| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0060/э |
| Дугаар | 2021/ШЦТ/109 |
| Огноо | 2021-04-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Ц.Л,
Хохирогч А.Б,
Хохирогчийн өмгөөлөгч М.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т,
Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-д холбогдох эрүүгийн 2025004740028 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
, Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 10 сарын 19-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 11-1100а тоотод оршин суух, А.Б-ийн байшингийн цонхоор нэвтрэн орж 32 инчийн “Панасоник” маркийн зурагт, 39 инчийн “Монел” маркийн зурагт, битүү чанагч, холигч зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 536 960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Д-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ “А.Б-тай 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр танилцсан түүнээс хойш бид хоёр үерхэж нөхөрлөж байсан. Манай эхнэр нас барсан мөн жоохон хүүхэдтэй байсан тул А.Б-ай хамтран амьдрах бодолтой. Санал хүсэлтийг нь асууж хамтран дэмжиж байсан. 2020 оны 09 дүгээр сараас хойш А.Б гэх хүний сэтгэл санаа нь өөрчлөгдөж ааш зан нь олдохгүй, надтай уулзахгүй, гэртээ ирэхгүй байсан. Ийм байдалтай байсан ч надаар туслуулж байсан. Гэртээ ирэхгүй болохоор нь гэрт нь ирүүлэх гээд эд зүйлсийг нь аваад нуучхаад буцаагаад өгсөн. Надад зарах бодол байгаагүй аваад буцаагаад өгнө гэж бодож байсан. А.Б бид хоёр маргалдаад А.Б-г гараад гүйхээр нь араас нь татсан чангаасан куртикийг нь урсан. Түүнээс зодсон зүйл байхгүй байхад намайг зөрчлийн хэргээр 7 хоногийн баривчилгаанд явуулсан. Авсан эд зүйлсээ өгч чадалгүй 7 хоногийн баривчилгаанд явсан. Баривчилгаанаас гарч ирээд өгөх гэтэл 0 зогсолт хийсэн тул энэ хүнтэй холбогдож өгч чадаагүй. Намайг 2-25 дэлгүүрийн урдаас таксинд явдаг гэж худлаа мэдүүлэг өгсөн байна. Би А.Б-тай танилцсанаас хойш таксинд яваагүй. Манай бага хүүхэд 4 настай, 4 сартай байхад ээж нь хавдраар нас барж байсан тул хүүхэд асрах чөлөө аваад гэртээ байдаг байсан. Тиймээс би таксинд явж байгаагүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч А.Б мэдүүлэхдээ “2020 оны 10 дугаар сарын 18-ны орой хоёр охинтойгоо дүүгийндээ хоноод өглөө нь 10 цагт гэртээ ирэхэд манай гэрт хулгай орж 2 зурагт, ялж чанагч, холигч алга болсон байсан. Би тэр даруй цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд шинжилгээ хийсэн. Надаас сэжиглэж байгаа хүн байна уу гэж асуухад Г.Д-ыг гэж хэлсэн. Учир нь би уг хашаа байшинг аваад олон хүмүүст гэрээ зааж өгөөгүй. Г.Д нь манай дэлгүүр болох 2-15 дугаар байрны урд байдаг дэлгүүрийн урдаас таксинд явдаг байсан. 2018 оны 08 сараас би Г.Д-ай дотно харилцаа үүсгэсэн. Тэр нь ямар харилцаа вэ гэхээр зөвхөн хааяа нэг уулзаж сексийн холбоотой байсан. Түүнээс нэг нэгийндээ байж хамтран амьдарч байсан тохиолдол байгаагүй. Г.Д хүүхдээ харуулах зорилгоор манайд нэг удаа хүчээр ирж байсан. Дараагийн удаа манайд хонох өчнөөн оролдлого хийж байсан боловч би дургүйцээд хүүхдийг нь тэврүүлээд явуулж байсан цөөнгүй тохиолдол байгаа. Үүнийг Г.Д өөрөө мэдэж байгаа. Манай хүүхэд дүү хоёр маань мэдүүлэг өгсөн. Би хоёр охинтойгоо амьдардаг тул хүн ирж байгааг үгүйг мэддэг хүүхдүүд мөн худлаа мэдүүлэг өгөхгүй. Манай охин Сарнай энэ талаар мэдүүлэг өгсөн байдаг. Г.Д надад хайртай би чамайг авч сууна хэрвээ надтай хамт амьдрахгүй бол хараал хийлгэнэ, элгээр чинь мөлхүүлнэ гэж заналхийлдэг болсон. Энэ хүнийг ямар хүн болохыг нь мэдсэн тул зугтгадаг, айдаг болсон. Энэ хүнтэй нэг ч өдөр хамт амьдарч байгаагүй. Манай гэрт энэ хүний оролцоотой хамтран авсан нэг ч эд зүйл байхгүй. Би хүнээр юм хийлгүүлсэн бол үнэ хөлсийг нь байнга өгдөг. Мөн өөрөө би чамд хайртай юм чинь түлээг чинь хагалж өгье, усыг чинь авч өгье гээд ирэхээр нь үгүй гээд олон удаа эсэргүүцэж байсан. Би харилцаагаа таслах талаар хэлэхээр заналхийлдэг бүр надад буу байгаа шүү гэж хэлж байсан” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-09-р хуудас/
2. Гэрч Г.Д-вын “Саяхан 2020 оны 11 дүгээр сарын 09-нд 7 хоног баривчилгаанд орсон юм. А.Бурмаа гэдэг эгчтэй маргалдаад баривчилгаанд орсон. Уг нь зүгээр л харилцаатай байдаг байсан би хааяаа Г.Д ахын гэрт очихоор гэрт нь хүүхдүүдтэйгээ хамт ирцэн байж байдаг байсан. Энэ хоёр найзлаад 2 жил гаран болж байгаа. 2019 оны 10 дугаар сарын 13-нд Г.Д ахын хүүхдийх нь үсний даах үргээх ёслол болж байсан. Тэр уед А.Б хүүхдээ дагуулаад ирж байсан. Тэгээд тэр үед ямар учиртай хүн бэ гэж асуусан чинь Г.Д ах хамтран амьдрах бодолтой байгаа гэж байсан.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/
3. Гэрч А.Б-гийн “Г.Д менгө гаргалцаж эд зүйл авч байгаагүй. Эд зүйлсээ хэзээ хаанаас авсанийг нь би сайн мэдэхгүй байна. Манай ээжийн 39 инчийн Монэл маркийн зурагтыг 500 000 төгрөг хавьцаа жилийн өмнө авч байсан санагдаж байна бусад юмыг сайн мэдэхгүй байна. Энэ хоёр хамтран амьдарч байгаагүй. Хэрвээ хамтран амьдарч байсан бол надад хэлж зөвлөлцөнө. Би хааяаа гэр оронг нь очиж эргэдэг. А.Б гэртээ байхаас байхгүй нь их. Миний охиноос ялгаа юу байхав гэж бодоод санаа зовоод байдаг юм. С.Д бол намайг очих болгонд байдаггүй. Гэртээ 2 охин нь хоёулахнаа байж байдаг. Дэлгүүрээр нь хааяа ороход Г.Д байж байдаг байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-р хуудас/
4. Насанд хүрээгүй гэрч Б.С-ийн “Г.Д ах манай ээжийн араас гүйгээд хайртай гээд байдаг. Анх бол гадуур би ээж дүүтэй наадмын талбай хавиар явж байсан чинь Г.Д гэдэг ах хоёр хүүхэдтэйгээ ирээд танилцаж байсан. Надад ээж хэлэхдээ манай найз гэж хэлсэн. Хааяаа л ээж дүүтэйгээ хамт очиж байсан. Очоод хоол идээд гэрт нь байж байгаад ээж дүү бид гурав гэр лүүгээ харьдаг байсан. Гэрт нь ерөөсөө хонож байгаагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20-р хуудас/,
5.Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ОРХ/20-029 дугаартай “32 инчийн Panasonic маркийн LCD зурагт 250 000 төгрөг, 39 инчийн Monel маркийн LCD зурагт 480 000 төгрөг, битүү чанагч 40 500 төгрөг, холигч 40 500 төгрөг, нийт 536 960 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 22-24-р хуудас/,
6. Яллагдагч Г.Д-ын “Миний хайртай хүн Бурмаа Эрдэнэ багийн 11-11а тоотод амьдардаг юм. Гадуур хоноод гэртээ ирэхгүй байсан. Тэгээд би гэрт нь ирүүлэх зорилгоор гэрлүү нь гал тогооны цонхоор орсон юм. Тэр үед гэрт нь хүн байхгүй байсан. Хашаан дотор нь мод хучиж байгаад цонх онгорхой байхыг харсан. Тэгээд онгорхой байхаар нь цонхоор нь ороод 2 зурагт бүтүү чанагч, холигч зэрэг зүйлсийг өөрийнхөө машинаар Эрдэнэ багийн 38- 9 тоот өөрийн хашаанд байх авто машин гаражид авчираад тавьсан юм. Б-тай уулзаж хэлэх гээд утсаа авч өгөхгүй байсан. Бнад руу нэг удаа утсаар яриад манай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Үүнээс хойш утсаа авахаа больсон. Уг нь би чамайг гэртээ ирэхгүй болохоор чинь хашраах зорилгоор авсан юм гэж хэлэх гэсэн чинь утсаа авч өгөхгүй мессэжний хариу бичихгүй байсан. Би Б-гийн гэр рүү орсон цонх болон тэдний гэрээс авсан эд зүйлийг нууж байсан гаражаа зааж өгч чадна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49-р хуудас/,
7. Д.С-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 68-р хуудас/,
8. Д.С-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 70-р хуудас/,
9. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72-75-р хуудас / болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 11-11а тоотод байрлах А.Б байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогч А.Б-ийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, нөхөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч Г.Д-ыг хүн байнгын амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн эд зүйлийг бүрэн хүлээлгэж өгсөн хохирол бүрэн төлөгдсөн мөн алдагдсан уртасгагч, залгуур зэргийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлах гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих нь зүйтэй гэх саналтай байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч М.Э дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Г.Д-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогсон. Тухайн хэрэг өөрт нь тулж ирэхэд бид хоёр хамтран амьдарч байсан гэх тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хоёр хүний хайр дурлал гэдэг нь харилцаа, биедээ татагдах дурлаж байж бий болдог зүйл юм. Харин хүч хэрэглэх, эд зүйлийг нь хулгайлах, бие эрхтэнд нь халдах, эрх чөлөөнд нь халдах байдлаар илрэн гардаггүй. Г.Д-ын хувьд орон байранд нь нэвтрэх зорилгоор түлхүүрийг хувилж бэлтгэж байсан магадлалтай гэж үзэж байна. Тиймээс шүүгдэгч Г.Д хийсэн үйлдэлд нь тохирох хариуцлага хүлээлгэх нь зүйтэй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т дүгнэлтдээ: “Шүүгдэгч өөрөө эд зүйлийг тухайн орон байрнаас нууц далд аргаар авсан болохоо нуулгүй хэлдэг. Хулгайн гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг хэдий ч хамгийн гол нь сэдэл гэх зүйл байх ёстой. Уг сэдэл нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогддоггүй. Шүүгдэгч Г.Д мөрдөн байцаалтын шатнаас эхэлж тогтвортой нэг мэдүүлгээ мэдүүлдэг. Энэ хоёр хоорондоо дотно харилцаатай тул цаашлаад суух бодолтой байхад нь А.Б эсэргүүцэж хооронд үл ойлголцол үүсэж ийм байдалд хүрсэн байх гэх бодол төрж байна. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө надад өш хонзон санаад ингэж байгаа байх гэж хэлсэн. Хулгайн гэмт хэрэгт өш хонзонгийн сэдэл байдаггүй. Тийм учраас өс хонзон болон шунахайн сэдэлгүй байна. Хохирогч гомдол саналтай, шүүгдэгч хохирогчийг эрхшээлдээ байлгадаг бол өөр асуудал яригдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна. Гэм буруугийн хувьд нууц далд аргаар авсан тухайгаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд илэрхийлсэн байдаг. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Бага насны хүүхэдтэй, ганц бие эцэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар ял хойшлуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч А.Б-ийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ОРХ-20-029 дугаартай дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Д нь 2020 оны 10 дугаар дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 11-11а тоотод оршин суух, А.Б-ийн байшингийн цонхоор нэвтрэн орж 32 инчийн “Панасоник” маркийн зурагт, 39 инчийн “Монел” маркийн зурагт, битүү чанагч, холигч зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 811 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Г.Д нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлан 811 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Д-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгч гэм буруутай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “шүүгдэгчийн гэмт хэрэг хэрэг үйлдсэн сэдэлт эргэлзээтэй” гэж мэтгэлцсэн боловч шүүгдэгч бусдын эд зүйлийг эзэмшигч өмчлөгчид нь мэдэгдэлгүй, нууцаар хууль бусаар орон байранд нь нэвтэрч авсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч, хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 заасныг журамлан ял оногдуулах боломжтой гэж үзэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Б нь 811 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна. Эд зүйлийг үнэлсэн шинжээч “32 инчийн Panasonic маркийн LCD зурагт 250 000 төгрөг, 39 инчийн Monel маркийн LCD зурагт 480 000 төгрөг, битүү чанагч 40 500 төгрөг, холигч 40 500 төгрөг, нийт 536 960 төгрөг” гэж нийт дүнг буруу тооцсон байна. Шинжээчийн дүгнэлтэд дурьдсан эд зүйлсийн нийт үнэлгээ 811 000 төгрөг байх тул залруулах нь зүйтэй. Хэргийн нөхцөл байдал, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзан прокурорт буцаахгүйгээр учирсан хохирлын нийт дүнг залруулан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч Г.Д-ын хүүхдүүд болох 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн 3 настай охин Д.С, 2011 оны 08 сарын 08 дугаар сарын 30-ны төрсөн 9 настай охин Д.С нарт асран хамгаалагч тогтоохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Г-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлөр болтол шүүгдэгч Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-ын хүүхдүүд болох 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн 3 настай охин Д.С, 2011 оны 08 сарын 08 дугаар сарын 30-ны төрсөн 9 настай охин Д.С нарт асран хамгаалагч тогтоохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А