Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 98

 

Ж.Чинбат Ж.Өлзийбат нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор М.Буяннэмэх,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 138 дугаар магадлалтай 201626031134 тоот эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч А.Бүдхандын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Монгол овогт Жамъянгийн Чинбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, эрэгтэй, Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн Монгол овогт Жамъянгийн Өлзийбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Чинбат, Ж.Өлзийбат нарыг бүлэглэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Ж.Чинбат, Ж.Өлзийбат нарыг 300 /гурван зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудыг, 1.“Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх заалтад тус тус зааснаар Ж.Өлзийбатад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэж, 2.“Прокуророос Ж.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Ж.Чинбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, 3. “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Ж.Чинбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгч А.Бүдханд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хохирогч Б.Нямдорж нь “...хадам ах Ж.Чинбат орж ирэхдээ “Нямаа чамайг алах болно” гээд миний хамар руу мөргөсөн бөгөөд “чи яаж байна” гэж хэлээд гэрээсээ түлхэж гаргах гэтэл намайг унтлагын өрөө рүү түлхэж, бид 2 тэврэлдэж унтлагын орон дээр унасан. Тэр үед Ж.Өлзийбат нь миний 2 гарыг биедээ хавсран барьж хөдлөх бололцоогүй болгосон бөгөөд Ж.Чинбат миний цээж рүү 2-3 удаа, нүүр рүү 4-5 удаа цохисон. Тэр үед үүдэн шүд хугарсан” гэх мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд үнэн зөв тогтвортой мэдүүлж ирсэн байдаг. Мөн шүүх эмнэлгийн 11422 дугаар шинжээчийн дүгнэлтэд “дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт, мэдүүлэг зэргээс үзэхэд Ж.Чинбат, Ж.Өлзийбат нар нь бүлэглэж Б.Нямдоржийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Ийм анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүхийн магадлал Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль сануулж авсан хохирогч Нямдоржийн мэдүүлгийг үндэслэж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь хохирогч Нямдоржийн мэдүүлгийг нотолсон баримт хавтас хэрэгт байхгүй. Харин хэргийн газар байсан гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байх тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөж залруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ж.Чинбат нь 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “дүү Ж.Баасансүрэнг зодлоо” гэх шалтгаанаар иргэн Б.Нямдоржийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулах гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Харин Ж.Өлзийбат нь Ж.Чинбат, Б.Нямдорж нарын хоорондын зодооныг салгасан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалбал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь тухайн үед бие давхар байсан, өөрийн эхнэр Ж.Баасансүрэнг хэл амаар доромжлон, зүй бус дээрэлхүү авир гаргаж, гэр бүлийн хүрээн дэх хүчирхийллийн шинж бүхий үйлдэл хийж, зодож уйлуулан, энэ байдлаа эхнэрийнхээ хамаатан садан хүмүүсийн дэргэд зориуд санаатайгаар үргэлжүүлэн, тэдгээр хүмүүсийн дургүйцлийг төрүүлж, улмаар дээрх байдлыг мэдэж төрсөн дүүгээ өмөөрөх сэтгэлээр гэрт нь орж ирсэн Ж.Чинбаттай хэрүүл маргаан, зодоон үүсгэсэн Б.Нямдоржийн зүй бус зан авир, хууль бус үйлдлээс үүдэлтэй байх бөгөөд шүүгдэгч Ж.Чинбат нь Б.Нямдоржтой маргалдах явцдаа түүний биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байх тул давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Өлзийбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон үүнтэй уялдуулан Ж.Чинбатад холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Иймд хохирогчийн өмгөөлөгч А.Бүдхандын “...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 138 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж хохирогчийн өмгөөлөгч А.Бүдхандын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Т.УРАНЦЭЦЭГ

                                ШҮҮГЧ                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН