Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2023/0026

 

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2023/0026

Улаанбаатар хот

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа    

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц

Нэхэмжлэгч: “Ж” ХХК

Хариуцагч: БОАЖС

Гуравдагч этгээд: Л.Т

 

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС-ын “Ж” ХХК-ийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгуулах,

БОС-ын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 242 дугаар тушаалаар Л.Т-д олгосон 1.7 га газар ашиглах эрхээс “Ж” ХХК-ийн ашиглах эрх бүхий газарт давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах,

“Ж” ХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, зөвтгөж оруулахыг даалгуулах,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Ж” ХХК-д 2004 оноос 2019 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай;

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2022/0744 дугаартай

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч Ц.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, Д.О,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0192/3

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-аас БОАЖС-д холбогдуулан “БОАЖС-ын “Ж” ХХК-ийн Газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгуулах, БОС-ын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 242 дугаар тушаалаар Л.Т-д олгосон 1.7 га газар ашиглах эрхээс “Ж” ХХК-ийн ашиглах эрх бүхий газарт давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах, “Ж” ХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, зөвтгөж оруулахыг даалгуулах”-аар, гуравдагч этгээд Л.Т нь мөн БОАЖС-д холбогдуулан “Ж” ХХК-д 2004 оноос 2019 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор тус тус маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 744 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 106.3.14-т заасныг удирдлага болгон Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 1, 2, 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан БОАЖЯ-ны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Ж” ХХК-ийн газар ашиглах эрхийн 1/179 дугаар гэрчилгээний хугацаа сунгахыг БОАЖЯ-д даалгаж, БОС-ын 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 242 дугаар тушаалаар Л.Т-д нэмэгдүүлэн олгосон 1.7 га газрын “Ж” ХХК-ийн ашиглах эрх бүхий газарт давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгож, “Ж” ХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахгүй байгаа БОАЖЯ-ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Ж” ХХК-ийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг мэдээллийн санд зөвтгөж оруулахыг БОАЖЯ-д даалгаж,

Гуравдагч этгээд Л.Т-ийн мөн яамны сайдад холбогдуулан гаргасан “Ж” ХХК-д 2004 оноос 2019 он хүртэл хугацаанд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээгээр газар ашиглах зөвшөөрлийг олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож” тус тус шийдвэрлэжээ.

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц давж заалдах гомдолдоо:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд хэт нэг талыг барьж, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хэргийн оролцогчдын маргаж байгаа үндэслэлүүдийн талаар бүрэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй тул уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

3.1.1. Тухайлбал, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох “Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгуулах тухай" шаардлагатай холбоотойгоор: .... “Ж” ХХК-ийн 2005 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/179 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сунгагдсан бөгөөд уг хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч нь хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж байсан болох нь Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1772, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 642, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1480 дугаар албан бичгээр нотлогддог. Дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд, БОАЖЯ  нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан нь үндэслэлгүй байх тул...” гэж дүгнэсэн нь хууль бус болжээ. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг Даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гэж тус тус заасныг анхаарч үзээгүй байх ба шүүхээс дээр дурдсанчлан нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрх 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сунгагдсан гэж үзсэн тохиолдолд уг газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө төрийн захиргааны байгууллагад гаргаж, шийдвэрлүүлэхээр хуульчилсныг нэхэмжлэгчээс зөрчиж, хуульд заасны дагуу газар ашиглах эрх нь дуусгавар болсноос хойш 5 сар орчим хугацаа өнгөрсний дараах асуудалд дүгнэлт хийж, хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус эсэх асуудалд дүгнэлт хийж байгаа нь хуульд нийцэхгүй.

3.1.2. Өөрөөр хэлбэл дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нь газар ашиглах хугацаа байтал нэхэмжлэгчээс газар ашиглах эрхийн хугацаа дуусч, хуульд зааснаар газар ашиглах эрх нь дуусгавар болсны дараа сунгуулахаар гаргасан хүсэлтийн дагуу сунгахаас татгалзах шийдвэр гаргасныг хуульд нийцсэн эсэх асуудлыг дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй байх ба түүнээс өмнө нэхэмжлэгч нь газар ашиглах эрхтэй эсэх, сунгахаас татгалзсан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хөндөгдсөн эсэх зэрэг асуудалд дүгнэлт хийх шаардлагатай байсан. Гэвч анхан шатны шүүхээс энэ асуудлуудын талаар огт дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцэхгүй байхын зэрэгцээ мөн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байгааг харгалзан үзээгүй байна

3.2. БОС-ын 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 242 дугаар тушаалаар Л.Т-д  ашиглалтын газрын хэмжээг нэмэгдүүлэн 1.7 га газар болгон олгохдоо нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий 1.6 га газарт давхардуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлагын тухайд:

3.2.1. Нэхэмжлэгчийн уг шаардлагатай холбоотойгоор буюу гуравдагч этгээд Л.Т-д  олгосон 1.7 га хэмжээтэй газрын төлбөр болон сунгахаас татгалзсан эс үйлдэхүйтэй холбоотойгоор гарсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 0374 дүгээр захирамж, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0411 дүгээр шийдвэрүүдээр Л.Т-ийн   газрын хэмжээг 1.7 га болохыг баталгаажуулан газар ашиглах эрхийг энэ хэмжээгээр сунгаж, энэ хэмжээгээр газрын төлбөрийн асуудлыг шүүхээс шийдвэрлэсэн байхад тэдгээрийг харгалзан үзэлгүйгээр газар ашиглах эрхийг олгосон шийдвэрийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг баримталсан, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй.

3.2.2. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Газар ашиглах эрхийн гэрчилгээ сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгуулах, БОС-ын 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 242 дугаар тушаалаар Л.Т-д  олгосон 17 га газар ашиглах эрхээс “Ж” ХХК-ийн ашиглах эрх бүхий газарт давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн байдаг. Тэгвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14 4-т “Дээд шатны захиргааны байгууллага эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заасны дагуу хариуцагч БОАЖС-ын гаргасан аливаа шийдвэрийг хянах, гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтан гэж байхгүй тул нэхэмжлэгч нь газрын давхцал үүссэн талаар буюу газар давхцуулан ашиглах эрхийг олгосон гэж үзэж байгаа гуравдагч этгээдийн газартай холбоотойгоор гарсан сайдын тушаалын талаар мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан боловч тэрхүү хугацааг нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. Энэ талаарх холбогдох баримтууд хавтаст хэрэгт авагдсан бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс удаа дараа энэ талаар хүсэлт гаргаж байсан.

Тухайлбал: Нэхэмжлэгчээс тус шүүхэд анх 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа хавсарган өгсөн баримтуудад БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гарын үсэг бүхий 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09/324 дүгээр албан бичгээр “... танай компанид олгосон газар болон иргэн Л.Т-д  олгосон газрууд нь хоорондоо хэсэгчлэн давхцалтай...” талаар дурдаж, газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтэд хариуг өгснийг /1-р хх 25-р хуудас/ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1703 тоот албан бичгээр гуравдагч этгээд Л.Т-д нэхэмжлэгчийн газартай давхцалтай байгаа талаар дурдсан албан бичгийг хүргүүлж, хувийг нэхэмжлэгчид хүргүүлснийг хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар нотариатаар батлуулан нэхэмжлэлдээ хавсарган өгсөн. /1-р хх 37-р хуудас/ Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 03 дугаар сарын 25, 2020 оны 04 дүгээр сарын 17, 2020 оны 07 дугаар сарын 01, 2021 оны 12 дугаар сарын 04, 2021 оны 12 дугаар сарын 27-ний өдрүүдэд хариуцагчид болон холбогдох төрийн байгууллагуудад хандан газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах талаар хүсэлтээ гаргаж байсан баримтууд, хариуцагчийн хариу тайлбарт хавсарган ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1772 дугаартай албан бичиг /1-р хх 82-р хуудас/, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 642 дугаартай албан бичиг /1-р хх 77 дугаар хуудас/-үүдэд тус тус “...“Ж” ХХК-ийн БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаар тушаалаар 1.6 га газар ашиглах эрх авсан газар нь БОС-ын 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 242 тоот тушаалаар 1.7 га газар ашиглах эрх авсан иргэн Л.Т-ийн газартай хэсэгчлэн давхцалтай олгогдсон байх тул...” гэж гуравдагч этгээд Л.Т-ийн газартай давхцалтай байгаа талаар дурдсан албан бичгүүд, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №20/16 тоот албан бичиг /1-р хх 71 хуудас, хариуцагчаас гаргаж өгсөн/-ээр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж гаргасан хүсэлтдээ “...гэтэл тухайн газар нь давхцалтай гэсэн шалтгаанаар дэмжих боломжгүй гэсэн мэдэгдэл ирсэн. Иймд манай компанийн 1.6 га ашиглах эрх авсан газар нь иргэн Л.Т-ийн 1.7 га газартай хэсэгчлэн давхцалтай байгаа тул журмын дагуу энэхүү манай ашиглах эрхтэй газрын давхцалыг давхцалгүй болгож өгнө үү” гэж хүсэлт, нотлох баримтаар татаж авсан Иргэний хэргийн 1 дүгээр хуудаст нэхэмжлэлд энэ талаар дурдсан, 24 дүгээр хуудаст нэхэмжлэл гардуулсан, 27, 43, 66, 109, 113 дугаар хуудаст хэргийн материал танилцуулсан баримтууд авагдсан, 57, 121 дүгээр хуудсуудад хариуцагчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдаан хойшлуулсан шүүгчийн захирамжууд авагдсан.

3.2.3. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь газар давхцалтай болохыг тэр тусмаа маргаан бүхий захиргааны акт болох гуравдагч этгээд Л.Т-д  газар ашиглах эрхийг олгосон БОС-ын 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 242 тоот тушаал гарсан болохыг мөн энэхүү захиргааны актын улмаас газрын давхцалын асуудал үүссэн буюу өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал үүссэнийг мэдсэн болох нь маш тодорхой баримтаар тогтоогдож байхад энэ талаар анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй. Тиймээс нэхэмжлэгчийн хувьд өөрийн газар ашиглах эрх нь маргаан бүхий БОС-ын 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 242 тоот тушаалаар давхцалын асуудал үүссэн, түүний улмаас сунгагдаагүй өдий хүрсэн, газрууд хэсэгчлэн давхцалтай болохыг 2019 оноос хойш мэдэж байсан байх тул нэхэмжлэгч “Ж” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болох нь бүрэн тогтоогдож байхын зэрэгцээ гуравдагч этгээдийн зүгээс энэ талаар шүүх хуралдааны явцад ч тэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч тасралтгүй маргасаар ирсэн байхад анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй, мөн огт дүгнэлт хийгээгүй нь хэт нэг талыг барьж, хууль зөрчиж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

3.3. “...нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий 1.6 га газрын кадастрын зургийг болохыг тогтоолгож, зөвтгөж оруулахыг даалгуулах тухай” шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-т “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж тус тус заасныг зөрчсөн. Тодруулбал нэхэмжлэгчийн зүгээс зөвтгөж оруулах талаар хэзээ, хэнд гомдол гаргасан, зөвтгүүлье гэдэг нь ямар байх ёстойг яаж өөрчилсөн яаж засуулахыг хусч байгаа, түүнтэй холбоотойгоор албан ёсоор хийлгэсэн зураг болон холбогдох баримтууд нь юу байсан гэх мэтээр хүсэлт, гомдол, өргөдлөө албан ёсоор гаргасан эсэх асуудал нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддоггүй буюу энэ талаар гомдол гаргаагүй байж гараагүй өргөдлийг шийдвэрлэхгүй, эс үйлдэхүй гаргалаа гэх байдлаар маргаж байхад шүүхээс түүнийг хүлээн авч, хангаж шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг баримталсан хууль бус шийдвэр болсон.

3.3.1. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд өгсөн болон хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн, нэхэмжлэгч компанийн хариуцагч яаманд болон холбогдох төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргаж байсан хүсэлт, гомдол, албан тоотуудаас үзэхэд бүгд 2018-2020 оны хоорондох огноотой баримтууд байх ба тэдгээрийн агуулгаас үзэхэд нэг ч удаа мэдээллийн санд нэхэмжлэгч компанийн зураг буруу орчихсон байна засаад өгөөч гэдэг агуулга харагддаггүйн зэрэгцээ тэдгээр баримтуудаас тооцвол мөн л дээр дурдсанчлан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байгаа зэрэг асуудлуудад анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь хууль зөрчиж байна. Анхан шатны шүүхээс уг шаардлагатай холбоотойгоор “... БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас “Ж” ХХК болон Л.Т-ийн   ашиглах эрх бүхий газрын давхцалыг 2004-2022 оны сансрын зурагтай харьцуулсан байдлаар ирүүлсэн зурагт Л.Т-ийн   өмчилж авсан объектын хашаа 2004-2022 он хүртэл байрлал өөрчлөгдөөгүй.

3.3.2. Харин тус газраас ирүүлсэн кадастрын зурагт ““Ж” ХХК ашиглалтын газрын солбицолд бодитойгоор ашиглаж байгаа газрынх нь зарим хэсэг ороогүй, хэлбэрийн хувьд тэгш өнцөгт бус гурвалжин хэлбэртэй, Л.Т-ийн   ашиглалтын газрын солбицол нь 2004 оноос ашиглаж буй газрыг хашсан хашаанаас хэтэрсэн байдалтай тусгагджээ” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн. Учир нь БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бус нутгийн удирдлагын газраас “Ж” ХХК болон Л.Т-ийн   ашиглах эрх бүхий газрын давхцалыг 2004-2022 оны сансрын зурагтай харьцуулсан байдлаар ирүүлсэн зураг гэдэг нь одоогийн мэдээллийн сангийн зургийг 2004-2022 оны агаарын зурагт буулгасан зураг болохоос биш дээрх хугацааны турш мэдээллийн санд байсан зураг биш байхад шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж дүгнэж байх ба гуравдагч этгээдийн газар дээр одоо байгаа хашаа нь анх 1994 оны өмч хувьчлалын үеийн хашаа биш 2002 онд шинээр баригдсан хашаа юм. Гэтэл анхан шатны шүүхээс энэ талаар гаргаж өгсөн гуравдагч этгээдийн баримтыг үнэлэхгүйгээр дан ганц нэхэмжлэгчээс толгойдоо тааж бодсон зүйлээ амаар тайлбар гаргахдаа хэлснийг үндэслэлтэй гэж дүгнэж байгаа нь хууль зөрчиж байхын зэрэгцээ анхны өмч хувьчлалын баримтад банзан хашаа гэсэн байхад одоо байгаа хашаа нь бетонон баганатай банзан хашаа байхад анхны хашаа хэвээрээ байгаа мэтээр дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй.

3.4. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотойгоор: Анхан шатны шүүхээс дүгнэхдээ “... “Ж” ХХК-д газар ашиглах эрх олгосон үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан журмын хүрээнд явагдсан байна...” гэжээ. Тэгвэл 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан, 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж одоог хүртэл мөрдөгдөж байгаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 185 5 жилээс илүүгүй байна” гэж зааснаас үзэхэд дээрх хугацаанд анх газар ашиглах эрхийг олгосон шийдвэр нэг, түүний хугацааг сунгасан 4 шийдвэр гарсан байхаар байна. Цаашилбал мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1-т “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сул дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, 37 дугаар зүйлийн 1-т “Сум Дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна”, БОС-ын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-т “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан БОС-ын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно” тус тус зааснаар үзэхэд төрийн захиргааны төв байгууллага буюу хариуцагчаас иргэн хуулийн этгээд хэн ч байсан газар ашиглах эрхийг олгосон шийдвэрийг гаргах ёстой болох нь харагдаж байна.

Тиймээс хэнээс гаргасан, ямар тушаал, шийдвэрт үндэслэж газар ашиглах эрхийн гэрчилгээ, гурвалсан гэрээг байгуулж, өдийг хүртэл газар ашиглаж ирсэн нь тодорхойгүй байгаа асуудлыг гагцхүү энэхүү хуулийн хүрээнд тухайн үед БОС-ын тушаалаар батлагдсан журамд тодорхой зохицуулалт байхгүй байсан гэдэг үндэслэлээр хуулийг зөрчсөн асуудлыг хаацайлсан шийдвэрийг гаргаж байгаа нь хуулийг уландаа гишгэсэн, үндэслэлгүй шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

3.5. Бусад асуудлын талаар: Шүүхээс нэхэмжлэгчийн үндсэн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлыг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийнх гуравдагч этгээдийнхтэй адил тушаал шийдвэргүй, тухайн үед гэрчилгээ, гэрээнээс өөр юм гардаггүй байсан байна гэх зэргээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн амаар гаргасан тайлбарыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт ихээр хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь шүүх хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн болохыг харуулж байна. Үүнээс үзэхэд гуравдагч этгээд өөрөө тушаал шийдвэргүйгээр газраа ашиглаж байсан юм чинь нэхэмжлэгч тушаал шийдвэргүйгээр газар ашиглаж байгаа нь хууль зөрчихгүй мэтээр дүгнэж байгаа нь шүүхээс хууль журам хамаагүй буюу хууль журмыг баримтлаагүй.

3.5.1. Гагцхүү маргаж байгаа 2 талын баримт, тайлбарыг харьцуулсан байдлаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. нэхэмжлэгчид газар ашиглах эрхийг олгохдоо ямар нэгэн сайдын тушаал шийдвэрийг Түүнчлэн хариуцагчийн зүгээс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа "... анх гаргаагүй, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсон, сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд гараагүй...” талаар албан ёсны тайлбараа гаргасан байхад энэ 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.7-т “Шүүх захиргааны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж тус тус заасныг зөрчиж байна. Мөн нэхэмжлэгчийн гэх 1.6 га талбай бүхий газрын хэлбэр өөрчлөгдсөнөөс хэмжээ багасаагүй, хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээдийн одоо хашаалсан байгаа газрын хэмжээг тогтоосон баримтууд зөрүүтэйн дээр 1.7 га гэх хэмжээ нь нэхэмжлэгчийн газартай хэдий хэмжээгээр, хэрхэн давхцаж байгаа болох, түүнчлэн мэдээллийн сангийн зургийг зөвтгүүлэх шаардлагыг гаргаснаар давхцал арилах эсэх, хэдий хэмжээгээр давхцах зэрэг маш олон тодорхойгүй асуудлуудад шүүхээс нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, бүрэн дүүрэн дүгнэлт өгч чадаагүй /шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3.5/. 2004 онд гуравдагч этгээдэд өмчлөлийн 7 объектын сууриар буюу 1300 м.кв хэмжээгээр газрыг нь ашиглуулахаар, хариуцан хамгаалах талбай нь 13000 м.кв байхаар гэрээнд заасан боловч 2004 оноос хойш одоог хүртэл 1.7 га буюу 17000 м.кв хэмжээгээр газрын төлбөрийг төлж ирсэн асуудлыг харгалзан үзэлгүйгээр шүүхээс хэт нэг талыг барьж, үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

3.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2022/0744 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх хэргийг оролцогчдын хооронд газрын харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан байна.

2. Маргааны зүйл нь Байгаль орчны сайд 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 242 дугаар тушаалаар гуравдагч этгээд Л.Т-д  ашиглаж байсан газрын хэмжээг нэмэгдүүлэн, газар ашиглах эрхийг баталгаажуулахдаа нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн зохих журмын дагуу ашиглаж буй гэх газартай давхцуулснаас үүдэлтэй байна.

3.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, дараах үйл баримтууд тогтоогдож байна.

4. Анх нэхэмжлэгч “Ж” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд 1,6 га талбайд “аялал жуулчлалын цогцолбор барих” зориулалтаар, газар ашиглах эрхийг Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсийн 2004 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 91 тоот газар ашиглах гэрчилгээгээр нэг жилийн хугацаатай олгож, улмаар гэрээ байгуулагдан, түүнээс хойш 2005, 2011, 2015 онуудад тус тус таван жилийн хугацаагаар газар ашиглах эрхийг сунгажээ.

5. Ингэхдээ тус компанийн анх 2004 онд газар ашиглах эрх авсан 1,6 га талбайн зориулалт, газрын байршлын кадастрын зураглал өөрчлөгдөөгүй, уг талбайн хэмжээ нэмэгдэх болон хасагдаагүй, захиргааны байгууллагаас тодорхойлж олгогдсон талбайн солбицлууд бүхий газартаа үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдож байна.

6. Гуравдагч этгээд Л.Т нь 1994 онд өмч хувьчлалаар Хүүхдийн шарын больницын үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авч, 2004 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-ний 2-д “Газар ашиглах зориулалт “Аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх” гэж, 3-д “Ашиглах болон хариуцан хамгаалах газрын талбайн хэмжээ Бүгд 14626 м.кв. Үүнээс ашиглах талбай 1349,04 м.кв, хариуцан хамгаалах талбай 13276.96 м.кв” гэж тусгагдсан, уг газрын хэмжээг нэмэгдүүлэн 1,7 га газар болгон газрын эрхийг баталгаажуулахдаа БОАЖС 2007 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 242 дугаар тушаалд “өмч хувьчлалаар үл хөдлөх хөрөнгө/ Хүүхдийн шарын больниц/ хувьчилж авсан тул газрын гэрчилгээг авч баталгаажуулах” гэсэн үндэслэл дурдаж таван жилийн хугацаатай баталгаажуулан, газар ашиглах эрхийн хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/436 дугаар тушаалаар таван жилийн хугацаагаар сунгажээ.

7. Үүнээс үзвэл, маргаан бүхий газарт БОС-ын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын /БОС-ын 2005 оны 244 дүгээр тушаалаар өөрчлөлт орохоос өмнө/ 3 дугаар зүйлийн 3.4-д “...гурвалсан гэрээг баталж, Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгоно. Энэ өдрөөс эхлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулах эрхтэй болно”, мөн журмын 4.2-д “ ...газар ашиглах гэрчилгээ олгоно” гэж тус тус заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч “Ж” ХХК-д тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт гурвалсан гэрээ байгуулагдаж, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдсон, харин гуравдагч этгээд Л.Т-д  газар ашиглах гуравласан гэрээ байгуулагдсан, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдоогүй байна.

8. Хавтаст хэрэгт авагдсан давхцалыг харуулсан эргэлтийн цэг бүхий зураг, 2004-2022 оны сансрын зураг, шүүхээс газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбар зэрэг бусад баримтуудаас үзвэл гуравдагч этгээд Л.Т-ийн   2004 онд гуравласан гэрээний үндсэн дээр газар ашиглах эрх авсан 1,4 га газрыг /1349.04+13276.96=14626.00 м.кв/ Байгаль орчны сайд 2007 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 242 дугаар тушаалаар нэмэгдүүлж 1,7 га болгон газар ашиглах эрхийг баталгаажуулахдаа, нэхэмжлэгчийн зохих журмын дагуу ашиглаж буй 1.6 га газартай 3271 м.кв хэмжээтэйгээр давхцуулсан болох нь тогтоогдсон байна.

9. Үүнээс үзвэл, гуравдагч этгээдийн “тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ”-ний үндсэн дээр ашиглаж, хариуцан хамгаалж байсан гэх газрын хэмжээг нэмэгдүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн газар ашиглах эрхийг баталгаажуулахдаа бусдын зохих журмын дагуу газар ашиглаж байгаа газартай давхцал бий эсэхийг тодруулаагүй, хяналт шинжилгээ хийгээгүй нэхэмжлэгчийн ашиглаж байсан газрын хэмжээтэй давхцуулсан байх тул хариуцагчийн шийдвэр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “ хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн шаардлага, “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3 дугаар зүйлийн 3.7-д “Тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ашиглахаар санал гаргаж буй газрууд давхацсан тохиолдолд төслүүдэд нь хяналт шинжилгээ хийж ... зэргийг харгалзан сонголт хийнэ” гэсэн зохицуулалтыг зөрчсөн, хууль бус болох талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

10. Түүнчлэн нэхэмжлэгчээс газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт, газрын төлбөр төлсөн баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ зэрэг хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахад хавсаргавал зохих баримтуудыг гуравласан гэрээний нэг тал болох Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хүлээн авч газар маргаантай байгаа талаар 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 1772, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 642 дугаар албан бичгүүдээр мэдэгдэж байсан байх ба үүний дараагаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1480 дүгээр албан бичгээр гэрчилгээний хугацааг сунгуулах талаар санал хүргүүлсэн байна.

11. Тодруулбал, иргэн Л.Т-ийн газартай давхцалтай байгаа гэрчилгээ сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн энэ тохиолдолд нэхэмжлэгчийг гэрчилгээ сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн удаа дараа гаргасан хүсэлтүүдийг БОАЖЯ-ны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09/324 дүгээр албан бичгээр “ танай компанид олгосон газар болон иргэн Л.Т-д олгосон газрууд хоорондоо хэсэгчлэн давхцалтай байх тул уг маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгч татгалзсан нь үндэслэлгүй байна.

12. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, газрын харилцаанаас үүссэн үйл баримтын талаар анхан шатны шүүхийн өгсөн үнэлэлт дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т нийцсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

13. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2022/0744 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                         ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ

                         ШҮҮГЧ                                                            Н.ДОЛГОРСҮРЭН

                         ШҮҮГЧ                                                            Т.ЭНХМАА