2022 оны 12 сарын 27 өдөр | Дугаар 221/МА2023/0012 | Улаанбаатар хот |
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: НЗД, НИТХ, Тэргүүлэгчид
Нэхэмжлэлийн шаардлага: ““Б” ХХК-аас НЗД, НИТХ, Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “НЗД-ын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамж, НИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар тогтоолын хавсралтын 2.5-д “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох” гэсний 2-т Баянгол дүүргийн 14-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, А дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах, нийтийн эдэлбэр газарт авах, 0.18 га гэж зааснаас “Б” ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоолын хавсралтын 2-т Баянгол дүүргийн 14-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, А дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах 1884 м.кв гэж зааснаас “Б” ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай;
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2022/0770 дугаартай
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, Г.Б нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2020/0857/3
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэгч “Б” ХХК-аас НЗД, НИТХ, Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “НЗД-ын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамж, НИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар тогтоолын хавсралтын 2.5-д “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох” гэсний 2-т Баянгол дүүргийн 14-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, А дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах, нийтийн эдэлбэр газарт авах, 0.18 га гэж зааснаас “Б” ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоолын хавсралтын 2-т Баянгол дүүргийн 14-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, А дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах 1884 м.кв гэж зааснаас “Б” ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 770 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.2, 48.3, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.7-д хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх 128/ШШ2022/0770 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тус шийдвэрийн үндэслэх хэсэгт дараах байдлаар дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
-
- Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5, 5.2, 10, 10.1-10.3 болон 11 дэх хэсэгт тус тус “...хариуцагчаас маргаан бүхий актаар “Б” ХХК-ийн эзэмшиж байсан газрын хэмжээг, зориулалт, байршлыг өөрчилж эзэмшүүлсэн шийдвэр /2012 оны А/117/-ийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн 2019 оны А/1320 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон, ...шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан акт гэж үзэхгүй. Харин “Б” ХХК-аас 2017 онд гаргасан газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэж гарсан акт” гэх зэргээр дүгнэсэн нь үндэслэлгүй тухайд:
- Дээр дурдсан НЗД-ын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн A/117 дугаар захирамжаар “Б” ХХК-д 840 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн боловч мөн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/666 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 224 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2016/0453 дугаар магадлалаар тус тус “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээж шийдвэрлэсэн. Ийнхүү шүүхийн шийдвэр гарсан ч хариуцагч НЗД-аас газар эзэмших эрхийг сэргээж өгөлгүй явсаар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж А/1320 дугаар захирамж гарган Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” ХХК-ийн эзэмшлийн 840 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан. Үүнтэй холбоотойгоор тус хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх 20 дугаар акт”, “Б” ХХК-ийн газрын мэдээлэл бүхий баримт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” 128/ШЗ2017/6066 дугаар захирамж зэрэг баримтуудаас НЗД-ын 2019 оны А/1320 дугаар захирамж нь шүүхийн шийдвэрийг үндэслэсэн гарсан болох нь тодорхой харагддаг.
- Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5, 5.1-5.3 дахь хэсэгт “маргаан бүхий А/1110 дугаар захирамж нь хариуцагч НЗД-ын Газрын тухай хуулийн 4 дүгээр 4.1.4, 61 дүгээр 61.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байх 190 тухайд:
- Маргаан бүхий НЗД-ын 2020 оны А/1110 дугаар захирамжил “Нийтийн эрх ашгийг хөндөж, нийтийн эзэмшлийн газарт, газар олголт хийгдсэн” гэж дурдан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх боловч хариуцагчаас 2012 онд нэхэмжлэгчид 840 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгох үед тус газар нь нийтийн эдэлбэр буюу нийтийн эзэмшил газарт хамаарахаар төлөвлөгдсөн байсан эсэх” талаарх баримтыг хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй болно. Түүнчлэн хариуцагч маргаан бүхий НЗД-ын 2020 оны А/1110 дугаар захирамжийн үндэслэлээ нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “5.3. ... өмнөх газрын хэмжээг 700 м.кв байсныг 840 м.кв, зориулалтыг амины орон сууц байсныг үйлчилгээтэй орон сууц гэж тус тус өөрчилсөн байх тул хариуцагч нь А/117 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан шаардлагыг баримтлаагүй” гэж маргаан бүхий актад дурдаагүй үндэслэл гарган тайлбарлажээ. Ийнхүү хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон анхан шатны шүүхийн шийдвэрт маргаан бүхий НЗД-ын 2020 оны А/1110 дугаар захирамжийн үндэслэлийг “маргаан бүхий газар 700 м.кв байсныг 840 м.кв болгож эзэмшүүлэхэд нийслэлийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул” гэж, нөгөөтэйгүүр “нийтийн эдэлбэр газарт олголт хийгдсэн нь хууль зөрчсөн тул” гэж захирамжид дурдсанаас хоёр өөр байдлаар тайлбарласныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
- Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь хэсэгт “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2012 онд газрын байршил, зориулалт, хэмжээг өөрчилсөн нь хууль тогтоомжид нийцээгүй тул захиргааны байгууллага хуулиар олгогдсон эрх хэмжээний эрх зүйн зөрчилтэй захиргааны акт цуцалсан” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий А/1110 дугаар захирамжийн үндэслэлийг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн” гэх байдлаар тайлбарласан ба дээрх хуулийн заалтыг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалттай хамтад нь захирамжийн үндэслэлд бичиж хэрэглэдэг гэх байдлаар тайлбарладаг. Гэтэл НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч 3.Мөнхжин 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргааны бүхий А/1110 дугаар захирамжийн үндэслэлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай хамааралгүй, “хууль зүйн гол агуулга нь мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт”, “...маргаан бүхий газрыг ойр орчмын газарт хүүхдийн эрх ашиг, тухайн оршин суугчдын эрх ашиг, эрүүл аюулгүй орчинд амьдрах хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд маргаан бүхий захирамжийг гаргасан” гэх байдлаар хоёр өөрөөр тайлбарласан байхад анхан шатны шүүх хариуцагч талд ашигтай байдлаар дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.
- Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 болон 8 дахь хэсэгт “...“Б” ХХК нь мөн 13 давхар өндөр барилга барихаар төлөвлөж байгаа нь бусдын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нь илэрхийн зэрэгцээ уг газар нь нийтийн эдэлбэр газарт тооцогдохоор байхад хариуцагч нь уг газарт газар олголт хийсэн. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2-т тус тус заасны дагуу маргаан бүхий Баянгол дүүргийн 14-р хорооны 14, 15 дугаартай 9 давхар барилгуудын дунд байрлаж байгаа газар нь анхнаасаа нийтийн эдэлбэрийн газар байсан, энэ нь мөн нийтэд илэрхий үйл баримт” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тухайд:
- Уг хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2021/0784 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 59 дүгээр магадлалд “Анхан шатны шүүх маргаан бүхий акт, хариуцагчийн татгалзлын үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр “нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газар нь хүүхдийн тоглоомын талбай бүхий газар болох нь нийтэд илэрхий баримт бөгөөд ... нийтийн эдэлбэр газарт газар эзэмшүүлсэн захирамжаа өөрөө хүчингүй болгосон нь. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг зөрчөөгүй байна” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай” гэж дүгнэсэн бөгөөд дээрх “нийтийн эдэлбэр газар байсан” гэх нөхцөл байдлыг хариуцагчаас одоог хүртэл баримтаар нотолж чадаагүй, энэ талаарх баримтыг гаргуулахаар шүүх НИТХ, НГЗБА, НЗД-д тус тус албан бичиг хүргүүлсэн боловч холбогдох баримтыг ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “нийтийн эдэлбэр газар гэж төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэх тайлбар гаргасан. Ийнхүү маргаан бүхий газар нь анхнаасаа нийтийн эдэлбэр газар байсан болохыг үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хамаарах нотлох баримтыг бүрэн тогтоосон зохих байгууллагын шийдвэр байхгүй, холбогдох газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “нийтийн эдэлбэр газар” гэж тусгагдаагүй болно. Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 224 дүгээр шийдвэрээр “нийслэлийн Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газрын баталсан “Гурван өндөр” СӨХ-ны ашиглах газрын ерөнхий төлөвлөгөө, тохижилтын схем зурагт “Б” ХХК-д олгосон газрын байршилд орон сууцны барилга барихаар төлөвлөгдсөн нь тухайн эзэмшил газрыг захиргааны байгууллагаас зориулалтаар нь олгосон” болохыг дүгнэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар “нийслэл хотын эдэлбэр газарт” нийтийн эдэлбэрийн газар хамаарах ба мөн зүйлийн 12.4-т “Нийслэл хот, түүний дагуул хот нь бүсчлэл бүхий эдэлбэр газартай байна” гэж, 12.6-д “Энэ хуулийн 12.4-т заасан эдэлбэр газрын бүсчлэлийг Засгийн газраас тогтоосон шалгуур үзүүлэлтийг үндэслэн НИТХ батална” гэж тус тус заасны дагуу НИТХ нь нийтийн эдэлбэр газрын бүсчлэлийг тогтоон батлахаар зохицуулсан. Тус хэрэгт нотлох баримтаар авагдсан “Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ээс маргаан бүхий газар нь “өндөр давхрын орон сууцны бүсэд” хамаарч байгаа болох нь тодорхой харагддаг.
- Түүнчлэн анхан шатны шүүх НЗД-ын 2019 оны А/1320 дугаар захирамж буюу тус захирамж гарах үндэслэл болсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг “...нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий акт байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: гээд 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж заасанд нийцсэн байх шаардлагатай” гэх байдлаар дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.
- Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дэх хэсэгт “...Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т заасан зохицуулалт нь 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэгдсэн байх тул уг хугацаанаас өмнө олгогдсон газар эзэмших эрхийг хууль тогтоомжид нийцэж олгогдсон, мөн маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэл болохооргүй байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй тухайд: Газрын тухай хууль /2002/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “НИТХ газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 21.1.1-д “Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны тосол болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах” гэж Төлөөлөгчдийн Хурал нь нийтийн эдэлбэр газрыг нийслэлийн тухайн жилийн газар зохион заасны дагуу нийслэлийн иргэдийн байгуулалтын төлөвлөгөөнд тусган батлах бүрэн эрхтэй байхад тус хуульд олгогдсон эрхэд нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шууд халдан маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэр гэж тогтоож байна гэж үзэхээр байна.
- Шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дэх хэсэгт "Маргаан бүхий 4/1110 дугаартай захирамж нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээ, зориулалт, хугацааг зөрчиж шийдвэрлэсэн 2012 оны А/117 дугаар захирамж бүхий газрын эзэмших эрхийг сунгасан 2019 оны А/1320 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан зохицуулалт зөрчигдсөн гэж үзэхгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
- Анхан шатны шүүх 128/ШШ2022/0770 дугаар шийдвэртээ “анхнаасаа нийтийн эдэлбэр газарт НЗД-ын 2012 оны А/117 дугаар захирамжаар газар олголт хийсэн нь буруу” гэж тайлбарлаж байсан атлаа захирамж хүчингүй болгох хөөн хэлэлцэх хугацааны асуудлын хувьд НЗД-ын 2019 оны А/1320 дугаар захирамжаас хойш тоолж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны актын алдааг хуульд нийцсэн, зөв мэтээр дүгнэжээ. Нэхэмжлэгч “Б” ХХК нь НЗД-ын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/117 дугаар захирамжаар маргаан бүхий 840 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон цагаас хойш тус газраа 66 айлын орон сууцны барилга барихаар төлөвлөж, 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/490-1.9 дүгээр “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн В769/2012 дугаар “Техникийн нөхцөл”, барилгын эскиз зураг, 2014 оны 08/14 дүгээр техникийн нөхцөл, “Зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт” зэргийг тус тус батлуулж, дуудлага худалдааны анхны үнэ 13,305,600 төгрөг төлж, жил бүрийн газрын төлбөрт нийт 3,518,165 төгрөг төлсөөр ирсэн болно.
- Гэтэл манай компанийн анх газар эзэмших эрх олж авсан 2011 оноос хойш хөрөнгө оруулалт хийн барилга байгууламж барьж, бүтээн байгуулалт хийхээр төлөвлөн холбогдох ажлыг хийсний дараа дээрх байдлаар хариуцагч НЗДас захирамж гарган газар эзэмших эрхийг хүчингүй болгож буй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг ноцтой зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.
- Шийдвэрийн үндэслэх хэсгийн 15, 17 дахь хэсэгт “маргаан бүхий газрыг НИТХ болон Тэргүүлэгчдийн шийдвэрээр нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэр газарт хамааруулж шийдвэрлэсэн нь хариуцагч байгууллагад хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тухайд:
- Анхан шатны шүүх 128/ШШ2022/0770 дугаар шийдвэрээр “НЗД-ын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргаан бүхий газар анх “Б” ХХК-д эзэмшүүлэхээс өмнө “нийтийн эдэлбэр газраар тогтоогдсон байсан мэтээр тайлбарласан атлаа НИТХ болон Хурлын Тэргүүлэгчид 2020, 2021 онуудад анх маргаан бүхий актыг “нийтийн эдэлбэр” газар гэж тогтоож буй нь хуульд нийцэж байгаа мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Ийнхүү “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон НЗД-ын 2020 оны А/1110 дугаар захирамж нь хуульд нийцэхгүй байх бөгөөд НИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 02/12 дугаар тогтоолын 2 дахь заалтаар “Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар баталсугай” гэж шийдвэрлэхдээ хавсралтын 2.5-д “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох” гэсний 2-т “Баянгол дүүргийн 14-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, А дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах, Нийтийн эдэлбэр газарт авах, 0,18 га” гэж тусгахдаа манай компанийн эзэмших эрх бүхий 840 м.кв газрыг нийтийн эдэлбэр газарт оруулан шийдвэрлэсэн нь, мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт амралт, зугаалга, нийтийн биеийн тамирын зориулалттай нийтийн эзэмшлийн газар цэцэрлэгт хүрээлэн, байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилго бүхий Нийтийн эдэлбэр газраар тогтоосон газруудын байршил, талбайн хэмжээ, хилийн заагийн солбицлыг хавсралт ёсоор баталсугай” гэж шийдвэрлэхдээ хавсралтын 2-т “Баянгол дүүрэг, 14-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, А дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах, 1884 м.кв газар” гэж тусгахдаа манай компанийн эзэмших эрх бүхий 840 м.кв газрыг нийтийн эдэлбэр газарт оруулан шийдвэрлэсэн нь тус тус хууль бус гэж үзэж байна.
- Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг” ойлгоно гэж, 46 дугаар зүйлийн 46.1-д “Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын гаргасан эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болом тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” гэж, мөн зүйлийн 46.2-т “Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно” гэжээ. Хуульд дээрх байдлаар “нийгмийн зайлшгүй шаардлага” бий болсон зайлшгүй тохиолдолд бусдад эзэмшүүлсэн газрыг нийтийн эдэлбэрт ашиглах тухай зохицуулсан бөгөөд манай компанийн эзэмших эрх бүхий газрыг нийтийн эдэлбэрт ашиглах тухай тохиролцсон зүйлгүй, Засгийн газраас холбогдох шийдвэр гаргаагүй байхад НИТХ болон Хурлын Тэргүүлэгчид тогтоол гаргаж, 2012 оноос хойш манай компанийн эзэмшил, ашиглалтад буй 840 м.кв газрыг хүчээр нийтийн эдэлбэр газарт оруулан тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
- Шийдвэрийн үндэслэх хэсгийн 18 дахь хэсэгт “... нэхэмжлэгч нь хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг шүүхийн энэхүү шийдвэр хязгаарлахгүйг тэмдэглэв” гэж дурджээ. Анхан шатны шүүх 128/Ш2022/0770 дугаар шийдвэрээр “НЗД-ын 2020 оны А/1110 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо тус маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон, хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр байна гэж дүгнэдэг. Түүнчлэн нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус гэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргасан. Гэтэл дээрх байдлаар маргаан бүхий НЗД-ын 2020 оны А/1110 дугаар захирамжийг хууль бус захиргааны акт тул нэхэмжлэгч “Б” ХХК-ийг Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж зааснаар хохирлоо шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2022/0770 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
- Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын хооронд газрын харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага хангасан байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах боломжгүй гэж үзлээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, дараах үйл баримтууд тогтоогдож байна.
4. Маргаан бүхий газрын байршил Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Л.Энэбишийн гудамж, А дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байрнуудын дунд байрлах тоглоомын талбай /хуучнаар 3, 4 дүгээр хорооллын Москва рестораны баруун талд/ “нийтийн эдэлбэрийн газар”-т НЗД
-2009 онд 381 дүгээр захирамжаар анх 0,07га хэмжээтэй газрыг “амины орон сууцны зориулалт”-аар иргэн Л.Даваахүүд газар эзэмших эрх үүссэн,
-2011 онд 780 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг “Б” ХХК-д шилжүүлсэн,
-2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/117 дугаар захирамжаар “Б” ХХК-ийн дээрх эзэмшил газрын хэмжээ, зориулалтыг өөрчилсөн,
-2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дүгээр захирамжаар үйлчилгээтэй “орон сууцны” барилгын зориулалтаар эзэмшүүлж,
-2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1320 дугаар захирамжаар орон сууцны зориулалттай 840 м.кв газрын эзэмших эрхийг 15 жилээр сунгажээ.
5. Ийнхүү хариуцагчийн зохих шийдвэрийн дагуу нэхэмжлэгч “Б” ХХК нь иргэн Л.Даваахүүгээс газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан 2011 оноос хойш газрын хэмжээ, зориулалтыг өөрчилж, “үйлчилгээтэй 66 айлын орон сууцны барилга”-ыг барихаар төлөвлөж, зохих мэргэжлийн байгууллагуудаас барилга барих зөвшөөрөл, болон техникийн нөхцөлүүдийг авсан, улмаар 2014 онд магадлалын ерөнхий болон бусад судалгааны дүгнэлтүүдийг батлуулсан, түүнчлэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдийн дагуу НЗД-ын 2015 оны А/666 дугаар захирамжийг хүчингүй болгож, дахин НЗД 2019 оны А/1320 дугаар захирамжаар “Б” ХХК-аас 2017 онд гаргасан газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн үйл баримттай талууд маргаагүй байна.
6. Харин талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон НЗД-ын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамж, НИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эзэмшиж буй газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосон нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндсөн хэмээн үзэж маргасан байна.
7. НЗД-ын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/1110 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
7.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, маргаан бүхий газрын байршил нь нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газрын хэмжээг нэмэгдүүлсэн, зориулалтыг “амины орон сууц” гэснийг “үйлчилгээтэй орон сууц” гэж өөрчилсөн, нийтийн эдэлбэр газарт буюу “үйлчилгээтэй 66 айлын орон сууцны барилга”-ыг барихаар төлөвлөсөн зэрэг нь Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ...зэрэг газар хамаарна”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэснийг зөрчсөн байх ба “нийтийн эрх ашгийг хөндөж, нийтийн эзэмшлийн газарт, газар олголт хийгдсэн” гэсэн үндэслэлээр НЗД уг хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж ... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасантай нийцэж байна.
7.2. Энэ талаар анхан шатны шүүхээс “...хариуцагч байгууллага нь хууль тогтоомж зөрчиж гаргасан өөрийн шийдвэрийг хүчингүй болгосныг хууль бус гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, маргаан бүхий газар болох Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, А дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах, “Б” ХХК-д олгосон 840 м.кв газрыг НИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар тогтоол, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэр газарт оруулж, байршил, хэмжээг тогтоож, ашиглахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тодруулбал:
8.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 18, 20 дугаар зүйлд зааснаар НИТХ болон Хурлын Тэргүүлэгчид нь хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах эрх олгогдсон байна.
8.2. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөх, ... холбогдох харилцааг зохицуулахад өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй энэ хууль үйлчилнэ.” гэж,
4 дүгээр зүйлийн 4.1.5-д ““нийтийн эдэлбэрийн газар” гэж Газрын тухай хуулийн 12.2-т заасан газрыг;. Ойлгоно” гэж,
5 дугаар зүйлийн 5.1.1-д “нийтийн эрх ашгийг эрхэмлэх;” зарчмыг /хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд баримтлах/;
10 дугаар зүйлийн 10.1.1-д “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баримтлан төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоож, шийдвэр гаргах;” гэж,
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл “НИТХ газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.1.1-т “Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах” гэж тус тус заажээ.
8.3. Дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд НИТХ болон Хурлын Тэргүүлэгчид нь иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хот, суурин газрыг хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөж, нийтийн эзэмшлийн газарт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, бусдын эзэмшил, ашиглалтад байсан зарим газрыг нийтийн эдэлбэр газраар ашиглаж бүх нийтээр ашиглах боломжийг бүрдүүлж, НЗД-ын 2020 оны 01/6554 дүгээр албан бичгээр мэдүүлсэн санал зэргийг харгалзан нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоосон тогтоолуудыг батлан гаргасан байна.
8.4. Ингэхдээ зөвхөн нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эзэмшил газраас гадна 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур гэсэн 6 дүүргийн 20 байршлын 9,92 га газрыг нийтийн эзэмшилд авч, нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоосон байна.
8.5. Энэ талаар анхан шатны шүүхийн “... маргаан бүхий газрыг НИТХ болон Тэргүүлэгчдийн шийдвэрээр нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэр газарт хамааруулж шийдвэрлэсэн нь хариуцагч байгууллагад хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд байна” гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
9. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, газрын харилцаанаас үүссэн үйл баримтын талаар анхан шатны шүүхийн өгсөн үнэлэлт дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т нийцсэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
10. Түүнчлэн шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна.”, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсгийн “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, тэдгээрийн болон бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцсэн байна.
11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2022/0770 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА