сартай хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоогоод зөв олгож байсан. Тухайн иргэнийг манай байгууллагад удаа дараа хандсан байна гэж би үзээд байгаа юм. 2004 оны 06 дугаар сарын 8-ны өдөр Цэрэг, иргэний хамгаалалтын штабын тодорхойлолт авч ирсэн байдаг. Тухайн тодорхойлолтыг нь нийгмийн даатгалын байцаагч албан ёсны баримт биш гэж бичсэн байдаг. Тухайн үед нь тэтгэвэр тогтоосон байцаагч нь Түнэл сумын нийгмийн даатгалын байцаагч П, хяналт тавьсан байцаагч нь Н гэж 3 жилийн өмнө өндөр насны тэтгэвэртээ гарсан байцаагч байсан. Нармандах байцаагч анх 18 жил 1 сараас хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоосон байдаг. Энэ хүн хувь тэнцүүлсэн тэтгэврийг хүлээн зөвшөөрөхгүй байсан нь харагдаж байгаа юм. Ингээд хувь тэнцүүлсэн тэтгэврийг 2004 оны 09 дүгээр сар хүртэл олгоод явж байсан нь харагдаж байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч нь 2004 оны 9 дүгээр сард цэргийн батлахаа авч ирсэн байдаг. Аль нэг байгууллагад хадгалагддаг биш цэргийн батлах бол өөрт нь байх ёстой баримтын нэг юм. Манай байгууллагыг баримт нь шаардлага хангахгүй байна гэсэн учир энэ хүн жинхэнэ цэргийн батлахаа авч ирсэн. Өөрт нь байдаг цэргийн батлах нь бол бол тамга, тэмдэгтэй үнэн бодит баримт байдаг. Цэргийн батлахаа өгсөн мөчөөс эхлэн нийгмийн даатгалын байцаагч алдаж эхэлсэн. Энэ хүнийг санаатайгаар хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Энэ хүн мэдэхгүй байсан юм бол шүүхэд ч цэргийн батлахаа гаргаж өгөх ёстой шүү дээ. Цэргийн алба хаасан хугацаа нь шүүхээр тогтоолгосон ажилласан жилтэйгээ давхацчихсан байдаг. Өөрийнхөө цэргийн батлахыг, өөрийнхөө ажиллаж байсан байдлыг энэ хүн мэдэх ёстой. Өөрийнхөө ажиллаж байсан байдлыг мэдсээр байж яагаад энэ хүн шүүхэд худал мэдүүлэг өгсөн юм бэ. Ингээд цэргийн батлахаа авч ирж өгөхгүйгээр шүүхийн шийдвэр гаргуулчихсан байдаг.  Ажилласан жилээ нэмэхийн тулд Б дараа нь цэргийн батлахаа авч ирсэн байгаа нь харагдаж байна. Өөрт нь тамга, тэмдгийн зөрчилгүй баримт байсаар байтал эхлээд тодорхойлолт аваад ирсэн. Хэрвээ цэргийн штабаас лавлагаа аваад ирсэн бол цэргийн алба хаасан хугацаа нь мэдэгдэх ёстой байсан. Гэвч тодорхойлолт авч ирээд хуурамч баримт бүрдүүлээд удаа дараа нийгмийн даатгалын байцаагчид хандаад нөлөөлөөд байсан нь харагдаж байна. Энэ хүн бүрэн хэмжээний тэтгэвэр тогтоолгох сонирхолтой байсан нь түүний үйлдлүүдээс харагдаж байгаа юм. Тэтгэврийг нь зөв тогтоож өгсөн байхад удаа дараа хандсаар байсан нь мөн харагдаж байна. Тухайн үед манайд программ байгаагүй. Одоо бол энэ тохиолдлыг хянах программын хяналттай болсон. Шүүхийн шийдвэртэй, тамга, тэмдэгтэй цэргийн батлахтай байсан учраас анхны тэтгэвэр тогтоосон Н байцаагч маань мөн 2004 оны 09 дүгээр сараас алдаж эхэлсэн. Дараа нь М байцаагч гараар хянахдаа хүчин төгөлдөр 2 баримт нь байсан учир доторх он сарыг нь уншихгүйгээр хянаж, хуурамч баримтаас болж алдаа гаргасан байна. Хяналт маань 2 жилд хийгддэг учир дараа дараагийн жилийн баримтаа хянаад уг баримтууд хянагдахгүй яваад байсан. Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хугацаанд хяналт хийгдэг учир Б-ын баримтад хяналт ороогүй байна. Нийт тэтгэвэр авагчдын баримтад хяналт ороогүй байсан. 2017 онд Нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар аян зарлагдаад тухайн аяныг хэрэгжүүлэх хүрээнд Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын тушаал гараад аймаг орон нутагт 3 сарын хугацаатай аян зарласан. Манай аймагт мөн хэлтсийн даргын тушаал гарч уг аяныг хэрэгжүүлж ажилласан. Үүний хүрээнд бүх хувийн хэрэгт хяналт тавьж ажилласан.  Түнэл сумын хувийн хэргийг Тариалан сумын нийгмийн даатгалын байцаагч Б хянаад тухайн зөрчлийг илрүүлсэн. Мөн давхар хяналтаар шалгасан. Хяналтын ажлын хэсэгт миний бие байсан. Б нь шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлээгүй, 1979-1982 оны хооронд цэргийн алба хааж байсан мөртлөө 1977-1994 оныг дуустал тасралтгүй, ачигч, малчнаар ажиллаж байсан гэж мэдүүлсэн байдаг. Ийм учраас бид ажлын хэсгээрээ удаа дараа хэлэлцсэн. Тэгээд тухайн үйлдлийг зөрчил байна гэж үзсэн. Мөн хуурамч баримт бүрдүүлсэн учир иргэнтэй өөртэй нь хамааралтай зөрчил гэж үзсэн. Б нь Сумын дундын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1977-1994 оныг дуустал Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэл, Ялалт компанид тасралтгүй ажиллаж байсан гэж дурдсан байдаг. 1977-1982 оны хооронд цэргийн алба хаасан хэдий нь тасралтгүй ажилласан гэж худал мэдүүлж хуурамч шүүхийн шийдвэр гаргуулсан байдаг. Цэргийн штабаас өгсөн тодорхойлолт дээрх цэргийн алба хаасан хугацаа нь мөн зөрүүтэй байдаг. П.Б нь ажилласан жилээ нөхөн тооцуулж одоо бүрэн тэтгэвэр тогтоолгосон байгаа. П.Б шүүхээр ажилласан жил тогтоолгохдоо цэргийн алба хаасан хугацаагаа ажилласан гэж бичин өөрт байсан цэргийн батлахаа нууж, шүүхийг хуурч ажилласан жилээ тогтоолгоод дараа нь нийгмийн даатгалын байцаагчид цэргийн батлахаа өгч ажилласан жилээ нэмэгдүүлснийг хуурамч баримт бичиг бүрдүүлж, худал мэдээлсэн гэж үзэж байна” гэжээ.

Шүүх хэргийн оролцогч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Б-ын Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Я.Т, хяналтын байцаагч П.Д нарт холбогдох “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03 тоот актын 2 дугаар хавсралтын 5 дугаарт заасан П.Б холбогдох хэсгийг хууль бус захиргааны актад тооцуулж хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03 тоот “Тэтгэвэр тогтоолт, олголтын зөрчил залруулах тухай” актын 2 дугаар хавсралтын 5 дугаарт заасан П.Б-оор 2892100 төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсэг нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын бүх шинжийг агуулж байгаа нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.

Монгол Улсын Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/319 дүгээр “Аян зохион байгуулах тухай” тушаалаар тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян зохион байгуулахаар шийдвэрлэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/11 дүгээр тушаал, Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /тухайн үеийн нэрээр/-ийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/01 дугаартай “Аян зохион байгуулах ажлын хэсэг томилох тухай” тушаалаар Хөвсгөл аймгийн бүх сумдын тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгажээ.

Энэхүү шалгалтаар Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэн П.Б “2004.03.18-нд хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон. Шүүхийн шийдвэрээр 1977.01.01-1994.12.30 хүртэл Түнэл сумын Ялалт нэгдэлд ажилласан 17 жил 11 сар 29 хоног сэргээлгэсэн, 1979.06.20-1982.06.15 хүртэл цэргийн 3 жил нь шүүхийн шийдвэртэй хугацаанд давхцаж бүрэн тэтгэвэр тогтоогдож байсан, 18 жилтэй хувь тэнцэж нөхөн даатгал хийснээр бүрэн болох” гэсэн зөрчил гаргасан хэмээн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03 тоот “Тэтгэвэр тогтоолт, олголтын зөрчил залруулах тухай” актаар 2892100 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Б нь 2004 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоолгон, мөн өдрөөс тахир дутуугийн тэтгэвэр авахдаа бүрэн бус тэтгэвэр авч байгаад 2004 оны 09 дүгээр сараас эхлэн тахир дутуугийн бүрэн тэтгэвэр нөхөн аваад улмаар бүрэн тэтгэвэр авч байсан, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1995-2000 оны ажилласан жилийг тооцуулж, одоо бүрэн тэтгэвэр авч байгаа ба 2017 оны 03 сараас 2019 оны 05 сар хүртэл 799.0 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг суутган тооцож, актаар тогтоосон төлбөрийн үлдэгдэл 2093,1 мянган төгрөг байгаа үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

Хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03 тоот “Тэтгэвэр тогтоолт, олголтын зөрчил залруулах тухай” актаас үзэхэд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан бол үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн төлүүлж ...” гэж заасныг үндэслэн иргэн П.Б-оор 2 892 100 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа “хуурамч баримт бичиг бүрдүүлж, худал мэдээлсэн зүйл байхгүй” гэж, хариуцагч Я.Т, П.Д нар “П.Б шүүхээр ажилласан жил тогтоолгохдоо цэргийн алба хаасан хугацаагаа ажилласан гэж бичин өөрт байсан цэргийн батлахаа нууж, шүүхийг хуурч ажилласан жилээ тогтоолгоод дараа нь нийгмийн даатгалын байцаагчид цэргийн батлахаа өгч ажилласан жилээ нэмэгдүүлснийг хуурамч баримт бичиг бүрдүүлж, худал мэдээлсэн гэж үзэж байна” хэмээн маргасан.

Нэхэмжлэгч П.Б нь анх 2004 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоолгосон. Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 424 дүгээр шийдвэрээр П.Б-ын Түнэл сумын Ялалт нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 30 хүртэл ногоочин, ачигчаар ажиллаж байсан хугацааг тогтоосон ба энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. Түүнчлэн П.Б-ын 370936 дугаар бүхий цэргийн батлахт бичсэнээр тэрээр 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Ардын армийн 021 дүгээр ангид барилгачин байлдагчаар алба хаасан болох нь нотлогдож байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан ...” гэж заасан байх ба нэхэмжлэгч П.Б нь хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх үйлдэл гаргаагүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь П.Б-ын Түнэл сумын Ялалт нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 30 хүртэл ногоочин, ачигчаар ажиллаж байсан хугацааг тогтоосон Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 424 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр, П.Б-ын цэргийн алба хаасан хугацааг нотолж буй цэргийн батлах нь хуурамч биш жинхэнэ гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй.

Өөрөөр хэлбэл иргэний хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд цэргийн батлах нь хуурамч биш, жинхэнэ байхад П.Б-ыг хуурамч баримт бичиг бүрдүүлж, худал мэдээлсэн гэж үзэх үндэслэлгүй. П.Б өөрөө шүүхийн шийдвэр болон цэргийн батлахыг хуурамчаар үйлдээгүй, нийгмийн даатгалын байгууллагад худал мэдээлээгүй тул түүнийг буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн П.Б Хөвсгөл аймаг дахь сумын дундын шүүхэд хуурамч баримт гарган өгч, худал мэдээлсэн гэж хариуцагч нар маргаж байгаа боловч энэ нь хуулиар захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш бөгөөд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн талаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийх хууль зүйн үндэслэл байхгүй юм.

Харин П.Б-ын цэргийн алба хаасан хугацаа нь Түнэл сумын Ялалт нэгдэлд ажиллаж байсан гэх хугацаатай давхцаж байгаа эсэхийг нягтлан шалгах нь тэтгэвэр олгохоор шийдвэрлэсэн нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын чиг үүрэгт хамаарах бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасан тул Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03 тоот “Тэтгэвэр тогтоолт, олголтын зөрчил залруулах тухай” актын П.Б-оор 2 892 100 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсэг нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлын хөндсөн байх тул холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан П.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 03 тоот актын 2 дугаар хавсралтын 5 дугаарт заасан П.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200  /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ГАНЧИМЭГ