Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 491

 

Г.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Дэлгэрмөнх,

шүүгдэгч Г.Д-, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.Д-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1702001550021 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Төмөржин овогт Г-ын Д-, 1995 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нимгэн төмөрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1192 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан /РД:/;

Г.Д- нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ерөнхий боловсролын 71 дүгээр сургуулийн хажууд “Тоёота Приус” загварын 65-60 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, уутны хамт 2,4 гр “каннабис” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Д-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 54 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Д- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн уутны хамт 2,4 гр “каннабис” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, уг бодисыг агуулсан тугалган цаас, саарал өнгийн ажлын бээлий 1 ширхэг зэргийг устгаж, Г.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие энэ хэргийн хор уршгийг мэдэлгүй, өөрийгөө болон найз нөхдөө хордуулсандаа гэмшиж байна. Би урьд нь удаа дараа ял шийтгүүлж байсан ч 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсанаас хойш ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээн тэтгэсээр өдийг хүрсэн. Миний эцэг 50 настай бөгөөд хөдөлмөрийн чадвараа алдсан тул группт байдаг. Би эцгийгээ асран халамжилж, ирээдүйд сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэлтэй байна. Иймд намайг нийгэмд эзлэх байр сууриа олоход минь туслаж, ял шийтгэлийг маань багасгаж, эсхүл тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.Д-гийн өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Г.Д- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд бусдад төлөх төлбөргүй болно. Түүний эцэг нь хөдөлмөрийн чадвар 70 хувийн алдалттай, группт байдаг ба тэрээр эцгийгээ асран халамжилж, хамт амьдардаг байсан. Иймд эдгээр байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү...” гэв.

Прокурор А.Дэлгэрмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч Г.Д-гийн үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос Г.Д-г 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ... “Тоёота Приус” загварын, 65-60 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта тетрагидроканнабинолын агууламж бүхий уутны хамт 2,4 гр “каннабис” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, уг бодисыг агуулсан тугалган цаас, бээлий зэрэг эд зүйлд уг бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж энэ гэмт хэргийн шинж, ял шийтгэлийн төрөл хэмжээг хуульчилсан.

            Хэргийн материалыг судлахад, Г.Д- нь мөрдөн байцаалтын явцад “...би 2017 оны 7 дугаар сард Төв аймгийн нутаг дэвсгэрээс 3 шуудай мариухан өвс түүж авчирсан. Үүнийгээ хатааж бэлтгээд өдөр болгон бага багаар татаж хэрэглэж байсан...” /1хх-ийн 41, 103-104/ гэж сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн тухайгаа тодорхой мэдүүлсээр байхад энэ талаар шалгавал зохих ажиллагааг бүрэн гүйцэд явуулалгүй орхигдуулсаны гадна, анхан шатны шүүх дээрх байдалд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг яллах дүгнэлтийн дагуу шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.  

            Түүнчлэн гэрч О.Сандагдорж, Э.Халиун, О.Маргад /насанд хүрээгүй/ нар нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Г.Д-тэй уулзаж, түүний гаргаж өгсөн “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хамтдаа татаж хэрэглэсэн /1хх-ийн 43-44, 46, 49/ болохоо тус тус хүлээн мэдүүлсэн ба тухайн цаг хугацаанд О.Маргад нь 18 насанд хүрээгүй буюу 15 нас 6 сартай байсан нь тогтоогдож байна.

            Мөн гэрч О.Науръз /О.Маргадын төрсөн ах/ нь “...манайх хотод шилжиж ирсний дараа дүү О.Маргад нь үе үе гэрээсээ гараад хэд хоногоор алга болчихдог байсан...” /1хх-ийн 61-62/ гэж түүний хэрхэн аж төрж байсан талаар мэдүүлжээ.

            Иймээс Г.Д-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлд заасан “Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах” гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай.

            Үүнээс гадна, Г.Д- нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байхдаа хувиараа такси үйлчилгээнд явах, бусдыгаа очиж авах, хүргэж өгөх зэрэг байдлаар 65-60 УНГ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж, улмаар цагдаагийн алба хаагчид саатуулагдсан үйл баримт тогтоогдож байх тул дээрх зөрчилд хуульд заасан зохих ажиллагааг явуулвал зохино.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр заасан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн, уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулах шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Д-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул ял шийтгэлийн талаар гаргасан шүүгдэгч Г.Д-гийн давж заалдах гомдлыг энэ удаад шийдвэрлээгүй болохыг дурьдав.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Д-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Г.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                  ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                          Н.БАТСАЙХАН